1935 оны дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотын дөрөвдүгээр хорооны тавдугаар хорины захиргаанд гаргасан Чойбалсангийн гурван өргөдөл одоо улсын архивт байна.Тэрхүү өргөдөлд “эр эм болж 14 жилийн нүүр үзсэн Бортолгойгоос бүр мөсөн тусгаарлан салж, аж төрөхөөр санал нийлэлцсэн” гэсэн байна. Чойбалсан өргөдөлдөө “Миний бие чадал бүхий цагт түүний биеийг (Бортолгойг) хэзээ ч харж харгалзах ба тусалж тэтгэж явахаа” илэрхийлсэн байна. Чойбалсан хэдийгээр өрх тусгаарласан ч Бортолгойг насан эцэс болтол ямагт харж хандаж явжээ.
Чойбалсан салахдаа, өөрийн өмссөн хувцас, бичиг дэвтэр буу зэвсгээ аваад, үлдсэн хашаа байшин, бүрэн тавилгатай гэр, бусад хогшил хөрөнгийг Бортолгойд өгчээ. Үүний зэрэгцээ хот хөдөө явахад буюу өөрийн хөрөнгө болгож эдэлж хэрэглэхэд нь зориулж “ГАЗ” маркийн суудлын машин нэгийг өмч болгон өгсөн байна. Энэ бүхнийг нотлох баримтыг гурван хувь болгосны нэгийг Улаанбаатар хотын захиргаанд явуулж хадгалуулжээ.
Б.Гүндэгмаа бол маршал Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байлаа. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой байсан. Маршал өөрийн төрсөн хүүхэдгүй тул 2 хүүхэд өргөж авсан ажээ.
Ингээд тус тусын мөрийг хөөсөн хэдий ч маршал Бортолгойд үргэлж анхаарал тавьж, хоол хүнс, хөрөнгө чинээгээр тус дэм болж иржээ.
БОРТОЛГОЙН АВАРСАН 70 ЛАМ
1937 оноос хойд хөршийн заавар, тушаалаар Монгол орныг нөмөрсөн их хэлмэгдүүлэлт эхэлж, тухайн үеийн аль л боловсрол мэдлэгтэй нам төрийн алба хаагч, лам хувраг тэргүүтэй 63000 хүнийг хэлмэгдүүлсэн билээ.
Чухам тэр үед Бортолгой “Миний хойчийн буяныг бодож, сүнс минь төөрөх зовлонгоос ангижруулж өгөөч. Эдүгээ баривчлагдан хоригдож буй мяндаг тушаалтай 108 ламыг ял зэмээс өршөөж, суллаж өгнө үү хэмээн маршалаас хүссэн гэдэг. (мяндаг тушаалтай гэж цохон хэлсэн нь эрдэм мэдлэг сайтай байсны учир гарцаагүй цаазын ял сонсох байжээ)
Түүнчлэн Бортолгой нь Чойжин лам Лувсанхайдавын шавь байсан тул мөн Маршалд хэлж гуйн Чойжин ламын сүмийг нураалгалгүй авч үлдсэн гэх…
Батцагаан буюу Улаанбаатарт байсан төв шоронд хөдөө аймгууд болон хот хүрээний сүм хийдийн аль л эрдэм чадал, мэдлэгтэй лам нар гол зогоохын төдий хоол ундтай хоригдож, цагдан байцаагдаж, хорхойд хоргүй хөөрхий тэд айж мэгдэн, шийтгэл хүлээх өдрөө хүлээн суусан гэдэг.
Нэгэн өдөр шоронгийн хуягууд тэдгээр олон зуун лам нараас цохлон, нэрээр нь дуудаж 70 ламыг гаргаад “Маршал Бортолгойн хүсэлтээр суллаж байна. Та нар насан эцэс болох хүртлээ Бортолгойн хойдын буян, төрөл дээшлэхийн тухайд залбиран ном уншиж бай хэмээн амийг нь өршөөж, хэлтрүүлэн суллахад тэд баярлан залбирч нутаг нутгийн зүг явсан аж.
Шажин номондоо гүн бат сүсэгтэй, басхүү алсыг харж, улс төр, цаг үеийн нөхцөл байдлыг мэдэрч чаддаг, чин сүсэгт, ухаант эмэгтэйн ачаар ямартай ч Монголын сүм хийдүүдийн төлөөлөл болсон Чойжин ламын сүм нураагдалгүй үлдэж, эрдэмт 70 хувраг төрийн хүнд хилс хэргээс амь хэлтэрсэн ажээ. Их буянтан, чин сүсэгт Ц.Бортолгой гэж ухаант эмэгтэйн түүх ийм ажээ.
Discussion about this post