Арилсан хутагтын орны номын их элч Бакула Ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула Ринбүүчиг /Станзин Наваан Жигмэд Вангчук/ Бэтүб Данжай Чойнхорлин хийдийн арслант ширээнээ залах шашин номын ёслол 2017 оны 07 сарын 27-нд болсон. Дээрхийн гэгээн XIV Далай ламын тодруулсан 20-р дүрийн Бакула Ринбүчи багшийг урьдын гэгээний Улаанбаатар хотноо байгуулсан Бэтүб хийдэд залах ёслолын ажиллагаа болсон юм. Энэ үеэр “Бакула Ринбүүчи багш Бэтүб хийдийг анхлан байгуулсан учраас 20 дахь дүрийн Бакула Ринбүүчиг урьд дүрийн анхлан залсан ширээнд нь залах ёслолыг хийж буй юм” хэмээн Бэтүб хийдийн Хамба лам Ж.Дашдэмбэрэл ярьж байсан удаатай.
Бакула Ренбүчигийн 20 дахь дүр Данзан Агваан Жигмид Ванчиг нь өдгөө 15 насыг зооглож байгаа бөгөөд Энэтхэгийн Ладакийн Нубра тосгонд эцэг Доржцэрэн, эх Сономдолгор нарын гэрт мэндэлжээ.
Дээрхийн гэгээн Далай ламтан 2008 оны хоёрдугаар сарын 26-ны түмэн өлзий бүрдсэн билэгт сайн өдөр Бакула Архадын хорьдугаар дүр тодорсныг тунхаглан зарлигдсан байдаг. Харин 2010 оны наймдугаар сарын 12-ны сайн өдөр Ладакийн Бэтүб хийдэд хутагт ширээнд нь залжээ. Ийнхүү Бакула багш эх дэлхийдээ дахин мэндэлсэн бөгөөд хойд дүр нь Монголд хоёр дахь удаагаа залран ирж, буддын шашинтнуудад мөргүүлээд буцлаа.
Discussion about this post