-Банк дампууртал “казиноддог” хүмүүсээр төрөө бариулчихсан монголчуудын ганц найдвар нь “Гэрээ нураагаад ч хамаагүй Хөгжлийн банкийг аврах” гэж буй генсек болчихоод байна-
МАН-аас 2022 оны 1 дүгээр сарын 28-нд мэдэгдэл гаргаж, үүнд “Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн, зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно” гэсэн. Хамгийн таалагдаад байгаа үгс, шаардах гээд байгаа агуулга маань энд байгаа юм. Үүний дараахан 2022 оны 2 дугаар сарын 08-нд уг мэдэгдэлд нь дурдагдсан 2012 оноос хойш өнөөдрийг хүртэлх тус банкны ТУЗ болон Зээлийн хороонд хэн хэн, хэзээ ажиллаж байсныг олон нийтэд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх мэдэгдэл хэн дээр очиж тусахыг “зааж” өгсөн. Одоо хариуцлага хүлээлгэхийг нь хүлээж байна.
Дахин хэлэхэд зээлдэгчид “буу барьж банк дээрэмдээгүй”, залилангийн төсөл бариад орлоо гэж бодоход түүнийг нягталж зээл олго гэж дээрх ТУЗ, Зээлийн хорооныхонд тусгайлан эрх үүрэг олгосон байдаг. Энэ нь Хөгжлийн банкны тухай хуулиар зохицуулагддаг.
Мэдээж зээлдэгчид асар буруутай. Гэхдээ “мөнгө угаах” гэмт хэрэгт хамрагдах нь ч бий, шинж тэмдэг нь хамрагдахгүй нь ч бий. “Санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн” гэдгийн тухайд хууль хяналтын байгууллагынхан л мэргэжлийн ур чадвараараа нотлох биз. Хэрэв тийм бол өнөөдрийг хүртэл тухайн ААН-тэй Хөгжлийн банкийг төлөөлж харилцаж албан тушаалтан үүргээ эс биелүүлэх замаар хамтарсан байж болзошгүй.
Өнөөдрийн байдлаар МАН-ын генсекийн хэлсэн “намаас түдгэлзүүлэх” үндэслэлийг буй болгочихоод байгаа хүмүүст хэрхэн хариуцлага тооцох вэ, цаг алдалгүй Монголын төрд ажиллахыг нь болиулаач гэдэг санал, шалтгаанаа бичихийг зөвшөөрнө үү!
Юуны өмнө АТГ-ын мэдээлснээр, тус байгууллагаас шалгаж буй “Хөгжлийн банкны 52 зээлдэгч” гэдгээс харахад УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат нарыг нэрлэх ёстой.
Дээрх хүмүүсийг нэрлэхдээ Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгийн Хөгжлийн банкны зээл олголтод хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны талаар 2022 оны 2 дугаар сарын 10-нд мэдээллэлд үндэслэж байна. Өөрөөр хэлбэл, уг мэдээлэлд дурдсанаар “Хөгжлийн банкнаас 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 3/87 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 220200075 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн учраас МАН-ын 30 дугаар Их хурлаас шийдвэрлэгдсэн, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлээд байгаа үндэслэл.
Одоо эдгээр гишүүнийг мөрдөн шалгах ажиллагааг дуустал түдгэлзүүлэх ёстой биз дээ, Д.Амарбаясгалан дарга аа! Бид зөв ойлгосон уу?
Цаашилбал, 2012 оноос өнөөдрийг хүртэлх 10 жилийн хугацаанд Хөгжлийн банкинд эрх бүхий хашиж байсан албан тушаалтнуудыг албан тушаал хашихдаа Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэг хууль тогтоомжийн дагуу дээрх 52 зээлийг олгосон эсэх, албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хууль бусаар олгосон эсэх, хахууль авч, төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж буйг АТГ мэдээлсэн.
Өнөөдрийн байдлаар Монголын төрд тухайн дурдагдсан хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр удаа дараа ажиллаж байсан, М.Баярмагнай, С.Наранцогт, Ж.Бат-Эрдэнэ нар Дэд сайдаар, Д.Ганбат ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаа, Баярмагнай ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан, одоо мөн л Эрчим хүчний дэд сайд. Мөн 2012-2013 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, тухайн үеийн Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч бөгөөд 2017 онд Хөгжлийн банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийх эрхтэй болсон. Тэр хүн “Хөгжлийн банкны нийт активын 50 гаруй хувь чанаргүй болсон. Чанаргүй болсон зээлүүд нь 2015 оноос өмнө олгосон урт хугацааны том зээлүүд. Хөгжлийн банкны ихэнх олгож байгаа зээл нь Засгийн газрын зөвшөөрлөөр олгосон. Монголбанкны зүгээс зээлийн чанарыг сайжруулах зөвлөмжийг Хөгжлийн банкинд өгч байгаа” гэж яриад сууж байна.
Одоо яах вэ? Хөгжлийн банкны зээлд болон зээлийн шийдвэрүүдэд ямар нэг байдлаар хамааралтай эдгээр хүмүүст МАН арга хэмжээ авах уу? Намаас түдгэлзүүлэх үү? Цаашид төрд ажиллах боломжийг нь хаах санал санаачилгатай нэгдэх үү?
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн “цаад эзэд” дунд танай намын “ах нар” төдийгүй өнөөдөр хашиж буй албан тушаалын эрэмбээр яривал олон хүнтэй “дайсагнах”, магадгүй “гэрээ нурааж” мэдэх эрсдлээр дэнчин тавьж “Банк тонож баяжихыг зогсоох” болсонд олон нийт итгэж талархаж байна. Гараараа “гал барьж” ажиллахын цаана “Нам банк тонодоггүй, харин төрийн баталгаатай, бага хүүтэй зээл ашиг сонирхлын зөрчилтэй улстөрчид, намчдыг цөөлөх” ч тохиолдол байдгийг харуулж мэдэхээр санагдаад явчихлаа.
Энд бичээгүй хүмүүс цөөнгүй үлдсэнийг МАН хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Төрөөс баталгаа гаргасан зээлийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд өгүүлсэн асуудал бол гэмт хэрэг. Зээлээ төлж чадахгүй байх нь шалтгаан, нотолгооноос хамааран Эрүүгийн хэрэг байх эсэх нь шийдэгдэнэ. Тиймээс удирдаж буй намаа “Шинэ дэвшилтэт” үзэлтэй, хариуцлагатай, мэргэшсэн, ёс зүйтэй институц болгох зорилтоо амжилттай биелүүлж, олон нийтийн итгэл хүлээсэн залуу багийг удирдаж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Та цаг алдалгүй хариуцлага тооцож харуулна уу.
Банк дампууртал казинодож байсан хүмүүсээр төрөө бариулсан бидний ганц найдвар нь гэрээ нураагаад ч хамаагүй Хөгжлийн банкийг аврах генсек болчихоод байна.
Таны гарт байгаа МАН-ын дүрэм Монгол Улсын Дээд шүүхээр батлагдсан, эрх барьж буй намын хувьд улс төрийн бусад намтай хамтран бусармаг үйлдэлтэй тэмцэж, эрх мэдлийн төвлөрлийг сааруулахаар зорьж буй их үйлст тань амжилт хүсье! Дараагийн нийтлэлээрээ УИХ-д олонх болсон эрх баригч намын нэр бүхий гишүүд Хөгжлийн банктай холбоотой зээлийн болон зээл олгох асуудлаар шалгуулах болсныг үндэслэн “хэт удаан хугацаанд” буюу хууль бусаар Байнгын хорооны даргаар ажиллаад байгаа явдлыг УИХ-ын даргад хандан бичих болно. Ялангуяа хэт олон асуудлаар, хэрхэвч шийдэж чадахгүйгээ харуулчихаад байгаа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад олон нийт итгэхгүй байна.
Discussion about this post