Нөхөртэй нь “хайраа” гэж чаталсан ангийн найз “охин”-ыг нь 10 САЯ төгрөг нэхэж дарамтлаад дөрвөн саяыг авчээ
Ийм нэгэн хэргийг шүүх шийдвэрлэжээ. … сүлжээнд зөвлөхөөр ажилладаг С.М гэх эмэгтэй нь нөхрийхөө багын найз болох эмэгтэйг “маазарсан” чатаас нь болж зад дарамтлан 10 сая төгрөг нэхээд дөрвийг салгаж авч чаджээ. Нөхөр нь Солонгосоос ачааны машины оруулж ирж зардаг бизнестэй агаад хохирогч болох ангийн найз охин нь Эрдэнэтэд багшилдаг аж. Унаган багын найзууд олон жилийн дараа цахимаар уулзахдаа маазарсан нь дарамтлуулах шалтгаан болжээ. Нөхөр Л.С нь “…Би фэйсбүүк цахим хаягаар багын найз, ангийн охин болох Б.Н гэх Эрдэнэт хотод багшаар ажилладаг эмэгтэй рүү чат бичиж эхэлсэн. Тэгээд бид хоѐр багын найзууд болохоор хоорондоо наргиад хайраа майраа гээд маазарсан. Гэтэл энэ чатыг манай эхнэр М гэрт байсан миний хуучин утсан дээрээс олоод харсан. Учир нь би хуучин гар утсаа гэртээ орхиод тэр гар утас нь ямар нэгэн кодгүй мөн миний фэйсбүүк давхар ороотой байсан. Үүнээс болж маргалдаад гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж яваагүй зүгээр маазарсан гэдгээ хэлсэн ч эхнэр ойлгоогүй уурласан. Тэгээд Н-ийн талаар Архангай, Орхон аймгуудын фэйсбүүк зарын грүппүүдэд “айл гэр үймүүлсэн, янхан” гэх мэт худал мэдээлэл зураг хөрөгтэй нь постолж оруулж бас мессеж бичиж дарамтлаад дансаар 4,000,000 төгрөг авсан байсан. Авсан мөнгөө юунд зарцуулсан талаар мэдэхгүй. Мөн манай багын найз М овогтой М гэх залууг Архангай аймгийн зарын грүппүүдэд эхнэрээ зодож алсан, өдөр бүр хүүхэн сольж явдаг завхай этгээд гээд зурагтай нь постолсон байсан …” гэжээ. Харин ангийн найз охин “ … Би 10 жилийнхээ найзуудтайгаа фейсбүүк чатаар холбогдож эхэлсэн юм. Тэгээд хамт сурж байсан Л.С-тай хувь чатаар хэд хэдэн удаа мессеж чат бичиж видео дуудлага хийж ярьсан. Удалгүй … фэйсбүүк хаягтай хэрэглэгчээс “Багш аа би танай ангийн хүүхдийн эгч нь байна, та надад утасны дугаараа өгөөч” гэсэн зурвас бичиж үлдээсэн байхаар нь би өөрийн *дугаараа үлдээсан. Дараа нь … фейсбүүк хаягтай хэрэглэгч өнөөдрийг хүртэл миний хувь чат руу зүй бус үг хэллэгээр доромжилсон утга бүхий чат мессеж байнга бичиж “янхан минь 10 сая төгрөг шилжүүлэхгүй бол Эрдэнэтийн багш Архангай аймгийн Б гэгч бузар авгайтай танилц гэх утга бүхий постыг бусад зарууд дээр тавина шүү, мөнгө өгөхгүй бол чиний гэр бүл болон өөрийн чинь зургийг Архангай аймгийн фэйсбүүк заруудад тавина” гэж сүрдүүлээд байхаар нь … тоот данс руу нь хоёр сая төгрөг шилжүүлсэн. Гэсэн ч үргэлжлүүлээд дарамтлаад байсан тул ахиад хоёр саяыг өгсөн. Тэгсэн атал М гэх эмэгтэй өнөөдрийг хүртэл цахим сүлжээнд миний зургийг тавиад “янхан” гэх утгатай зарыг Архангай аймаг, Орхон аймаг, Эрдэнэт-Булган-Хөвсгөлийн фэйсбүүк зарын грүпп дээр нийтэлж түгээсээр байна. Байнга өөрийн дугаараас мессеж бичиж “би чамд хангалттай хугацаа өгсөн мөнгө шилжүүл” гэж дарамталдаг …” хэмээн цагдаад гомдол гаргажээ. Харин шүүгдэгч “…Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд худал мэдүүлсэн. Хоорондоо өдөр шөнөгүй чаталж, видео дуудлага хийдэг, мөн нүцгэн зургаа хүртэл явуулсан байсан. Үүнийг хохирогч өөрөө хүлээн зөвшөөрсөн …” гэжээ. Шүүх нөхрийнхөө ангийн охиныг дарамталсан эмэгтэйг 15 сая төгрөгөөр торгожээ.


Discussion about this post