НЭГ
“Дүү минь байсан бол…” гэх бодол хамар шархируулж хацар норгоно. Мөөеө аврагын дунд охинтой ханилан үр хүүхэдтэй болж явсан төрсөн дүү минь эдүгээ алга. Тэр үед дүү маань Хакухотой хэр дотно байсныг монголд зохиогдсон сумогийн тойргийн барилдааны үеэр би гойд мэдэрсэн юм. Улсын циркт болсон тэр тэмцээний хамгийн хүндэт суудал буюу дэвжээний баруун урд талын эхний эгнээнд намайг тухлан суулгасан юм. Би анх удаа сумог нүүр тулсан ийм ойроос үзэж буй нь тэр. Энэ бол Хакухо, Жаргалсайхан дүү хоёрын маань л шийдэл байсан нь тодорхой. Хэрвээ дүү маань мэнд сэрүүн байсансан бол би өнөөдөр Улаанбаатарт лайв үзээд цухалдуухан суух биш Токио хотноо Кокүгикан ордны бөхийн дэвжээний эхний эгнээнд догдлон донхойж байх байсан биз. Амьдрал гэгч сумогийн дэвжээ шиг наран дугуй, амь бие гэгч тусаад л өнгөрөх түүний цацраг мэт хоосон чанарын оршихуй мэт ажээ.
ХОЁР
Японы мэргэжлийн сумогийн Их аварга Хакухогийн зодог тайлах ёслол Токио хотноо өнөөдөр болж байна. Сумочдын зодог тайлах ёслолыг телевизээр хэд хэд үзэж байсан боловч өнөөдрийнх тэс өөр санагдана. Хакухо Даваажаргал маань хаан мэт ханхайж халхын дэвжээн дээр дэвж буй юм шиг үзэгдэнэ. Нэг л өөриймсөг. Ноёрхож, эзэгнэж, аархаж байсан дэвжээндээ сүүлчийн удаа зодоглохоор ирж явна. Хар даа, өмнө нь домогт аварга Асашёорюү Дагвадоржийн удмын бөх сэкивакэ Хошёорюү С.Бямбасүрэн, ард нь сүүлийн тэмцээний түрүү бөх озеки Такакейшо дагалдан явж байна. Энэ дараалал, сонголт нэгийг өгүүлж хоёрыг илэрхийлнэ. Дараа нь дэвжээн дээр сүүлчийн ёслолын барилдаанаа хийв. Тэр нь бас л домог. Ирээдүй цагийн гурван хөвүүнтэй барилдаж байна. Тэр нь дархан аварга Өсөхбаярын хүү Дэмиджамц, төрсөн эгчийн хүү Батжаргалын Мөнх-Идэр, бас өөрийн нь хүү Махато нар байв. Өөрийнхөө хүүхэдтэйгээ хамгийн сүүлд барилдаж хүүгээ дэвжээнд үлдээгээд бууж байна. Энэ бол зүгээр нэг үзүүлбэр бус ирээдүй цагийн зөн совин, итгэл үнэмшил, ер ирээдүй цагтайгаа хүүрнэж буй түүний хүсэл мөрөөдөл нь юм.
ГУРАВ
Даваажаргалыг анх харсан тэр нэгэн үйл явдал бодол өшигчин үе үе санагдана. 1998 онд Төв аймгийн Дэлгэрхаан суманд Монгол Улсын арслан Пэлжээгийн Бат-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хөшөөний нээлт болоход дархан аварга Ж.Мөнхбат хүү Даваажаргалын хамт бид нэг гал болон явж байлаа. Тэгэхэд л анх аяны дөрөө харшуулж явсан хэрэг. Арван гурван настай, хэвлүүн яриатай, горзгор туранхай хүү миний хүү Батхишигтэй зам зуур барилдаж зугаацаж явсныг би тод санаж байна. Харин тэр үед Мөөеө аваргатай худ ураг болох, хүү нь сумогийн их аварга болох, хожим зодог тайлах ёслол болох энэ тэрийн явдал зүүдэнд ч орж байсангүй. Зүүд хүртэл зөрдөг юм билээ. Бид олон сэжмээр ийнхүү холбогдож, холдож ойртож, хорвоогийн жамыг сөрж, сөхөрч басхүү жаргаж, хайрлаж, хамаархаж явлаа. Мөөеө аварга нэг уулзахаараа яриагаар аргамжиж, Тамир эгч эх хүн, эмч хүний ер бусын энэрэнгүй сэтгэлээр бүйвээлж байдагсан. Хүний амьдрал оньсого шиг тусмаа сонирхолтой, оньч мэргэн тусмаа жаргалтай байдаг юм уу даа.
ДӨРӨВ
Сумогийн дэвжээн дээр Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аварга Монгол Улсын Ерөнхий сайдын цомыг үүрд хадгалуулахаар ёкозүна Хакуход гардуулж байна. Монгол, Японы ард түмний бахархал болсон хоёр эрхэм, үндэсний бөхийн хамгийн олон түрүү хүртсэн хоёр оргил зэрэгцэн зогсч байна. Ёкозүна Хакухогийн үсэнд багшийн нь дараа хоёр дахь хүн нь болж Б.Бат-Эрдэнэ аварга гар хүрч байгаа нь хүртэл их хүндэтгэл мөн байлаа.
Токио хотын Рёоүокү Кокүгикан ордон үзэгчээр бялхаж байна. Монголчууд дийлэнх мэт санагдахаар олон нүрэглэнэ. Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, манлай уяач Д.Даваахүү, улсын заан Д.Бумбаяр тэргүүтэй бөхчүүд, Н.Жанцанноров тэргүүтэй урлагийнхан, Н.Энхбаяр, М.Энхболд тэргүүтэй улс төрчид, Говийн ноён хутагт Данзанлувсантүдэв тэргүүтэй шашныхан, Н.Баянмөнх тэргүүтэй телевизийнхэн, бөх сонирхогчид, ахан дүүс нь арвин ихээр очсон байна. Тасалбар нь VIP 5 сая иен, дээд зэрэглэлийнх нь чамгүй үнэтэй, энгийнх нь 680000 төгрөг орчим байхад 8 мянган суудалтай ордонд үзэгчид дүүрэн байгаа нь бас нэг цар хүрээг илэрхийлнэ. Үнэндээ тэр нь тасалбарын үнэнд бус бахархал, хүндэтгэл, бишрэлийн бэлгэшээлд оршин байв даа.
ТАВ
2000 онд Даваажаргал анх удаа япон явсан санагдана. Тэгэхэд нэг сонин үйл явдал болсныг харсан ганц гэрч нь би юм. Яагаад ч юм Мөнхбат аварга, Даваажаргал бид гурав Буянт-Ухаагийн нисэх буудлын хил гааль руу нэвтрэхийн өмнөх дамжих өрөөнд үлдэв. Аварга өөрийнхөө пиджакийг тайлж хүүдээ өмсүүлээд гааль руу оруулчихав. Одоо бодохнээ халхын их аваргын дом байсан юм билээ. Эцэг хүний үрээ хайрлах сэтгэл, аян замын ерөөл, алсын зам мөрийг тэгшилж буй итгэл нэг л агшинд ийнхүү амилдаг юм билээ.
Арван таван настай Даваажаргал тэгэхэд 62 кг жинтэй, 175 см өндөр жаал хүү байсан бол сумод 158 кг жинтэй 192 см өндөр болон өсчээ. Ер бусын хувь заяат эр хүн гэдэг энэ мэт ер бусын байдаг аж. Даваажаргалыг Кёкүшюзан Батбаярын саналаар авсан сумогийн багш нь үсчин болгодог юм билүү гэж бодож байсан гэдэг. Гэтэл тэр турьхан хүү унтаад л сэрэхдээ жин нь төдийгүй өндөр нь нэмэгдээд байх юм гэнэ. Тэр ингэж л анхаарал татаж эхэлсэн байна. Халхын их аваргын 44 насанд заяасан айлын отгон хүүгийн хувь заяа их далайн давалгаа мэт нэн хүчирхэг үзэгдэнэ.
ЗУРГАА
Монголын бас нэгэн бахархалт хүмүүн Японы сумогийн ёкозүна Харүмафүжи Бямбадорж Хакухогийн амжилтыг “100 жил, бүр мянган жилд ч дахин шинэчлэх хүн гарахгүй” хэмээн дуу алдана билээ. Их аварга их аваргынхаа зиндааг мэдэлгүй яахав. Нээрээ л 1700 жилийн түүхтэй японы сумо бөхийн бүх цаг үеийн амжилтыг бараг бүгдийг эвдэж шинэлэн тогтооно гэдэг ердөө л үзэгдэл. Ёкозүна Хакухо сумо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн, дээд зиндаад хамгийн олон буюу 1093 удаа давсан, ёкозүна цолтой хамгийн олон буюу 84 башёд барилдсан, нийт 1187 давсны 899 нь ёкозүна цолтой барилдаж давсан даваа, бас 16 удаа дээд зиндаанд нэг ч уналгүй хамгийн олон түрүүлсэн, эзэн хааны цомыг завсаргүй 7 удаа хүртэж байсан, ёкозүна цолтойгоор 63 дараалан ялалт байгуулж байсан, эхний найман өдөрт 51 удаа качикоши хийж байсан, жилийн хамгийн олон даваа авсан бөхөөр 10 удаа шалгарч байсан гээд түүний тогтоосон рекорд дахин давтагдашгүй. Талын монголын нэгэн хүү эртний соёлт японы үндэсний спортыг эзэгнэж бүх цаг үеийн манлай ёкозүна болно гэдэг гайхамшиг аа.
ДОЛОО
Монголчууд хаан зүстэй, хатан зүрхтэй, халуун цөстэй эзэнт гүрний үр сад. Ертөнцийн хаана ч очсон, ажилласан, сурсан ч нэг л хийморьтой. Энэ бол монгол үндэстнийг нэгтгэж буй сэтгэлгээний эх орон, тусгаар тогтнол, омогшил юм. Хакухогийн зодог тайлах ёслол дээр Чингис хааны одонт дэлхийн дуучин Ганбаатарын Ариунбаатар Монгол Улсын Төрийн дууллыг ёстой нэг огштол, оргилтол дууллаа. Ордонд буй монголчууд босчихсон, нүдэндээ нулимстай, сэтгэлдээ омогшилтой зогсч буй харагдана билээ. Монголчууд төдийгүй япончууд, тэнд оролцогчдын сэтгэл хөвөлзөн, дэвэлзэн догдолсон байх. Японы хамгийн алдартай Ерөнхий сайд асан Мори: “Өнөөдөр Японы төрийн дууллыг би анх удаа их өөрөөр сонслоо /муу дуулсан/. Харин Монголын төрийн дуулал ямар гайхалтай байв. Монгол хүмүүс төрийн дуулал дээрээ боссон. Харин япончууд бид өөрсдийнхөө төрийн дуулал дээр боссонгүй” гэж жиргэв. Ёслолд Японы үе үеийн Ерөнхий сайд нар ирсний нэг нь Мори бөгөөд тэд хэр баргийн юман дээр ингэж дугарахгүй л дээ. Төрийн дуулал бол тухайн улс, ард түмний бахархлын сүлд, туурга тусгаарын батламж, юугаар ч солишгүй үнэт зүйлийн дээж нь учраас ач холбогдол өгөх нь аргагүй.
НАЙМ
Монголчууд бол алтан ураг, амин уураг, агуу түүхийн хэлхээнд шүтэн барилдсан хөх толбот ард түмэн. Монгол угсаатан хэн боловч хаана аж төрж, хаанахын иргэншилтэй болсноос үл хамааран зүрхний тольт, итгэлийн андгай, сэтгэлийн хоймортоо гагцхүү эх орноо эн тэргүүнд тавьж чаддаг эрхэмсэг хүмүүс. 2019 оны 4-р сард Хакухог Монгол Улсын иргэншлээс татгалзахад нь би огтхон ч гайхаагүй. Учир нь түүний зүрх монголоор цохилж байхад сэтгэл хаа холдов гэж. Сэтгэл нь уугуул нутагтаа оршин байхад бие нь хаа холдов гэж. Би ингэж л түүний энэ алхмыг хүлээн авч байлаа. Дархан аварга Жигжидийн Мөнхбатын голомт залгах отгон хүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин хүн шүү дээ, Даваажаргал чинь. Тиймээс сумогийн дэвжээн дэх дараагийн амьдралын дэг жаяг, цагийн араншинд зохицон амьдрах замаар ухааны ур, шавийн амжилтаар хүсэл мөрөөдлөө үргэлжлүүлэх нь ёкозүнагийн бичигдээгүй тэмүүлэл мөн байж мэднэ. Одоо бид Хакухо Шоогийн тэргүүлэх Миягино дэвжээ японы мэргэжлийн сумо бөхийн хөгжлийг хэрхэн түүчээлж, хөдөлгөгч хүчин болж урагшлахыг л хүлээх үлдлээ. Сумо бөхийн дараагийн мянганы түүх эхэлж байна уу даа.
ЕС
Хакухо зодог тайлахаа зарласан сүүлчийн башёог хүн бүхэн санаж байгаа байх. Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй түүхэн үйл явдал мөн байсан. Сүүлчийн өдөр өвдөг шороодоогүй хоёр монгол үлдчихсэн. Нэг нь ёкозүнагийн болзол сонссон Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ, нөгөөх нь ёкозүна Хакухогийн сүүлчийн барилдаан. Ган-Эрдэнийг сумод хөл тавиулж замыг нь зассан хүн Мөөеө аварга. Сумогийн бичигдээгүй хуулиар бол тус болсон хүнийхээ ачыг хариулна гэдэг нь бууж өгөх бус ялах явдал. Энэ шударга сайхан зарчим. Тэгээд л тухайн цагийг эзэгнэсэн монголын идэр эрчүүд дэвжээнд яс үзэв. Уначихаад харж буй Тэрүнофужийн чонон харц, давчихаад хамраа зангидан хашгирч буй Хакухогийн араншинг би мартдаггүй. Хамгийн сонирхолтой нь өмнөх мянган жилд зодог тайлсан, ирээдүйн мянганд зодог тайлах ёкозүна цолтон хэн байвч хамгийн сүүлчийн барилдаандаа Хакухо шиг өвдөг шороодолгүй түрүүлэхийг мөрөөдөж байсан байх. Цаашид хэд ч түрүүлэх боломжоо бардамхан батлаад босоо чигээрээ зодог тайлна гэдэг гайхамшигийн гайхамшиг. Бүх цаг үеийн ёкозүна нар ийн мөрөөдөвч чадаагүй, чадах ч үгүй байсан буй за.
Хакухогийн зодог тайлах ёслол япон, монголын хоёр орны төр түмний их хүндлэл дунд нэн сайхан боллоо. Тэр ёслолын турш дүү минь, Жагаа минь байсан бол гэх харуусалт бодол салсангүй. Дүүгий минь орлож үлдсэн мэт санагдах Хакухо дүү минь ээ …
Ү.ХҮРЭЛБААТАР
2023.01.28
()
Discussion about this post