Тэрээр 5 хэлтэй, өндөр боловсролтой, Хүрээний анхны сэхээтэн бүсгүй байлаа.
Буудуулж нас барахынхаа өмнө нүүрээ будахыг зевшеерееч гээд нvvрээ будсан гэдэг.
Орос сургагчаас нүүр лүү минь битгий буудаач гэж гуйн бөгжөө өгсөн боловч, цаазын ажиллагаа дуусмагц орос сургагч нүүр толгойн хэсэг рүү 3 удаа буудсан гэдэг.
Жалганы доор зогсоож байгаад буудаж дараа нь жалганы эрэг нурааж булдаг байжээ.
Буудуулах ээлжээ хүлээж буй хvн нь буудуулснаа булдаг байсан тул тэр vед зевхен Пагмадуламыг буудах гэж очсон цэргvvд өөрсдөө тvvнийг булжээ.
Дотоод яамны шифрчин Гунгаа энэ тухай хожим дурсахдаа :
“Хөөрхий эмэгтэй үхсэн хойноо ч хүнд муухай харагдахгүйг хvccэн боловч орос сургагчийн гайгаар талаар болсныг сэтгэлдээ тээн харуусан явсаар 1989 онд энэ тухай ярьж уйлж байжээ.
( copy via Enkhbat Daajin)
Д.Пагмадуламын энэ хувцаслалтыг Европын шилдэг загварын хувцаснууд болох Coco Chanel-ийн даашинз, LV-ийн туфль, Hugo- ийн трико гэж судлаачид тайлбарладаг.
Түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан :
-Дамдины Пагмадулам нь их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий байсан. 1925 оны хүн амын тооллогод түшмэл Д.Нацагдорж, эхнэр Д.Пагмадулам 1906 онд төрсөн гэж бүртгэсэн байдаг. Түүний намтар түүхээс яривал 1923 онд МАХН-д элсэж, Улаанбаатар хотын Намын 11 дүгээр үүрийн гишүүн, 1924 онд Монгол Ардын намын Суртлын хэлстийн дэргэд байгуулагдсан Бүсгүйчүүдийн тасгийн анхны эрхлэгч, гишүүн. Мөн онд Монгол Ардын намын Төв хорооны Боловсрон цэнгэлдэх хүрээлэнгийн товчооны гишүүн, энэ хүрээлэнгийн номын сангийн үйл ажиллагааг хариуцаж байж. Дараа нь 1925 онд Ленинград хотын Дорно дахины хэл бичгийн сургуульд, 1926-1929 онд Герман улсад нөхөр Д.Нацагдорж болон бусад нөхдийн хамт сурсан байдаг.
-1924 онд Намын Төв хорооны Суртлын хэлтсийн дэргэд Бүсгүйчүүдийн тасгийг анх байгуулж, Пагмадуламыг эрхлэгчээр нь томилж, нарийн бичгийн даргад Дамбадоржийг сонгосон байдаг. Пагмадулам зургаан сарын хугацаатай энэ ажлыг хашиж, дараа нь Янжин эрхлэгчээр нь сонгогдсон. Түүнийг ямар шалтгаанаар чөлөөлсөн тухай баримт байдаггүй бегеед 1925 оны намын гишүүний бүртгэлд бүсгүйчүүдийн тасагт шийтгэгдэж явсан гэж бичсэн байдаг.
Энэ Янжинг хүмүүс Сүхбаатарын гэргий Янжмаатай андуураад байдаг.
Гэхдээ Янжмаа гуай эрхлэгч байсан. Мөн Дамбадорж, Хаснавч гэсэн хүмүүс энэ албыг ээлжлэн хашсан байдаг.
Нэмж хэлэхэд Бүсгүйчүүдийн тасаг байгуулах хурал 1924 оны 3 сарын 19-ний өдөр болсон байдаг. Тэгэхээр анхны эмэгтэйчүүдийн байгууллага үүссэн буюу Д.Пагмадулам энэ байгууллагын анхны эрхлэгчээр томилогдсон түүхт өдөр юм. Тэр үеийн Бүсгүйчүүдийн тасгийн гишүүдийн бүртгэлд 27 эмэгтэйн нэр бичигдсэн байдаг. Энэ тасаг нь бүсгүйчүүдийг бичиг үсэгтэй болгох, намын үзэл сурталд боловсруулах, ариун цэврийг сахиулах, боловсон хүчнийг бэлтгэх сургууль байгуулах, эвлэлийн хоршоо байгуулах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх зорилго бүхий байгууллага байсан.
1930 онд Улсын Бага хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах комиссоос улсын албанд дэвшүүлэх эмэгтэйчүүдийг бэлтгэх түр сургуулийг зургаан сарын хугацаатай хичээллүүлж, Монгол хэл бичиг, тоо бодлого, улс төрийн ба эдийн засаг, Монголын түүх, намын байгууллагын тухай 10 гаруй хичээл зааж байж. Энэ Бага хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах комиссын даргаар Янжмаа гуай ажиллаж байсан. Цаашид улаан гэрийн сургалтаар бүсгүйчүүдийн соёл, боловсролыг дээшлүүлэх олон сургалт, сурталчилгаа, арга хэмжээ авч байсан нь тэднийг хөгжүүлэхэд их анхаарч байсан нь харагддаг.
-Пагмадулам хуучнаар ЗХУ ,Герман улсад суралцсан, орос, герман, хятад, манж хэл мэддэг тэр үеийн боловсролтой эмэгтэйчүүдийн нэг байсан. 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиар эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил улс төрийн эрх чөлөө олгосон байдаг. Тухайн үеийн төр, засгийн энэхүү бодлогыг Пагмадулам дэмжиж, хурал цуглаан дээр үг хэлсэн байдаг. Пагмадулам өмнө нь ноёны хүүд богтлогдож явсан болохоор энэ тэр үеийн зовж зүдэрсэн эмэгтэйчүүдийн дуу хоолой нь болж тэдний хүсэл зоригийг илэрхийлэхдээ хоёр зүйлийг голлож хэлсэн нь : охид бүсгүйчүүдийн богтлох ёсыг халсан, нөгөө нь сурч боловсрох эрх чөлөө олгосон явдалд талархаж бүсгүйчүүдээ төлөөлж үг хэлсэн байдаг.
Цаашид ч олон зүйлийг хийх байсан байх, харамсалтай нь тухайн цаг үеийн улс төрийн хардлага, сэрдлэгээс болоод Пагмадулам, Нацагдорж хоёрын амьдрал эмгэнэлтэйгээр дууссан байдаг.
– Пагмадуламын намын гишүүнд элссэн анкетад “эцэг эх, нэг дүүгийн хамт, нөхрийн цэвэр тэжээлээр амьдардаг” гэж бичсэн байдаг. Ер нь тэдний туулж өнгөрүүлсэн амьдралыг харахад 1922, 1923 оны үед гэр бүл болж, 1925-1929 он хүртэл Орос, Германд суралцаж байгаад ирсэн. Тэднийг Германаас ирэхэд Монголын нийгэм сайхнаар угтаж аваагүй шүү дээ. Хөрөнгөтөн орны үзэл сурталтай болсон гээд тэдэнтэй хүмүүс уулзах байтугай бараг ирэх барааг нь хараад зугтдаг байсан тухай архивын баримтад тэмдэглэсэн байдаг. Тэдэнтэй уулзвал хэрэгт холбогдоно гээд айдаг байж. Тэгээд ч 1932 онд Д.Нацагдоржийг үндсэрхэг үзэлтэн, хувьсгалын эсэргүү хэргээр, Д.Пагмадуламыг бас хэргийн учир баривчилсан байдаг. Нөхцөл байдал ийм хэцүү үед тэд үр хүүхэд төрүүлэх боломжгүй байсан байх. Зарим судлаач, зохиолчид Цэрэндулам гэгч эмэгтэйг тэдний хүүхэд гэж үздэг. Хүн амын тооллогоос шүүхэд Цэрэндуламыг тэдний хүүхэд гэж батлах баримт олдохгүй байгаа юм. Цэрэндулам гуайн үр хойчис нь байгааг би мэднэ л дээ. Гэхдээ Цэрэндулам тэдний хүүхэд мөн ч байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Хүн амын бүртгэлд ороогүй байж болно шүү дээ.
1988 онд зохиолч Б.Бааст гуайг Цэрэндуламтай уулзсан талаар зохиолч Долгорын Нямаа агсан Пагмадуламын тухай бичсэн номондоо дурдсан байгаа. Тэгээд Цэрэндулам бол Пагмадуламын дүүгийн охин бөгөөд Нацагдорж тэр хоёрт үрчлэгдсэн юм гэдгийг түүний ярианаас мэдсэн гэж бичсэн байдаг.
-Монголд өрнөсөн хэлмэгдүүлэлт эрэгтэй, эмэгтэй, лам, харгүй хэлмэгдүүлсэн . Үүний тод жишээ нь, Пагмадуламыг хэлмэгдүүлсэн явдал юм. Түүнийг хэлмэгдүүлсэн нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Герман, Францад сурч байсан хүүхдүүдийг буцаан авчрахдаа Коминтерны шахалтаар гүйцэтгэсэн байдаг. Үүний цаана БНМАУ-ыг Коминтернээс хөндийрүүлж, ЗХУ-аас холдуулан, Хятад, Японыг түшиглэх бодлого явуулахыг оролдсон барууны үзэлтэн Дамбадаржаа, Жадамба нарыг Намын удирдах ажлаас халж, хэлмэгдүүлдсэн үйл явцтай холбоотой шиг байгаа юм. Архивын баримтад эдгээр хүүхэд залуусыг Баруун руу явуулсан нь тухайн үеийн МАХН-ын Төв хорооны барууны талыг баримтлагчдын шийдвэр байсан гэж бичсэн байдаг. Энэ байдал нь тэднийг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөх нэгэн нөхцөл болсон. Тухайн цаг үед Дамбадорж, Жадамба нар МАХН-ыг удирдаж байсан улс. Тэд 1926 онд Орос, Герман, Австри, Итали, Францаар явж соёл, боловсролын талаар судалсан байдаг.
Нөгөө нэг шалтаг нь Д.Пагмадуламыг хувьсгалын эсэргүү тайж хүний эхнэр, дорд хүмүүсийг дарласан, зан авир догшин, садар самуунд их автагдсан гэх аль муу үгээр булшилж, 1931 онд сонгох, сонгогдох эрхийг нь хасаж, 1932 онд Намын III цэвэрлэгээгээр Намын гишүүнээс нь хөөсөн байдаг. Энэ цэвэрлэгээ нь 1925-1932 оны хооронд гурван үе шаттайгаар хэрэгжсэн намын бодлого шийдвэрийн дагуу хийсэн арга хэмжээ юм. Ингэхдээ МАХН-аас феодал гэгдэх ноёд, тайж, түшмэдийг мөн хувьсгалын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсан хүмүүсийг, албан тушаалаа ашигласан, улсын өмчийг үрэгдүүлсэн зөрчил гаргагсдыг намын гишүүнээс хөөсөн байдаг. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуульд нам, төрийн байгууллагын буруу шийдвэрээр ажлаасаа халагдаж, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон бол улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзнэ гэсэн байдаг. Тэгэхээр Пагмадулам хувьсгалын эсэргүү тайж хүний эхнэр гэсэн шалтгаанаар МАХН-ын гишүүнээс хөөгдсөн нь цаашид намын гишүүн эмэгтэйчүүдийн соёл, боловсролыг хөгжүүлэх чиг үүрэгтэй Эмэгтэйчүүдийн хэлтсийн үүрэгт ажлаа хийх боломжгүй болж байгаа юм. Яагаад гэвэл намын гишүүнээс хөөгдсөн хүн намын дотоод ажилд оролцох боломжгүй, тэр үеийн Намын дүрэмдээ ч энэ талаар тусгасан байдаг.
-2012 оноос Пагмадуламын талаар судлах явцад түүний улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнийг тогтоож, цаашид цагаатгуулах талаар санаа тавьж эхэлсэн юм. Тэгээд 2015 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст Д.Пагмадуламын үр хүүхэд, хамаатан садангийн мэдээлэл архивын хүн амын тооллогоор нотлогдоогүй учир комиссын нэрийн өмнөөс Д.Пагмадуламыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнийг нэг удаагийн нөхөн олговорт хамаатуулалгүйгээр зөвхөн түүнийг цагаатггуулж, нэр төрийг сэргээж өгөх хүсэлт гаргасан юм.
Хуулиараа хэлмэгдэгсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах гомдлыг уг этгээд өөрөө болон түүний гэр бүл, үр хүүхэд, хууль ёсны төлөөлөгч, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гаргах эрхтэй байдаг.
2015 онд миний бие, энэ хуульд заасны дагуу комисст хүсэлт гаргасан. Тэр үед хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох хуулийн хугацаа дууссан учраас шүүх хурал хийх боломжгүй болсон юм. Гэтэл 2018 онд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хэрэв энэ хууль дахин сунгагдаагүй бол түүнийг цагаатгах ямар ч боломжгүй байсан. Харин ийм боломж тохиож, 2018 онд дахин цагаатгуулах хүсэлтээ комисст хүргүүлсэн.
2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлаар, Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж цагаатгасан. Шүүх хуралд Х.Мэндсайхан миний бие, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын мэргэжилтэн С.Энхбаяр Н.Мэндбаяр, Монголын зохиолчдын ахмад үеийг төлөөлж, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу Монгол Ардын Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Саруул, ажиглагчаар Б.Бүжин нар оролцсон.
Пагмадуламын амьдралын түүх учир битүүлэг л дээ. Хүн ер нь нууцлаг буюу далдын юмны учир олох гэж сонирхдог шүү дээ. Тэгэхээр нэг талаас түүний бүдэг намтрыг тодруулах санаа бол Герман, Франц улсад суралцсан монгол сурагчдын тухай судлах үед урган гарсан юм. Хүмүүсийн дунд Пагмадуламын тухай элдэв яриа байдаг шүү дээ, та нар ч гэсэн түүнийг хятад хүнтэй сууж хар тамхинд орсон, ааш зан муутай, садар самуун явсан гэх зэргээр нийгэмд сөрөг ойлголт байдаг талаар аман яриа, мэр сэр бичсэн зүйлийг уншиж, сонссон байх. Түүнтэй цуг Германд суралцсан Б.Содном, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн нар болон Бямбын Ринчин гуайн дурсамж тэмдэглэлд Пагмадуламыг монгол бичиг, гадаад хэл сайн мэддэг, зан ааш эеэлдэг, хурдан шаламгай, тэр үеийн эмэгтэйчүүдийн дотроос гоц хэдийн нэгэн байсан талаар бичсэн байдаг. Түүнийг намын гишүүнээс хөөхдөө аль муу үгээр булсан хэрэг л дээ. Мэдээж хэрэг тэр үеийн намын үзэл сурталд нийцэхгүй байгаа хүнийг сайнаар тодорхойлохгүй нь лавтай биз. Эдгээр хамт суралцсан нөхдийн тодорхойлолтоос Пагмадуламыг ямар ааш зантай эмэгтэй байсныг ойлгож болох юм. Бидэнд үүнээс илүү үнэнд ойр баримт олдохгүй байх.
-Д.Нацагдорж, Д.Пагмадулам нар Германаас Монголдоо ирснийхээ дараа бие биеэсээ хөндийрч таагүй харилцаа үүссэн гэсэн яриа байдаг?
-Үүнтэй холбогдуулж нэг баримт яръя гэж бодож байна. 1930 онд Д.Нацагдорж, Д.Пагмадуламаас “харилцан бичиг бичиж салсан” гэсэн баримт байдаг. Тэр нь бодвол захиа л байх л даа. Би энэ “харилцан бичиг”-ийг олж үзэх санаатай архиваас хайсан боловч олдоогүй. Ямартай ч энэ хоёр хувийн харилцаанаасаа болоод хоёр тийшээ болоогүй байх гэж би боддог юм. Бас нэг баримт дурдахад, Герман, Франц улсад сурч байгаад 1929-1930 онд дуудагдан Улаанбаатарт ирсэн хүүхдүүдийг тэр үеийн нийгэм Хөрөнгөтний нийгмээс ирсэн гээд уулзах нь битгий хэл ирэх бараа сургаар нь зугтаадаг байсан тухай баримт бий. Тэгээд удалгүй тэднийг эвлэлийн гишүүнээс хөөх зэргээр хардлага сэрдлэгийн ажил эхэлсэн юм билээ. Нацагдоржийг бусад нөхдийнх нь хамт нууцаар тагнах сэрдэх ажил хийж удалгүй хувьсгалын эсэргүү хэргээр барьсан шүү дээ. Ийм хүнд хэцүү үед Нацагдорж Пагмдуламдаа гай болохгүй гэж бодож, ярьсан ч байж болох талтай. Ер нь цаг үеийн байдлаас болж тэр хоёр мөр мөрөө хөөхөөр шийдсэн байж магадгүй юм. Тэгээд сүүлдээ хоёулаа байцаагдаж хоригдсон шүү дээ.
Эцэст нь хэлэхэд Монголд ирсээр тэд хоёулаа байхын жаргал үзээгүй .Тэр үеийн улс төрийн самуун олон хүнд сэтгэлийн хагацал гуниг үүрүүлсэн, олон ч сайхан хүн эрдэнийг үгүй хийсэн байдаг. Ямар олон сэтгэл өнчирч шимширсэн бол доо. Энэ бол Монголын улс төрийн түүхэнд хараар бичигдсэн түүхэн сургамж юм.
– Пагмадуламыг цэргийн дарга Сэрээтэр гэгч хүнтэй ханилсан тухай бичсэн байсан. Энэ талаар би лавшруулан судлах гэсэн ч Сэрээтэрийн эцгийн нэр тодорхойгүй зөвхөн цэргийн дарга гэснээс өөр тоймтой мэдээлэл байхгүй учраас цааш нь судлаагүй орхисон.
-Герман, Франц улсад суралцсан залуусыг 1930 оноос Дотоодыг хамгаалах газраас мөрдөн мөшгиж 1932 онд хувьсгалын эсэргүү хэргээр их, бага Нацагдорж, Б.Гомбо, Б.Лооройсамбуу, Д.Намдаг, О.Намнандорж нарын 14 хүнийг баривчлан хорьсон байдаг.
Дараа нь 1943 онд “Герман улсыг магтдаг, тэндхийн тагнуулын байгууллагатай холбоотой” гэсэн хэргээр Н.Бат-Очироор удирдуулсан групп хэрэг үүсгэн тэднийг баривчилсан байдаг. Энд бидний сайн мэдэх зохиолч Д.Намдаг, Д.Наваан-Юндэн нар болон бага Т.Нацагдорж, Д.Гомбо Г.Цэвээн, С.Лхүндэв нарт хорих ял оноосон. Мөн Н.Бат-Очирын хэрэгт холбогдсон этгээдүүдтэй эсэргүү харилцаатай байгаа 10 хүний нэрсийн бүртгэлд Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг 1937 онд нас барсан гэж бичсэн байдаг.
-Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан тухай баримт би л лав одоогоор олж үзээгүй. Харин хэлмэгдүүлсэн тухай хэргийн баримтууд архивт байдаг. Энэ бол хөдлөшгүй баримт юм.
-Саяхан Пагмадуламыг цагаатгаж хэрэг явдал дууссан болохоор өмнө хийсэн номоо дахин хэвлүүлэх бодолтой байна. Нэлээд олон шинэ баримт нэмж орж байгаа. Д.Нацагдорж судлалын хувьд бол бүтээл туурвисан олон эрдэмтэн судлаач, зохиолч бий. Тэднээс өөрийн мэдэх заримыг нь дурдвал Б.Содном, Л.Балдан, Д.Цэдэв, С.Лочин, Ч.Жачин гэсэн ахмад үеийн судлаачид, сүүлийн үед Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Д.Төрбатын “Пагмадулам” роман, Ч.Чимэгбаатар, Д.Мөнхбаяр нарын “Нацагдорж, миний бие нь” баримтад тулгуурлан бичсэн роман, судлаач О.Энхбатын “Харанхуй хад”, “Ламбугайн нулимс” судалгааны бүтээл, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Ц.Түмэнбаярын “Цог” сэтгүүлд нийтлүүлсэн “Нугалбарт нуугдсан хайр” тууж, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар, найруулагч Ч.Түвшин нарын бүтээсэн “Жаргаагүй нар”, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн Д.Нацагдоржийн амьдралын тухай бичсэн жүжгийн зохиолууд байна. Мөн С.Буяннэмэх “Пагмадуламдаа”, Ардын уран зохиолч П.Бадарч “Пагмадулам” яруу найрагч, доктор Я.Баатар “Пагмадулам” шүлгээ бичсэн байдаг.
А.Доржханд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
()
Discussion about this post