Дэлхийн тэргүүн баян Илон Маск этгээд зангаараа алдартай. Сүүлийн үед юунаасч айж эмээсэн юм, 20 бие хамгаалагч байнга дагуулж явах болжээ. Бие хамгаалагчид тэрбумтныг “вояажер” (voyager) хэмээх нууц нэрээр нэрлэн харилцдаг гэнэ. Эдгээр бие хамгаалагчдын зарим нь галт зэвсэгтэй, зарим нь их эмч байдаг ажээ.
Дэлхийн толгой баян Илон Маск 250 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсноос хойш хувийн хамгаалалтаа эрс чангатгаж, зарцуулах мөнгөө ч нэмэгдүүлсэн байна. Анх 2014 онд хувийн бие хамгаалагчтай болж байсан түүний хамгаалалтын нэг сарын зардал 2016 онд $163,000 хүрчээ.
Тэгээд хөрөнгийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр хамгаалалтын зардлаа өсгөж ирсэн байна. Илон Маск өнгөрсөн 6 сард болсон Тесла компанийн хагас жилийн тайлангийн хурлын үеэр сүүлийн сард “хоёр маньяак” амь насанд нь заналхийлсэн тухай ярьжээ. 2022 онд Маск гэрийн хаяг нь нийтэд ил болсны дараа байраа сольсон. Мөн хувийн нисэх онгоцных нь чиглэл аяллыг мөрдөж, хаана байгааг нь байнга мэдээлдэг Х (хуучнаар Твиттер)-ийн хаягийг хаахыг хүсэж байжээ.
Энэ мэт шалтгаанаар Элон Маскийн хувийн хамгаалалтын зардал 2023 онд 2.4 сая доллар хүрсэн байна. Баян хүнийг балаг тойрохгүй гэж… Хамгаалагчид нь түүнийг хаа сайгүй, бүр ариун цэврийн өрөөнд ороход хүртэл дагадаг гэсэн мэдээлэл бий.
Элон Маскийн аав Эррол хүүг нь 100 бие хамгаалагч дагасан ч аюулгүй байдалд нь санаа зовж явдгаа ярьсан. Ачтай хүү нь аавынхаа Өмнөд Африкт байдаг гэрийн харуул хамгаалалтыг бас чангатгаж, камерын систем, цахилгаан гүйдэлтэй хашаагаар тоноглож, байнгын харуултай болгосон тухай эцэг Эррол ярьжээ.
Тесла компани бусад захирлуудынхаа хамгаалалтад ч бас мөнгө зарцуулдаг. Тус компанийн санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгч Закари Киркхорн $300,000-ийг биткоин хэлбэрээр төлөхгүй бол амь насанд нь халдах сүрдүүлэг хүлээн авсны дараа хамгаалалтаа чангатгажээ. Тэрчлэн 2022-2023 оны хооронд Теслагийн төв байрнаас 911 дугаарт таван удаа “террорист сүрдүүлэг” хүлээн авсан тухай мэдэгдэл ирсэн нь ямар “тэсрэх бөмбөг” шиг аюултай нөхцөлд ажилладгийг харуулж байна.
Discussion about this post