Шог зохиолч хулгай хийхээр гарлаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

ДОРЖГОТОВ Манай эрх баригчдын цавчаа хаяагаа хадардаг малын хулгай шигээ балар эртнийхээрээ тул хэн ч бичихэд түвэггүй-ил. Тиймээс ухаан шаардах гүн утгатай, уйлам гунигтай чёрный юмор тэрлэхээс улаан галзуу хараах нь шулуун. Мянга шахам автобусанд төсөвлөсөн татвар төлөгчдийн мөнгөнөөс хусах замдаа МАН-ынхан балиартав.


(Оршил. Сүүлийн хэд хоног нийтийн зэвүүцлийг бадрааж, хэрүүл тэмцэл дэврээсэн хулгайг тэсэлгүй ноороглотол-хуучин бичвэрээ яг давтчхав. Өөрөөр бичих гэж оролдоод оролдоод шинээр сэтгэж чадсангүй. Зөнөг толгой хоцрогдоод тэр үү, эсвэл Монголд юу ч өөрчлөгдөөгүйгээс тэр үү. Яагаад шинээр бичих гэхээр хуучин нийтлэл давтагдаад байна аа гэтэл өмнө нь олон удаа миний бичсэн бүхний танил хулгай луйврууд огт засраагүй хэв хэвээрээ даварч яваад хамаг учир байжээ).

Энэ хуучин гарчгаа солих гээд бас чадсангүй. Утгын ялгаа гарахгүй бол солихын тулд солилтой нь ч биш. “Шог зохиолч УИХ-ын гишүүн болохоор гарлаа” гээд ч хулгайч гишүүн хоёрт чанарын ялгаа байхгүй болсон юм чинь гарчгаа өөрчлөх илүүц. Таарах гарчиг олоогүйгээс хойш хуучнаар нь үлдээв.

Хүн яагаад хулгай хийдэггүйв? Шоронд орохоос айгаад. Шоронгүй болчвол бид хулгайлахаас буцахгүй. Томчуудын хулгай баригдлаа ч шоронд ордоггүйг бүгд харж байна. УИХ-ын сэнтийд залрах өрсөлдөөнд баячуудаас эхлээд ядуус хүртэл хуйлардаг. Арга ч үгүй. Тэр сэнтийд авилга хулгай эрсдэлгүй. Хариуцлага хүлээх, ял эдлэх, эргүүлэн татагдах-өөрсдийнх нь зохиосон хуулиар гишүүдэд үйлчлэхгүй. Нэг үгээр халдашгүй байдлын дархан цаазтай сэнтий. Ийм ид шидтэй сэнтийн төлөө уралцахад ичих багадна. Амь эрсдэхгүй бол дээдийн заяа. УИХ-ын гишүүнийг-үйлдсэн гэмт хэргээр нь ялалбал шүүгч халагдана. Шүүгчийг гишүүдийн лоббигоор томилдог. Томилсон юм чинь халах эрх далдуур эдлэх ёстой-бичигдээгүй хууль хүчтэй. (Урьд бичсэн санаагаа давтаад эхлэхийг анзаарав уу?).

Хойт насандаа бурхан болох гэж залбирч буй мухар сүсэгтэн, УИХ-д сонгогдох гэж өрсөлдөж яваа нэр дэвшигч хоёр харахад ижил. Гэвч бурхан болж төрөх магадлал хоосон чанарт тулаад юу болсон нь хэзээ ч мэдэгдэхгүй замхардаг бол гишүүн болсон эсэх санал хураалт дуусмагц шөнөөр зарлагдана. Бурхан болох уу, гишүүн болох уу гэвэл би л лав “бурхан болох эргэлзээтэй” гээд “гишүүн болъё” гэнэ. Шамбалд мэндлэхээс УИХ-д сонгогдох энэ насанд нүдэнд ил агаад баяжих ирээдүй бодиттой. Монголчууд сонгуулийг татвар төлөгчдөөс цугларсан мөнгөнөөс хулгайлах өнцгөөс хардаг. Хамгийн гол нь бурхан хулгайлах луйвардах эрхгүй, гишүүний хажууд жижиг гар. Буян бус нүгэл үйлдэж байж гишүүн болдог нь жаахан тийм. Гэвч коммунист зуунд буян нүгэлээ дэнслэх биширлээ ор тас орхисон монголчууд бурхныг нулимаад гишүүний төлөө алалцахад ленинист зүрх нь эрэлхэг. Бүгд гишүүн болохоор нэр нүүргүй хуйлраад байдаг. Сонгуульд өрсөлдөнө гэж арай л нохой хуцдаггүй. Хуцдаг ч байж магадгүй. Нохойн хэл мэдэх биш.

“Хошин авъяас гэх хийрхлээ хулгайч авъяасанд шилжүүлье” гэх том санаа шог зохиолчдод төрөв. Авъяасаараа уралдаж амьдрахгүй бол тэдэнд үхэл юм байх. Том “гар”-уудын хулгай баригдсан ч тэрбум ихнаядын авилга, цавчаагаа өөртөө бат нааснаар өндөр албанаасаа огцорч амар сайхандаа жаргадаг ов мэхийг шогч мэдрэмжээрээ илчилж амьтны адаг адсаганы шороо болгох гэнэ. Улныхан атлаа хэмжээгээ мэдэхгүй онгирсон зохиолчдыг шоолбол шоол. Бусдыг шоолсноор өөрт юу ч наалдалгүй ядуурч хоцорлоо. Харин өөрсдөө сайн шоолуулбал ухаан сууж юу магад.

Улс болгонд шог зохиолч гэх гажиг этгээдүүд түүхэнд тасраагүй бөгөөд тэд ихэс дээдэст ад үзэгдэж амь зуудаг. Монголд ч тийм байна. Шог зохиолч бол нийгмийн бохирын слесарь. Даажинтай хувь заяандаа гомдох илүү зан. Шоочид аль ч нийгэмд борвиороо бор навтас шаантаараа шар навтас цувуулсан борчууд явсан. Үлгэр домогт ч тэгж гардаг. Хорвоод тийм шоовдор хүмүүс төрөх ёстой агаад тэдний нэг-би. Хувь тавилангаар шог зохиолчид азгүй амьтад. Монгол хэдхэн шог зохиолчтой бөгөөд тэр хэд нь ямар ч орлогогүй нүдний булай. Нохойг сайн сойгоод үнэгэнд тавьдаг. Шог зохиолчдыг өлсгөж байгаад олигариудын хонгийг сэт татуулах бодлого яваад байна уу? Үгүй юм аа. Өдгөө нийт хүний 20 хувь өлбөрч буй. Үрэлтээс дулаан ялгардаг атал ядуусын үрэлдээнээс хөрөлт үүсэв. Хог ухаж хуванцар түүгч хэт олширч, тэд шог зохиолчдыг хажиглан эгнээнээсээ хөөв. Сөрвөл зодох янзтай. Нанчилдахаас хошигнох өөр дүрэмтэй учир бид ялагдав.

Манай эрх баригчдын цавчаа хаяагаа хадардаг малын хулгай шигээ балар эртнийхээрээ тул хэн ч бичихэд түвэггүй-ил. Тиймээс ухаан шаардах гүн утгатай, уйлам гунигтай чёрный юмор тэрлэхээс улаан галзуу хараах нь шулуун. Мянга шахам автобусанд төсөвлөсөн татвар төлөгчдийн мөнгөнөөс хусах замдаа МАН-ынхан балиартав. Тэд бултдаг ганц муу зальтай. Тэр нь дүнхүү ард түмнээ элэг барьж хулгайгаа улсын нууцад ичих ч үгүй оруулна. Ардчиллагдаж буй иргэдийн сэрдлэг дүрэлзвэл айлган сүрдүүлэх коммунист нөөлгөөрөө “үндэсний аюулгүй байдалд занал учрууллаа” гээд гудийх ч үгүй баривчлана.

Монгол дундад зуунаараа алцганана. Эрх баригчдын авилга хулгайг мэдэхгүй хүн ч алга, ярихгүй хүн ч алга. Хулгайчаараа мөн ч их дуудуулах юм. Гайхалтай нь ичиж байгаа, царай нь улайж байгаа гишүүн сайд нэгийг ч шог зохиолч сүүлийн жилүүдэд олж харсангүй. Цагаандаа гараад манай томчуудын хулгай шилийн сайн эр шигээ гангараа болжээ. Энэ гангарааны төлөө хулгайч намууд, цүнх баригчид уралдаж буй. Сонинууд “хулгайчид аа” л гэнэ. Телевизүүд “луйварчид аа” л гэнэ. Талбай дүүрэн “авилгачид аа” гэх цуглаан. Ичнэ цочно гэдэг өнгөрчээ. Ждү, ХБ, БЗС, нүүрсний хулгайчид шил шилээ даран бөөнөөр баригдаж шившгээ хутгасан ч тэдний араас хагас коксжсон түлш, газрын наймаа гээд сул олзонд шүлэнгэтсэн сайд гишүүдийн цуваа хөвөрчээ. Тэдэнд хашрах шинж алга.

Жагсаад ч өлсөөд ч тоох хүнгүй болов. Мулгуу тархиар монголчилсон “ардчилал” гэгч жонхуу эх орноо хошин шог зохиолын уншигчгүй улс болгосноор бидний зах зээл сөнөчлөө. Шогчид яагаад уншигчгүй болсон бэ гэвэл нийгмийг ичдэггүй болгоод хаячхаж нөгөө монголжсон эрх чөлөө чинь. Төрийн гурван өндөрлөг хүртэл хулгайгаа үндэсний аюулгүй байдлын нууц гэж тунхагладаг болсноор Монгол улс тэмцэгчгүй, шог зохиол уншигчгүй болов. Монголчууд ичих мэдрэмжээ алджээ. Зөрчилдөө идэгдсэн нийгэм дөжрөөд эмзэглэхээ больсонд авилга зоргоороо даамжрав. Муу муухайг шоолно гэдэг вакцин байж. Ичдэггүй нийгэм хуйгаараа вирустэж, хошин жанр мөхөж, авъяас бөхөв. Ажил хийх ясны дургүй амаа ангайсан шүдтэй тулмууд халамж нэхэж жагсдагийг иргэний хөдөлгөөн гэлтэй ч биш. Гитлерийн хас сахиусаар сүрдүүлж булаалт хийдэг хон Хэрээдэй, Бээжин гэх мэт харанхуй мангар дээрэмчдийг эх орончид гэж мандуулалтай ч биш.

Сул талтайгаа хэрхэвч эвлэрдэггүй улсад шог зохиол оюуны эрэлттэй амин дэм байдаг. Нуугдмал тээг саад илчилдэг зохиолчдынхоо угаадсыг жаахан өтгөсгөөд, уяаг ялимгүй уртасгаад хуцах чимээг өндөр хөгжилтэй гүрэн анирддаг. Тийм нугаршгүй зарчим-доголдлоо үтэр түргэн арилгах хүслийнх. Бузар булайг жигших ёс хаана жанжилж байна тэнд хошин зохиол цэцэглэдэг жамтай. Иргэд хараал уншаад хошин зохиолыг нулимах болж. Ичих жигших мэдрэмжгүй орон яг л үхдэл шиг хүйтэн агаад аймшигтай. Ардчиллыг зоргоороо туйлах диваажин гэж мангарласан 30 жилд хошигнох торгон авъяас үнэгүйдэж, сэжиг хүрэм бүдүүлэг хараал брэнд болов. Ой гутам зүхэж, ор тас гүжирдэгсэд од болжээ. Гэвч ингэж зоригжсон шүүмжлэл ашиг тусаар нойлтов. Гүтгэлгийг мөшгөж, үнэнийг тогтоохоо болиод, урсгалд нь хаяв-нөгөө монголжсон ардчилал чинь. Шүүмжилсэн шүүмжлүүлсэн хоёр хэвлэлийн хурал дор бүрнээ хийснээр нэг бол хоёул буруутай, нөгөө бол хоёул буруугүй гээд замхарна. (Өвгөн-би өмнө хэлснээ давтахаас хэтрэхгүй үглээ зөнөг болох жам агаад хоргүй, харин ямагт ялдаг хулгайчдын шийрийг хатаагч-үр сад нь тасрахгүй ноёлбол Монголын минь ирээдүй хэцүүдэх вий дээ хүүхдүүд минь).

Шог зохиолч гэрээсээ гарлаа. Гарч яах нь вэ гэх гээд байна уу? Шог зохиолч хулгай хийхээр одлоо. Уншигч та шог зохиолч нарынхаа хулгайд амжилт хүсэж залбираач. Уг нь бид олигархиудын юмыг л хусмаар байна. Даанч баригдвал олигархиас томилолт авдаг шүүгчид олон сая цалингаасаа хагацахаас айгаад муусайн шогчдыг алж өгнө гэж бодохоос-хулгайд хурцалсан урт урт хумстай хуруунууд минь чичрээд горьгүй. Нэг ч хошин шог зохиолчийн хулгай баригдлаа гэж өдий хүртэл сошиалоор шуугаагүйг бодоход тэд хулгайгаа зүрхэлж эхлээгүй л яваа болтой.

Эцэст нь хэлэхэд огт хулгай хийдэггүй бурхдаа бид гөрдөж бузарлаад буй юм биш биз гэтэл “бүгд хулгайч байж миний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгуулах гэлээ” гэх сэжигтнээр татагдсан эрхэм гишүүний мэдэгдэл нэгийг хэлнэм бус уу. (2015-2023)

()

Next Post

Discussion about this post