МЭДЭГДЭЛ
“Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөр байгуулсан “Эрдэнэт медипас” эмнэлэг, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэгүй завшсан этгээдүүд дийлэнх хувьцааг нь эзэмшдэг МИК хэмээх компаниараа дамжуулан ипотекийн зээлд хамрагдсан 110 мянга гаруй айл өрхүүдийн эргэн төлөлтөөс хумсалсаар ирснийг та бид хүлээн зөвшөөрсөөр байх уу? Цаашид зээлд хамрагдах хүсэлтэй мянга мянган айл өрх, залуу гэр бүлүүдийн мөнгийг дундаас нь шимэгчлэх энэхүү схемийг нь харсаар бас үргэлжлүүлсээр байх уу?
Үгүй!
Тэд өөрсдийнх нь хулгай луйвар, хууль бус үйл ажиллагааг илчилсэн, нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө дуугарсан нэгнийг хоёр аргаар замаасаа зайлуулдаг шилдэг технологитой.
Эхнийх нь өөрсдийн талд оруулах замаар барьцаалж, хууль бус үйлдэл, хулгай луйврын гар хөл, дохиураа болгодог. Тэгэхгүй бол дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийнхний нэрийг барин шантааж хийдэг хөлсний бичээчдээрээ дамжуулан элдвээр гүтгэх, доромжлох, ойр дотныхных нь нэр төрд халдан гутаах, залхаан цээрлүүлэх зэрэг захиалгат сэтгүүл зүйгээр амыг нь үддэг. Яг л энэ аргаараа намайг ч худалдаж авахыг, өөрсдийн талд оруулахыг олонтаа оролдсон. Худалдагдахгүй гэдгийг мэдсэн учраас сүүлийн үед зохиолоор гүтгэж, гүжирдэх ажлаа бүх сувгаар явуулж, хулгайн мөнгөөрөө сэтгүүлчдийн нэр барьсан хөлсний бичээчдийг угжин турхирч байна. Гэхдээ би няцахгүй, буцахгүй, бас ухрахгүй. Төрийн өмчийг хулгайлаад сурчихсан “но” нь илрэнгүүт “Тэр хулгайчийг бариарай” гэж хашгирч байгаа жинхэнэ луйварчид болон тэдний гар хөл бологсдод үүнийгээ албан ёсоор мэдэгдье!
Эдгээр “Мянганы луйврууд”-ын ард нэг эзэн байдгийг иргэд, олон нийт одоо мэддэг болсон.
Хамгийн сүүлд Монголын Ипотекийн Корпораци иргэдийн сар бүрийн зээлийн эргэн төлөлтөөс 35 хувийн ашиг хүртэж, өнгөрсөн хугацаанд 1 их наяд орчим төгрөгийн орлого, олон зуун тэрбумын ашиг олсон хууль бус үйл ажиллагаа, санхүүгийн луйврынх нь талаар миний бие Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрыг эрхэлсэн Монгол Улсын Шадар сайдын хувьд олон нийтэд мэдээлэл хүргэсэн.
Энэ хүрээнд төрийн санхүүжилтийн зарцуулалтыг үр ашигтай болгох, МИК гэх компанийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар иргэдэд олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Гэтэл МИК бодит нөхцөл байдлыг зориуд мушгин гуйвуулж, ипотекийн зээлийг зогсоох гэж байгаа мэтээр иргэдийг төөрөгдүүлээд зогсохгүй миний эрхэлж байсан ажил хэрэг, улмаар гэр бүл, төрөл төрөгсөд рүү минь илтэд дайрсан зохиомол гүтгэлэг доромжлолууд явуулж байгаа нь хэрээс хэтэрлээ.
Миний хувьд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар 2019-2020 онд ажиллаж байхдаа олон арван нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хотын мэдэлд буцаан авч, НИТХ-ын тогтоол гаргуулж байснаас бус өөрийн ах дүүсдээ газар олгож байсан тохиолдол огт үгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Тухайлбал, Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газар, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын замын урд талын цэцэрлэгт хүрээлэн, Драмын театрын арын зогсоол бүхий талбай, Хөрөнгийн биржийн урдах автозам бүхий газруудыг өдгөө МИК-ийн 70 гаруй хувийг эзэмшигч Худалдаа хөгжлийн банкны эзэд эзэмшиж байсан бөгөөд Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар банкинд 10 сая ам.долларын барьцаанд тавьсан байсныг хотын мэдэлд буцаан авч, өнөөгийн хэл ам дагуулаад буй усан оргилуур бүхий талбайг тохижуулсан юм. Төв талбайн өмнөх энэхүү газрыг тэд буцаан авахын тулд өнөөг хүртэл шүүхээр явж байгаа бөгөөд усгүй усан оргилуур гэх худал ташаа мэдээллийг олон нийтэд эрчимтэй тарааж, өөрсдийн санаагаа гүйцэлдүүлэхээр улайрч буйг энэ дашрамд дурьдах нь зүйтэй болов уу.
Энэ мэтээр тэдний олон жилийн нуугдмал булхай, луйврын схемийн асуудлыг хөндөж гаргасантай холбоотойгоор миний хувь хүний болон ажил албаны, цаашлаад гэр бүл, ойр дотнынхон, 30 гаруй жил хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн нэр төрд үндэслэлгүйгээр халдаж байгаа элдэв гүтгэлэг, доромжлол, захиалгат мэдээ мэдээлэл түгээж буй тэдний гар хөл болсон нэр, хаяг бүхий этгээдүүдийг хуулийн дагуу шалгуулж, үнэн мөнийг нь тогтоолгуулахаар хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.
Сайнбуянгийн Амарсайхан
Discussion about this post