Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг. Сайн хүн өвөөгийн нэр ч улс төрд хэрэг болдог бололтой. Ард түмний дунд Алаг морьтой Дандар баатар гэж нэршсэн эрхмийн ач охин гэж Б.Сүндэрьяа гэх бүсгүй МАН-ын байранд хэдэн дарга нарын дунд “танц” эргэсэн. Халхын галын ойгоор Дандар баатрын ач охин гэгдэн Дорнодод оччихсон, цэргийн дарга нарыг өмнөө бөнжигнүүлж, санаанд нь нийцэхгүй зүйл гарвал “Дээшээ ярина” гээд утсаа шүүрч ихэд сандаргасан гэдэг. Харин энэ 2020 оны зун, намар “балетчин” Сүнээ барцадтай байж, “хуурамч Дамбийжаа” гэдэг шиг Дандар баатрын ач охин биш адлагдах болсон. Харин оронд нь Ганбаатарын Гангамөрөн гэж жинхэнэ ач охин нь гарч ирлээ. Гангамөрөн Дандар баатарын өргөмөл хүү Ганбаатарын охин.
Дандар баатрын ач охид МАН-д мандах тавилантай ажээ. НИТХ-д нэр дэвшин Баянгол дүүргээс сонгогдсон. Одоо НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирлаар томилогджээ.
НИТХ-ын сонгуулийн үеэр Г.Гангамөрөн өөрийгөө сонгуулийн санал тоолох хар машин хакердаж чадна гэсэн этгээдүүдтэй уулзаж, санал солилцсон бичлэг ил болсон билээ. Хар машин хакердаж чадна гэсэн залууст хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Гэвч сонгуулийн санал тоолох машиныг хакердуулах захиалга өгөхөөр сонирхож байсан нь баримтаар нотлогдсон Г.Гангамөрөн тэргүүтэй үсгүйчүүд ямар ч хариуцлага хүлээлээгүйгээр үл барам албан тушаалд хүрлээ. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан бичлэг нь дэлхий даяар цацагдсан Г.Гангамөрөнд хариуцлага хүлээлгэлгүй хаацайлж, харин ч албан тушаал дэвшүүлэн эрхт зүйт ёс, иргэдийг тохуурхаж буй явдлын цаана хэн гэдэг эрх мэдэлтэн байна вэ?
Discussion about this post