Билгэ хааны эрдэнэс хуулийн дагуу Монголын Үндэсний түүхийн музейд шилжиж, өнөөдөр ч уг музейн үнэт эдлэлийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Хөх Түрэгийн II хаант улсын Могилян буюу Билгэ хааны дурсгалд зориулан 734 онд бүтээн байгуулсан тахилын онгонд залж шүтээн болгон байсан алтан титэм тэргүүт алт, мөнгөн эдлэлүүд болон тахилын сүмийн чимэглэл болох эдлэлүүд нь тухайн үеийн түүх, соёлын олон талт мэдээллийг агуулж буй хосгүй уран хийцтэй урлагийн бүтээлүүд билээ.
Билгэ хааны тахилын сүмийн хаалга, тахилын ширээ зэргийг гоёж чимэглэж байсан бололтой цэцгэн дүрс бүхий алтан товруу, найман дэлбээт мөнгөн товру, сэнжтэй болон сэнжгүй тал бөмбөрцөг хэлбэртэй мөнгөн эдлэл, мөнгөөр ороосон төмөр бариул, бортого хэлбэртэй алтан эдлэл, голдоо дугуй нүх бүхий хавтгай мөнгөн эдлэл, нугас бүхий хуудсан эдлэл, мөнгөн товруу эмжээртэй хуудсан эдлэл, мөнгөн товруун эмжээртэй мөнгөн хуудсан эдлэл болон Алтан титэм зэрэг үнэт үзмэрүүдийг дээжлэн Монголын Үндэсний музейн 2-р танхимд олон нийтэд дэглэн үзүүлж байна.
Discussion about this post