Шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/1033 Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон 2022.09.15 Шийдвэрийн хураангуй 2
Болд нь гэртээ байхдаа “Таван Толгой, Цагаан хад Ганц-мод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар”, “Санхүү өгнө, авна”, “Санхүү авна”, “…Зарын Нэгдсэн Групп” зэрэг нэртэй фейсбүүк группүүд дээр өөрийн хэрэглэдэг цахим хаягаас Болор, Гэрэл нарын гэрэл зургийг “Хөх өгзөг сайтай 2 охин санхүү авна, урьдчилгаа авахгүй, шууд залга” гэсэн тайлбартай тэдгээрийн утасны дугаарын хамт байршуулсан мэдээлэл тараажээ.
Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Болд нь эхнэр Болортой гэр бүлийн таарамжгүй харилцаатай байх үедээ фейсбүүк орчинд Болор, түүний найз Гэрэл нарын гэрэл зургийг дээрх тайлбар, мэдээллийн хамт байршуулсан үйлдлийг шүүх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт тооцож шийдвэрлэсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “… хэний ч нэр төрийг гутаан доромжилж болохгүй…” гэж хуульчилсан ба Болд нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл (Илт худал мэдээлэл гэж огт үндэслэлгүй, худал хуурмаг мэдээ, баримт сэлтийг ойлгоно. Илт худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн буюу мэдээллийг цахим орчинд тараасан)-ийг олон нийтэд тараасан гэж үздэг.
Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг оногдуулахаар заасан.
Болд гэм буруугаа ойлгож ухамсарласан, анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 (нэг сая хоёр зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосон.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. |
Хураангуй бэлтгэсэн:Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар
Тодруулбал, шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр … тоот гэртээ байхдаа фэйсбүүк орчинд “Таван Толгой Цагаан хад Ганцмод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар”, “Sanhuu ogno avna”, “Санхүү авна”, “Sanhuu avna ogno Санхүү авна өгнө”, “Өмнөговь Зарын Нэгдсэн Групп” зэрэг нэртэй групп дээр “Red Falcon” гэсэн цахим хаягаас хохирогч Ч.Б-, Г.Л- нарын гэрэл зургийг “Huh ugzug saitai 2 ohin S awna urdchilgaa awahgui shuud call …” гэсэн тайлбартай оруулсан, “savna …, …”, “Huh ugzug saitai 19tei ohin S avna urdchilgaa awahgui shuud call 9953****” гэх мэдээлэл тус тус байршуулж хохирогч нарын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн маргаанаас болсон. Уурласандаа буруу зүйл хийсэн” гэв.
Хохирогч Г.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 9 дүгээр сарын 03-нд фэйсбүүк хаягаас пост орсон. Б бид хоёрын зургууд орсон байсан. Үүний дараа дотуур хувцастай өөртэй нь харилцаж байсан зургуудыг оруулсан. Миний утсанд өдөрт 100-200 дуудлага ирэх болсон. Оноох ёстой шийтгэлийг нь оноож өгнө үү. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Гэм хорыг арилгуулах хүсэлтэй байна. Өнөөдрийг хүртэл арилаагүй, байсаар байгаа. Торгох ялыг зөвшөөрөхөд хэцүү байна” гэв.
Эрүүгийн … дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ч.Б-ын: “Намайг Ханбогд суманд ажлаар явж байхад 2021 оны 09 сарын 03-ны өглөө хамт ажилладаг Г.Л-ын найз фейсбүүк цахим хуудсаар холбогдож “Таван Толгой Цагаан Хад Ганцмод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар” гэх нэртэй групп хаягт “Huh ugzug saitai 2 ohin S awna, urdchilgaa awahgui shuud call 99531055” мэдээлэл оруулсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл өгсөн. “Red Falcon” гэсэн нэртэй хаягнаас 2021 оны 09 сарын 03-ны өдөр байршуулсан байсан. Энэ хаягийг мэдэхгүй, урьд өмнө харилцаж байгаагүй. Миний болон хамт ажилладаг Г.Л-ын зураг байсан. Нэг жилийн өмнө Улаанбаатар хот явж байх замдаа Г.Л-ын нөхөр Д.Б- авсан зураг байсан. 9953*** дугаар нь “А” ХХК-ний албаны дугаар Г.Л- эзэмшиж, ажилдаа хэрэглэдэг. Г.Л-ын нөхөр Д.Б- өөрийнхөө утсаар зургийг авсан тул Д.Б-т байх боломжтой. Д.Б- өөрийнхөө фэйсбүүк хаягаас эхнэр Г.Л-ын цахим хаяг руу өгсөн байсан. “Таван Толгой Цагаан Хад Ганцмод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар” групп хаяг нь 50,000 хүний үздэг хаяг байгаа. Тухайн мэдээлэл байршуулснаас хойш таньдаг хүмүүс таарахдаа чиний зураг яагаад фэйсбүүк дээр байгаа юм бэ гэж асуудаг, … дугаарын утсанд байнга залгаж зарын дагуу ярьж байна гэж хүндрэл учруулдаг, гэр бүлийн харилцаанд үл ойлголцол үүссэн, сэтгэл санаагаар хохирсон, миний нэр хүндэд халдсан. Миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтийн сүлжээнд байршуулж намайг биеэ үнэлдэг мэтээр ойлголт төрүүлэх мэдээлэл байршуулсанд гомдолтой байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Хохирогч Г.Л-ын: “2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр над руу хүн залгаад намайг “фэйсбүүк дээр пост оруулсан юм уу” гээд чатаар Б бид хоёрын хамт авахуулсан зургыг явуулсан. Би тухайн оруулсан зарыг харсан чинь “Хөх өгзөг сайтай 2 охин санхүү авна, урьдчилгаа авна” гээд миний 9953*** гэсэн дугаарыг тавиад “Red Falcon” гэх фэйсбүүк хаягнаас пост оруулчихсан байсан. “Цагаан хад, Ганц мод, Өмнөговь зарын нэгдсэн групп” дээр тухайн зарыг байршуулсан байсан. Д.Б- гэж манай нөхөр байсан, одоо шүүхээр гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэх гаргаад тусдаа амьдарч байгаа. Би тухайн зарыг Д.Б- тавьсан гэдгийг эхэндээ мэдээгүй, манай охины гар утаснаас Д.Б- фэйсбүүк ордог байсныг санаандгүй мэдсэн. Тэгээд охиныхоо утсаар Д.Б-ийн “Дэлгэрмөрөн Д.Б-” гэх фэйсбүүк рүү ороход тус хаягаас чатаар “Red Falcon” хаяг руу порно бичлэг явуулж, бичлэг буцааж явуулсан зэрэг чатууд байсан. Б бид хоёрын тухайн зар дээр тавигдсан зургыг Д.Б- утсаар дарж байсан, чатаар тухайн үед явуулж байсан, тухайн зарыг манай хуучин нөхөр Д.Б- тавьсан. Д.Б- намайг шүүхээс өргөдлөө буцааж аваад эвлэрээд хамт амьдрах, хүүхдүүдтэйгээ уулзах гээд байгаа юм, тэгээд би зөвшөөрдөггүй болохоор зураг пост оруулсан байх. Д.Б-т хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, нэр сэргээлгэж, залруулга хийлгүүлмээр байна.
…Д.Б- нь дээр постоос хойш Red Falcon” гэсэн хаягаас гадна “Анхаар анхаар” “Lham daimond “, “Анхзаяа Батзаяа” “Ба Пү “ ”Дэлгэрмөрөн Д.Б-” гэсэн хаягуудаас миний нэр хүндэд халдаж олон зарын групп дээр удаа дараа “А” ХХК-ний үнэлгэгч хүүхэн Г-гийн Г.Л-, биеэ үнэлэгч, “hi hotod irsen bna uulzah n zalga …”, “Хувьдаа приус ЗО-тай сайхан хүүхэн бна, уулзана …” гэх мэтчилэн олон удаа байнга пост оруулчихаад надтай мессежэзр харьцдаг. Анх бол гэрлэлтэй цуцлуулахаа боль, хүүхдүүдтэй утсаар яриул тэгэх юм бол пост оруулахгүй гэдэг байсан, тэгэхээр нь би блокыг нь гаргаад хүүхдүүдтэй яриулдаг байсан. Гэтэл одоо ч болихгүй янз бүрийн групп дээр миний нэр хүндэд халдсан пост оруулаад байхаар гайхаж байна. Үүнээс гадна би Д.Б-тэй фэйсбүүкийн чатаар дүрсээ харж ярьж байхад миний зургийг дарж аваад миний хөхний даруулгатай болон нуруу хэсгээрээ нүцгэн байгаа зургийг “Санхүү өгнө, авна” гэсэн групп дээр оруулсан байсан. Гомдолтой байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 64-67 дахь тал),
Гэрч Г.Л-хүүгийн: “…2021 оны 9 дүгээр сараас хойш фейсбүүк орчинд Г.Л-ын фэйсбүүк хаягийн нэрээр онцлоод бусдад буюу фэйсбүүкийн найзуудад болон нийтэд харагдахаар “hi hotod irsen bna uulzah n zalga … …” гэх мэтчилэн Д.Б-ийн тавьсан 2-3 Г.Л-ын нэр хүндэд халдсан мэдээллийг харж байсан. Тухайн мэдээллүүдийг Г.Л-ын фейсбүүкийн бүх найз нөхөд, төрөл садангийн хүмүүс харсан байх. Их засаг их сургуулийн найзууд, нөгөө ангийн найзууд харсан байсан. Тэр мэдээллийнх нь доор найзууд, бусад хүмүүс олон комментууд бичсэн байсньг харсан. Анхзаяа Батзаяа, Red Falcon гэсэн хаягуудыг Д.Б- ашиглаж байсан, мэдээлэл тавьсан байсан. Г.Л- ч өөрөө Д.Б- ийм мэдээлэл тавиад байна гэж надад хэлдэг байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108 дахь тал),
Гэрч Ч.А-н: “…2021 оны 09-10 дугаар сарын үед “Өмнөговь аймгийн зарын нэгдсэн гурпп”-ээс мэдээлэл авахаар өөрийн фэйсбүүк хаягаас ороход Г.Л-ын хүүхдүүдийн нэрээр буюу Анхзаяа Батзаяа гэсэн нэртэй хаягаас “Г.Л-ын дотуур хувцастай зурагтай санхүү авна” гэсэн утгатай мэдээлэл тавигдсан байсан. Тэр пост дээр Г.Л-ын дугаарыг тавьсан байхаар нь би гайхаад Г.Л- руу холбогдож асуухад “нөхөр Д.Б-ээс салах гээд иргэний хэргийн шүүхэд өргөдлөө өгсөн байгаа, намайг өргөдлөө буцааж ав гээд дарамталж, ийм утгатай пост, мэдээллийг цахим орчинд байнга байршуулж байгаа” гэж хэлсэн. Тухайн үед манай найз бүүр дөжирчихсөн байдалтай ер нь ингээд байнга л тавиад байгаа гэж хэлсэн. Уг группээс гадна Г.Л-ыг мөн нэг залуутай явалддаг гэсэн утгатай постыг Д.Б- өөрийнхөө фэйсбүүк хаяг дээрээс олон нийтэд нийтэлсэн байсан. Энэ төрлийн мэдээллийг тухайн группэд байсан болон Д.Б-ийн найзууд бүгд харж байгаа. Үүнээс гадна дээрх мэдээллүүдийг олон гишүүнтэй группүүд рүү хуваалцах буюу тараасан байсан. Тэр мэдээллүүдийн доор янз бүрийн сэтгэгдэл бичсэн байсан. Санхүү авна гэсэн утгатай мэдээллийг олон, ямар ч гэсэн 20 гаран групп рүү хуваалцсан байсан. Г.Л-ын утас зогсоо зайгүй дуугараад байхаар нь би “утсаа авахгүй юм уу” гэхэд Д.Б- “санхүү авна” гэсэн утгатай пост фэйсбүүк орчинд тавиад миний дугаарыг биччихдэг юм, тэгэхээр олон хүмүүс залгаад байгаа юм гэж хэлсэн…” гэжээ.
Discussion about this post