Хан-Уул дүүргийн прокурорын газраас 51 иргэний нүцгэн зураг, бичлэгийг олон нийтэд тараана гэж сүрдүүлэн мөнгө шилжүүлэхийг шаардан заналхийлсэн Х-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, Х нь фэйсбүүкийн чатаар нэр бүхий 51 иргэнтэй харилцан, хагас нүцгэн байдлаар дүрстэй дуудлага хийн хуулбарлан авсан. Улмаар мөнгө өгөхгүй бол ар гэрийнхэнд чинь үзүүлнэ, бусад хүмүүст тараана гэж айлган сүрдүүлж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгожээ.
Энэ байдлаар дээрх иргэдэд нийт 36 сая төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэн байна. Эл хэрэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тус шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эх сурвалж: УЕПГ
()
Discussion about this post