-Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг сая тэмдэглэлээ. Баяр тэмдэглэв үү, өнгөрсөн хугацааны алдаагаа ярилцав уу?
– Ардчиллын 25 жил бол түүхэн ой. Манж, социализмын үеэс гээд яривал Монголын төр тамгагүй, хагас тамгатай явж ирсэн. Харин 1990 оноос хойшхи 25 жилд Монгол Улс хэнээс ч хараат бус явах, тусгаар тогтнол, эдийн засгийн эрх чөлөөгөө олж авсан. Энэ утгаараа тэмдэглэхээс аргагүй баяр. МоАХ ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлж, эгнээнээсээ АН тэргүүтэй улстөрийн намуудыг төрүүлсэн учраас угшил нэгтнүүд ч баярлах эрхтэй.
25 жил – богино хугацаа боловч улс хөгжих, иргэд сайхан амьдралд хүрэх маш том боломжууд байсан. Боломжийг бүрэн ашигласан уу, цаашид бидний үрс, ач гуч нар зөв сайхан амьдрах эрүүл нийгмийг босгож чадсан уу гэвэл хараахан үгүй. Энэ талаас нь харвал бас нэг их баярлаад байх баяр биш ч юм шиг.
– Таны бодлоор энэ 25 жилд нийгмийн олонхи нь цалингаараа сайхан амьдрах суурийг тавьж чадсан уу
– Дөхөөд л байгаа… Монголчууд хар ажил хийх гэж гадаад руу олноороо явдаг байсан нь лав больж. Солонгос явах гэж стандионы гадаа хонож очерлоод, шүдлүүлж, шилүүлж байгаад л явдаг байв даа. Монгол, Солонгосын цалингийн зөрүү ойртсон. Цөөхөн салбарт л даа. Цөөхөн гээд голомгүй байна. Нийгмийн олонхи боломжийн цалин луу ойртож, тэр зүгт нэг алхаж байна гэсэн үг. Одоо дараачийн зорилго бол нийгмийн бүх салбарт Солонгостой ядаж ижил хэмээний цалин олгодог болчих, чадвал байгалийн баялгаа ашиглаад солонгосуудаас ч илүү цалинтай болохыг зорих ёстой. Энэ бол ардчиллын бодит өгөөж, харин энэ боломжоо үүнээс ч илүү ашиглаж чадаагүй яваа учраас 25 жилийн ойг нэг талаар баяр биш гээд байгаа юм л даа.
– Ер нь ардчилал бол нийгмийн олонхи нь сайхан амьдардаг, ядаж л сонгогчдын нь олонхи саналаа худалддаггүй болсон үед л зөв ажилладаг нийгэм юм байна. Харин одоогийн манайх шиг олонхи нь хэцүү амьдралтай байхад улстөрчид та бүхэн өрхийн эдийн засаг, ходоодоор нь санал худалдаж аваад, эцэстээ ардчиллын үр дүнг цөөхөн хэдхэн хүн л хүртдэг бололтой.
– Наадахь чинь хамгийн гол шийдэл шүү дээ. Нийгмийн олонхи бусдаас хараат бус амьдралтай, хараат бус хэтэвчтэй, өөрийн толгойгоор сонголтоо хийчихдэг, өр тавьдаггүй, хүний идэж хэрэглэдэг зүйлийг хэрэглэдэг болчих юм бол сонгууль төгс явагдна. Гурван саяулаа хувьдаа өндөр өндөр байшинтай, хувьдаа компанитай байх гээд байгаа юм биш. Хөгжсөн нийгэмд, аль ч улсад үндэсний хэмжээний цөөхөн хэдэн том компани байгаад, тэдний хаялга дор олонхи нь боломжийн амьдардаг. Үндэсний компаниуд нь эрүүл засаглалтай байж л өгөөжийг нь нийгмийн олонхи хүртэнэ. Хүмүүс сайхан амьдрахад тийм их зүйл хэрэггүй. Эрүүл, боловсролтой, амьдрах байр, унах машинтай, эрсдэл тулгарахад өр тавиад, сандраад байхааргүй багахан хадгаламжтай, тэгээд хамгийн гол нь өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө толгойгоор шийддэг, сонгодог байхад л болж байгаа юм. Ард түмний олонхи нь боломжийн амьдралтай болоогүй байна гэдэг маань 25 жилийн өмнө эхлүүлсэн ардчилал зорилгодоо хүрээгүй байна л гэсэн үг.
– Хэзээ, яаж хүрэх вэ?
– Сая хоёулаа том компаниудын үүргийн талаар ярьсан. Үндэсний том компаниудтай, дээр нь сонгогчдын олонхи нь ходоодоороо санал өгдөггүй, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг салбарууд зөв гольдролдоо орсон тийм цагт ардчиллын ойг жинхэнэ баяр болгон тэмдэглэж болно. Түүнээс биш, өнөөдрийнх шиг УИХ-ын гишүүн болох гэж мөнгө тараадаг, сонгогч нь ч мөнгө харж сонгодог байгаа цагт ардчиллсан сонголт, олонхийн сайхан амьдралын тухай яриад хэрэггүй. Мөнгө тарааж сонгогдсон УИХ-ын гишүүнээс эерэг зүйл хүлээх хэрэггүй шүү дээ. Сонгогчид ч өөрсдөө мөнгөөр саналаа худалдчихаад, бидний төлөө ажилласангүй гэж УИХ-ын гишүүнээ буруутгах ч утгагүй. Хоёулаа л шударга бус зүйлийн хамсаатан болсон. Одоо энэ алдаагаа засах нь улстөрчид бидний үүрэг. Улс төрчид засахгүй бол МоАХ дараагийн зорилгоо болгоод засах л болно. Энэ алдааг засахад намууд, тэр дундаа намын дарга нар илүү үүрэгтэй оролцох ёстой. Хэрвээ тэд хүсэхгүй, 2016 оны сонгуулийг дахиад ходоодны сонгууль болгоно гэж байгаа бол эхлүүлсэн ардчиллаа хамгаалах, эхний зорилгоор нь авч үлдэхийн тулд Ардчилсан холбоо дахин гудамжинд гарахаас өөр замгүй. Улстөр, эдийн засагт гүн нэвтэрсэн олигархиуд үүнээс өөр сонголт үлдээсэнгүй гэх үү дээ.
– Дахиад засгаар оролдоно гэсэн үг үү. Та Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Одоо энэ засгийг ч бас тайван байлгахгүй гэсэн үг үү
– Н.Алтанухягийн Засгийн газрыг огцруулахад хувь нэмэр оруулсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Огцрох шалтгааныг ч, огцруулах шалтгааныг ч Н.Алтанхуяг өөрөө л хийсэн. Харин би бол огцруулах хөдөлгөөн гэх юмуу, энэ үйл явдал өдөөгдөх эхлэлийг тавилцсан. Бусдыг нь, өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газрыг огцруулж, одоогийн Засгийн газрыг байгуулах хүртэлх бүх сценарийг Н.Алтанхуяг ба “Алтан гадас”-ынхан өөрсдөө хийсэн шүү дээ. Одоо энэ засаг надтай, надгүй, сөрөг хүчинтэй хүчингүй сонгууль хүртэл тайван ажиллах бололцоотой. Яагаад гэвэл нөгөө том намтайгаа эвсчихсэн учраас. Тэгээд ч одоо дахин засгаар оролдоход түүнийг даах эдийн засгийн чадавхи энэ улсад байхгүй болсон. Элгээр хэвтүүлснийхээ дараа энэ бүхнийг хийсэн шүү дээ. Би ч тэгж богино зайд улстөр хийхгүй, хийдэг ч үгүй. Сая бужигнаан үүсэхэд Баттулга өөрөө Ерөнхий сайд болох гэж ингээд байна гэж бичүүлээд л байсан. Тэгээд би болоогүй л байгаа биз дээ
– Танд боломж байгаагүй юм биш үү
-Боломжоос илүүтэй миний хүсэлт, сонголт гэж нэг юм байх ёстой биз дээ. Гэтэл сая би Ерөнхий сайд болъё, намайг дэмжээч гэж намынхаа хэнтэй ч уулзаагүй, бүр МоАХ дээрээ ч яриагүй. Минй зүгээс ийм үг, хөдөлгөөн гараагүйг манай намынхан нотолно. Би дээхнэ өөрт чинь өгсөн нэг ярилцлагадаа хамгийн анх хэлсэн дээ. Би Ерөнхий сайд болохгүй ээ, харин Ерөнхий сайдын сайн гүйцэтгэгч байж чадна гэж. Энэ үзэл бодлоосоо би урваагүй. Би Ерөнхий сайдаас ч том, гэгээлэг амбицтай.
– Тэр нь юу вэ?
– Үргэлж ярьдаг болохоор хүмүүс бараг мэднэ дээ. Хэрвээ улс хөгжих ёстой л гэж байгаа бол үйлдвэржилт хэрэгтэй. Үйлдвэржихгүйгээр, үйлдвэржилтийн бодлогогүйгээр хөгжсөн улс орон нэг ч байхгүй. Хэрвээ Монгол Улс үйлдвэржихгүйгээр хөгжинө, энэ улсад үйлдвэржилт хэрэггүй гэдгийг нотлоод, хуульчлах аваас би улстөрөөс өнөөдөр ч гарахад бэлэн. Харин Монгол Улс хөгжих ёстой, ганцхан газрын зураг дээр бус, эдийн засгийн хувьд ч бие даах учиртай, түүний төлөө бид зүтгэх ёстой нь үнэн бол би үйлдвэржилтээ үргэлж ярих болно. Энэ бол миний үүрэг. Амьдралын энгийн жишээ нь дээр үр тарианы нэг компани байлаа гэж бодъё. Энэ компани хөгжье, хөлжье, томоръё гэвэл эхлээд гурил, дараа нь талх, боов үйлдвэрлэж нэмүү өртөг бий болгож байж хөгжинө. Тэгэхгүй, үр тарианы компани хэвээрээ явбал ханган нийлүүлэгч хэвээрээ л үлдэнэ. Нэг жил ган болж ургац алдана, дараа жил нь томоохон гурил үйлдвэрлэгчид үр тариаг нь чанар муу гээд хямд авна, аягүй бол тариалангийн талбайг чинь худалдаж авна. Улс яг адилхан. Үйлдвэржилт, дэд бүтцийн хөгжлийн бодлогыг урт хугацаанд, тогтвортой мөрдөж хөгжүүлэх ёстой. Харамсалтай нь төрд гарсан хүмүүс, намууд тэгэхгүй байна. Сүүлдээ монголыг хөгжүүлэхгүй байх, монголчуудыг хүнд амьдралд нь удаан барих зориудын бодлого яваад байна уу гэж хардахад хүрч байна. Ямар ч улс төмөртэй, төмрийн хүдэртэй бол хөгжиж болдог. Европыг, дэлхийг хөгжүүлсэн түүхий эд манайд байгаад байна. Гэтэл энэ бүгдийг түүхийгээр гаргаж байгаа нь худалдаа хийж байгаа бидэнд бус, бидний баялгийг худалдан авч байгаа талд л ашигтай. Нэг жишээ яръя. 13 дугаар зуунд Африк иргэдээ боол болгон зарж амьдардаг байлаа. 200 гаруй жил ингэж явсан. Нэг боолыг 10 доллараар зарснаас, ажил хийлгэж цалин өгөөд, 100 долларын ашиг унагах нь дээр гэдгийг ойлгосон хэдхэн улс нь түрүүлж хөгжсөн. Нэмүү өртөг шингээх, хөгжлийн бодлогоор 21 дүгээр зууны монголчууд тэр үеийн африкуудаас л дор сэтгэж байна шүү дээ.
– Одоо тэгээд таны үргэлж ярьдаг үйлдвэржилтийн бодлого Ч.Сайханбилэгийн Засгийн газрын өнгөн дээр урагш явах нь уу?
– Өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан учраас Ерөнхий сайд миний ярьж хэлдгийг мэдэж байгаа. Монголыг хөгжүүлэхийн тулд 15-20 жилээр хэрэгжүүлэх суурь хөгжлийн, үйлдвэржилтийн бодлого байх ёстой. Түүнээс бус, сонгуулийн өмнө гутлын үйлдвэр, оймсны үйлдвэр ашиглалтад оруулах бол өөр хэрэг. Сая би энэ тухайгаа Ерөнхий сайд болон Хэрэг эрхлэх газрын дарга, бас Аж үйлдвэрийн сайдтай уулзаад хэлсэн. Хэрвээ үйлдвэржилтийн бодлогыг дэмжихгүй, хөгжүүлэхийг хүсэхгүй бол засаг чинь явахгүй, явлаа ч бодитой ажил хийж бүтээж чадахгүй шүү гэж. Үйлдвэржилтийн тал дээр бол над шиг их судалгаа, тооцоо хийсэн хүн байхгүй шүү. Бодитой ажил хийхийн тулд бодлогыг дэмжээрэй, дэмжихгүй бол цаашдаа бид нар хамтарч ажиллахад хүндрэл гарнаа, энэ бол ганц миний биш, Монгол орны ирээдүй, эдийн засгийн асуудал гэж хэлсэн. Ажлаа дөнгөж авч байгаа хүмүүстэй үүнээс цааш ярилцах боломжгүй л дээ. Одоо харж л байя.
– Тэгээд тэд дэмжихээ илэрхийсэн үү?
– Албан ёсны уулзалт байгаагүй л дээ. Зөвхөн санал бодлоо илэрхийлсэн. Ер нь үйлдвэржилтийг ойлгох хүн ховор. Үйлдвэржилт бол олонхийн хийж үзээгүй зүйл. Өдөр тутмынхаа аар саархан юмаар л амьдардаг. Ялангуяа улстөрчид бол би гоё харагдах ёстой, зурагтаар ухаантай харагдах ёстой л гэдэг хүмүүс. Камерийн өмнө ухаантан, камерийн ард байдаг л нэг хүн. Энэ засаг ийм олон нүүртэй байх үгүйг харж л байя. Хэрвээ миний дүр, энэ засгийн дүр хоёр хоорондоо таарахгүй бол бид хамтарч ажиллах бололцоогүй л дээ.
– Та энэ засагт хэрэгжүүлээд явах бэлэн проект үлдээсэн юм уу. Жишээ нь таныг төмөр замыг хамгийн их ярьдаг мөртлөө ганц ч км төмөр зам тавиагүй гэдэг ш дээ?
– Үлдээлгүй яах юм бэ, бэлэн төслүүд байж л байгаа. Төмөр замын тухайд зам барих мөнгийг нь өгөөгүй. Тэгээд зориудаар цуурхал, гүтгэлэг тараадаг юм. Мөнгийг нь өгөөд байхад төмөр замаа бариагүй юм шиг л ярьдаг. Үнэндээ бол бариулахгүй гэсэн бодлого байсан. Сая нарийн царигаар барихаар шийдээд тэгээд л мөнгө олгогдож байгаа шүү дээ. Би зөндөө хэлсэн. Нүүрс өнөөдөр мөнгө олоход хэрэгтэй ч, монгол хүн эх орондоо эзэн байх, энэ улсыг үр хүүхэддээ бүрэн бүтэн үлдээхэд нүүрс зөөж их мөнгө олох гэсэн буруу бодлого ямар их хохирол авчрахыг, авчирсныг ойлгох цаг бодитой ирлээ л дээ. Сая шинээр томилогдсон Зам, тээврийн сайд нь чуулган дээр шинэ төмөр замыг Хятадын мөнгөөр барина гэсэн юм ярьж байна лээ. Харж л байя. Одоо баахан хятадууд орж ирж зам тавих байх. Миний ойлгож байгаагаар орон нутгийн шинж чанартай өртөөнүүд нилээд босох байх. Тэнд хэн суурьших бол? Ганцхан худалдан авагч руу, зөвхөн нүүрс зөөхөөс өөр зориулалтгүй замыг дэд бүтцийн төсөл гэдэггүй юм. Энэ бол хөршийн төмөр замын салаа зам, Тавантолгойн нүүрсийг л зөөх цехийн зам.
– Та өмнөх Ерөнхий сайдтайгаа тааралгүй танхимаасаа гарсан. Одоо Ерөнхий сайдын сонголт дээрдсэн үү?
– Хувийн харилцаанаас үүдэж муудалцаагүй байх. ҮХААЯ-г толгойлоод, үйлдвэрээ хөдөө аж ахуйтай холбоод, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдээд, хөдөө аж ахуйн биржээр зараад, зарагдсан бүтээгдэхүүнээ Хятад төдийгүй Европ руу гаргая гэсэн нэг бодлого байсан. Хоёрдах нь газрын доорх баялаг төмрийн хүдэр, коксоо нийлүүлээд ган болгоё гэсэн. Харамсалтай нь, өмнөх Ерөнхий сайд энэ бодлогыг огт дэмжээгүй. Гадны заавар байсан болов уу гэж харддаг. Зөрчил эндээс л үүссэн. Ерөнхий сайд дэмжихгүйгээр салбарын бодлого хол явахгүй шүү дээ. Удалгүй Ерөнхийлөгчөөс давхар дээлний асуудал оруулж ирсэн. Би хувьдаа Ерөнхийлөгчөөс “Засгийн газартайгаа хариуцлага тооц, болохоо байлаа” гэдэг дохиог хөвөнд боогоод АН руу, УИХ руу шидсэн гэж л ойлгодог. Учир нь Ерөнхийлөгч өөрөө хоёр удаа Ерөнхий сайд байсан хүн тэр муу, энэ сайн, тэрийгээ соль, энийгээ үлдээ гэж шууд хэлэх бололцоогүй. Засгийн газрыг огцруулах хэмжээнд муу ажиллаж байгааг өөрөөр хэлэх хувилбар Ерөнхийлөгчид байгаагүй. Тэгээд л давхар дээлний асуудал мандсан. Ерөнхийлөгчийн энэ мессежийг далимдуулаад би засгаас гарсан. Тэнд дүр эсгээд суух шаардлага надад байхгүй. Хэрвээ сайдын суудалд дуртай, ажил биш сайд байх нь чухал, ингэж тэгэж яваад хожим Ерөнхий сайд болох замаа засъя гэж бодсон бол Ерөнхий сайдтай эвтэй царайлаад, эсвэл үйлдвэржилт гэж Ерөнхий сайдаа уурлуулахгүйгээр байгаад байж болох шүү дээ. Би тэгж чадахгүй.
– Ерөнхий сайдын сонголт дээрдэж чадсан уу гэдэг тухайд…?
-Ядаж л гадаад, дотоод хэлтэй юм даа. Дэлхий дээр болж байгаа мэдээллийг орчуулгагүйгээр аваад байдаг хүн. Нэгэнт бусдаас долгион аваад байна гэдэг чинь хүссэн хүсээгүй харьцуулалт хийх, бид яаж байна, бид яаж хөгжих ёстойг бусдынхтай харьцуулаад байх болов уу. Бас ч гэж залуу хүн учраас улстөрд удаан явахаа, үр удмаараа нэр цэвэр үлдэхээ бодож улс орны төлөө үнэхээр ажиллах гээд зүтгэх болов уу гэж горьдож байгаа. Түүнээс биш, суудал хадгалах гэж, бусдын эрх ашгийг хангах гэж түр зуур Ерөнхий сайд байх даалгавартай орж ирсэн бол улстөрчийнх нь карьер, хувь хүмүүсийнх нь намтар их хурдан дуусах байх. Яагаад гэвэл хувь хүнд түр зуур ч болов нууц гэж байж болдог бол улс орны түүхэнд нууц гэж байдаггүй. Хэрвээ эрдэс баялаг, эрх мэдэл хоёр нийгмийн цөөхөн хэсэг дээр төвлөрвөл тэнд дарангуйлал тогтдог нь түүх. Харин эрдэс баялгийн өгөөжийг нийгмийн олонхи хүртвэл улсын эдийн засгийн өсөлт болдог. Шинэ Ерөнхий сайд дарангуйлал, эдийн засгийн өсөлт хоёрын аль руу нь улсаа чирэхийг, танхимаа яаж удирдахыг харж л байя.
– Танхим нь яаж бүрдсэн бэ, МАН-ыг оруулсан нь оновчтой сонголт мөн үү?
– Танхимд үүнээс өөр сонголт байхгүй. Байгаа боломж нь л энэ. Гадаа байгаа чадвартай, мэргэжил өндөртэй ийм хүн орох Баабарын бичсэнчлэн, мэргэжлийн Засгийн газар байгуулах бол бүтэхгүй. Нам бус хүн Засагт тавибал энэ намууд чинь өрвөлзөөд, аюул болно биз дээ. Одоогоор гаднаас сайдаа бүрдүүлэх эрх зүй, тогтолцоо алга. МАН-гүйгээр явах бололцоогүй, бодлого явахгүй болсон нь нэг талаар бас үнэн шүү дээ. Цаашаа сайн ажиллахын тулд бид заримдаа ч болов үнэнтэй эвлэрэх хэрэгтэй.
– Сая Засгийн газрын яамдын хуваарилалт, Ерөнхий сайдын болон сайд нарын томилгоо хүртэл МоАХ фракц ямар үүрэгтэй оролцсон бэ?
– Ер нь УИХ-ын сонгуулиар бид есөн кноптой УИХ-д орсон. Гурван хүн маань сайд болоод нүүр буруулсан. Ц.Оюунгэрэл, Д.Түвдэндорж, Лу.Болд гурав. Сайд болчихоор чих нь дүлийрээд, гишгэж дээшилсэн гишгүүрээ мартчихдаг хүмүүс байдаг л юм. Үлдсэн зургаа нь үзэл бодолдоо үнэнч байх гэж хичээж л байна. Шүүмжлэх сөрөг хүчин байхад засагт орж өмнөх яамдад хийсэн ажлаа үргэлжлүүлэх нь зөв гэж шийдсэн. Тэгээд хөдөө аж ахуйн салбараа квотоор авсан, юу болоод байгааг хуулийнхан нь ч мэдэхээ байчихсан хууль зүйн салбарыг өөд татах байх гэж Д.Дорлигжавтаа даатгалаа, гадаад харилцаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого, хамтын ажиллагааны үргэлжлэл гэдэг утгаар нь Л.Пүрэвсүрэнд найдаж байгаа.
– Д.Дорлигжав, Л.Пүрэвсүрэн хоёр МоАХ-ын квотоор засагт орж байгаа юм уу?
– МоАХ-ны анхдагчид. Хэрвээ квот ярьвал Ерөнхийлөгч ч МоАХ-ынх. Сая Засгийн газарт Ерөнхийлөгчийн саналаар сайд болж байгааг нь МоАХ-ынх гэж байгаа нь тэр юм. Нэмэх нь Р.Бурмаа гишүүн сайд болсон.
– Р.Бурмаа гишүүний хувьд харин тэс өөр салбарт, тэгээд дан дээл гэж баахан ярьчихаад?
– Хүнс, хөдөө аж ахуйн салбарт тавьсан нь зарим хүнд тэс хөндлөн сонсогдоод байж магадгүй. Р.Бурмаагийн хувьд хариуцсан ажилдаа тууштай. Ерөнхийдөө хоёр сайдаа гаднаас тавилаа. Дотроосоо нэг сайд томилъё гээд Бурмаа гишүүн дээр санал нэгдсэн юм. Сайд бол бодлого тодорхойлдог улстөрийн албан тушаалтан, Р.Бурмаа чадна аа.
– Ер нь та үргэлж л сэтгэл дундуур яваад байх юм. Үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа хийчих байх гэсэн найдвар, энийг шинэчилнэ гэсэн итгэл алга уу?
– Одоогийн УИХ-гишүүдийн зарим нь намын жагсаалтаар, зарим нь сонгогдсон. Хүссэн хүсээгүй ард түмний төлөөлөл. Хоёр жилийн дараа буруу замаар будаа тээснээ ойлгоод, удирдлагаа сольж, бүх намууд нэгдэн 2016 оны ээлжит сонгууль хүртэл хамтарч засгаа барихаар боллоо. Тэр хүртэл Засаг огцрохгүй. Одоо энэ гурав хүрэхгүй сая хүний ирээдүйг барьж байгаа намууд, зурагтын өмнө уйлагнаж ярьдаг хүмүүс маань өнөөдөр бодитой ажил хийж, энэ Засгаа олигтойхон аваад, тэмүүлээд яваасай л гэж бодож байна. Болж бүтэхгүй байгаа бүгдийг засч амжихгүй. Гэхдээ зөв эхлэлийг тавих бүрэн бололцоотой. Тэгэх гэж л засагт бүгдээрээ хамтарсан. Улс орын эдийн засгийг хэдэн жилээр нь тэжээх Оюутолгой, Тавантолгойн ордын асуудлыг Монгол Улсын эрх ашиг, ард түмний олонхий хүсэл, хүртээмжид нийцүүлж шийдэх ёстой. Харин Ерөнхий сайд болсон, засагт хамтарсан зорилгоо мартаад улс орны тусгаар тогтнолын эсрэг, эдийн засгаа гадаад орчинд боомилуулах, хэдхэн олигархийн эрх ашигт нийцсэн зүйл хийх гэвэл ганц би, МоАХ ч биш, дуугарах эрүүл саруул гишүүд энэ Их хуралд бий гэдгийг мартаж болохгүй. 2016 он удахгүй, одоо ард түмний эсрэг шийдвэр гаргавал ард түмэн удахгүй сонгуулиар хариуг нь өгнө гэдгийг мартаж болохгүй. Өглөө утсаа асаагаад хэн нэгэнтэй ярихад муу мэдээ, гэрээсээ гарахад утаа униар, бөглөрөл, орой зурагт үзэхэд тулга тойрсон хэрүүл гээд сэтгэл тайван өөдрөг байх юм ховор л байна. Харьцангуй өндөр албан тушаалтай, цалин өндөртэй, санхүүгийн асуудлаа шийдчихсэн бидэнд ийм хэцүү байхад огт мөнгөгүй, идэх өдрийн хоолоо аргацааж байгаа нийгмийн эмзэг хэсэгт сэтгэл тайван байх, ирээдүйдээ итгэлтэй байх найдвар хэр их байх бол. Улстөрчдөд нэг гоё үг байдаг даа. Монгол хүн хаана зовж, өлсч байна, тэнд засгийн газар байна гэж. Сонгуулийн үед ингэж л хэлдэг. Бодит байдал дээр улстөрчид, Засгийн газар маань хаана монгол хүн өлсч, зовж байна тэндээс тойрч зугтаад, харин хаана их мөнгө, эрх мэдэл байна тэнд бөөгнөрдөг болчихжээ.
– Ц.Нямдорж гишүүн бас ингэж хэлээд байгаа, ганцаараа сөрөг хүчин болно гээд л. Магадгүй, энэ засаг таны санаснаар ажиллахгүй бол та хоёр нэлээд хорших нь дээ. Гэтэл та хоёр чинь нэг нь нөгөөгөө шүүхэд өгсөн, нөгөө нь Баттулгыг Ерөнхий сайд болбол намаасаа гарна гэж мэдэгдэж явсан хоёр доо
– Худал, хуурмагтай нийлж найзалж болохгүй гэдгээс бус, үнэний төлөө хэнтэй ч санаа оноо нийлж, хамт явж болно шүү дээ. Ц.Нямдорж гишүүний тухайд бид хоёрт хувь хүний зөрчил байхгүй, шүүхээр шийдүүлсэн асуудал дээрээ ч сүржигнээд яваа юм байхгүй. Шүүх Нямдоржийг буруутай гэсэн. Хуульч хүн хуулиа яаж биелүүлэх нь тэр хүний л хэрэг. Надад бол уучлалт гуйсангүй гэж өширхөөд, уучлалт гуйчихсан гэж хөөрч гүйгээд байх юм алга. Хэдийгээр адайр зантай, хатуу үгтэй ч Ц.Нямдоржийг би Монголын улстөрд байх ёстой хүн гэж хувьдаа хүндэлж л явдаг. Харин би жаахан гэнэдүүлчихсэн юм. Түрүүчийн хамтарсан Засгийн газрын сайд нараас авлигад авсан байраа түрээсэлж байсан нь, дараа нь тэр байрнаасаа гарсан нь ганц Нямдорж юм шүү дээ. Сая бол мань хүн нөгөө, муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг барьц алдсандаа миний нэрийг барьчихаж байна лээ. Би Баттулгыг “Ерөнхий сайд” болбол намаасаа гарна гэж хэлсэн гээд байгаа юм. Гэтэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болчихсон байхад намайг болбол гарна гэж ярих утга байсан уу? Бүр хожим Ерөнхий сайд МАН-д зөвшилцөх бичгээ хүргүүлсний дараа Нямдоржын намаасаа гарна гэдэг яриа дэгдсэн шүү дээ. Яах вэ, иймэрхүү хоргүй заль улстөрд, улстөрчдөд байх л. Том улстөрч хүн, Түвдэндорж шиг жижигрэх утгагүй ч, би нэг их тоогоогүй л дээ.
– Түвдэндорж яасан гэж?
– Түвдэндорж үнэн богинохон улстөр хийсэн. МоАХ-ны даргын тайлсан давхар дээлийг холбооных нь дэд дарга ухасхийн шүүрч өмсөнө гэдэг улстөрд байж боломгүй ёс зүй. Жаахан тэвчсэн бол Р.Бурмаагийн оронд жинхэнэ сайд болох байлаа. Гэтэл адгаад 2 сарын настай сайд болов. Түвдэндорж улстөрч хүн биш гэдгээ л харуулж байгаа юм. Алсыг хараагүй, сонгуулийн дөрөв, дөрвөн жилийн үсрэлт чинь биднийг ийм жижиг болгоод байгаа юм.
– Ярилцлагынхаа төгсгөлд танаас жүдогийн тухай асууя. Монголчууд жүдочдоосоо медаль хүлээгээд сурчихжээ. Гэтэл сая Токиод болсон тэмцээнээс ганц ч медальгүй ирлээ. Үүнийг янз бүрээр шүүмжилж зарим нь зардлаа өөрсдөө төлсөн учраас боллоо гэж байна.
– Бид ер нь аливаа тэмцээнд дандаа л клуб, холбоо, хувийн зардлаараа явж байгаа. Төрөөс, улсаас, бүр яам байгуулагдаад ч өгч байгаа юм байхгүй. Саяын Токиогийнх бол оны сүүлийн тэмцээн. Манай шигшээ баг цөөхүүлээ, 30-аад хүнтэй. Бусад оронтой адилхан биш. Оны эцэст тамирчид нэлээн ядардаг. Олон тэмцээнд сэргэлт авч амжилгүй ордог. Хоёрдугаарт, Токиогийн тэмцээнд манайхан нэг их хүчтэй барилдаан хийхгүй гэсэн шийдвэртэй явсан. Учир нь, Токиод японы бүх клубын цугларалт болдог. Өөрийн болон гаднын тамирчдыг хэдэн арван камераар тал талаас нь бичиж аваад, судалдаг. Олимп дөхөж байгаа энэ үед бид нэг их хүч гаргахгүй, судлуулахгүй байх нь зөв гэж үзсэн. Жишээ нь, Урнааг бид явуулаагүй. Ирэх олимпод найдвар тавьж байгаа тамирчдаа явуулахгүй байх, явсан нь хамаг юмаа дэлгэж барилдахгүй байх бодлого барьсан. Үүнийг зарлалтай биш. Гэтэл бор зүрхээрээ яваа хэдэн тамирчдыг маань эх орондоо ирж ч амжаагүй байхад л спорт мэддэггүй зарим хүн чичилж, шүүмжилсэн байна лээ. Уг нь монгол хүн бүр л энэ улсынхаа төлөө манай жүдогийн хэд шиг л хийх ёстойгоо хийсэн шиг хиймээр байгаа юм.
-Жүдогийн спорт Монголын спортыг, Монголчуудыг их баярлуулж, спортын нүүрийг тахалж байна. Үүнийнх нь төлөө Жүдогийн холбоонд дэмжлэг байдаггүй юу?
-Байхгүй. Төрөөс ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Яам байгуулагдаад ч дэмжлэг байгаагүй. Монголчууд 1.3 тэрбум хүнтэй Хятадтай, 140 сая хүн амтай Оростой олимпийн төрөлд яс өрсөлдөж байна. Энийг ялгаж, салгаж ойлгох болов уу гэсэн яам байгуулагдаад ч явсангүй л дээ. Бидний л зовлон юм байлгүй, тамирчны амьдралдаа дуртай учраас байгаа хэдийгээ, дэмжигчдээс өгснийг нь зардалдаа зориулчихаад л улсынхаа нэр нүүрийг тахалж л явна. Холбоо таван хүүхдэд өвдөгний хагалгаа хийлгэсэн. Солонгосчуудаар зээлээр хийлгэсэн, мөнгө нь нэхэгдээд л явж байна. Урьдчилгаа өгчихөөд, муухайгаар хэлбэл хулхидаад л явж байгаа.
– Тамирчдын зардлыг та хувиасаа төлдөг үү?
– Холбоо, Холбооны дэмжигчид, клубууд. Тухайлбал, Хангарьд бол Эрдэнэтийг тулгуурладаг учраас тэдний тамирчид яваад байдаг. Тамирчид өөрсдөөсөө гэхээс илүү аав, ээжээсээ дэмжлэг авдаг. Сайн амьдралтай аав, ээж ховор. Яриад л баймааргүй л дээ. Шүд зуугаад цааш явна. Олимп хүртэл явна. Тэгээд л зодог тайлна даа.
– Зодог тайлна гэдэг нь?
– Холбоогоо өөр хүнд өгнө. Бид нар төлөвлөгөөгөө, зорилтоо биелүүлсэн.
– Таныг хувиасаа их дэмждэг гэсэн?
-Хувиасаа л гаргана шүү дээ, өөр юунаас гаргах юм. Хувь гэдэг нь миний хувийн халаас биш. Хувьцаат компаниудын ногдол ашиг түүнийгээ урьдчилж аваад үүрээд яваад байгаа. Үүрэг л юм уу даа.
– Н.Түвшинбаяр аварга 2016 оны олимпод барилдах уу?
– Үзнээ. Нэмэх жин бол 34, 35 нас хүртлээ үздэг онцлогтой. Форм л сайтай байх хэрэгтэй. Манай хүн залуусын хэлдгээр төрчихсөн гэмээр ховорхон бөх шүү дээ, хайрламаар. Цагаанбаатар байна. Дахиад Цагаанааг гаргах гэж 10, 20 жил болно. Ийм тамирчид чинь төрдөг байхгүй юу…
http://otgonbayar.niitlelch.mn/content/6625.shtml ярилцсан Г.Отгонбаяр
Discussion about this post