“Талибан” хөдөлгөөнийхөн өнгөрсөн оны наймдугаар сард Афганистаныг эзэлсний дараа тус улсын иргэд эх орноосоо дүрвэсэн. Энэ үеэр төөрсөн хоёр сартай Сохаил Ахмади хүүг гэр бүлийнхэн нь олжээ. Нисэх буудал руу нэвтрэх гарц орчимд эмх замбараагүй байдал үүсэж, Сохаилын эцэг эх нисэх буудал руу орохоосоо өмнө хүүхдээ даруулчихгүйн тулд хашаа давуулан америк цэрэгт өгчээ. Гэвч нисэх буудлын хашаа руу орсон ч тэд хоёр сартай хүүгээ олж чадаагүй байна. Кабул дахь АНУ-ын ЭСЯ-ны хамгаалагчаар ажиллаж байсан хүүгийн эцэг Мирза Али Ахмади, эхнэр Сурая нар нярай хүүгээ хайгаад олоогүй тул 4 хүүхдээ аваад АНУ руу нисжээ.
Харин хүүгээ хайж, Reuters агентлагт ханджээ. Сохаил хүүг хайж байгаа талаар нийтлэл гаргасны дараа хүү нь олдсон байна. Хүү нь Кабулын таксины жолооч 29 настай Хамид Сафигийн гэрт амьдарч байжээ.
Сохаил хүүг Хамид Сафи нисэх буудлаас олсон байна. Хүү газар хэвтээд уйлж байсан бөгөөд хажууд нь хэн ч байгаагүй аж. Эцэг эхийг нь хайсан боловч олоогүй тул Хамид Сафи гэртээ авч очин, бүр үрчилж авчээ. Тэд хүүг Мохаммад гэж нэрлэсэн байна…
Сохаил хүү Сафигийн гэр бүлд амьдарч байгааг дуулаад Бадашхан мужид амьдардаг хүүгийн өвөө Мохаммад Касем Разави ач хүүгээ авахаар Кабул руу явсан байна.
Гэвч Хамид Сафи хүүг өвөөд нь өгөхөөс татгалзаж, хүүг өгвөл тэдний гэр бүлийг АНУ руу явуулж өгөх болзол тавьсан байна.
Сохаил хүүгийн гэр бүл болон Хамид Сафи нарын хооронд хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцээ үргэлжилжээ. Цаашлаад “Талибан”-ы цагдаагийнхан уг асуудалд оролцож, Хамид Сафиг баривчлан, удалгүй сулласан байна. Эцэст нь хоёр гэр бүл тохиролцоонд хүрч, хүүг өвөөд нь өнгөрөгч бямба гарагт эргүүлэн өгчээ.
Сохаилын эцэг эх хүүгээ олсондоо маш их баярлаж, хурим найрын хэмжээнд тэмдэглэсэн гэж өвөө нь хэлсэн байна. Бичиг баримтыг нь бүрдүүлж, удахгүй хүүтэйгээ Мичиганд уулзах гэнэ.
Discussion about this post