Узбекистаны иргэн А. Фохрух түүний монгол эхнэр болох Дархан-Уул аймгийн харьяат Э.Цолмон нар нь Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт болох 49 ширхэг 500-тийн дэвсгэрт бүхий 224,500 евро болон 8 ширхэг 50-тийн дэвсгэрт бүхий 400 евро буюу нийт 224,900 еврог хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж 2024 оны 3-р сарын 07-ноос 4-р сарын 02-ны өдрүүдийн хооронд Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банк, валют арилжааны газруудад биечлэн зөөвөрлөх, мөн өөрсдийн хамаарал бүхий Э.Батбилэг, Б.Бат- Эрдэнэ, Б.Баярмаа нарт тарааж төгрөг болон доллароор солиулсан хэрэгт холбогджээ. Хамгийн том хохирогч нь Хаанбанк агаад 202 сая төгрөгтэй тэнцэх хуурамч еврог сольж өгчээ. “Хаан даатгал” ХХК нь 80,2 сая төгрөгийн хуурамч евро авчихсан байна. ХХБ 76,5 сая төгрөгтэй тэнцэх, Голомт банк 18,8 сая төгрөгтэй тэнцэх, харин капитрон банк 7,2 сая төгрөгийн хуурамч евро авч хохирсон нь тогтоогджээ. Улмаар А.Фохрух нь хуурамч евро солиулж олсон төгрөг болон долларын орлогыг өөртөө төвлөрүүлээд 2024 оны 3 дугаар сарын 11-19-ний өдрүүдийн хооронд “Бинанс” бирж дээрх “Р2Р” буюу валют солилцоог гүйцэтгэгч иргэн Ц.Ариунаа, Г.Мөнх-Очир, Б.Баярхүслэн, Ж.Доржнамжил нарын дансанд шилжүүлэн ам.доллартой тэнцэх виртуал хөрөнгө болгон хөрвүүлсэн гэмт хэрэгт нэмж холбогджээ.

Discussion about this post