ХҮН намаас “Нийслэлд автобус худалдан авалт”-ын асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын гишүүн, инженер н.Отгонбаяр: “Ногоон автобус шинэ юм уу? хуучин юм уу? гэдэг дээр өчигдөр газар дээр нь очиж үзсэн нөхцөл байдлыг тайлбарлахад арлын дугаараар нь шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн байна гэдэг мэдээллүүд гарч ирсэн.
Мөн маш олон газраа зэвтэй, зарим хэсгийн эрэг боолт дутуу байсан. Будаг хийхдээ хэрэглэсэн цаасан скоч нь хүртэл байсан. Эндээс дүгнэхэд эдгээр автобуснуудыг үйлдвэрлэлийн аргаар бус гар аргаар угсарсан байна гэдэг зүйл харагдсан.
Машин техник үйлдвэрлэхэд зураг төсөл гаргаад, будаг хийсний дараа эд ангиудаа суурьлуулдаг. Харамсалтай нь энэ автобусан дээр бүх эд ангиа суурьлуусныхаа дараа нэмж будаг хийсэн. Будаг хийхдээ маш бохир хийсэн. Шулуухан хэлэхэд миний машиныг ямар нэгэн засварын газар ингэж янзлах юм бол би хүлээж авахгүй. Мөн дээрээс нь гүйцэтгэл дээр эд ангиуд нь хоорондоо таараагүй, ар талын гэрлийг таараагүйн улмаас нэмж төмөр барьж боосон байгаа нь эдгээр автобусыг гар аргаар угсарсан нь харагдаж байгаа юм.” гэв.
Нийслэлийн ХҮН намын дарга П.Наранбаяр: “Элдэв худалдан авалтаа нууцлаад байгаа асуудлуудыг цааш нь ухах ёстой. Нууцлахгүй байж болох худалдан авалтуудыг яагаад нууцлаад байгаа юм бэ?
Татварын хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авалт хийх тусгай хуультай шүү дээ. Энэ хуульд хамааруулахгүйгээр худалдан авалт хийгээд байгаа нь цаана нь том хулгай явж байгаа гэсэн үг. Бүх төрлийн нууцуудыг задлах ёстой. Үндэсний аюулгүй байдалд хамаарах зэвсэг, танк гэдгээс бусад худалдан авалт нууц байх ёсгүй. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө ажиллах ёстой. Сөрөг хүчний гол үүрэг энд оршиж байгаа шүү дээ.
Төрийн болон албаны нууцын тухай хууль гэж байдаг. Үндэсний аюулгүй байдалд хамаатай, тусгай хэрэгцээний байгууламж, тоног төхөөрөмж зэргийг нууцад хамааруулж худалдан авалт хийж болно гэдэг заалт тендерийн тухай хуульд бий. Энэ заалтад автобус яаж ч бодоод хамаарахгүй. Боломжгүй. Мөн тагнуулын байгууллагаас Засгийн газрын тогтоолоор нууцад хамаарах жагсаалт гаргадаг. Энэ зарчмаар явсан худалдан авалт гэхээр хуучин Зам тээврийн яам гэж байх үед Засгийн газрын тогтоолоор нууцад оруулсан өнөөх алдартай төмөр зам барьсан асуудал орсон байдаг. Ингэж оруулж ирж идэцгээдэг. Яг энэ аргыг хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл Х.Баттулгын хэрэглэсэн арга өнөөдөр Д.Сумъяабазар дээр илэрч гарч байна. Бид сонголтоо л зөв хийхгүй бол хулгай хийдэг арга нь хэвээрээ байна. Х.Баттулга нь л өөрчлөгдөнө үү гэхээс бусад нь өөрчлөгдөггүй юм байна.” гэлээ.
()
Discussion about this post