Бусдын зовлонг өөрийн зовлон мэт бодож чаддаг тэр чанар, тэр сэтгэл сэрсэн цагт Монгол хүн сая сэрэх юм шиг санагдана. Тунгалаг өглөөний мэндийг та бүхэндээ хүргэе. Их урт тэмдэглэл хэдий ч та бүхэн хайртай эмээ шиг минь хэмээн бодож уншаарай.
\Хэдхэн хоногийн өмнө “Үнэн”, “Үндэсний шуудан” сонины Б.Ганболд эрхлэгчээс нэгэн номыг надад ирүүлэв. 1990-ээд оны үеийн “Бодлын солбицол” нэртэй сониныг мартаагүй хүн олон байгаа байх. Тус сонины 1991 оны дугаарт миний бичсэн Цаатан эмээ Охьжиг гуайн тухай тэмдэглэл нийтлэгдэж байсан нь “Бодлын солбицол” нэрээр эмхтгэсэн энэхүү номд дахин хэвлэгджээ. Аль 30 жилийн өмнө бичсэн нийтлэлээ хараад олон жил уулзаагүй эмээтэйгээ уулзсан ч юм шиг, тэр үед хөндүүрлэж бичсэн сэтгэл дахин өвдөх шиг тийм мэдрэмж төрөв. Хорин настай оюутан би цаатан эмээгийн эмгэнэлтэй амьдрал, гашуун түүхийг нүдээрээ үзэж, сэтгэлээ өвтгөн бичиж билээ…\
Тэр хүнтэй уулзсанаас хойш сэтгэл нэг л хачин гунигтай болчихов. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд 14 модон хүрэн байшин бий. Үүнийг тосгон хэмээнэ. Тэдний нэгэнд орь ганц цаатан эмгэн амьдарна. Амьдрах ч гэж дээ үнэндээ амьтай голтой төдийхөн өлсөж, цангаж, даарч, зовж шаналсаар өдөр хоногийг элээж байна. Ядуу хүний зовлонг ядуу хүн л ойлгодог гэдэг. Тэгвэл манайд ядуу хүмүүс, ядуу өрх айл гэж хэнийг нэрлэж байна. Мэдээж хөдөөд амины мал хөрөнгөгүй, олон хүүхэдтэй, тэд нь өвчин зовлонтой эсвэл оюуны хомсдолтой, асрах үр хүүхэдгүй, саалийн ганц үнээгүй сумын төв бараадсан өндөр настан хөгшид хотод бол эх эцэггүй гудамжны хүүхдүүд, байр сууцгүй, галдаа хийх түлээгүй өвгөд, эмгэд гээд дараалан нэрлэвэл дэндүү олон.
Дараа нь бас амьдралаар дорой хэмээгдэх айл өрх, хүмүүс асар олноор тоологдох болно. Ингээд бодоход хэн нь баян болж, тэд хэнийгээ ядуу дорой гэх, бас хэн нь ядуу болж, хэнийгээ баян цатгалан гэх юм бол. Энэ бүхний эцэст бид бүгдээр тэгш ядуу боловч, бас үүнээс ч дор амьдрал гэж байгаа нь үнэн. Амьдрал нь дорой ядуугаас гадна аймшигтай зовлон зүдгүүрийг ганц биеэр үзэж амсана гэдэг хэчнээн хэцүү. Хүн жаргал даадаггүй, зовлон даадаг хэмээх үг бий ч зовлон даасан нь хэд бол оо.
Нэр Охьжиг. 90 гаруй настай. Цаатан эмгэн. Түүний намтар нь: Угаас цаатан учир уул тайгад амьдардаг байлаа. Дараа нь уул тайгаасаа суурин амьдрал руу хүчээр хөөгдсөн. Багаас эцэг эхээс өнчирсөн. Эр нөхрөө буудуулсан. Төрсөн ганц хүүгээ алуулсан. Нэгдэлдээ амины бүх цаагаа нийгэмчилсэн. Одоо нүд нь юм харахаа больсон. Хоёр хөл нь муудсан учир хэвтэрт орсон гээд түүний 90 гаруй жилийн амьдрал тэр чигээрээ гунигтай. Зовж зүдрээд сурчихжээ. Зовж зүдрэхгүй байх ч гээд яах билээ. Болж бүтдэг юм бол цааны сүү л уучихвал зүгээр санж /түүний ярианаас/ Цааны сүү Охьжиг гуайн сүүлчийн горьдлого. Цааны сүү хэн авчирч өгөх юм бол. Нэгдлийн дарга сумын дарга хоёулантай нь уулзлаа. Өвөл уг нь жаахан мах өгсөн дөө. Одоо ч аргагүй хөөрхий гэлээ.
Цааны сүү авчирч өгөх аргагүй юу?
Тэр ч бололгүй яахав. Рэгцидийн Наянбат гэж холын төрөл нь болох цаатан залуу бий. Тэнд Охьжиг гуайн долоон цаа байгаа. Хэл дуулгавал болох байхаа. Нэгдлийн дарга М.Цэрэнжав ийнхүү ярина. Нэг хашаанд айл шахуу байж ганц удаа орж мэнд усаа мэдээгүй хүн түүнд сэтгэл гаргах нь хэзээ бол. Охьжиг гуай дан байшингийн нэг өрөөнд амьдарна. Энэ өрөөндөө 40-өөд жилийг өнгөрөөжээ. Нэг цонхоо гаднаас нь банзаар даруулж хаджээ. Хоёр гурван давхар, адасга хаясан ганц төмөр ор. Утаа, тоосонд дарагдсан нэг авдар, бас нэгэн модон хайрцаг, түүний дээр хагарсан зургийн жааз, тоос дарж, утаа идсэн баярын бичиг байна. Энэ түүний цорын ганц гавьяа шагнал юм.
“…Хүндэт нөхөр Охьжиг та өөрийн нэгдлийг аж ахуй зохион байгуулалтын талаар хөгжүүлэн бэхжүүлэх хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж ирснийг тань бахархан тэмдэглэн БНМАУ-д нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойг тохиолдуулан баярын бичгээр шагнав. “Жаргалант-Амьдрал” нэгдлийн зөвлөл. 1979.11.13” хэмээжээ. Нэгдэлд анх 60-70 цаа нийгэмчилжээ. Нээрэн л идэвх зүтгэлийг нь мартаагүй юм бол одоо л тусалж дэмжмээр.
Охьжиг гуайн амьдарч буй газрыг саяхан болтол цаатны тосгон гэж нэрлэдэг байсан. Тэдгээрийн түүх сонин 60-70-аад оны үед нам засгийн мэргэн шийдвэр тогтоолуудын нэг болох цаатан ардын амьдралын нөхцөл, тэдний соёлжих боловсрол байдлыг дээшлүүлэх улмаар тэднийг соёлт сууриа малчид /цаатнууд/ болох зорилгоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд 20 айлын сууц бүхий дээр өгүүлсэн 14 модон байшин байжээ. Удалгүй төв орон нутгаас олон дарга нар ирж, цаатнуудыг уул тайгаас нь албадан шахуу нүүлгэн ирүүлж, нам засгийн хайр халамж, зөв мэргэн бодлогыг амьдралдаа хэрэгжүүлэхэд улам ихээр хөдөлмөр зүтгэл гаргахыг уриалж цаатны шинэ тосгоны ёслол төгөлдөр тэдэнд хүлээлгэн өгчээ. Нийт 460 гаруй цаатай 20 гаруй өрх суурьшин иржээ. Цаатан иргэд шинээр “социалист” ёсоор амьдрах болж цаагаа нийгэмчилж нэгдэлд элсэв. 400 гаруй цаагаа бүгдийг нь шахуу нийгэмчилсэн ажээ.
Тэд шинэ байшинд сууж, цаа бараа хашаанд хариулж чөлөөт цагаараа соёлжих, боловсрох хэрэгтэй болов. Энэ нь үнэндээ тэдэнд бүүр ч гэрийн хорио мэт санагдаж байшингийнхаа шалан дээр ил галлаж, хэд хэдээрээ нэг хоёрхон байшинд л цугларан олон шөнийг өнгөрөөдөг байсан гэдэг. Ганц нэг нь өвчин хэлж улмаар тэд байшингийнхаа дэргэд урцаа барьж орхив. Уул тайга руугаа цаа нь гүйж, цаатнууд нь ганц хоёр өрхөөрөө нүүдэллэн одсоор нэг мэдэх нь ээ цаатны тосгон эзгүйрэн хоосорч, зөвхөн Охьжиг гуай л ганцаар буурь сахин хоцорчээ.
Энэ нь бас л учиртай юм санж. Аав ээжээсээ залуудаа өнчирсөн тухай дээр товч дурдсан. 30 оны дунд үест Тувагийн нутаг Диваат нуур усан хэмээгдэх газар нэгэн тува залуутай гэр бүл болжээ. Гэвч удалгүй нөхөр нь баривчлагдав. Түүнийг оросууд буудсан тухай сураг дуулдсан учир Охьжиг гуай арга буюу тэндээс оргон нутаг буцаж иржээ. Тэрээр ганц хүүтэй байв. Хүүгийн нэр Буриад. Морь унасан цэрэг хувцастай залуухан эрийн зургийг заасан нь хүү нь ажээ. 1967-1968 оны үед цэргийн алба хаагаад Сэлэнгийн Дулаанхааны модны баазад ажиллаж байхдаа тэрээр нэгэн удаа нутагтаа ирж, эхтэйгээ уулзаад хэд хонотол цэргийн албанаас оргосон гэж сумын намын үүрийн дарга байсан Аюуш, нарийн бичгийн дарга байсан Даваадамдин нар хэдэн хүмүүсийн хамтаар Буриадыг баривчлан авч явснаар сураг тасарчээ.
Чухам ямар хэргийн учир баривчлагдаж ямар ял хүлээсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй. Ийм л учраас ямар нэгэн сураг ажиг горьдсоор Охьжиг гуай цаатаны тосгондоо ганцаар үлдсэн гэнэ. Хэд хэдэн удаа ч Буриад нь алагдсан гэх сураг сонсогджээ. Энэ тухай дээрх Аюуш, Даваадамдин нар сайн мэдэх учиртай гэж тэр ярьсан юм. Охьжиг гуайн яриагаар бол хүү Буриад нь цэргийн албыг нэгэнт хаасан байжээ. Нутгийн хэд хэдэн хүмүүс үүнийг баталж байсан. Аюуш гэдэг хүн одоо амьд сэрүүн аж. Түүнтэй Охьжиг гуай олон удаа уулзсан боловч хүүгийнхээ сургийг өдий хүртэл сонсоогүй өнөөдрийг хүрчээ. Тэрбээр одоо хэвтэрт орсон. Хоёр гарынх нь шууны мах барагдаж босох тэнхээгүй болсон гэнэ. Хүнээр түшүүлж гадаа гарна. Гэртээ бие засах болсоор уджээ. Гэвч ухаан саруул хэвээрээ. Хажуу хөршийн айлууд нь хаа нэгтэй аяга цай хоол дөхүүлнэ. Сүүлдээ орохоосоо ч айдаг болсон гэнэ. Шөнө бүхэн шахуу унадаг байх. Заримдаа хэл ам нь татчихаад халуун хоол цай уугаад жаал гайгүй болдог. Улсын асрамжийн газарт авдаггүй юм болов уу гэж хөрш айлын хүмүүс өгүүлж байлаа.
Өөрөө бол цааны сүү уух юм сан гэнэ. Энэ нэгдлийн гишүүд байсан цаатнуудаас хоёрхон үлдсэний нэг нь Охьжиг юм. 1975 онд 1060 цааны баяр хийжээ. Асар удалгүй цааны тоо толгой эрс цөөрчээ. Ийм учир Улаан-Уулынхан 1987 онд бүх цаагаа Цагааннуур суманд худалджээ. Ийнхүү Улаан-Уул сумын харьяат цаатан ардын түүх тасарч, цаатны тосгон цаатан нэрээ гээлээ. Ямар ч байсан Охьжиг гуайд цааны сүү хэрэгтэй. Түүнд нэгдлээс нь туслаасай билээ. Түүний хувь тавилан шинээр цөөхөн цаатан ардын минь хувь заяа төгсөх вий дээ. Цаа, цаатан ард, цааны сүү хэрэгтэй.
Л.Энх-Амгалан. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум. 1989 он
“Бодлын солбицол” сонинд 1991 онд хэвлэгджээ
Discussion about this post