ОХУ-ын Буриадын Эрчим хүчний системийн Галуут нуурын цахилгаан станцын дамжуулах сүлжээний трансформаторт энэ сарын 23-ны 14:41 цагт гал гарчээ.
Улмаар 200 МВт-ын 3 блок зогссоноос Буриадын 34 суурин газрууд болон Улаан-Үд хот орчмын зарим хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан байна. Энэ үеэр Монголын Эрчим хүчний систем, Буриадын Эрчим хүчний системийн Селендум орчмын хэрэглээ тусдаа гарч, бүрэн бие даан ажиллалаа.
Тодруулбал, Дотоодын эх үүсвэрүүдэд ачаалал нэмж системийн давтамжийг 49,7 -49,9 Гц-ээр барив. ОХУ талаас схем холболтоо сэргээсний дараа 15:26 цагт 220 кВ-ын агаарын шугам 258-г залгаж, ОХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд оруулсан.
Гэсэн хэдий ч ОХУ-ын Буриадын ЭХС-ийн Галуут нуурын цахилгаан станцын үндсэн тоноглолын үйл ажиллагаа бүрэн сэргээгүй байгаагаас ОХУ-ын эрчим хүчний систем ослын байдалтай, ОХУ-ын Нэгдсэн системээс Буриадын эрчим хүчний системийн өгөх шугамын урсгал зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн.
Иймд Монголын эрчим хүчний систем рүү өгөх ЦЭХ-ний хэмжээг 10МВт чадлаас хэтрүүлэхгүй байхаар Буриадын диспетчерээс шийдвэр өгсөн тул 16:30 цагт хэрэглэгч хязгаарлах хөтөлбөрийн дагуу ТБС-т P=15.3 МВт, ХБС-т P=13.9 МВт-ын хэрэглэгч хязгаарлаж ажиллалаа.
ОХУ-ын Буриадын эрчим хүчний системийн Галуут нуурын цахилгаан станцын 200 МВт-ын 2 блокыг ажилд залгасан ба 19:44 цагт хязгаарласан хэрэглэгчдийг буцаан залгаснаар Монголын эрчим хүчний систем хэвийн горим ажиллагаандаа шилжин ажиллалаа.
Энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид болзошгүй ослоос урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй ажиллах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх үүрэг болголоо.
Discussion about this post