Энэ хэрэг Ховд хүрээний … дугаар цэргийн ангид гарчээ. Тус ангийн захирагчийн 1-р орлогч, штабын дарга дэд хурандаа Д.Цогтбаатар нь 2024 оны 9-р сард жагсаалын талбайд жагсаалын бэлтгэл хийж байх үед тагнуулын салааны ахлагч тасгийн захирагч Э-ыг “жагсаалд хараа зөрүүллээ” гэх шалтгааны улмаас жагсаалын талбайн индрийн ар хэсэгт гар тулж хэвтүүлэн, нуруу хэсэгт дээрээс нь өвдөглөсөн, чихнээс нь татаж мушгих, цээж хэсэг рүү нь гараараа цохисон, улмаар өөрийн албан өрөөндөө дуудан ирүүлж мөн гар тулж хэвтүүлэн, нуруун дээр нь өвдөглөж, хоолойг нь боож хана руу шахаж, шилэн хүзүү хэсгээс нь базаж, цээж хэсэг рүү нь гараараа цохих зэргээр дүрмийн бус байдлаар харьцан зодож, хүч хэрэглэж улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт зүүн зулайн хуйх, зүүн хацар, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, баруун булганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгагдсан.
Хохирогч нь “…Тухайн үед жагсаалын бэлтгэл хийгээд жагсаалын алхаагаар явахад хараа гаргасангүй гээд жагсаалаас гаргаад өмнөө дуудаж индрийн ард гар тулж хэвтүүлээд дээрээс өвдөглөсөн. Тэгээд татаж босгож ирээд хүзүүнээс базаад миний өрөө рүү яв гэж тушаасан. Өрөөндөө оруулаад намайг гар тулж хэвт гэж тушаасан.. Гар тулаад хэвтэхэд дээрээс өвдөглөөд хүзүүнээс ахин базаж чихнээс татаад, хоолой боож босгоод хана руу шахсан. Дахин гар тулж хэвтүүлэн өвдөглөөд чихнээс татаж босгоод цээж хэсэг рүү гараа атгаад олон удаа цохисон. Энэ үйлдэл маш олон удаа удаа давтагдаж цаг гаруй үргэлжилсэн. Сүүлдээ эрхэм дэд хурандаад илтгэе, миний толгой эргээд байна гэхэд доошоо суу гэж тушаасан. Энэ үед жижүүрийн офицерүүд орж ирсэн. Тэгэхэд бүр орилоод чихнээс татаж босгож ирээд хана руу шахан цээж рүү цохиод байсан. “Энийг зодох гэдэггүй юм, чи байтугай чамаас бусад нь амжихгүй шүү, чи ямар тодорсон ахлагч вэ” гэж хашгирсан. Би тэсэхээ болиод өрөөнөөс нь зугтааж гарсан. Манай ангид иймэрхүү зүйл ил далд зөндөө болдог …” гэжээ. Харин гэрч нар болох офицерүүд “ахлагчийг гар тулж хэвтүүлсэн, чихнээс нь татсанаас өөрөөр зодож байхыг хараагүй, гэхдээ ахлагч өөрөө өдсөн маягийн зантай, тушаал үүрэг өгөхөд үл тоомсорлож байгаагаа үйлдэл, биеийн хэлэмжээрээ харуулдаг” гээд ерөнхийдөө өөрөөсөө л болдог гэсэн мэдүүлэг өгчээ. Хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэхэд дэд хурандаа зодсоноо огт хүлээгээгүй байна. Гэсэн ч ахлагчийн биед гэмтэл учруулсан нь шүүх шинжилгээгээр нотлогдсон тул хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн 450 мянган төгрөгийн торгох ял, цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн хэмээн зургаан сараар хорих ял оноосон. Дэд хурандаа давж заалдсан ч анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээжээ.

Discussion about this post