Энэтхэгт өсвөр насныхны байгуулсан Zepto хэмээх хүнс хүргэлтийн стартап Y Combinator тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 100 сая ам.доллар босгосноор, Энэтхэгт үйлчилгээгээ эхлүүлснээс хойш 5 сарын дотор үнэлгээгээ $570 сая хүргэж чадлаа.
Үүнээс ердөө 45 хоногийн өмнө $60 саяын санхүүжилт татаж, үнэлгээ нь $225 сая болоод байсныг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Аадит Палича хэлэв.
Хүнс шуурхай хүргэх чиглэлээр ажилладаг энэхүү бизнесийг Палича болон түүний багын найз Кайваля Вохра нар эхлүүлсэн бөгөөд хэн хэн нь 19 настай. Тэд Стэнфордын их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны хөтөлбөрөө орхиж, Энэтхэг рүү буцсан аж.
Хүнс болон өдөр тутмын хэрэгцээт барааг 10 минутад хүргэх амлалт хэрэглэгчиддээ өгдөг энэхүү стартап энэ оны эхээр Мумбайд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар бизнесээ тэлж, Бангалор, Дели гээд томоохон 4 хотын зах зээлд өрсөлдөж эхэлжээ.
Discussion about this post