Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Аж, үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар зэхэж буй юм.
Энэ хүрээнд салбарын сайд Г.Дамдинням тэргүүтэй холбогдох албаныхан Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулах уулзалтыг 2025 оны 11 дугаар сарын 25-ны өдөр төрийн ордонд зохион байгууллаа.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гол өөрчлөлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн бодлого болохыг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцолсон юм.
Тэрбээр “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн бодлогод зөв зохицуулалт хийсэн цагт манай улсын эдийн засаг тэлж, эдийн засгийн бусад салбарыг дэмжих боломж бүрдэнэ. Одоогоор манай улсын эдийн засгийн бүх бодлого нүүрсэн дээр л суурилж байна. Цаашид зэс, газрын ховор элемент, өнгөт металлын хайгуул, олборлолт, хөрөнгө оруулалтад чиглэх шаардлага байна” гэлээ.
Өнөөдөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож буй эрдэс бүтээгдэхүүн дотроос хамгийн өндөр нь зэсийн баяжмал бөгөөд үүнтэй холбоотойгоор Цагаансуварга, Хармагтай зэрэг эдийн засгийн эргэлтийг тэтгэх чухал ордууд ашиглах төслүүд гацаанд байгаа талаар салбарын яриандаа дурдав.
Хэрэвзээ, зэсийн баяжмалд тооцох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дэлхийн жишгээр 7-8 хувиар тооцох, үгүй юмаа гэхэд 9 хувиар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаж батлуулж чадвал манай улсын эдийн засаг тогтворжих боломж бүрдэх юм.
Айлаар зүйрлэвэл, цалин гэх ганц орлогын эх үүсвэртэй, тэр нь тасарвал айлаас гуйх бус нэмэлт орлогын эх үүсвэртэй болсноор өрхийн амьжиргаа уруудахгүй, тогтсон орлоготой байна гэсэн үг.
Манай улсын хувьд өнөөдөр улс төр, эдийн засаг нь бүхэлдээ нүүрснээс хамааралтай байгаа нь нууц биш. Цаашид уул уурхай өндөр хөгжсөн Канад шиг манай улсын эдийн засаг хөгжих боломжтой гэдгийг салбарын сайд мөн яриандаа дурдсан билээ.
Тэрбээр “Манай улсын эдийн засаг нүүрсний үнэ унахад урууддаг, үнэ өсөхөөр дагаад сэргэдэг. Харин Канад улсын эдийн засаг нь зэс, нүүрс гэсэн хоёр эрдэс дээр суурилдаг. Дэлхийн эрдэс бүтээгдэхүүний худалдааны зах зээлд нүүрс, зэс хамгийн том байр суурь эзэлдэг бөгөөд нүүрсний худалдаа жилийн 850 тэрбум ам.доллар, зэс 450 тэрбум ам.доллар байна.
Бид зэсийн баяжмалд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дэлхийн жишиг буюу дунджаар 7.5 хувьд хүргэж чадвал эдийн засгийн хоёр хөдөлгүүр суурьтай болно.
Өөрөөр хэлбэл, нүүрс, зэс гэсэн энэ хоёр ашигт малтмалын үнэ ээлжлэн өөрчлөгдөхөд эдийн засгийн орлого тогтмол байх юм. Ер нь ашигт малтмалын салбарт бид цогцоор нэг бодлого барихаас илүү бүтээгдэхүүн бүрд бодлого явуулсан цагт тэнцвэрээ хадгална” гэж байлаа.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр олон жил маргаан дагуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлыг цэглэж, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг уян хатан тооцох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүх аймагт тэгш хуваарилахаас илүү уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж буй бүс нутгийг илүү дэмжих, бичил уурхай эрхлэгчдээс АМНАТ тооцох зэргийг тусгасан аж.
2025.11.25


Discussion about this post