Манайд төрийн байгууллага болон хувийн компаниудад тэтгэвэрт гарсан хүчний байгууллагынхан олноороо ордог нь хавтгайрсан. Үүний улмаас том компаниудын хууль, харуул хамгаалалт, өр барагдуулах албанд “цагдаажих” үзэгдэл газар авч тэр хэмжээгээр үйл ажиллагаанд нь хууль сахиулах байгууллагынхан л хэрэгжүүлдэг гүйцэтгэх ажиллагааны арга хэлбэр орж ирсэн байна. Үүний нэг жишээ нь манай хамгийн том компанийн нэг болох “М-Си-Эс”-д гарчээ. Энэ аваргын охин компани болох “Мэтагро” нь үхэр бордох аж ахуйн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Хойд Америкийн технологийг Монголын цаг уур, мал аж ахуйн онцлогт нийцүүлэн нутагшуулах жишиг төслийг Канадын зөвлөх компанийн заавраар хэрэгжүүлж эхэлсэн гээд гоё таницуулгатай. 2022 онд тус компанийн барилгын инженерээр ажиллаж байсан Э.Золбаяр нь барилгын зураг төслийн хоёр гэрээний гүйцэтгэгч компанийн гэрээт ажилтан Г.Золбоог “дарамталж” 54,9 сая төгрөгийг хувийн болох эхнэрийнхээ дансаар авсан хэрэгт холбогдсон. Гэрээт ажилтан нь экс инженертэй нэг жил хамтраад сүүлдээ тэсэх байгаад “М-Си-Эс-ийн олон нийтэд ил байдаг “Speak out Hot line”-ийн утсаар холбогдож “шүгэл” үлээжээ. Тэгээд дуудсаных нь дагуу очиж уулзаад хэрхэн дарамтуулсанаа уйлан ярьсан гэнэ.
…Э.Золбаярыг яаж таньдаг болсон, ямар холбоотой, хэдэн төгрөгийг нэхэн шантаажилж байгаа байдлыг тодруулсан, мөн нэхсэн мөнгөө хэрхэн яаж, ямар дансаар, хэзээ авсан зэргийг асуухад хоёр гэрээнээс 56,5 сая орчим төгрөгийг илүү дүнгээр үнийн санал илгээхийг хүссэн байсан. Гар утсаараа шилжүүлсэн мөнгөн дүн, дансны хуулгаа үзүүлсэн. Мөн өөртэй нь яаж харьцаж байгааг хэлж уйлаад айдастай байна гэсэн. Манай зүгээс бидэнд мэдээлэл өгсөнд их баяртай байна, та зөв үйлдэл хийлээ гэсэн …
Харин “М-Си-Эс”-ийнхэн барилгын инженертэйгээ ингэж соёлтой яриагүй аж.
“… Уг нь над руу Ёс зүйн хорооноос ярих ёстой атал харуул хамгаалалтын компанийн захирал нь намайг дуудаад хууль ёсны төлөөлөгч Я.Бямбадаржаа гэх хүнтэй уулзуулсан. Захирал нь намайг шууд ЗААМДАЖ компанид учруулсан хохирлоо төл, тэгэхгүй бол дараагийн байгууллага руу шилжүүлнэ гэсэн. Тэгээд хууль ёсны төлөөлөгч гэх хүндээ наадхынхаа утсыг хянаад, юм хумыг нь яриулаад гарын үсгийг нь зуруулаад ав гэсэн. Тэр хүн надтай хоёр цаг гаруй яриад чи өөрөө ингээд бичээд өгчих юм бол чамд дээр ш дээ гээд бичүүлж авсан …
Үүнээс гадна “М-Си-Эс”-ийнхэн “шүгэл үлээгч”-д гүйцэтгэх ажиллагаа явуулах чиглэл өгчээ
… Бидэнтэй уулзсанаа Золбаярт битгий хэл, уулзах юм бол бичлэг хий …
“М-Си-Эс”-ээс ийм ааш гарахад гайхах юм алга. Өнгөрсөн онын 2-р сард охин компани нь болох хамгаалалтын “М-Армор”-ын гүйцэтгэх захирал Н.Ганболд, тус компанийн хуулийн албаны дарга Я.Бямбадаржаа нарыг хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн саатуулан шалгасан. Тухайн үед ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Монгол Улсын төр хуульд заасны дагуу гүйцэтгэх ажиллагаа буюу тусгай ажиллагаа явуулах эрхтэй. Өөр хэнд ч ийм эрх байх ёсгүй. “М-Си-Эс” компани хэчнээн том ч гэсэн дэргэдээ гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагатай байж таарахгүй…” гэж мэдэгдсэн. Харин хэргийн тухайд хэдэнтээ шүүх хурал болсон агаад өнгөрсөн онын 11-р сард болсон хамгийн сүүлийн шүүх хурлаар Э.Золбаяр, Г.Золбоо нарыг цагаатгасан ч хэргийг прокурор руу буцаасан.


Discussion about this post