Анагаах ухаан вакциныг бүтээсэн нь хүн төрөлхтөний өмнө байгуулсан том гавьяа юм. Вакцин нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хүний амийг аврахаас гадна хөдөлмөрийн чадвар алдагдахаас сэргийлэх, эрүүл мэндийн интервенц хийхэд чухал ач холбогдолтой нь олон судалгаагаар нотлогдсон. Энгийнээр тайлбарлавал, вакцин хүний биеийн байгалаас заяагдсан хамгаалах чадварыг \дархлаа тогтолцоог\ өдөөж гадны биетийг таних, устгах, мөн дараа хүний биед дахин орж ирэхэд таньж устгана гэж ойлгож болно.
Ялангуяа хүүхдийн товлолын вакциныг гаргаснаар дор хаяж 16 халдварт өвчнөөс үр хүүхдүүдээ насан туршид нь хамгаалж, аварч чаддаг болсон. АНУ дөнгөж төрсөн хүүхдүүддээ 24 цагийн дотор хийдэг вакцинуудад үр дүнгийн судалгаа хийсэн байна. Судалгаагаар 14 сая хүүхдийг өвчлөх, 33 мянган хүүхдийг нас барах эрдсдлээс хамгаалж, 43 тэрбум долларын хэмнэлт гарсан тоо баримт байна \Roush SW, Murphy TV, JAMA\. Ганцхан орны судалгаа шүү дээ. Бид ч бас ийм нарийвчилсан эдийн засгийн тооцоотой судалгаа хийх нь зүйтэй байх. Хүн төрөлхтөн урд урдын туршлагаасаа суралцаж байгаа хэдий ч аливаа халдварт өвчин гарах тоолонд вакцины үйлдвэрлэлт, хангамж, хүртээмж, үнийн асуудал тулгамдсан хэвээр байна. Дэлхий нийтээрээ үүсээд байгаа КОВИД-19 цар тахлын эсрэг вакциныг тэсэн ядан хүлээж байна. Тэр вакцин улс орнуудыг эдийн засгийн чадамжаар нь очерлуулж, хүн төрөлхтөнийг талцахад хүргэж магадгүй талаар аль 2-р сард эрдэмтэд таамаглал дэвшүүлж байсан. АНУ, Англи өөрийн хүн амын тоог дөрөв дахин, Канад улс хүн амаа 5 дахин үржүүлсэнтэй тэнцэх, БНЭУ бүх хүн амдаа хүрэх 1,6 тэр бум хүн тун, Бразил улс 200 сая мөн бүх хүн амдаа хүрэх хүн тун вакциныг авахаар урьдчилан худалдан авалт хийх гэрээг байгуулахаар санаархаж байна. Гэтэл бодит байдал дээр АНУ-ын Pfizer компани 2020 онд 50 сая, 2021 онд 1,3 тэрбум вакцин, Moderna компани 2020 онд 20 сая, 2021 онд 500 сая вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. АНУ-ын Бүгд найрамдах намаас гарсан сенатор Том Тиллис \Thom Tillis\ Америкчууд вакцинжуулалтад анхдагч байх баримт бичгийг танилцуулж хэрэв хуулийн заалтад орвол АНУ-ын бүрэн хэрэгцээг хангаж байж вакцины экспорт АНУ-аас бусад орон руу хийгдэнэ гэж хэлсэн. Эхний вакцин 2021 оны 3, 4-р сараас эхэлж хэрэглээнд гарна, жирийн иргэд 7,8 дугаар сараас хамрагдах боломж бүрдэх талаар АНУ-ын халдвар судлаач эмч Антони Фучи \Anthony Fauci\ мэдэгдсэн байна. Ийм тохиолдолд 331 сая хүн зөвхөн АНУ-д вакцинжуулалтад хамрагдахаар байна. Хэрэв энэ байдлаар шийдэгдвэл Дюкийн их сургуулийн эрдэмтдийн урьдчилсан судалгаагаар бага болон дунд орлоготой орнуудын иргэд 2021, 2022 онд ч вакцинжуулалтад хамрагдаж чадахгүй нь гэсэн таамаглал ортой болж мэдэх юм. Дэлхийн хүн амын 78 хувь ногдож байгаа улс орнуудад дөнгөж тэр бум орчим хүн тун вакциныг хуваарилахаар тооцоолж байгаа юм байна \launchandscalefaster.org.COVID-19\.
Тэгвэл энэ байдлын эсрэг 2020 оны 4-р сард ДЭМБ, Европын холбоо, Франц улсын санаачлагаар цар тахлын аюулаас хүн төрөлхтнийг гаргахын тулд дэлхийн улс орнуудын Засгийн газрууд, эрүүл мэндийн байгууллагууд, хувийн болон олон нийтийн, сайн дурын байгууллагуудыг эвлэлдэн нэгтгэж, эдийн засгийн чадамжаас нь үл хамааран дэлхийн улс орнуудад вакциныг тэгш, хүртээмжтэй хуваарилах талаар арга хэмжээг дэмжих зорилгоор COVAX-ийг байгуулсан. Хэрэв COVAX байгуулагдаагүй бол манайх шиг орон вакцин авахад хүндрэлтэй болох юм. Ялангуяа манай улс ядуу буурай орны тооноос аль 2011 онд дундаж орлоготой орны тоонд орсон учир эхлээд ядуу буурай орнуудад олгогдсоны дараа манай оронд хуваарилах магадлал маш өдөр юм. COVAX ядуу буурай орнуудад зайлшгүй хэрэгцээтэй тодорхой хэмжээний хүн тунг аль болохоор үнэгүй олгох, түүнээс илүү гарвал нэг хүн тунг 4 ам. доллараас илүү гаргахгүй байх бодлогыг барихыг зорьж байна. Одоогийн байдлаар COVAX-д 80 Орчим улс орнууд элсэн ороод байна. Үүний нэг нь Монгол Улс байгаа нь сайшаалтай.
Зуу орчим вакцины сураг гарч байгаа боловч 6 вакцин судалгааны сүүлийн \3-р шат\ шатандаа явж байна. Үнийн хувьд ямар төрлийн вакцин хаана үйлдвэрлэж байгаагаас хамаараад 3-60 ам. долларын хооронд хэлбэлзэж байна. Хамгийн их үнэтэйд Модерна вакцин орж байна \Financial Times\. Харин Билл Гэйт \William Henry Gates III\ эдийн засгийн чадамжтай хүчирхэг орнууд нийгмийн хариуцлагын үүднээс компаниас өгч байгаа өндөр үнээр авч ядуу буурай орнуудад нэг хүн тун вакцин 3 ам. доллараар авах боломжийг олгох талаар уриалсан. Вакцины чанарыг шалгасан олон үе шаттай процесс яваагддаг. ДЭМБ тухайн вакцин үйлдвэрлэгч орон олон улсын стандарт, дотоодын бүх шатны дамжлагыг давсан эсэхийг шалгасны дараа Дэлхийн шилдэг шинжээчдийг цуглуулж \SAGE\ вакцины чанар, эмнэл зүйн туршилтаас гарсан дүгнэлт, тухайн өвчний онцлог, эрсдэлд орж байгаа насны бүлэг, өвчлүүлэх эрсдэлт хүчин зүйлүүд, ер нь вакциныг хэрэглэх нь зөв үү гээд олон талаас ярилцаж хэлэлцэж, эцэст нь Вакцины аюулгүй байдлын асуудлаархи дэлхийн зөвлөлдөх хороо хөндлөнгийн үнэлгээ хийж байж эцсийн шийдвэр гардаг тул чанарын хувьд бид эргэлзээд байх зүйлгүй болов уу.
Нэгэнт вакцины шаардлага хэрэгцээ өндөр, үйлдвэрлэгдэх нь тодорхой тул вакцин тээвэрлэх, хүргэх, хадгалах дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэж байж вакцин авахыг ДЭМБ улс орнуудад анхааруулж байна. Иймд улс онууд КОВИД-19 вакциныг түгээх зураглал, төлөвлөгөөгөө хийж эхэлсэн бөгөөд тулгарч буй бэрхшээлүүд нь ерөнхийдөө адил байна Үүнд: өндөр настай хүмүүсийг вакцинжуулалтад хамруулахдаа хүүхдийн товлолын вакцинжуулалтын схем, дэд бүтцийг ашиглах, хүйтэн хэлхээний тогтолцоог одооноос сайжруулж бэлэн байдлыг хангах, тариур, зүүний хангамжийг бэлдэх, ариутгал устгалын асуудлыг боловсронгуй болгох, вакцинжуулалтыг хөдөө орон нутагт хэрэгжүүлэх мэргэжлийн хүмүүсийг бэлдэх, сургалт зохион байгуулах төлөвлөгөө боловсруулах, вакцинжуулалтыг стандартын дагуу хийх аргачлал, механизм, стартеги, төлөвлөгөөг боловсруулж бэлэн болгох. Ялангуяа нэгээс илүү тун хийлгэх шаардлагатай хүмүүсийн хувьд баримтлах зааврыг нарийвчлан боловсруулах, ташаа мэдээлэл тараах, улс төрийн бохир явуулга хийж ард иргэдийн дунд итгэл үнэмшлийг хөсөрдүүлэх, төөрөгдүүлэх зэрэг үйлдэл гарахаас сэргийлэхэд илүүтэй анхаарал, үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Бид ч бас дээрх арга хэмжээнүүдийг одооноос цаг алдалгүй авч, хаанахын ямар вакцин манай нөхцөлд илүү тохиромжтой талаар судалж ДЭМБ, COVAX-ийн шугамаар КОВИД-19 вакциныг авах асуудлыг одооноос яриа хэлцлийн төвшинд хүргэж хамгийн дөт замаар авах төлөвлөгөөг нэн яаралтай боловсруулах нь чухал байна. Жишээ нь Pfizer компаний вакцины шаардлагыг хангах улс орон цөөхөн байна. Хасах 80 хэмийн тусгай зориулалтын хөргөгч манайд байтугай АНУ-д байхгүй талаар ярьж байна. ОХУ-ын Спутник вакциныг судлахад илүүдэхгүй байх. Бидэнд ДЭМБ, дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтарч ажиллаж ажилтад хүрч байсан арвин туршлага бий. 2009 оны 4-р сард Мексик улсад гарсан гахайн ханиад хүнд халдварлаж дэлхий дахинд H1N1 вирүсийн халдвар гэж нэрлэгдэн мөн л уй гашуу, эдийн засгийн хямралыг авчирч, Монгол Улс халдвар орж ирсэн ДЭМБ-ын гишүүн 197 дахь орон болж байсныг бид сайн санаж байна. Бид ДЭМБ-аас тусламж хүсэж хамгийн түрүүнд манай улсад 200 мянган хүн тун “Тамифлю”-г үнэ төлбөргүй, 130000 хүн тун вакциныг олгож вакцин авсан эхний 5 орны тоонд орж байсан амжилт бидэнд бий. Тухайн үед Монгол Улс ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс байсан \миний бие ЭМ-ийн дэд сайдын үүргийг гүйцэтгэж байсан болно\. Хүсэлт тавьсан орнуудыг цагаан толгойн дэс дарааллаар жагсааж дэмжлэг үзүүлэх байтал бидэнд хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан нь ЭМЯ, ДЭМБ хоёрын хоорондын хамтын ажиллагааны төвшин, мөн манай эрүүл мэндийн салбарын гаргасан амжилт, оноог үнэлсэн тод жишээ. Монгол Улсын засгийн газар санаачлага гарган Франц улсаас “Паненза” 60 мянган хүн тун вакциныг өөрийн хөрөнгөөр захиалан авч байсан. Мөн БНХАУ-ын Засгийн газраас 100 мянган хүн тун вакциныг олгосон. Энэ удаад ч бид бас вакциныг цаг хуцгацаанд нь авч ард иргэдээ хамгаалж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Төр засаг бүхий л арга хэмэээг авч байна. Ард түмэн бид хичээх учиртай. Хамтын хүчээр Бид заавал амжилтад хүрнэ. Монголчууд бид амны хишигтэй ард түмэн шүү дээ. Одоо ямар ч орон вакцин аваагүй байна. Бүгд л бидэнтэй адил эсвэл биднээс доор байдалд байна. Ганцхан бид нөхцөл байдлыг хүндрүүлж өөрсдөөсөө шалтгаалах алдааг гаргаж болохгүй.
Ж.ЦОЛМОН
АУ-ны доктор, профессор
МАН-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх
Discussion about this post