БАТ-ҮҮЛ
Хөгжлийн банкны 1.6 их наядын зээл чанаргүй болсон гэх Мандуул захирлын мэдээллийг сонсоод би маш их амаа барьсан. Чингис бондын мөнгө орж ирэхэд уг мөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд бүгдийг оруулах хэрэгтэй гэж санал гаргаж байсан юм. Тэр үедээ л санал дээрээ тууштай зогсож хүчээр зүтгүүлсээр 1.6 их наядыг гэр хорооллын хөгжил рүү нийлүүлж санхүүгийн тогтолцоог нь бүрдүүлэх ёстой байжээ. Тэгсэн бол өнөөдөр утаа ярих биш Шведийн араас мөшгөж явахгүй юу. Хөгжлийн банк олон их наядын активтай супер банк болчихсон байх байлаа.
Мандуул захирал сайтар нягтлан шалгасан мэдээлэл өгсөн бол Хөгжлийн банкны чанаргүй зээл 1.6 их наяд хүрсэн нь гол харлаж үхмээр тоо. Сайтар нягтлан шалгасан бол хэмээн тодруулахын учир нь зарим нэг компанийн зүгээс ташаа мэдээлэл өглөө гэх гомдол гарчээ. Ташаа мэдээллийг засаж болно. Харин 1.6 их наяд хүрсэн чанаргүй зээлийг засах нь маш хүнд хүчир зорилт. Боломжгүй бол биш. Засах аргаа зөв олбол мөнгө хөрөнгө оргүй хоосон руу алга болохгүй!
Хөгжлийн банкны эл будилаан төр эдийн засагт хутгалдан оролцох хэрэггүй гэдгийн том нотолгоо. Хөгжлийн банк хувийн банк байсан бол ийм явдал болохгүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ одоо юун үзэл санаа, суртлын маргаантай мантай. Алдсан мөнгөө олж авах асуудал “хоолойд тавьсан хутга” болчхоод байгааг Мандуул захирал дэндүү тодорхой хэллээ.
Миний бодлоор Засгийн газар яаралтай Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулах тухай хуулийг боловсруулан, түргэвчилсэн журмаар УИХ-д өргөн барих дэгийн заалтыг ашиглан, шууд хэлэлцүүлэн батлуулах хэрэгтэй. Хуулийн хүчээр өр барагдуулах ажлыг шуурхайлахгүй, гурван шатны шүүхээр явахдаа хүрвэл, тэгээд л өнгөрлөө гэсэн үг!
Олон түмэн баахан сенсаци болгон шуугьж байгаад л алсдаа сонирхохоо болино. Урьд урьдын ийм туршлага цөөнгүй бий. Тэр тусмаа, Хөгжлийн банкны эх үүсвэр хадгаламж эзэмшигчид, даатгалын сан зэргээс бүрдээгүй учир шууд биеэр хохирох иргэд үгүй. Ачааны хүнд нь хэдэн том татвар төлөгчид дээр л бууна.
Тийм учраас, олон түмний анхаарлыг, Хөгжлийн банкны өр барагдуулах үйл ажиллагаанаас холдуулж хөндийрүүлэхгүйн тулд хуулийн төсөлд ард түмнийг төлөөлөх хороо байгуулах заалтыг зайлшгүй оруулах нь зүйтэй санагдана.
Засгийн газар Хөгжлийн банкны өр барагдуулах ажилд АТГ-ыг дайчилж байгаа мэт мэдээлсэн. Ингэвэл алдаа болно. Үнэндээ Хөгжлийн банк ингэж хохироход хүрсэн нэг шалтгаан нь АТГ, прокурорын хариуцлагагүй, захиалгат нугалаа гэмээр үйлдлүүд байсан юм шүү! Үүний оронд тагнуул, цагдаагаас бүрдсэн шалгалтын баг, аудит, санхүүгийн шинжээч зэрэг мэргэжлийн туршлагатай хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллуулж тогтмол хугацаанд тайлагнуулах хэрэгтэй.
Хөгжлийн банкийг аврах тухайд товчхон санал гаргахад ийм байна. Эрх биш төрийн хуулийн боломжийг зөв ашиглавал шүүхийн хүндрэл энэ тэр гэж цаг алдахгүй богино хугацаанд асуудал шийдэгдэнэ.
Одоо гол санаагаа уншигчдадаа өгүүлсү. Дээр бичсэнчлэн, төр эдийн засагт оролцох нь тун муу. Энэ үнэнийг монголчууд бид олон удаа харлаа. Хашрахгүй л байна. Хөгжлийн өанкны дараа ч хашрахгүй үргэлжлүүлэх төлөвтэй.
Тэгвэл ядахдаа, төр эдийн засагт оролцох гэж дурлаад байгаа юм бол зөв талаас нь оролцох хэрэгтэй. Нийт нийлүүлэлт талаас нь бус зөвхөн нийт эрэлт талаас л оролцох ёстой. Төрийн макро эдийн засгийн менежмент нь нийт эрэлтийг дэмжих удирдлага.
Харин, нийт нийлүүлэлтийн тал нь хувийн хэвшлийн “дархлагдсан газар” юм. Эдийн засгийн нийлүүлэлт талд төрөөс оролцож болохгүй гэдэг бол макро эдийн засгийн бодлогын суурь зарчим.
Төр эдийн засагт буруу талаас нь оролцсоны тод жишээ нь Хөгжлийн банкны зээл. Нийт эрэлтээ дэмжихийн оронд Хөгжлийн банк эрэлт нь тодорхойгүй салбар, бүр тэр тусмаа ашиг нь тодорхойгүй төрийн бүтээн байгуулалт нэрээр зээл өгснөөр асар их хэмжээний мөнгийг түгжигдэх аюул руу түлхсэн билээ. 1.6 их наяын муу зээлийн цаана түгжигдэн гацсан хөрөнгө оруулалт их байх.
Хэрэв зээ, энэ 1.6 их наяыг нийт нийлүүлэлтийг дэмжих монетори хэрэгсэл болгож чадсан бол, тодруулбал гэр хорооллын хашааны газрын М2-ыг үнэлж барьцаалан ипотек, хөрөнгө оруулалтын хэлбэрээр зээл өгсөн бол өнөөдөр хамгийн багаар бодоход 10 орчим их наяын үл хөдлөх хөрөнгийн зах зээл бий болчихсон, ажилгүйдэл, ядуурлыг мартчихсан сууж байх байлаа. Капиталын увдис гэж үүнийг хэлдэг юм.
Манайх шиг орон сууц асар их дутагдалтай, сүүдрийн эдийн засаг томтой улсад ипотекийн зээл шиг найдвартай зээл байдаггүй. Орон сууцны нийлүүлэлт ханачихсан барууны оронд бол ипотек найдваргүй л дээ.
Ингээд бодоход 1.6 их наяд хашааны газар дээрх хаус, таунхаус, олон давхар орон сууц, хотхон, хороолол гэх мэтийн барилга байгууламж үл хөдлөх хөрөнгө болчихсон байсан бол одоо олон улсын санхүүгийн зах зээл дээр Хөгжлийн банк гангарч, зээл аваач гэж гуйсан сангуудын эздийг хойноос гүйлгэж байхгүй юу!
Хөгжлийн банкны эх үүсвэрээс газраа барьцаалж зээл авсан хэдэн түмэн газрын эзэд зээл, хүүгийн төлбөрөө төлөхүйд тасралтгүй орлогын эх үүсвэртэй даналзах байв. Зээлдэгчид газар, байшингаа үүрээд зугтах ямар ч боломжгүй шүү дээ. Тийм учраас газар, барилгыг үл хөдлөх хөрөнгө гэдэг юм. Өндөр хөгжилтэй оронд зээлийг яг үнэндээ газарт олгож, эзнээр нь төлүүлдэг ёстойн учир энэ бөлгөө.
1960-2000 оны хооронд Швед улс яаж хөгжсөн, алдарт “IKEA” хэрхэн бий болсон учрыг маш бүдүүвчлэн өгүүлье. Ерөнхий фоныг нь гаргах зорилготой учраас маш бүдүүн тойм, бараг л үлгэрлэн зураглаж буйгаа дахин онцлон сануулъя.
Швед улсын Ардын банк, олон улсын санхүүгийн зах зээлээс 305 тэрбум долларыг 20-40 жилийн хугацаатай маш бага хүүтэй зээлийг босгон авч иргэддээ хашааных нь газраар барьцаалан ипотекийн зээл болгон өгчээ. Зээл авсан иргэд газар дээрээ хаус, таунхаус, орон сууцны хотхон, бусад барилга байгууламж гэх мэт үл хөдлөх хөрөнгө уралдан босгожээ. Өөрөөр хэлбэл, бүх нийтээрээ үл хөдлөх хөрөнгийн “үйлдвэрлэл” эрхэлжээ. Иргэд буюу зах зээлийг ингэж мөнгөжүүлснээр эдийн засгийн нийт эрэлт гозойн өсөж өгөв. Шинэ орон сууцанд орж байгаа олон мянган залуу гэр бүлүүдэд хямд төсөр тавилга хэрэгтэй болж зах зээл дээр гэрийн тавилганы эрэлт суга өсжээ. Энэ эрэлт дээр дөрөөлөн “IKEA” хэмээх, сүүлдээ дэлхийн сүлжээ болон мандсан брэнд нэртэй компани бий болсон түүхтэй. Ганц “IKEA” ч биш Шведийн үндэсний үйлдвэрлэл, банк санхүүгийн тогтолцоо, хувийн хэвшил өсөж өндийсөн.
2000 он гэхэд Шведийн ДНБ нь 279 тэрбум долларт хүрсэн. Ардын банкны зээлийн багцын зарим хэсэг нь 40 жил хүрсэн 305 тэрбум долларын ипотекийн зээл ингэж жилдээ 297 тэрбум долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөрөнгө оруулалт болон хувирсан ажээ. Газар хэмээх капитал ийм увдистай байна.
Харин сүүлийн үед Шведийн эдийн засаг зогсонги байдалд орох гээд сандраадаг болсон. Иргэдийнхээ орон сууцны асуудлыг үндсэнд нь шийдсэнээс хойш ийм байдалд хүрчээ.
Шведийн мэргэжилтнүүд манай гэр хорооллыг хараад атаархдаг юм. Танай хөгжлийн гол нөөц энэ шүү гэнэ. Манай гэр хороолол бол Монголын эдийн засгийг Швед шиг болгох “Оюу Толгой” гэдэг нь үнэн.
Хөгжлийн банкны 1.6 их наядын зээл чанаргүй болсон гэх Мандуул захирлын мэдээллийг сонсоод би маш их амаа барьсан. Чингис бондын мөнгө орж ирэхэд уг мөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд бүгдийг оруулах хэрэгтэй гэж санал гаргаж байсан юм. Тэр үедээ л санал дээрээ тууштай зогсож хүчээр зүтгүүлсээр 1.6 их наядыг гэр хорооллын хөгжил рүү нийлүүлж санхүүгийн тогтолцоог нь бүрдүүлэх ёстой байжээ. Тэгсэн бол өнөөдөр утаа ярих биш Шведийн араас мөшгөж явахгүй юу. Хөгжлийн банк олон их наядын активтай супер банк болчихсон байх байлаа.
Гэр хорооллынхон ядуу учраас зээлээ төлж чадахгүй гэсэн маш буруу ойлголт манай эдийн засагчдын дунд хавтгай байдаг. Энэ бол марксист эдийн засгийн ойлголтын л нэг хэлбэр. Яг үнэндээ тэд газрын эзэд нь баялаг бүтээгч хөдөлгүүр, тэдний өмчлөлийн газар бол жинхэнэ өсөж арвижих баялаг юмаа гэдгийг ойлгодоггүйн хар гай. Өнөөдрийн Монголчуудыг хөгжлийн гацаанд оруулчхаад байгаа гол хар нүх бол гэр хорооллын ядуурал гэдгийг бид харахгүй утаа л ярьсаар тэднийг ад үзсээр өнөөдрийг хүргэлээ.
Эцэст нь дахин хэлье! Утааны цаана ядуурал бий. Ядуурал бол архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, дээрэм хулгай, өр ширэндээ баригдсан нийгмийн гадуурхагдсан давхарга, цаашлаад нийт Улаанбаатарчуудын эрүүл мэнд, хөрсний бохирдол, хорт утаанд бойжих ирээдүй үр хүүхдүүдийн өвчин зовлон юм шүү дээ!
Тэр Марксистууд хүндээ чиглэсэн хүртээмжтэй эдийн засгийн өсөлт нийгмээ ядуурлаас гаргаж төлбөрийн чадвартай болгодог чөлөөт зах зээлийг ойлгохгүй байгаа юм. Бид тэмцэлдэн байж малыг үнэгүй хувьчилсан, өнөөдөр малчид маань ямар болов? Орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилж эргэлтэд оруулснаар Монголын эдийн засаг үсрэнгүй хөгжсөн юм.
Тэгвэл манай гэр хорооллын сүүдрийн эдийн засаг ойролцоогоор 7 тэрбум доллартой тэнцэнэ гэдгийг 2000 оны үед гаднынхан судалж тогтоосон билээ. Тэдэнд дэд бүтэц татаад өгсөн бол өнөөдөр газрын үнэ нь хэд хүрсэн байх бол? Цаг алдахгүй эхлүүлэх ёстой нийгмийн тулгамдсан ажлыг улс төржүүлж болохгүй гэдгийг би ахин дахин хэлсэн. МАН ч бай АН ч бай энэ бүтээн байгуулалтыг эрчимтэй хэрэгжүүлэх ёстой байсан юм. Өнөөдөр “утааны эсрэг ямар ч нүүрс түлээд” тэрхүү шийдэл хол явахгүй гэдгийг Улаанбаатарчууд маань эрх биш харлаа.
2022 оны 02-р сарын 03
Discussion about this post