Гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлсэн. Мэдээллийн товчийг хүргэж байна.
Х.Болорчулуун:
-“Хүнсний хувьсгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсны дагуу 36 дугаар тогтоол гарсан. Энэ нь гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангаж, бэлтгэх зорилттой. Задалбал 40 орчим хүнсний ногоо болж байгаа. Энэ жилийн хувьд Монгол Улс хүнсний ногоогоо 85 хувь хангасан. Ийм байхад гаднаас ногоо аваад яах билээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад элссэн амлалтынхаа дагуу импортын татварыг 20 хувь хүртэл нэмэгдүүлэх асуудлыг үечилнэ. 2026 он хүртэл жил бүр тав, таван хувиар нэмэгдүүлнэ. Өнөөдөр гэнэт үнэд нөлөөлөхөөр 20 хувийн татварыг шууд тавихгүй. Импортын татварыг тавихдаа тийм хувиас дээш хангамжид хүрсэн үед тавина гэсэн хууль дүрэм байхгүй.
Улс оронд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого нь хөнгөлөлттэй зээл мөнгө өгөхөөс илүү зах зээлээ хамгаалж гаднаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн орж ирэхээс хамгаалах явдал байдаг.
Монгол Улсын хувьд энэ зүйлд дутуу дулимаг ажиллаж ирсэн. Социализмын үед 30 хувь байсан импортын татварыг 1997 онд тэг болгож, гурван жилийн дотор үндэсний үйлдвэрлэлүүд бүгд элгээрээ хэвтсэн. Дараа нь таван хувь болгосон. Таван хувь нь манай улсын үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж чадахгүй. 50, 100 хувийн импортын татвартай улс орнууд олон байна” гэв.
()
Discussion about this post