Дугарсүрэнгийн Гүн-Үйлс
Хутагт энэ зурган дээр 30 эргэм настай байна. 1835 оны орчим гэсэн үг. Тэр үед Монголын говиор аялж байсан гадны аялагч судлаачид хутагтын хийдийг үзэж явахдаа энэ зургийг авсан бололтой. Эргэлзэхийн өмнө нэг тооцоо хийцгээе. Гэрэл зургийн аппарат 1820-иод онд үүссэн гэж үзвэл 15 жилийн дараа мэргэжлийн аялагч судлагчдын хэрэглээд аль хэдийнэ нэвтэрсэн байж таарна. Нутгийн хүмүүсээр газарчлуулж, морь, тэмээ хөлөглөн, үлэмжхэн ачаа хөсөгтэй явдаг байсан гадныхан зураг угаах төхөөрөмжөө хүртэл авч явдаг байжээ. Ардын уран зохиолч Б.Догмид гуай энэ зургийг хутагтын бодит гэрэл зураг мөн гэдгийг хуучцуулын яриагаар баталж өгсөн юм. Зураач У.Чимэддорж гэж Догмид гуайн ах найз байж. Одоо байсан бол 100 шахсан буурал байх байж. Аймгийн төлөөлөгчөөр Хутаг уулын хошуунд явж байгаад оройхон нэг айлд ортол настай хөгшин бурхандаа мөргөж байжээ. Гэрийн баруун талд суунгаа бурханыг нь харвал нэг лам хүний гэрэл зураг байв. Эмгэн мөргөж дуусаад авдар дээрх хүрдийг эргүүлэн залбираад гийчдэд цай идээ тавьж өгчээ. Чимэддорж гуай жавдан дээр суусан номын хувцастай хуврагийн зургийг хараад “Эмээ, энэ ямар нэртэй бурхан бэ?” гэж асуувал “Говийн ноён хутагтын патиар” гэж. “Үнэн үү? Ноён хутагтынх гэдгийг нь та яаж мэдэж байгаа юм бэ?” гэвэл “Мэдэлгүй яахав. Өвөг маань адис жанлавыг нь хүртэж байсан хутагтыг сайн мэдэх хүн. Манай өвөг дээдсийн гурван үеийн шүтээн” гэж итгэлтэй хариулжээ. Чимиддорж гуай хуулбарлахаар авсан уг зургийг халамцуудаа хаячихаж гэж их халаглаж байсан гэдэг. Гэтэл хаа хойно түүний шавь, зураач Халтарын эхнэр Цэрмаа нөхрийнхөө номын завсраас олж бөөн хөөр баяр болжээ. Үнэндээ Чимэддорж гуай хаяж үрэгдүүлээгүй, харин Халтарт “Би хаячихаж магадгүй, чи хямгадаж бай” гээд өгснөө өөрөө мартсан байж.
Эрт цагт вспышка буюу гэрэл цацруулагч гэж байгаагүй болохоор сүмийн үүдэнд хутагтыг залаад нарны өөдөөс харуулж суулгаад өмнө номын ширээг нь тавьж авсан бололтой. 1830-аад оны үед Саран хөхөөг үзэж байсан хүүхэд багачуул, 1900-гаад оны үеийн настнууд уг зургийг хараад ноён хутагтын патиар мөн болохыг хөгшинд хэлж байсан удаа ч бий гэдэг. Ташлуулаад ноён хутагтын энэхүү зургийг “Хаадын Сан”-гийн уран бүтээлчид реалист аргаар зурж байгаагаа сонордуулсу.
Discussion about this post