АЯА ХӨӨРХИЙ АЛДРАЙ МИНУ ЗЭЭ..
1.
Наяад оны дундуур сургуулиа төгсөх гээд догдолж дэрвэж явсан хаврын нэгэн сайхан өдөр. Манай сургууль дээр ХЦДБЧ-ын хоёр хүн ирчихсэн төгсөж байгаа оюутнуудаас сонголт хийж чуулгадаа хөгжимчнөөр авахаар уулзаж ярилцан, ур чадварыг нь шалгаж байлаа. Тэдний нэг нь том алаг нүдтэй махлагдуу гэмээр гялалзсан залуухан хурандаа ХЦДБЧ-ын дарга Төмөрбат гэдэг гэнэ. Нөгөөх нь бас л ХЦ-ийн ахлагч цолтой монхордуу хамартай, хаа нэгтэй харсан ч юмуу гэмээр бор хүн байх аж. Биднийг танхимд дуудаж уулзаад л: -За ямар хөгжим тоглодог вэ, аль нутгийн хүүхэд вэ? гээд л тоглуулж хуурдуулж үзэв. Миний тухайд ёочингоор суралцсан тул төгсөлтийн шалгалтанд тоглосон зохиолоо, мөн төгөлдөр хуур дээр бас нэг жижиг зохиол, баянхуураар нэг марш тоглож үзүүлэв. Манай хэд ч бас өөрсдийн бэлэн зохиолуудаас тоглолоо. –Манай чуулгад хөгжимчнөөр орж ажиллах сонирхол байна уу? гэж асууж байна. Хилийн цэргийн чуулга шинээр эмхлэгдэн байгуулагдаад удаагүй тул боловсон хүчнээ сэлбэж, орон тоогоо нэмэх зорилготой гэнэ. Цэргийн форм өмсөөд, цалин дээрээ цолны нэмэгдэл аваад их л гоё газар ажиллах юм байхаа. Алсдаа тогтвортой ажиллавал орон сууцанд оруулна, хотын паспорттой Улаанбаатарын иргэн болно гээд л зөндөө сайхан юм амлаж байна. Бид ч тулгамдаад яг “за” гэж хэлж чадсангүй тээнэгэлзээд л байлаа. Ахлагчийн хувцастай бор хүн намайг ихэд олзуурхаж тусгайлан дуудаад –Чи баян хуураар сайхан тоглож байна. Манай чуулгад хөгжимчнөөр ор. Маш сайхан чуулга шүү дээ. Хөдөө гадаа тоглолт хийгээд хилээр голдуу их явна, гадаад дотоодод ч явж тоглоно. Сайн ажиллавал доорхноо л цол нэмээд явж өгнө. Ахынхаа дууг чи баянхуураар тоглоод л хоёулаа бут авна аа, хэмээн том том инээд алдаад далан дээр эелдэгээр алгадав. Би ч дуугүй л үсээ илж юутай ч дуучин хүн юм байна хэмээн бодох зуур –Ингэхэд ахыгаа танина биз дээ чи гэхэд нь “танихгүй” гэж хэлсэнгүй гайхан өөдөөс нь харвал: -Алтай хангайг дуулдаг Адараа ах нь шүү дээ хэмээн дахин хөгжлтэйгээр инээв. Телевизээр голдуу харж, дууг нь өдөр тутам шахуу сонсдог өнөөх гайхамшигт Адарсүрэн нээрээ мөн байна шүү. –Таныг цэргийн хувцастай болохоор таньсангүй хэмээвэл –Ах нь УАДБЧ-аас ХЦ-ийн чуулгад ирээд жил гаруй болж байна гээд “өөрийн гэсэн хөгжимчинтэй болмоор байгаа” тухайгаа ярив. –Алив чи “Сэвтээ нь үгүй сэтгэл”-ийг до минорт тогло доо. Гэхдээ өөрөө сэтгээд найруулаад тоглоорой хэмээн хэлээд намайг тоглоход хагас хоолойгоор аялж үзэж байна. Таалагдав бололтой инээд алдан далан дээр зөөлөн алгадав. -За дүү минь төгсөөд дипломоо өвөртлөөд л шууд очдог юм шүү. Ер нь танайхаас дөрвөн хүүхэд авна, чи бол гарцаагүй тэдэн дотор байгаа. Ах нь арын бүх асуудлыг зохицуулна гэв.
За ингээд төгсөөгүй шахуу байхдаа ажлын санал сонсоод эргэлзэж гайхах мөртөө алдарт Адараагийн дууг тоглоод явж байх нь байна шүү дээ гэж бодохоос онгирмоор ч юм шиг, их мундаг хөгжимчин болчихсон мэт додигор амьтан болж хувирав. Ингээд манай ангиас лимбэчин, шанзчин, хуурчин, баяанист дөрвөн хүүхэд ХЦДБЧ-д орохоор болж биднийг ажлын байртай танилцуулан байн байн дуудаж тойлоод л сүрхий байв шүү. Адараа ах маань очих бүр уулзаж ярьж хөөрөөд л ажлаа танилцуулж намайг энэ тэнүүгээр дагуулж ороод л бид хоёр тэрүүхэндээ дотносох маягтай болоод явчихлаа. Надаар баян хуур тоглуулаад өөрийнхөө дуунуудыг дуулж үзнэ. Бүх дууг нь “цээжээр” мэдэх тул надад ёстой зовох юм байсангүй. Олон ятгатай, эсвэл цөөхүүл хөгжимтэй дуулдаг учраас тэд бүгдийгээ хаа сайгүй чирээд явах хэцүү, одоогийнх шиг ганцаараа очоод фонаграммтай дуулчихна гэх биш хүндрэл байсан л бололтой. Намайг чухам л тэнгэрт тултал магтаад, өөрөө ч баярлаж хөөрөөд л байсан болохоор би ч бас онгирохгүй хаачихав, эндээ үлдэхээр шийдэж байгаагаа хэллээ. – Чиний баянхууртай ах нь хэдэн сайхан дуу дуулж радио телевизед бичүүлнэ ээ л гэж байна. Намайг багад Алтай чуулгад хормейстр хийж байсан УГЗ хөгжмийн зохиолч М.Норсонжав /Нооёо багш/ тэр үед ХЦ-ийн чуулгыг эмхлэн байгуулалцаж ахмад цолтой, уран сайхны удирдагчаар нь ажиллаж байв. Адараа ах намайг дагуулж орон Нооёо багштай уулзуулаад баахан магтаж гарав шүү. Ийм сайн хөгжимчин хүүг манай чуулга алдахгүй авах хэрэгтэй байна ахмадаа гээд л баахан “шургалаа”. Нооёо багшийн хүү Уламсайн бид хоёр багадаа тоглож наадаж явсан тул намайг таньж байна. Чи чинь манай Пүрвээгийн дүү мөн үү гэнэ. –Тиймээ, би энэ жил сургуулиа төгсөж байгаа гээд л учир явдлаа бүгдийг ярилаа. –За нөхөр минь хичээж үзээрэй. Эхлээд цэргийн хүн болно гэж бод. Дараа нь урлагийн хүн болоход амархаан… Гэвч танай Соёлын яам чинь тэгээд та нарыг наашаа ирэхийг зөвшөөрөх л байгаа даа гэж байна. Өрөөнөөс нь гарсан хойно Адараа ах маань -Чамайг ирэхээр би энэ дарга нартай ярьж байгаад маш гоё концертийн баянхуур /5 эгнээ товчлууртай/ оросоос авахуулна. Янзтай шүү дээ. Тоглож үзсэн үү? гээд л…
Уг нь би төгсөөд Алтайнхаа чуулгад хөгжимчнөөр очно гээд ахтайгаа яриад тохирчихсон байсан юм. Ах бэр эгч хоёр маань Алтай чуулгад ажиллаж байсан тул дэргэдээ авах сонирхолтой байлгүй яахав. Хэлсэн амнаасаа буцаад хотод үлдэх хэцүү, нутаг руугаа явна гэхээр цэргийн чуулгыг авна гэж байхад орхиод явдаг “амны хишиггүй” амьтан болж хувирах гээд ацан шалаанд орчихов. Манай хэд ч бас зарим нь эргэлзээд л яахаа мэдэхгүй гайхна. Гурван банди нэг охин, уг нь энэ чуулгад орчихвол цэргийн алба хаана гэхгүй давуу талтай ч цэргийн хувцас өмсөөд жагсаал дотор тушаалын дор явна гэхээр нэг л баригдмал санагдаад болж өгдөггүй ээ. Өөрийн дуртай газраа чөлөөт орчинд ажиллаж амьдрах гэсэн залуу насны романтик хүсэл минь биелэхгүй болчих юм шиг бодогдоод байв. Төгсөлт болох дөхөөд байдаг “хэдүүлээ яахав” гээд л ярилцлаа. Гэтэл Өмнөговийн соёлын ордон Хөгжимт драмын театр болон өргөжиж байгаа тул манай төгсөлтөөс хөгжимчин авна гэж байна. Дарга нь сургуулийн захиргаатай уулзаад, бас өөрийн аймгийн төгсөгчидтэй танилцан ятгаж сэнхрүүлээд манайхаас 5,6 хүүхэд Өмнөговь руу бараг илгээлтээр явах шахуу болчихов. Тэдэн дотор ХЦ-ийн чуулга руу хамт очно гэж байсан Мэндээ маань орчихсон тууж явна. Бодлоо өөрчилсөн гэнэ. Тэгтэл шанзны охин Нараа маань бас санаа нь урваж -Би ерөөсөө болилоо, Булганыхаа театрт очно гэж авдын. Ингээд лимбэний Эрка бид хоёр хоёулахнаа үлдэх болоод явчихав. Тэгтэл сэтгэл маань бас урваж эхэллээ. Бодлоо…зөндөө бодлоо. Ерөөсөө Алтайдаа л очъё. Цэргийн газар дэмий байх гэж бодогдлоо шүү. Өөрийн санаагаа Эркадаа хэллээ. Манай хүн ч бас “тэгвэл би Архангайнхаа театрт очно” гэж байна. Тэгээд хэдүүлээ ярилцаад Хилийн цэргийн чуулгаа сэмхэн “пялхаар” болцгоолоо. Пялах ч юу байхав. Уг нь хотод үлдээд тийм сайхан том урлагийн байгууллагад ажиллах алтан боломжоо өөрсдөө л үгүйсгэсэн хэрэг. Хохь нь л биз дээ.
Ингээд төгсөлт боллоо. Бүгд дипломоо өвөртлөөд л тав нь Өмнөговь руу бусад нь нутаг нутгийн зүг сэм сэмхэн гарч өгөв шүү. Хилийн цэргийн чуулгаар очсон ч гүй. Учир явдлаа ч хэлсэнгүй. Биднийг уг нь Соёлын яамтай ярьж тохироод авах гэж байсан юм билээ. Өөрсдөө хөдөө явна гэсэн болохоор яам дуртай нь аргагүй томилолт бичиж өгч таараа. Би болохоор өнөөх Адараа ахаасаа л санаа зовоод байгаа. Худлаа хэлж тэр хүнд зөндөө итгэл төрүүлчихээд хэл чимээгүй зугатаад явчихсандаа миний хувьд сэтгэлд тун хөндүүр санагдаж байлаа. Нөгөөтэйгүүр Ар халхын агуу дуучны хөгжмийг тоглон тайзан дээр хамт гарах алтан боломж тэр байсан ч амьдралын минь төөрөг тавилан өөр тийшээ дууджээ гэж одоо бодогдном.
/Бидний анх танилцсан уулзалт иймэрхүү болоод өнгөрсөн юм./
2.
Алтайдаа ирж “АЛТАЙ” чуулгадаа ажиллаад жил гаруй болж байв. Чуулгад маань хоёрын хоёр ёочинчин байх тул надад орон тоо олдсонгүй бөмбөрчний орон тоонд ажилласан юм. Цохиур хөгжмийн олон зэмсэгийг өмнөө овоолчихоод тачигнуулж суудаг байлаа. Манайх чинь 1966 онд хөдөөд байгуулагдсан анхны мэргэжлийн дуу бүжгийн чуулга шүү дээ. Тэр үед Ховд, Баян-Өлгий, Дорнод гэсэн гурван аймагт ХДТеатр байсан бөгөөд орон нутагт байгуулагдсан дөрөвдэх мэргэжлийн урлагийн байгууллага нь “АЛТАЙ” чуулга яах аргагүй мөн бөлгөө. Бусад аймгууд бүгд Соёлын ордонтой байж байгаад бүр хожим наяад оны дундуураас ХДТ болцгоосон түүхтэй. Чуулгаас маань дөрвийн дөрвөн гавъяат цолтон төрчихсөн улс даяараа нэр хүнд, алдар гавъяа нь түгсэн сайхан хамт олны дунд орж ирсэн тул сэтгэл тун өөдрөг. Тэгтэл ч ашгүй ХЦ-ийн чуулгаас Нооёо багш маань эргэн ирж ажиллахаар болж манайхан ч бөөн баяр хөөр боллоо.
Намар нь 11 сард Нооёо багштай урлагийн бригад гарч Завхан Ховд аймгаар аялан тоглолт хийв. Нэг автобус, нэг ачааны машинтай нилээн том бүрэлдэхүүн гарлаа. Завхан аймгийн төв дээр иртэл хэн байсан гээч? Өнөөх алдарт Адараа ах маань Завханы театрт дуучнаар ирчихсэн монхойтол инээгээд зогсож байдаг байгаа. –Аа муу оргодол чи энд явж байдаг вий, хэмээн намайг барьж авч ноолоод, бас үнсээд л хэзээний ах дүү шиг дотно хандахад нь би бүр балмагдаж орхив. Хоёр жилийн өмнө худлаа хэлчихээд алга болсон гэмээ цагаатгаж Адараа ахтайгаа юу эсийг ярьж хөөрөх билээ, өөрийнх нь дуртай бор дарсыг хундагалан барьж хэрэндээ л нүглээ наманчилж гэрт нь ярьж хөөрч хонов. Орон сууцны нэг өрөөнд ганц биеэрээ тохь тух муутай даржинхан амьдарч байгаа ард түмний хайртай эр бор харцагыг тэгэхэд би анх удаа их өрөвдөж билээ. Уусан идсэнтэй нь холбож Улсын чуулгаас Цэргийн чуулга руу, Цэргийн чуулгаас хөдөөгийн театр луу цөлж хөөрхийг нэгмөсөн уруудуулж орхисон нь манай нам төрийн “гүн мэргэн” бодлогын хачирхалтай шийдэл байжээ Тэр шөнө мань хүн бор дарсанд халамцаж бодол сэтгэлээ чивчиргэн байхдаа зарим үед гомдон уйлж, зарим үед бардамнан онгирч “Адараа ах нь ард түмэнтэйгээ байхад алзахгүй, ардын дуутайгаа байхад сөхрөхгүй” хэмээн аархаж агсамнаж байсансан.
Маргааш өдөр нь 2 цагаас техникумын оюутануудад концерт тоглож, орой нь “Учиртай гурван толгой” тоглох ёстой байлаа. Өглөө босож сургууль хамт төгссөн театрын хөгжимчин Цолмон найзынхаа урилгаар бидний дөрвөн нөхөр гэрт нь зочилж дайлуулан зөндөө шуугилдлаа. Бидний хувьд тун их паянтай өдөр болсоныг өгүүлье. Адараа ах маань бидэнтэй хамт баясаад л явж байгаа. Одтой саарал драпан пальто, “кээпиг” малгай дараад өмсчихсөн инээж ханиан, урд шөнийнхөө бүрзэнг тайлсан шиг нүүр нь улаа бутран сууж байлаа. Тэгтэл гэнэт –Хүүе болохоо байлаа. Хоёр хагас болчихож. Хоёроос тоглолттой шүү дээ хэмээн хэн нэг нь орилоход ухаан зулаггүй сандарцгаан гараад гүйлдлээ. Идэж ууж шуугилдаж байгаад цаг өнгөрсөнийг анзаарсангүй. Улиастай хотын “арал” гэгддэг хоёр голын дундаас төв рүү хэдүүлээ чавхадлаа даа. Тэр үед такси энэ тэр гэж байх биш амьсгаа бөглөрөх шахан байж театр луу гүйлдэн орж ирэхэд нам жим оргиод хачин байв. Гайхасхийн зрителийн хажуугаар өнгөртөл дүүрэн үзэгчид ороод суучихаж. Ямар нэгэн тоглолт эхэлсэн шинжгүй дуу хуур таг чиг. Хойно тайзны ард ороод иртэл манайхан ч бөөн шуугиан болон угтлаа. Хааччихдаг хар х..рнүүд вэ хэмээн нутгийн хараалаар булж барьж идэх шахлаа. Концерт биш “Учиртай гурав”-ын хувцас өмсөөд нүүр амаа будаж байна. Аргагүй шүү дээ. Гурван бүжигчин, нэг хөгжимчин алга байхад дуу бүжгийн сюитээр эхэлдэг концерт яаж бүтэх вэ дээ. Бүжигчид бүгд яралзаж, бөмбөр цан тачигнах ёстой юм л даа, уг нь. Биднийг алга болохоор нь программаа өөрчлөөд “Учиртай гурав” тоглоё хэмээн эхлэх гэж байсан байна лээ. Нооёо багш өөрөө Балганы дагуулын дүрд гарах гээд нэг муу салбагар дээл өмсчихсөн нүүрээ халтартуулан будаж зогссон гээд бод доо. –Цусан муу туучийнууд хэмээн биднийг нэг нэг амбаардахад нь хувцсаа шүүрэн шүүрэн зугтацгаалаа. Би ч Нооёо багшаас өөрийн хувиа хүртэнгүүт хувцасаа аваад хөгжмийн яам руу арилж өглөө. Яаманд ороод иртэл хөгжимчид маань бас барьж идэх шинжтэй харц гэж өлсгөлөн бүргэд, ааш гэж ардаг хангал морьд шиг л байцгаана. Миний ичсэн айсан гэж чухам нүүр чинэрээд Улаан Жамсран бурхан цаашаа л юм боллоо. Анх удаа тэгж сахилга алдаж тоглолт зогсоох дөхсөндөө балмагдсаныг хэлээд юүхэв. Буцаад концерт тоглох боллоо. Нооёо багш яаманд орж ирэн хөгжим удирдаад концерт эхэллээ. Эхний дуу бүжгийн сюит дуусаад араас нь гоцлол дуучдын дуунууд явж байв. Айлд уусан юм маань шээс болон давсаг руу лугшаад хэцүүдэж байгааг сая л анзаарлаа. Дуучин Дамчиг ахыг ардын дуу дуулж эхлэнгүүд бие засахаар шийдэн яамнаас гараад гүйчихлээ. Дамчиг ах бас л сайхан дуулна л даа. Хүмүүс заавал дахиулдаг тул дахих нь гарцаагүй, энэ хооронд амжина гэж тооцов. Дараа нь “Малчин залуус” гээд тачигнасан бөмбөртэй бүжиг явдаг тул сүрхий яараад л гүйж очин шээх гэтэл чинэрсэн давсагнаас чихэлдсэн шингэн минь ямар удаан гоожив доо. Арайхийж дуусган буцаж гүйгээд зрителийн хажуугаар гарч явтал нөгөө “Малчин залуус” бүжиг аль хэдийн эхэлчихсэн начигнаж байна. “Ээ новш” гэж өөрийгөө хараагаад хурдаа нэмлээ. Яаманд орж ирэн хөгжим дээрээ суухуйд Нооёо багшийн уурандаа улайж минчийсэн нүүр, зангидсан гарын занаа, шүдний зуулт, нүдний догшин, хөгжимчдийн гайхсан, үзэн ядсан, хилэнтэй харцтай тулгараад айсандаа бараг л нөгөө ертөнцөд сайн дураараа явчихмаар санагдав. Гай таарч Дамчиг ах тэгэхэд дахиулаагүй байсан байна лээ, лүд чинь. За тэгээд тоглолт цаашаа үргэлжлээд Зөвлөлт Монголын найрамдлын тухай дуу бүжгийн цомирлог эхлэхэд ар тал руу дээд верхный тайзнаас “алх хадуур, алтан соёмбо”-той зайдник /арын хөшиг/ бууж ирэх ёстой байв. Тэгтэл шал өөр “Учиртай гурван толгойн” модтой уулын зайдник бууж ирж байгаа харагдлаа. Яамнаас харж байсан Нооёо багш болон хөгжимчид дуу алдан балмагдахад, тэр зайдникийг бэлэн болгож өлгөх ёстой өнөөх “хам хэрэгтэн” найзуудынхаа өмнөөс би бараг зүрхээр явчихлаа. Базарваань. Өнөөдөр чинь ямар их паакттай аймшгийн өдөр вэ гэж бодохоос бараг “зомби” болтлоо гутрав. Арайхийж концерт нэг юм дуусахад бүх уран бүтээлчид хуралдана гэлээ. За ингээд дуусаа. Бид хэд эндээсээ хөөгдөөд Алтайд буцаад очиход ажлаас халсан тушаал гарсан байх нь тодорхой боллоо хэмээн тааварлав. Хурал ширүүхэн болж бид дөрөв цаазаар авахуулах ялтан адил зогсож байгаад олны хилэнтэй шүүхээр орж, яллагч Нооёо багшийн ялласанаар маргааш орой Алдархаанд тоглолт хийгээд та нарыг Алтай руу буцаана, очиход чинь чуулгын дарга халагдах тушаал уншиж өгнө, ойлгов уу? /яг бидний тааварласанаар/ хэмээн зарлигдахад хэлэх үггүй дальдчин, орох газаргүй бултаганан, үзээгүй муугаа үзэн байж гөлөлзөв өө.
Орой нь “Учиртай гурван толгой” тоглолоо. Элдэв паакт, алдаа гайгүйхэн явчихлаа. Тоглолт дуусаад шөнөдөө Алдархаан орж хононо, байр буудал, хоол цай захиалчихсан гэв. Учир нь тэнд Нооёо багшийн танил найз УТТ-ны гишүүн асан С.Жалан-Аажав гуай улс төрийн хэргээр шийтгүүлэн нутаг заагдаж ирсэн тул түүнтэйгээ уулзаж хуучилж хонох төлөвлөгөөтэй байсан юм билээ. Тоглолтын дараа ачаа хөсгөө ачаалж байх үеэр Адараа ах маань дуудаж байна. Дуучдын өрөөнд суугаад хэсэг хөөрөлдлөө. –За дүү нар бага зэрэг паактлав уу? хэмээн бүдүүн хоолойгоор паргиатан инээгээд -Цаад Нооёо багш чинь далайлт чанга ч буулт зөөлөн сайхан хүн дээ, гайгүй байхаа хэмээн өврийнхөө кармаанаас шилтэй юм гарган хундагалж байна. –Миний дүү чи баянхуур хөгжмөө хаяагүй биз. Тэр чинь сайхан хөгжим шүү. Чиний баянхууртай би хэдэн сайхан дуу дуулах байсын, хэмээх нөгөө л үгээ харуусал, тунирхал хосолсон өнгөөр хэлж байна. Тэр үед үнэндээ би баянхуур хөгжмөө тоглохоо болиод бараг мартсан байв. Түүнийгээ ч хэлсэнгүй. Ингээд дахин уулзахын ерөөл тавиад саллаа. –Адараа ах нь алзахгүй ээ. Муусайн юмнуудыг өмдөндөө шээтэл нь би дуугаа дуулахым чинь, хэмээн арсайтал инээгээд л үлдсэнсэн.
Шөнө Алдархаанд оччихоод бид дөрөв өдрийнхөө “пааникнаас” салж чадахгүй дуу шуу муутайхан шуухитнан байж ор дэрээ заслаа. Нэг жижигхэн умгар өрөөнд хоёр төмөр ортой, дээр нь хоёр эвхдэг ор тавьж өгсөн байв. Маргааш оройн тоглолтын дараа бид хэдийг Алтай руу буцаана гэсэн тул олон жилийн ял сонссон ялтантай адил сэтгэлээр уначихсан дуугарах ч амьтан алга. Гэнэт л –Хөөш хүүрнүүдээ, нөгөө “Учиртай гурав”-ын зайдникийг Завханы театрт өлгөөд мартчихсан байна ш дээ. Одоо яах вэ гэх Гантулгын дуу гарлаа. “Түй чёрт пи..” “маргааш тоглоно ш дээ, одоо яах вэ???…” Бидний хэдэн залууст тэр зайдникууд болон тайзны хэрэгсэлүүдийг хариуцуулсан байсан тул шаварт унасан шарын эзэд юм шүү дээ. Тэр үед бараг үхмээр санагдаж билээ. Ингэж бүтэлгүйтэх гэж байх уу? Яасан үйлс нь хазайсан хүмүүс вэ бид? Арай ч дээ. Юу болчихоороо ингэдэг байна аа??…. Босоод дөрвүүлээ үглэсээр хувцсаа өмслөө. Сэмхэн очиж автобусны жолооч Наянбуу ахыг сэрээгээд учир явдлаа тоочин байж уйлах нь халаг гуйлаа даа. Ойрхон юм чинь гээд нэг их цааргалсангүй, ашгүй яваад ирэхээр боллоо. Бидний паакталсаныг сайн мэдэж байсан болохоор өрөвдөө байлгүй хөөрхий. Нооёо багш тэргүүтэй манай ахмад, гавъяатууд Жалан-Аажав гуайнх руу явчихсан байсан тул бидэнд айж эмээх юм байсангүй. Шөнө автобустайгаа буцаж давхин Улиастайд ирж театр дээрээс зайдникаа эвхэж аваад нэгэнт ирсэнийх Адараа ахынхаараа ороод гаръя хэмээн очиход гэртээ байхгүй байж билээ. Альхан газар, хэн гэгчийнд Алтай Хангайгаа асарлуулан сүмбэрлүүлэн дуулж суусан юм бол доо, зайлуул.
/Бидний хоёрдох богинохон уулзалт энэ байсан юм./
3.
Цагаан морин жилээс эхэлсэн ардчилалын салхи эрчээ аваад улс орон минь өөрчлөлт шинэчлэлтэнд орох гэж, хуучин бүхнээ халж устган, нийгэм даяараа эх толгойгүй бужигнаж байсан 92 оны хавар таван сард юмдаг. Монгол улс минь бүх нийтийн сонгуулиар анхны ерөнхийлөгчөө сонгох гэж сонгуулийн тов зарлагдан суртчилгаа ид явагдаж байсан үе. Би тэгэхэд “Алтай” чуулгынхаа хөгжмийн багшаар ажиллаж байв. Өдөр болгон зай завсаргүй дараалсан сонгогчидтой хийх уулзалт суртчилгаа, урлагийн тоглолт гээд манай чуулгын байр сав амрах чөлөөгүй байлаа.
Үдээс өмнөхөн өрөөндөө сууж байтал зэргэлдээ байх даргын өрөөнд хүмүүсийн чанга чанга дуугаралдах сонсогдов. Чих тавин чагнаваас хүмүүс хоорондоо хэрэлдэж байгаа бололтой. Юун хэрүүл юм бол доо гээд гайхасхийн суутал дуу нь бүр өндөрсөөд ширээ шаах чимээ сонсогдлоо шүү. Хэн нэг нь согтуу хөлчүү агсам тавьж байдаг юм болов уу гээд яваад ортол хэн байсан гээч? Өнөөх Адараа ах маань ороод ирчихсэн манай дарга Намсрайдагватай ширээнийх нь хоёр талд босоод зогсчихсон үзэж тарж байна. Намайг хараад өнөөх маань хэрэлдэхээ түр азнаад – Өө миний дүү юу? Ажил нь сайн уу? хэмээн золгож үнсээд сандалд суулаа. Хөөрөг гарган тамхилж мэнд мэдэлцээд – Адараа ах нь Ар халхын нутагт энэ муусайн ажлаа мэдэхгүй хурган дарга нарын аманд багтаж хаана хэзээ дуулахаа заалгах юм гэнэ. Ёстой хол очиж хэвтэх байлгүй чи, хэмээн даналзаж байна. Час улаан өнгийн одончуу дээл өмсөөд энгэртээ Алтангадас одон зүүчихэж. Нилээн том ковбай маягийн бүрх малгай өмсөөд “хороомон” гутал жийчихэж. Дээл хувцас нь мань хүнд сайхан зохицсон гэж “ванлий” -Ах нь хотоос гараад арваад хонож явна. Замын аймаг сумаар тоглоод энд ирлээ. Монголчууд Адараагаа санасан байна шүү. Ингэж явсангүй би ч их удсан байна. Танай энд л харин тоглож болохгүй юм гэнэ. Намын заавраар ажлаа хийдэг ийм муусайн юмнуудыг та нар урлагийн газраас зайлуулаач хэмээн Нааяа дарга руу чичилж дахин дуу нь өндөрсөв. –Адараа ахаа, алив гаръя хоёулаа хэмээн суганаас нь бараг чирэх шахуу чангаагаад авч гарлаа. Өрөөндөө оруулж суулгаад хэдэн үг солилцлоо. Бага зэрэг тайвширч байна. Сонгуулийн уулзалттай, зай завсаргүй гээд мань хүнд тоглолтын цаг өгөөгүй юм байна. Тэгээд л бухимдсан бололтой. Урлаг мэдэхгүй муусайн хурган дарга нар хэмээн ихээхэн дургуйцэж байна. Манай Нааяа дарга ч яах аргагүй урлагаас хол, эвлэл намын ажил хийж явсан нөхөр. Адарааг өрөөнд нь ороход таниагүй юм гэнэ. “Халхын хавтгайд намайг таньдаггүй мэддэггүй чавганц нохой ч байхгүй. Энэ хөлдүү нөхөр намайг үл ойшоолоо” хэмээн их л бухимдаж байгаа бололтой. -Та хэнтэй, хэдүүлээ яваа юм? гэсэн. Жолоочтойгоо дөрвүүлээ яваа гэнэ. –Одоо тэгээд яая гэж бодож байна? Өөр газар хамаагүй тоглоно гэвэл би Барилгын клуб ч юм уу, эсвэл сургуулийн заал танхим ярьж өгье гэтэл –Үгүй ээ,… Адараа ахыг нь Алтай чуулга тайзан дээрээ дуулуулахгүй гэж байгаа бол би аймгийн төв дээр өөр газар тоглохгүй. Хөдөө сум руу гарлаа гэнэ… За одоо тэгээд яая гэхэв дээ. Үнэхээр тэр тайз нь олдохгүй байгаа нь үнэн юм чинь. Гэхдээ Нааяа даргад сэтгэл байсан бол зохицуулж болох л байсан байх…
Манай өрөөнд байсан Casio-750 даралтат хөгжмийг хараад дуу алдаж -Күй ээ энэ мөн янзтай сайхан эд ээ. Би нэг муу жижигхэн Ямаха хөгжимтэй явж байгаа л даа, зайлуул. Өнөөдөртөө надад болмоглоод л байгаа. Энэ тоглолтоор хэдэн төгрөг олвол ийм л нэг сайхан юм олж авъя хэмээн хорхой нь гозгонов. За тэгээд Адараа ахдаа нэг аяга хоол идүүлэх санаатай гадагшаа аваад гарлаа. Хуучивтар УАЗ-469 машинтай, жолоочоос гадна хоёр хүн байна. Нэг нь касс хийж, билет тасалж санхүү талаа хариуцаж яваа гэнэ. Нөгөөх нь бүр багавтар хүүхэд шахуу амьтан Ямаха тоглодог гэнэ. Нээрээ л нэг хүүхдийн тоглоом шиг сургалтын жижигхээн Ямаха хөгжимтэй юм. Гуанз хайж явсаар арайхийж нэг газар орж хэдүүлээ хоол захиалчихаад жаахан хууч хөөрлөө. –Ах нь тоглолтоор яваа тул нэг их хэрэглэхгүй байгаа. Гэхдээ дүүтэйгээ уулзсан юм чинь хоёулаа тэмдэглэнэ ээ гээд арсайтал инээн нэг шилтэй юм гаргахад нь -Хэрэггүй гээд үгэнд орсонгүй. –Ах нь сая жаахан нервтчихлээ, одоо тайвширнаа хэмээн шууд задаллаа. Угаасаа түүнийг хориод ч нэмэргүй, ууна л гэвэл уух нь тодорхой, зоргоороо танхи явсан тийм хүнийг яалтай. Тэр үед хүнс бараа тарчигхан, архи дарс ч ховор талдаа байсан. Түүнийг гаднаас нь харахад нээрээ л уухгүй байгаа юм байна гэмээр царай зүс сайхан, хувцас хунар өнгөлөг, дуу хуур, уран бүтээл нь оргилсон байдалтай их л дажгүй явж харагдав. Энгэртээ Алтангадас зүүчихсэн түүнийгээ их дээдэлж яваа нь илт. -Ах нь удахгүй энэнийхээ хажууд гавъяатын тэмдэгээ зүүчих байх хэмээн одон руугаа зааж их л итгэлтэй инээд алдаж байсансан. Хоол ч боллоо. Хооллож аваад нөгөө гурав нь дэлгүүр хоршоогоор орно гээд гараад өглөө. Хоёулаа нөгөө шилтэй юмыг нь “ноолоод” үлдлээ. – Чи надад хаагуур хаагуур явбал зохилтой байна, сумдынхаа маршрут гаргаж өг гэлээ. Аймгийн урд болон баруун сумууд үзэгчид сайтай байдгийг бодолцоод Бигэр, Чандмана сумдаас эхлэн нар зөв тойроод явахыг зөвлөж, тов тодорхой зам км-ыг нь заасан маршрут зурж өглөө. Тэгтэл нөгөөх чинь -Чи ер нь ахтайгаа хамт яваад хэдэн сумаар тойроодхооч гэнэ. Би ажил тун ихтэй, наадмын концертийн шинэ уран бүтээл өнөө маргаашгүй эхлэх гэж байгаа тул “боломжгүй” гэдгээ хэллээ. Тэгсэн чинь: –Ер нь дүүгээрээ хөгжимдүүлээд нэг дуулчихая гэж бодоод л явдын. Тэгтэл чи намайг тоохгүй юм байна л даа хэмээн тунирхаад -Гавъяат болсон хойно харин заавал тоглож өгөөрэй, чамайг дагуулж халхын нутгийг тойрноо хэмээн намайг “цаашлуулаад” инээж байлаа. Ховдын Булган сум, манай Алтайн отряд дамжин цэргийн алба хааж байсан тухайгаа, барилдаж ноцолдож суманд түрүүлж байсан тухайгаа баахан ярилаа. Манай Алтайн Дэлгэр сумын нэг бүсгүйтэй хэсэг хугацаанд амьдралаа холбож байсан тухайгаа, аймгийн төвд 70-аад оны сүүл хавьд тоглолтоор ирж нилээн хэд хонохдоо бас л нарийн нандин учрал болсон тухайгаа, түүний маань гэрч хүртэл одоо байдаг тухай бидний мэдэх түүхийг нууж хаахгүй яриад пажигнатал инээж байсан юм. Ер нь л хээгүй сайхан монгол эр хүн л дээ. Уран бүтээлийнхээ талаар ч бас бус зөндөө л юм ярьж байсан санагдана. Дуулахын жаргал, бүтээхийн жаргалыг өөрийнхөө яс махаар амсаж, дуугаараа, бүтээлээрээ хүндлэгдэхийг ард түмнээсээ тултал мэдэрсэн тэрвээр төрийнхөө хайр хишгээс гавъяат жүжигчин гэдэг цолыг л үнэхээр авчих юмсан гэж боддог байсан нь анзаарагддаг юм. Их ч хүлээж байсан байх. Өгнө, өгөх гэж байна гэж хичнээн ч их хуурч гомдоож байсан бол. Баяр ёслол, томоохон түүхт ойгоор “өгөх нь үү” хэмээн горьдож ерөнхийлөгчийн зарлигийг сэм сэмхэн сонсдог л байх даа хөөрхий. Чимээ сураггүй өнгөрөхөөр нь цээжиндээ бөглөрч гашуун ундаагаар гомдлоо тайлан зүрхэндээ уйлж суудаг байх даа хэмээн өрөвдөн бодож суув.
Бидний сөн чилж, үг олдож, үхэр холдсон тул явахаар гарцгаав. Хаврын налгар сайхан өдөр, улаан тэрмэн дээлэн дээр төрийн одон зүүсэн, улаа бутарсан царайтай ар халхын дуучинг Алтайн гудамжаар бардамхан алхахад “Адараа ирчихэж” хэмээн ард олон дуу алдацгааж, мутрыг нь атган мэндлэх гэж хошуурцгаан, алдрыг нь өргөн алд хүндэлцгээж байгааг нь хараад би үнэхээр бахдан бишир вээ. Олонтой оволзож, түмэнтэй хүүрнэлдэж түр саатах зуур нь хажуугийн дэлгүүрийн таньдаг хүнээс ганц лонх ганзай авч өвөрт нь хийгээд машинд нь суулгав. Хүндэлсэн бүхэн сархадаар дайлах гэж хичээнэ. Таних танихгүй хамаагүй “манайд очиж хоол цай идээд яв” хэмээн найрсах нь энэ хүнийг ард түмэн хичнээн их хайрлаж хүндэлж байдгийг илтгэх ажээ. –За дүүдээ баярлалаа. Бид ингээд хөдлөе. Адараа ах нь алзахгүй ээ, гавъяат болчихоод Говь-Алтайгаар нэг ирнэ ээ, хэмээн монхойтол инээгээд Дөтийн даваа тийш дөрөө жийн тоосруулав аа.
/Энэ бол бидний гуравдах удаагийн товчхон уулзалт байсан юм./
4.
1996 онд манай АДБ-ийн “Алтай” чуулгын түүхт 30 жилийн ой болов. Тэр үед би Чуулгынхаа уран сайхны удирдагч, хөгжмийн удирдаачийн албыг давхар хашиж байсан бөгөөд ой хийх гээд толгой өндийх завгүй ажиллаж байв. Ойдоо бэлдэж зун нь амралтгүй ажиллаад 10 сарын сүүлээр ойгоо хийлээ. Уран бүтээлчид, ажиллагсадаа 11 сарын нэгнээс ээлжийн амралтыг нь олгов. Их хүйтэрч эхэлсэн тул миний хувьд хаашаа ч явсангүй гэртээ амарч байлаа. 11 сарын дундуур юмдаг, нэг өглөө чуулгын жижүүр утасдаад –Дуучин Адарсүрэн гуай ирчихээд өөртэй чинь ярья гээд байна гэлээ. –Адараа ах нь байнаа, чи ажил дээрээ хурдан хүрээд ир. Маш чухал яриа байна гэв. Яваад очлоо.
Мань хүний явж байгааг ээ. Тэр хүйтэнд зуны шахуу нимгэн хятад бомбер өмсчихсөн, дотуураа нимгэн пудбольк, срочкин цамцтай, доогуураа нимгэн өмд, оймсон дээр зуны шаахайтай ёстой л нэг даржин даржин гэхэд дуу алдмаар амьтан арсайтал инээгээд угтаж байна. – Та чинь хөлдөж үхлээ шүү дээ. Ямар ажилтай, яаж яваа хүн бэ гэтэл – Яахав дээ, ах нь ингээд л явж байна. Хотоос нэг ачааны машины кабинд суугаад замдаа хэд гурав хоноод ирлээ. Зарим замын суманд тоглолт маягтай юм хийгээд хэд гурван төгрөг олж хоол идээд, хэмээн өнөө л гудиггүй зангаараа пар пар инээн ярьж байвч царай зүс гундуухан, өмссөн зүүсэн нь гандуухан, хэдэн жилийн өмнө сонгуулиар ирж байснаасаа тэс өөр амьтан болсон байв. Нас нь ч нилээн хэвийж, бие хаа нь турж эцээд агшсан мэт болчихож. Нэг үгээр хэлбэл эрийг нас уулыг цас дарчихаж. –За ямар ажил байна? Яамаар байна гэтэл – Ах нь тоглолт хиймээр байна. Ахад нь энэ муу хоолойноос өөр юу ч алга. Одоо чи л бүхнийг зохион байгуулж өг хэмээн шууд тулгаж байна. Хөгжим ч үгүй, хувцас хунар ч байхгүй… за энэ нь яахав гэхэд хоолой хонго нь гайгүй юм болов уу? хэмээн бодлоо. Гэртээ аваачаад хоол цай хийж өгөнгөө “юутай ч давын өмнө энийг өмсөж бай” гээд хуучивтар өвлийн дотортой гутал, дотуур ноосон өмд, бас нэг бамбагар зузаан өвлийн куртка өглөө. Жаахан хүүхэд шиг баярлаад л хөөрөх юм. Хөөрхийдөө бүр өрөвдмөөр санагдлаа. Түрүүн ирэхэд нь тусалж чадаагүй тул энэ удаад заавал туслахаас аргагүй гэж бодоод тоглолтыг нь зохион байгуулахаар шийдлээ. Чуулга дээр буцаж ирээд манай өрөөнд хоёулаа сууж хөтөлбөр гаргалаа. Хамаг дуунуудыг нь жагсааж бичиж байгаад хөг тональнистыг нь тэмдэглэж авлаа. Зарлал анонс бичүүлэхээр зураачаа дуудууллаа. Тэгтэл мань мань хүн зарлал дээрээ “Ар Монголын алдарт дуучин Адарсүрэнгийн тоглолт Алтай чуулгад болно” гээд л цаг нарыг нь биччих, өөр юм хэрэггүй гэнэ. Өөрийнх нь хэлсэнээр болгов. Ингээд маргааш оройноос нь эхлээд гурав хоног тоглохоор зар бэлэн боллоо. –Энд манай нутгийн /Завханы Цагаанхайрханы/ холын хамаатан нэг айл байх ёстой гэснийг нь сурагласаар байж утсыг нь олоод гэрээс нь хүн дуудууллаа. Настайвтар авгай нөхөр хоёр ирж уулзаад тэврэлдэж үнсэлдээд сүйд байна. –Би эднийх рүү явлаа. Хэзээ бэлэн байх вэ гээд л хөөрхий тоглолтыг нь хийнэ гэхээр хөл нь хөнгөрөөд сэтгэл нь сэргээд ирлээ. -Өглөө 9 цагт ир. Тайзан дээр сургууль хийнэ. Архи дарсаа тааруулж хэрэглээрэй гэж гуйгаад тэднийг явуулав.
Ингээд одоо хөгжмийн асуудлаа яаж шийдэх вэ гэж бодлоо. Манайхан ээлжийн амралтаа аваад ийш тийшээ явчихсан байдаг. Бодож бодож нэг л боломж байгааг сонголоо. Манай чуулгын тонмейстр Баатарсүх гэж төгөлдөр хуур сайн тоглодог залуу соёлын сургууль төгсөөд ирсэн байв. Тэднийх хажууханд тул түүнийг дуудав. Ингээд хоёулаа үдээс хойш гадуур гарч энд тэндэхийн албан байгууллага, сургууль соёлоор гуйж түүж явсаар гурван ч Ямаха, Касио цуглуулж ирлээ. Өөрийнхөө хөгжимтэй нийлүүлж хоёр хоёроор нь зоож аваад хоёулаа оройжин, шөнөжин сууж хамаг дуунуудыг нь сургуулилж үзлээ. Адараагийн дуунуудыг мэдэхгүйн зовлон байх биш дээ. Ерөнхийдөө тухайн үедээ тохирсон боломжийн найруулга, импровозиц хийгээд хуучных нь дуугаралтыг хадгалах мөртөө шинэчилсэн өнгө донжоор сургуулилж 20 гаруй дууг нь бэлэн болголоо. Маргааш ирэхэд нь нийлж үзээд л болно гэж тооцов. Хувцасны эрхлэгч, кассчин, гэрэлтүүлэгч, үйлчлэгч нарыг бас өглөө ир хэмээн дуудуулав. Урансайхны удирдагч хийж байсныхаа хувьд эрх мэдлээ ашиглаж байгаа нь энэ. Хамгийн гол нь билет үнэт цаасны асуудалыг яах вэ гэж бодов. Үзэгчдэд огт билет таслахгүй бэлэн мөнгө хураагаад оруулалтай нь биш. Чуулгын билет зарвал өрөнд орох гээд байдаг. Гэнэт надад Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооноос өгсөн үзвэрийн билет байгааг санав. Түүнийг борлуулахаар боллоо.
Ингээд Адарааг өглөө ирэхэд нь хөгжимтэй нийллээ. Ямартай ч архи дарс уусан шинж нэг их мэдэгдэхгүй л байна. Намайг сануулж хэлсэн болохоор тааруулж хэрэглээд, ярьж хөөрч хоноод ирсэн байх л даа, хөөрхий. Мань хүн бодохдоо намайг л ганцаараа төгөлдөр хуур баянхуур тоглоод болгочихно гэж бодсон бололтой. Дуунуудаа нийлж үзээд баярлаж байгаа гэж жигтэйхэн. Хөөрөөд л дахин дахин дуулж үзээд л, хөлсөө арчиж инээд алдаад л, хувцас хунартаа харин санаа зовж байгаа бололтой. Хувцасны эрхлэгчтэй ярьж байгаад аятайхан дээл, малгай, гутал тааруулж сонголоо. Хоорын дуучдын костюм, шаахайнаас нэгийг сонгож өглөө. Хоёр удаа хувцас солино гэж тооцон залуу дуучдаас хоёрыг оруулж дундуур нь дуулуулахаар бэлтгэлээ. Үддээр гэртээ дагуулж очин хооллоод үдээс хойш ирж дахин сургууль хийв. Бас дагуулж гаран үсийг нь засууллаа. Ер нь хажуунаасаа холдуулалгүй манаж л байхгүй бол хэн нэг нь дуудаж архи уулгачих гээд тун хэцүү. Ингээд орой болж тоглолт эхэллээ. Тоглолтын өмнө “ганц зуу татна шүү ах нь” гээд л аминчлан захиж байна. Тэг л гэлээ. Адарааг тоглоно гэхээр Алтайн ард түмэн мэдээж шаваад ирнэ шүү дээ. Тоглолт маш сайхан болж үзэгчид сэтгэл өндөр байлаа. Хоолой нь яг л хэвээрээ, урамшсандаа улам ч сайхан дуулах гэж хичээж байгаа нь илт. Тоглолтын дараа баяр хүргэх гэсэн үзэгчид, цэцэг барьсан хүмүүс тайзаар дүүрч Адараа ах маань ч бөөн хөөрөлд автлаа. -Би ойрын хэдэн жил ийм сайхан хөгжимтэй, ингэж дуулж үзсэнгүй хэмээн бид хоёрыг тэврэн үнсэж нүдэндээ баярын нулимс гялалзуулан байж мэгшүүлэв. Аргагүй дээ хөөрхий.
Миний хувьд арваад жилийн өмнө энэ хүний дууг баянхуураар хөгжимдөх гэж ХЦ-ийн чуулга дээр хамт сургуулилж байснаа санав. Хувь тавилангийн эрхээр холдон одож биелээгүйгээ хүслээ өнөөдөр биелүүлж байгаагаа ч санахуй сэтгэл минь бас дүүрэн байлаа.
Ингээд тоглолтын дараа өнөөх нутгийн хоёр нь аваад гэрлүүгээ явлаа. “Маргааш нөгөөдөр тоглох тул архи дарсаа бага хэрэглээрэй, өдөр сайхан амарч байгаад оройхон ир” гэж хэн хэнд нь захиад явуулав. Дараагийн хоёр оройн тоглолтууд ч бүр дажгүй сайхан боллоо. Хүн ч их үзлээ. Мань хүн хэрэндээ нэр хичээгээд уух нь гайгүй л байлаа. Гуравдах оройн тоглолтын дараа касс Идэр ах маань өрөөнд орж ирээд гомдол мэдүүлж байна. –За энэ хүн чинь орлогынхоо мөнгийг авна гэж нэхээд байна, өгөхгүй гэсэн чинь -Наадах чинь чиний мөнгө биш миний хоолойгоороо олсон мөнгө гээд намайг загнаад байна яах уу? гэнэ. Орлого нь нийтдээ хэдий хэр юм болов гэсэн чинь 200.000 орчим болсон гэлээ. Тэр үеийнхээ ханшаар бол хангалттай л орсон байв. Бүгдийг нь өгч хэрхэвч болохгүй. Намайг тэгсэн гэж хэлээд 20.000 төгрөг өгчих, өнөө маргаашдаа хангалттай гэлээ. Мөнгөний ханш одоог бодвол чанга байсан үе. Нэгд тоглолт нь дууссан юм чинь яахав гэж бодлоо. Хоёрт очсон хамаатныдаа чихэр жимс авч өгөг. Бас яахав дуртай юмаа ч ууна биз гэж бодоод ерөнхийд нь жаахан чөлөөллөө. Маргааш нь дэлгүүр хоршоо, захаар явж хувцасыг нь бүрэн шинэчилж өгөх бодолтой байсан юм. Бас 2-р 10 жилийн сургууль дээр тоглож өгөөч гэсэн захиалга ирсэн байв. Түүнийг ярьж зохицуулах санаатай өглөө ажил дээрээ иртэл Завханы гавъяат С.Батсүх аялан тоглолтоор ирчихсэн байна. Тоглолтынх нь зарлалыг манай зураач бичиж сууна. Тэгтэл Адараа ах маань нилээн халамцуухан давхиж орж ирлээ. – Манай нутгийн дүү, миний шавь Батсүх ирсэн гэж сонслоо. Бид хоёр хамтарсан тоглолт хийнэ. Батсүх хаана байна, уулзана хэмээн томорлоо. Батсүх гавъяаттай хамт явсан залууг буудал руу гүйлгээд ингэж байна яахын гээд асуулгалаа. Баагий буудлын утсаар ярьж байна. –Одоо тэгэхээс дээ. Наадах чинь үгүй гэвэл надад гомдоод сүйд болно. Өнөө орой хамтарсан тоглолттой гээд зарлал бичүүлье гэв. Зураач маань дахин шинээр зарлал бичиж байтал Адараа орж харчихаад -Хөөе ингэж бичихгүй ээ. Намайг эхэлж бич гэж загнаад “Ар Монголын алдарт дуучин П.Адарсүрэн, МУГЖ С.Батсүх нарын хамтарсан тоглолт өнөөдөр болно” хэмээн бичүүлэв. Мөн ч билэг танхай, дураараа хүн шүү дээ. Хэхэхэ. Надаас ирээд мөнгө нэхэж авлаа. Арван жилийн 2-р сургуулиас хүсэлт ирсэнийг хэлээд “хэзээ тоглох уу” гэсэн чинь -Маргааш үдээс өмнө тоглоё гэж байна. -Та наад архи дарсаа багасга гэлээ. –За ах нь гайгүй гайгүй гээд л инээж байна. Саяын хэд хоног гайгүй байсан болохоор би ч бас итгэв. Сургалтын менежиртэй нь яриад 11 цагаас тоглоно гэдгээ хэллээ. Тэд ч үдээс өмнийн хичээл сургуулиа зохицуулаад ян тан гэдгээ хэлэв.
Ингээд орой нь “Алдарт” “гавъяат” хоёр дуучны тоглолт үзэхээр Алтайнхан цуглахад Адараа ах маань байдаггүй дээ. Уг нь хамтарсан тоглолт үнэхээр гоё болох байсан ч мань эр маань уушийнхаа замаар ороод алга болсон байв. –За яахав ирэхгүй бол дангаараа тоглочихъё гээд Баагий нэг их эмзэглэсэнгүй. Ард түмнийг хуурсан нь жаахан тийм л дээ. Тэглээ гээд яахав. Батсүх гавъяат дангаараа тоглолоо. Ид “хит” болж байсан үе нь болохоор хүмүүс ёстой шаваад л үзлээ.
Маргааш нь 2-р сургууль дээр тоглох тул Баатарсүх бид хоёр өглөө ирж хөгжмөө зөөн байрлуулчихаад Адараа ахыгаа хүлээлээ. Нөгөө айл руу нь ярьсан чинь урд шөнө манайд хоноогүй гэж байна. Хоёр хөгшнийг элэг бариад үгэнд нь ороогүй гэнэ. За тэгтэл нөгөө тоглолтын цаг ч боллоо. Алдарт Адараа ах минь сураггүй. Хаанаас ч хайх билээ. Арга олдсонгүй. 2-р сургуулийн хүүхдүүд үдээс өмнө тоглолт үзнэ гээд хичээл нь ороогүй бужигнаад л хүлээгээд байдаг. Хүлээж цөхрөөд 12 цаг болгоод болихоор шийдлээ. Учир явдлаа хэлээд хөгжмөө зөөн ажил дээрээ ирчихээд өрөөндөө сууж байтал өнөөх маань шал согтуу ороод ирлээ шүү. Өчигдөр бүтэн “хусаад” урд шөнөжингөө “хуссан” нь илт. Шөнийн уусан архиных нь “нагаар” аймаар үнэртэж байв. Өрөөний үүдэнд байсан сандал дээр суугаад уучлал гуйх аядаж байна. Загналаа. – Та ингэх байсан юм бол яах гэж 11 цагаас тоглоно гэж бүхэл бүтэн сургууль хамт олонд худлаа хэлэв. Таны өмнөөс тэр олон хүүхэд багачууд, багш нарын дэргэд нүүр хийх газаргүй боллоо. “Алдарт дуучин Адарсүрэн манай сургууль дээр тоглоно” гээд тэр олон хүүхдүүд аав ээжээсээ мөнгө аваад ирж байхад та яаж ингэж хуурч чаддаг юм бэ? Ганц өдөр та архиа тэвчиж болдоггүй юм уу? гээд л ширүүхэн хэдэн үг хэлтэл өнөөх маань уйлж эхлэв. Бүүр хүүхэд шиг хэнгэнүүлэн уйлав. Том хүн тэгж уйлахаар чинь ямар эвгүй юм. Бүр гайхаад загнаж байсан хүн чинь хэлэх ч үггүй боллоо… Дуугүй л баахан хараад суулаа… Сүүлдээ өрөвдлөө… Ингэх ч гэж дээ Адараа ах минь… Одоо яая гэхэв дээ. Өнөөдөр захаар гарч хувцас хунарыг нь бүрэн шинэчилж өгөөд үлдсэн хэдэн төгрөгийг нь өвөрт нь хийгээд маргааш явуулъя даа хэмээн бодлоо. Нөгөө хамаатны хоёр хөгшнийг нь дуудав. Маргааш Завхан руу унаа явна, дуудахаар ирээрэй гэж хэлээд “өгөөд” явууллаа. Харгалзах хүнгүй бол хүмүүс энд тэндээс нь чангаагаад хаашаа ч хамаагүй дагуулаад сураггүй болж мэдэх тул хүнд хариуцуулах нь чухал байлаа. Уг нь өөрийг нь аваад захаар гаръя гэж гэснээ арай ч бас жаахан хүүхэд шиг хувцас өмсүүлж үзээд дагуулж явах нь хаашаа юм гэж бодоод болив. Эндээсээ Завхан явна гэж байсан тул Завханы унаа хайлаа. Унаа ч харин зөндөө олдож байна шүү. Адарааг явуулах гэсэн юм гэхээр дуртай нь аргагүй “би авна, би авна” гэлцэн булаалдан байх тул нэг жолоочтой ян тан тохирон цагаа товлолоо.
Үдээс хойш захаар хэсэж нөгөө орлогын мөнгөнөөс нь баахан хувцас хунар авлаа. Тэр үед Хятадын голдуу л бараа байсан бөгөөд арай гайгүй чанартай гэснээс нь сонголт хийгээд өвлийн ботинк, зузаан оймс, ноосон өмд цамц, зузаан куртка, малгай бээлий турсик хүртэл авав. Хуучин хувцсыг нь хийхээр нэг томхон цүнх, бас ойр зуурын юмаа, хэдэн төгрөгөө хийг гээд бүсэлхийгээрээ зүүдэг түрийвч /фаск/ нэгийг авлаа.
Ингээд маргааш нь Завхан явах унаа бэлэн болмогц нөгөө айлаас нь дуудахад мань хүн нилээн бүрзийсэн амьтан дуу муутай орж ирлээ. Хэдэн бууз, цайтай гуанзнаас авчираад идүүлэх гэсэн олигтой идсэнгүй. Өрөөндөө нөгөө хувцас хунарыг нь өмсүүлээд, хуучин хувцасыг нь цүнхэнд чихэж өгөөд, ганц шил юм задалж дотрыг нь засав. Мань хүний зан ааш ч илт сайхан болоод ирлээ. Бид хоёрт баярласнаа илэрхийлээд байн байн үнсэж шүлсдээд л магтах үгээ олж ядан байв. Үлдсэн 100.000 орчим төгрөгийг нь тоолж түрийвчинд нь хийгээд өгөхөд асгартал уйлж билээ, хөөрхий минь.
Түүнд итгэл үзүүлэх, сэтгэл гаргах хүн нилээд ховор болсоныг тэр өөрөө мэдэрч байсан бөгөөд эмзэг сэдэв нь ч тэр байсан байх. Харин архи өгч байгаад “Алтай Хангайн уулсыг” “Жонжоотой” нь дуулуулах гэсэн хүн бол захаас аван олон байсан. Миний болон бид хоёрын хувьд Адараад тусалсан тухайдаа өөрсдөө тун сэтгэл хангалуун байв. Чадах боломж маань ердөө тэр байсан бөгөөд түүнээс илүүг хийж чадахгүй нь ойлгомжтой. Тэр үед мань хүнээс нэг юм анзаарахад нөгөө гавъяа цол авах тухай асуудлаар огтхон ч хөндөж ярихгүй байв. Хөөрхий бүр цөхрөөд “надад хаашдаа тэр гавъяатыг өгөхгүй нь тодорхой” гээд бат нот бодчихсон байх. Нэг л тийм гундуухан, амьдралын өмнө сөхөрсөн байдалтай, гунигтайхан бодолхийлж, гашуухнаар инээмсэглэж, итгэлийн гал нь мохсон шинжтэй байсансан. Машинд суулгаж өгөөд хөдлөхөд сэтгэл нь их догдолсон байх. – Адараа ах нь дуулж яваад л хорвоог барна. Одоо нутгаараа орж хэд хоноод хотруу буцна. Болж өгвөл тоглолт хийхийг бодно. Чам шиг надад ингээд тусалчих хүн байгаа болов уу даа. Дүүдээ их баярлалаа. Миний чамд дээрхэн хэлж байсан хүслийг чи бараг биелүүлчихлээ. Ах нь дүүтэйгээ халхын нутгаар тойрсон гэж тооцоё. Дүүгийнхээ ачийг мартахгүй хэмээн монхойтол инээгээд явж өгсөн дөө.
/Энэ бид хоёрын дөрөв дэх удаагийн буюу сүүлчийн учрал байсан юм/
#Жич: Ар Халхын алдарт дуучинтай их хувь ерөөлөөр танилцаж, дөрвөн удаа урт богино хугацаагаар уулзан учрахдаа дээрхи дурсамжуудыг хадгалж үлджээ. Энд би түүний уран бүтээл, урын сангийн талаар ч юм уу, дуучны хоолойн нарийн нандин онцлогийн тухай ч юм уу, эсвэл өөрийнх нь дотоод ертөнцийн нууц руу орж хамаг юмыг нь уудлая гэж огтхон ч бодсонгүй. Зөвхөн уулзалтынхаа талаарх энгийн зүйлийг л хүүрнэв. Хамгийн сүүлд 1996 онд тэгж уулзахдаа өөрийнхөө зохиосон “Тэнэгэр говьдоо тэмээтэйгээ жаргалтай” хэмээх шүлгээ надад өгч дуу болгохыг хүссэн тухай би хэлэхээ таг мартжээ. “Тэмээн дээрээс наран ойрхон”-оо дуулж тэнэгэр говиор жонжуулж явахдаа бичсэн гэх тэр шүлэгт өөрийнх нь хүссэнээр аялгуу хийсэн бөгөөд одоогоор би хэн нэгэнд өгч дуулуулаагүй байгаа. Уг нь өөрөө дуулах байсан ч бид хоёрт энэхэн замбуулингийн бөөрөн дээр эргэн уулзах хувь тохиосонгуй нь харамсалтай. Дууны сэдэв нь Монгол нутаг, Монгол говь, Монгол тэмээ Монгол хүний тухай энгийн бөгөөд мөнхийн сэдэв тул хэзээ ч хэн ч дуулж болох юм гэж боддог. Удахгүй дуулуулна аа.
Адараа гэх энэ дуучны дуулсан дуу болгон ард түмний зүрх сэтгэлд тарни мэт үлдсэн нь сонин бөгөөд түүнийг дуурайсан олон дуучид энд тэнд дуулах нь сонсогдсон ч аль аль нь үнэндээ эн зэрэгт нь хүрсэнгүй. Тэр үнэхээр давтагдашгүй гайхалтай дуучин байжээ.
Дурсамжийг тэрлэсэн МХЗХ-ны шагналт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Баатарын Цэрэндондов
()
Discussion about this post