“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн эхэллээ. Тэмцээнтэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Мөн дүүргүүдэд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаагаас гадна Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно.
Гүйлтэд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч оролцож байна. Тэмцээнийг нээж Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар Марафон олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжсэн, гадаад, дотоодын гүйгчдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг юм.
Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид оролцдог. Энэ жилийн хувьд Кени, Казахстан Улсаас олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зорин ирж оролцож байгааг дуулгахад таатай байна. Улаанбаатар бол гүйгчдийг дэмжсэн, гүйлтийн спортыг хөгжүүлсэн хот байх болно. Олон улсын марафонд оролцогч та бүхэндээ амжилт хүсье” хэмээн өгүүлсэн юм. Мөн тэрбээр гарааны дохионы буудлагыг хийснээр олон улсын марафон 5 км-ийн гүйлтээр эхэлсэн юм.
“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт үргэлжилж байна. Гүйлтэд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч оролцож буй юм. Марафонд оролцогчид 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км гэсэн төрөлд гүйж байгаа. 21 км, 42 км-ийн хагас, бүтэн марафонд оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно.
Discussion about this post