– Түүх номлодог, бичдэг хүн арай ч “Чингис хаан” нэрийг “зарах” хүмүүстэй нэгдээгүй байх, тийм үү?-
Монголчуудыг аравхан настай Хөгжлийн банкаа дотооддоо “цөлмүүлж”, намаас нь хөөж, шоронд илгээлцэж суух зуур гаднынхан зарим банк руу сарвалзаж эхэллээ. Нэг талаас харахад Хөгжлийн банкнаасаа зулгааж тэтгээд болоод байсан, болохоо байлаа гэдгээ зарим нь хилийн чанад дахь түншүүддээ дуулгаа юу даа ч гэж хардмаар. Нөгөө талаас Монголын банкуудыг унаж босож, сөгдөж тэвдэж байхад нь залгих нь шуналаараа бизнес хийж буй тэдний буруу биш ч юм шиг. Хамгийн сүүлийн жишээ дурдахад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баянмөнх техник дэвшил” ХХК “Чингис хаан” банкинд хөрөнгө орууулах сонирхолтойгоо илэрхийлж Монголбанкинд албан ёсоор хүсэлтээ ирүүлсэн байдаг.
Энэ компанид “Чингис хаан” банкны толгой компани болох “Ньюстандарт финанс” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдах шийдвэрийг гаргасан тухай албан бичгээ ч тус банкнаас Монголбанкинд хүргүүлсэн гэдэг. Дээрх мэдээлэл бодитой бөгөөд хамгийн сүүлд авсан мэдээллээр “Чингис хаан банкинд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байгаа “Баянмөнх техник дэвшил” ХХК-ийн зүгээс судалж шалгах ажлаа хэдийнэ эхлүүлж “Эрнест янг”-ыг сонгон гэрээ байгуулж нууцлалын гэрээгээ 10 гаруй хоногийн өмнө байгуулсан байх юм. Өнөөдрийн байдлаар дампуурлаа зарлаагүй боловч “клиник үхэлд” байгаа “Чингис хаан” банкны хамаг “үнэ цэн” зөвхөн “Чингис хаан” гэдэг нэрэндээ байгаа гэдэг таамаглалыг баттай эх сурвалжууд үгүйсгэхгүй байгаа юм.
“Чингис хаан” банкинд юу тохиолдов?
Одоогоор Иргэний хэргийн шүүх дээр л гэхэд ЭМДЕГ-ын 27.8 тэрбум, ЖДҮДС-ийн 170 тэрбум, Хөгжлийн банкны 25 тэрбум, Хадгаламжийн даатгалын корпорацийн 16 тэрбум, Голомт банкны 11 тэрбумын нэхэмжлэлтэй, цаашилбал ИНЕГ, “Тавантолгой” ХК, “Гашуун сухайт авто зам”, “Тавантолгой төмөр зам”, Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогттой нэр холбогдон бичигдэх болсон “Вестерн холдинг” гэхчлэн 20 орчим байгууллага “Чингис хаан” банкийг хариуцагчаар татсан байдаг. Эдгээрээс жишээ нь “Вестерн холдинг” компани л гэхэд Хөгжлийн банкнаас олгосон зээлийг нь дамжуулан зээлдэх үүрэг хүлээсэн “Чингис хаан” банк нь зээлийн мөнгийг нь саатуулсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг үүсгүүлээд байгаа аж. Одоогоор “Чингис хаан” банк энэ хэргийн тухайд импортын баталгаа гаргаж өгч асуудлыг 2022 оны 3 дугаар сар хүртэл хойшлуулсан бөгөөд тус банкны Гүйцэтгэх захирал асан Д.Сандагдорж, Ерөнхий захирал Б.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгуулж байгаа гэсэн мэдээлэл бий.
Дээрх компаниас гадна “Содмонгол групп” ХХК ч мөн л “Чингис хаан” банкийг “Өр төлбөр саатуулсан нь гэмт хэргийн шинжтэй” гэх үндэслэлээр гомдол гаргасан нь анхаарал татаж буй бөгөөд энэхүү “саатуулсан” гэдгийн цаана авлигын асуудал байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлдэг. Мөн Хөгжлийн банкнаас “Чингис хаан” банкийг “харилцагчийг залилсан” гэх гомдлоор Эрүүгийн цагдаагийн албанд хандаад байгаа гэхчлэн ноцтой асуудлууд өрнөсөөр байна. Тэд яаж дээрх төрийн байгууллагуудын болон улстөрчдийн хамаарал бүхий компанийн мөнгийг татсан юм бол? Хэн, хэн нөлөөлөл үзүүлсэн байх вэ?
Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаатай холбоотойгоор тус банкны хөрөнгө болон харилцах дансыг битүүмжилсэн байдаг бөгөөд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэх эзэмшлийн хөрөнгө оруулалтыг ч битүүмжилжээ. Гэтэл 2022 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар “Чингис хаан” банкны цэвэр актив нь ердөө 60 тэрбум төгрөг байгаа ч тус банкнаас болохоор 300 тэрбум гэсэн тайлан ирүүлдэг байх жишээтэй.
Ийм байдалтай байгаа “Чингис хаан” банкийг яагаад Хятадын компани худалдаж авахаар улайрах болов?
“Чингис хаан” банк хэнийх вэ?
Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” банкны 40 хувийг Дашцэрэнгийн Батаа, 32 хувийг Шүхэртийн Бүтэд, 28 хувийг Цэдэн-Ишийн Баярсайхан нар эзэмшдэг. Д.Батаагийн хувьд хилийн чанадад ажиллаж амьдардаг, одоо мэдэгдэж байгаагаар зөвхөн хөрөнгө оруулалт хийдэг цэвэр бизнесмэн бололтой. Түүний баяжсан түүхийг одоогийн “Ривер гарден” зэрэг орд харшуудыг сураггүй тэр хавийн газрууд цэлийж байхад багахаан газар авч хашаалаад ашиглаж байтал гэнэтхэн тэр хавийн газрын үнэ огцом өсч одоогийн luxury хотхонууд сүндэрлэж газраа үнэлж зарсан байдаг. Тэр нь одоогийн Time square, “Хан хиллс” хавийн газрыг эзэмших гэхчлэн цэвэр замаар мөнгөжсөн бололтой юм. Саяхан болтол “Хан хиллс”-ийн хаусыг худалдаж авахад 1% хүүтэй зээл гаргаж өгөөд байсны учир ч үүнтэй холбоотой байж болзошгүй байгаа биз?
Харин хамтрагчид нь түүнийг банкны захирал болгох мөрөөдлөөс нь “төөрүүлчихэж”.
Тус банкны зээлийн шийдвэрийг Гүйцэтгэх захирал шийдвэрлэдэг болохоор өөрсдийн хүмүүсээ банкны эрх мэдэлтэй албан тушаалд томилж байгаад бүх зээлийг өөрсдөө авчихдаг. Ерөнхийдөө баримтаас харахад энэ гурван “эзэн” гурвуулаа өөрийн “Чингис хаан” банкиндаа зээлийн бүртгэлтэй, нийт зээлийн багцийн дийлэнх хэсэг нь тэдэнд өөрсдөд нь очжээ. Тэднийг өөрсдөдөө зээл гаргаж байх үед энэ албан тушаалд Д.Сандагдорж ажиллаж байсан. Одоо тэр “тоглоомоос” гарсан.
Ш.Бүтэдийн хувьд бодит байдал дээр түүний дүү, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэн гол эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Түүнийг “банкир” Шүхэртийн хүү гэдгээс гадна “Мондулаан”, “Нүүдэлчин групп” гэхчлэн бизнесийн түүхтэй, алт, уул уурхайгаар оролддог, эд нар дотроо банкирын удам, дээр нь төмрийн уурхай зэрэгт шинээр хөрөнгө оруулж бэлэн ёстой л мөнгөний “шок”-нд орж бэлэн төслүүдийг хөрөнгөжүүлж эхэлсэн гэдгээр нь бизнесийнхэн мэднэ.
Харин Б.Батхүүгийн хувьд ямар хөрөнгө оруулсан нь тодорхойгүй. Таамаглавал, Сергей Громов анхнаасаа энэ банкийг өөрийн хөрөнгөөрөө эзэмшсэн, сүүлдээ зээлтэй болж гарсан түүнд банкных нь лицензээс өөр юу ч үлдээгүй. Тиймээс С.Громовтой муу зээлээр нь тохироо хийх замаар “Чингис хаан” банкны “эзэмшигч” болсон байх магадлалтай. Хамгийн ноцтой нь Б.Батхүү бол “Чингис хаан” банкны зээлээр их хэмжээний хэлцэл хийж “Степп голд” алтны компаний хувьцааг Торонтогийн биржээс худалдаж авсан! Дээхнэ үеийн “Туборг” шар айргаар хочлогддог, тэндээс бизнесийн түүх нь эхэлсэн гэдэг бөгөөд түүний гэр бүлийн хүн Ц.Баярсайхан “Чингис хаан” банкны хувьцааны 28 хувийг эзэмшдэг гэж бүртгэгджээ. Гэтэл тэрбээр “гэр бүлээсээ салсан” гэж мэдээлэл гаргаад байхад хамт амьдарч буй хэрнээ хариу тайлбар хийдэггүй нь сонирхолтой бөгөөд “тактик” байж болох юм. Б.Батхүүгийн хувьд одоогоор эрүүгийн хэд хэдэн хэрэгт шалгагдаж буй бөгөөд тэдгээрийн дотор эмэгтэйчүүдийг зэрлэгээр зодож гэмтээсэн асуудлууд ч тааралдах аж. Ийм л хүмүүс дээрх банкийг толгойлж, өнөөдрийн байдлаар бид Чингис хаан банкныхаа толгой компанийн бүх хувьцааг Хятадын хөрөнгө оруулалттай компанид зарчихлаа. Банкийг нь авахад татгалзахад эрхгүй болчихлоо гэсэн утгатай бичиг Төв банк руу илгээчихээд сууж байна.
”Чингис хаан” нэртэй банкийг зарах уу?
Одоо “Чингис хаан” банкнаас мөнгөө нэхэмжилж шүүхэд хандаад байгаа төрийн сангууд, төрийн байгууллагуудын асуудал л анхаарал татаж байна.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр ХНХ-ын сайд А.Ариунзаяа НДС, ЭМДС-ийн “Капитал” банкнаас авах ёстой авлагыг үл хөдлөх хөрөнгөөр дүйцүүлж аваад дуудлага худалдаанд оруулж худалдан өр авлагыг дуусгахаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Хөрөнгийн жагсаалтыг дараагийн удаад зарлах болно.
Энэ нийтлэлийн маань гол зорилго нь “Чингис хаан” банкийг яагаад Хятадын хөрөнгө оруулалттай компани худалдаж авах гээд байна вэ? Хувь эзэмших, хөрөнгө оруулах бол сайн хэрэг. Муу үзүүлэлттэй банк байсан ч хамаагүй хувь оруулаад өөрсдөө “банкны эзэд” гээд сууж байх бол тэдний л хэрэг. Гэтэл яагаад заавал худалдаж авч байгаагийн шалтгаан нь “Чингис хаан банк” гэдэг нэрийг өөрийн болгох гээд байгаад харамлах хардах сэтгэл төрөөд байгаад оршино.
“Чингис хаан” нэртэй компанийг хятад хүнээр эзэмшүүлмээргүй байна. Монгол түмний сүр сүлдийг тэгж алдсанаас өөрсдөө дампууруулаад нэрийг нь хадгалчихсан нь дээр биш гэж үү? “Баянмөнх техник дэвшил” гэдэг хөрөнгө оруулагч нь 2019 оны 1 дүгээр сарын 21-нд байгуулагдсан, Баянмөнх Мэй Юү гэдэг хуулийн этгээдийн мэдэлд, Ли Шан гэдэг хятад иргэний нэр л байх юм. Тэд “Чингис хаан” банкны нэг хувьцаа эзэмшигчээс нь банкны нэрийг 50 тэрбум төгрөгөөр худалдаж авах, дээр нэмээд бүх өрийг нь тэглэх, хувьцааг нь худалдаж авах санал аваад уухайн тас зөвшөөрсөн гэх сураг дуулдлаа. Үнэн хэрэгтээ “Чингис хаан” банкинд үнэлгээ гээд байх юмгүй. Иргэн миний бие монгол иргэнийхээ хувьд энэ банкийг авъя гэвэл надад уухайн тас өгөх байх, гэхдээ бөөн өрөнд унана, “бонус”-т нь шоронд орж мэднэ. Гэтэл ямар ч үнээр хамаагүй авах гээд байгаагийн цаана ашиг сонирхол байгаа биз? Үүний төгсгөлд тэр нэгэн хүн яагаад намайг заналхийлээд ч хамаагүй “Эхнэрээсээ салсан” гэж “санаатайгаар зарлав” гэж бодогдсон шүү. Түүх номлодог, бичдэг хүн арай ч “Чингис хаан” нэрийг “зарах” хүмүүстэй нэгдээгүй байх, тийм үү? Бодлыг яллаж болдоггүй биз дээ?
Discussion about this post