Нийслэлийн Захирагчийн Ажлын Албанаас Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллуудын зэвтэй усны асуудлаар мэдээлэл өгч, уг шугам сүлжээг хүлээн авсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шалгуулахыг мэдэгдлээ.
Энэ талаар Хотын ерөнхий менежер М.Баяраа “Стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах хоолой, орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг солих шаардлагатай байгаа. Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа 25,000 гаруй хүн амьдардаг Арцат, Ханбогд, Богд Вилла, Хангарьд 1, 2, Хүннү Вилла, Нью Гарден, VIP residence зэрэг 20 орчим хорооллын халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн 400 гаруй гомдол ирсэн.
Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүд, төлөөлөгчдөөр дамжуулан тасралтгүй гомдол ирж байгаа.
Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, тодорхой үр дүнд хүрлээ. Ажлын хэсэг зэвтэй ус гарч буй шалтгааныг тодруулах арга хэмжээг авсан. Насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар шугамууд, ус хэмжүүрийн зангилаа, айл өрхийн сантехникийн хэрэгслээс УСУГ хими бактериологийн дээжийг авч шинжлүүлсэн. НМХГ-ын, шинжлэх ухааны академи, хими технологийн хүрээлэнгийн лабораторид, УБДС компанийн лабораториудад ус болон ус дамжуулах хоолойн дээжийг шинжлүүлсэн.
Шинжилгээний дүнгээр усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй хариу гарсан. Орон сууцны хорооллын ус дамжуулах хоолойд үүссэн зэвээс дээж авч шинжлүүлэхэд Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж ус зэвтэй гарч байгаа нь усыг дамжуулж байгаа шугам хоолойгоос хамааралтай гэсэн дүгнэлт гарсан.
Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг.
“Пума констракшн” ХХК, “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөрөнгөөр барьсан 200 мм-ийн голчтой, 2 км шугам, “Шинэ өргөө” хорооллын гаднах 200 мм-ийн голчтой ган шугам болон орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна. Усны зэвийг арилгахаар шугам хоолойг угаасан боловч түр зуурын шинжтэй арга хэмжээ болсон.
Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчсөн явдал гэж үзэж байна. Стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээний угсралт хийсэн компаниудыг удаа дараа уулзаж, үүнийг сайжруулах гаргалгааг ярилцъя гэж урьсан боловч ирээгүй. Ийм учраас дараагийн арга хэмжээг авна. Шугам угсралтыг хийлгэхээр захиалсан гурав, ус дамжуулах хоолойг угсарсан хоёр компани, нийслэлээс эдгээр ажлыг хүлээж авсан эрх бүхий 10 албан тушаалтныг дараагийн шатны байгууллагад шилжүүлнэ.
Ус дамжуулах шугамыг угсарсан барилгын материал нь чанарын шаардлага хангаагүй тул солиулна” гэлээ.
Мөн тэрээр үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын дулаан, цэвэр, бохирын шугамын 60-70 гаруй хувь насжилт нь дууссан. Эдгээр шугамын насжилт стандартын дагуу 15 жил байдаг. Өвөл Хүннү хороолол, Жапан тауны орчимд дулааны шугам дөрвөн удаа буудсан. Нэг газар нөхөхөөр усны даралтаа дийлэхгүй ойрхон зайд шугам дахин буудах гэмтэл гарсан. Энэ нь дулааны шугамын насжилт дууссантай холбоотой. Үүнээс болж зам сэтлэх, ногоон байгууламжийг эвдэх болдог.
Энэ зун хийх томоохон бүтээн байгуулалтуудыг сонгон шалгаруулалт зарлаж байж явуулна. Улаанбаатар хотын орон сууцны хороолол тэлэх тусам дулааны шугамын голч диаметр томрох ёстой. Дулааны шугам засварын ажил хийх үеэр иргэдэд мэдээлэл өгч байна. Дулааны шугам солих ажлын талбарт авто зам өртөж байгаа. Тиймээс хонгилын систем нэвтрүүлнэ. Мөн засвартай холбогдуулан ногоон байгууламжийг шилжүүлэх ажил энэ долоо хоногоос эхэлнэ.
Эрчим хүчний яамны урд баруун талын ил шугамыг солино. Дулааны шугамын засвар шинэчлэлийн ажлыг зуны цагт хэсэгчилсэн байдлаар яаралтай хийж гүйцэтгэнэ” гэв.
()
Discussion about this post