Монгол Улсын шүүх, хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг БНХАУ-ын иргэд хахуульдах замаар манай улсын баялгийг хэрхэн эзэмшихээр санаархаж байсан гашуун түүхийг эргэн сануулахаар АТГ-аас баримтад тулгуурласан “Алдагдах шахсан Монголын баялаг” нэвтрүүлгийг бэлтгэжээ.
Нэвтрүүлгээс товч дурдвал, Хятадын хоёр иргэн Салхитын мөнгөний орд газрыг булаацалдаж, тухайн ордын лицензийг эзэмшиж байсан компанийн хувьцааг дангаар буюу 100% эзэмших гэсэн шуналаас энэхүү авлигын гэмт хэргийн зангилаа эхлэлтэй байна.
2016 онд Хятад улсын иргэн Янь болон Ван нар их хэмжээний мөнгөний нөөц тогтоогдсон Салхитын мөнгөний ордыг булаацалдан их хэмжээний хахуулийн мөнгийг Монгол Улсын шүүгч нарт өгч байгаа тухай мэдээллийг тус байгууллагын мөрдөгчид авч, хууль бус үйлдлийг баримтжуулан мөрдсөөр илрүүлсэн түүхтэй аж.
Янь гэгч нь уг маргааныг өөрт ашигтай байдлаар шийдүүлэхээр өөрийн төлөөний хүмүүсээрээ дамжуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргуулсан бол Ван нь Монгол Улсын иргэн М, Ж, Г нартай үгсэн тохиролцож, уг орд газрын эзэмшлийг бүхэлд нь өөрийн талд авахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан байна. Үүний цаана өндөр зохион байгуулагдсан баг нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байсан нь мөрдөн шалгах нууц ажиллагаагаар илэрчээ.
Мөрдөн шалгах нууц ажиллагаагаар Монгол Улсын иргэн М, Ж, Г нар нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц гэгчтэй үеэлүүд, мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Х нартай хамаарал бүхий найзууд байсан учир шүүхээс ашигтай шийдвэр гаргуулна гэж тооцоолсон байсныг АТГ-ын комиссар тайлбарлаж байна.
Үргэлжлэлийг “Алдагдах шахсан Монголын баялаг” нэвтрүүлгээс хүлээн авч үзнэ үү.
Сануулахад, Дундговь аймгийн Гурвансайхан суманд байдаг Салхитын мөнгөний ордод 2018 онд хууль, хяналтын байгууллагынхан тусгай ажиллагаа явуулж, улсын мэдэлд авсан юм.
Хэрэгт холбогдсон шүүгч нарт ял оноож, авлигын хэрэгт хураагдсан $1.4 саяыг улсын орлого болгосон билээ.
Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгууллаа.
Тус аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа. Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж жилийн турш маргаантай яваа юм байна.
Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонноор батлагдсан нөөцтэй тус орд алт, газрын ховор металлтай, 1983 онд улсын төсвөөр хайгуул хийсэн орд юм. Тус ордод эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тонн хүдэр экспортод гарах гэж байхад нь зогсоосон. Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая ам.долларын хүдэр байгаа юм. Хоёр зуу орчим метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухжээ. Орон нутгийн хууль хяналтынхан шаардлага тавихаар очиход хамгаалалт нь нэвтрүүлдэггүй, шаардлага тавих хяналт сул байжээ.
Татвараа нуун дарагдуулсан баримт: Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг “Жи Пи Эф” ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн байж. Түүнчлэн эрх борлуулахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй байна. “Жи Пи Эф” ХХК-ийн 2010 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын Удирдлага аргазүйн газраас 2015 оны долдугаар сарын 07-ны өдрөөс есдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт хийсэн байна. Шалгалтаар Гаалийн лабораторийн агууламжийн нарийвчилсан тооцооллоос үүссэн 2014 онд мөнгөний хүдэр борлуулсны орлого 13.199.472.644.50 төгрөгөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заатыг зөрчсөн байна.
Дээрх заалтыг үндэслэн Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэснийг зөрчсөн гэж 659.973.632.22 төгрөгийг нөхөн татвар 197.992.089.67 төгрөгийг торгууль, 71.702.695.33 төгрөгийн алданги нийт 930.668.417.21 төгрөгийн акт тавьж Дундговь аймгийн татварын хэлтсийн дансанд 15 хоногийн дотор шилжүүлэхийг “Жи Пи Эф” ХХК-ийн захирал Жин Жиан Минд даалгасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл (Тусгай зөвшөөрлийг цуцлах) 56.1.10 дахь хэсэгт “тусгай” зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна. Гэтэл Ш.Мөнгөншагай, Ж.Жаргалан нар нь 2012 оны долдугаар сарын 27-ны өдөр “Жи Пи Эф” ХХК-ийг “Си Си Эм экс” ХХК-нд 800 мянган доллараар худалдсан үйлдэлд Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7 дахь хэсэгт зааснаар эрх борлуулсны орлого болох үнийн дүнгийн 30 хувь буюу 240 мянган долларыг татварт төлөөгүй гэх мэт олон зөрчлүүлд байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
()
Discussion about this post