-Таны номын борлуулалт сайн байдаг, нэг номоо хэд давтан хэвлэдэг. Ер нь Монголд номын бизнес хийх боломж хэр вэ?
-Сонирхолтой гоё сэдвээр ном бичээд сайн сурталчилгаатай бол манайд номын бизнес хийх боломжтой. Венесуэлийн нэг зохиолч шинэ номоо сурталчлахдаа 10000 долларыг нэгтээр задлаад онгоцоор цацаж байсан гэсэн. Зарим хүн жинхэнэ уран зохиол, уран зохиол биш гэж ярьдаг. Жинхэнэ ба жинхэнэ бус уран зохиол гэсэн томъёо нь хаана байна. Ус бол Н2О гээд томьёолчихож болохсон. Америкт эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг ном бичдэг хүнийг ч зохиолч гэдэг. Заримдаа хүн ам цөөтэй оронд төрсөндөө харамсдаг. Ядаж л 50 сая хүн амтай оронд төрсөн бол борлуулалтын тухайд шал өөр. Гэхдээ 2,5 сая хүнээ голох юу байхав. Яг өнөөдөр Монголдоо сайн ном гаргая гэж боддог. Ер нь монгол шиг жижиг үндэстэн эх хэлээрээ бичдэг зохиолчтой, түүнийгээ уншдаг уншигчтай, хэл соёлоо хадгалж чадаж байгаа нь нэгдүгээр асуудал. Харин маргааш нөгөөдөр дэлхийн тухай зүүдлэх хэрэгтэй байхгүй юу.
-Саяхан та сонсдог ном гаргалаа. Яагаад үргэлжилсэн үгийн зохиолоор CD хийх болов? Ийм залуухан эмэгтэй хүний хувьд их хөдөлмөр орсон байх даа?
-Сэтгүүлч Мэндсайхан энэ тухай их гоё хэлсэн байна лээ. Намайг эрэгтэй зохиолчдоос түрүүлээд CD-гээ гаргасан гэж. Тэр тодорхойлолт нь надад таалагдсан. Ер нь би олонхийн төсөөллөөс өөрөөр сэтгэдэг хүн. Бүх эмэгтэйчүүдийг урт үстэй, ухаан богинотой, бие биедээ атаархдаг, сайхан хүүхэнд сайхан хүүхэн дургүй гэх мэтийн хэвшмэл ойлголтыг их эсэргүүцдэг. Нэг сайхан хүүхэн байлаа гэхэд би хэзээ ч атаархдаггүй. Өөрөө уран бүтээлч хүн. Сайхан юм гэдэг хүнд таашаал, аз жаргалыг бэлэглэдэг. Хоёрт би өөрөө гоё сайхан харагдах гэж яддаг эмэгтэй биш, хүн намайг залуухан оворгүй гэхэд хүртэл сайхан санагддаггүй. Хүмүүсийн төсөөллөөр эмэгтэй хүн залуу байх гэж л амьдардаг юм шиг ханддаг. Үгүй ш дээ. Эрэгтэй хүний үнэлэмж нь залуу нас биш байдаг. Эрэгтэйчүүд нас нь ахиад эд хөрөнгө, буурь суурь нэмэгдэх тусмаа үнэлэмж нь нэмэгддэг. Тэгвэл бид ч гэсэн эрэгтэйчүүдээс юугаараа дутуу юм. Бид яахаараа залуу охин шиг болж годгонохоороо гоё харагдах ёстой юм. Хүн гэж намайг хүндлээд миний үгийг сонсох нь зүгээр залуу харагдахаас илүү дээр гэж боддог. -Өрсөлдвөл би эрэгтэйчүүдтэй л өрсөлдөнө. Эмэгтэй хүнтэй өрсөлдөхгүй. Бусад эмэгтэйчүүдийг амжилттай явж байвал баярлана. Одоо дэлхий ертөнцөд ч, монголд ч бүх баялгийн ихэнх нь эрчүүдийн мэдэлд байна. Тэгэхээр яагаад цөөн хэдэн эмэгтэй хүн цоройж гарч ирчихээд хоорондоо алалцах ёстой гэж. Тийм болохоор эрэгтэйчүүдээс түрүүлж сонсдог номтой боллоо гэсэн нь надад их гоё үнэлэлт. Үргэлжилсэн үгийнхээ зохиолоор над шиг сонсдог ном гаргасан эрэгтэй байхгүй. Түүнээс биш шүлэг бичээд ном гаргаад явж байгаа нэг ширхэг ч эмэгтэйд атаархахгүй, бүгдэд нь би амжилт хүснэ. Сонсдог номоо уран бүтээлийн найз “No name”-ийн Алтантуяатай хамтарч хийсэн. Найз маань намайг сонсдог номтой болооч гэж шавдуулсаар байгаад өөрөө бүх зохиолуудыг нь сонгоод, найруулж энэ бүхнийг гардаж хийсэнд нь их баярлаж байгаа.
-Та зохиолчдын хороотой хэр ойр ажилладаг вэ? Оны шагналыг нь авч үзсэн үү?
-Би чөлөөт уран бүтээлч. Ер нь ямар нэг уран бүтээлч хүн нийгмийн аль нэг жижиг давхаргууд, ашиг сонирхлын бүлгээс, улс төрийн намаас ангид эрхэмсэг орших ёстой гэж боддог. Ямар нэг байгууллагад харьяалагдвал чөлөөтэй сэтгэж чадахгүй ш дээ. Ер нь болохоор зохиолчийн сургууль төгсөөд зохиолч болно гэдэг ч туйлын үнэн биш. Орост л тийм сургууль байдаг болохоос бусад оронд байхгүй. Александр Дюма ямар ч зохиолчийн сургууль төгсөөгүй. Цэвэр хүний боловсрол сэтгэн бодох чадвар дээр уран зохиол төрдөг. Миний хувьд ямар нэг холбоо эвсэлд нэгдэхийг хүсдэггүй. Би Оросын Валентин Распутиныг хүндэлдэг. В.Распутин ямар нэг улстөрчийн сурталчилгаанд оролцдоггүй. Өөрөө хэлсэн байдаг “Путин ч урьдаг, улстөрчид их урьдаг, гэхдээ би очдоггүй. Хэзээ ч би улстөрчдийн сурталчилгаанд ордоггүй. Тэр бол жижигхэн юм” гэж хэлсэн байдаг. Үнэн л дээ. Дөрвөн жилийн дараа улстөрчийн нас нь дуусдаг биз дээ. Би өөрийгөө зохиолч гэдэггүй. Хүмүүс зохиолч гэж үзээд миний номыг худалдаж авдаг. Тэр л надад хангалттай. Өөр шагнал би горьддоггүй. Ноднин хэсэг залуучууд Номын авардс анх удаа зохион байгуулаад “Шүрэн бугуйвч”-ийг “2007 оны онцлох ном”-оор шалгаруулсан. Дараа жил нь тэр онцлох номоор кино хийлээ. Тэр нь нэг сарын турш дүүрэн үзэгчтэй байна. Өөр элдэв шагнал аваагүй, эвсэл бүлэгт харъяалагддаггүй.
–”Шүрэн бугуйвч”, “Хулан” хоёроос өөр залуучуудын хайр сэтгэлийн сэдэвтэй ном гараагүй юм шиг санагддаг. Яагаад үргэлжлүүлж бичээгүй юм бэ?
-Би өөрийнхөө эрхлэн гаргаж байсан сонинд уншигчдын хүсэлтээр, сонирхлын журмаар “Хулан”, “Шүрэн бугуйвч” хоёроо бичсэн. “Өнөөдрийн Монголын нэг хэсэг өсвөр үеийнхэн чиний зохиолыг уншиж өсч байна” гэж хүмүүс хэлдэг юм. Энэ үнэхээр гоё дүгнэлт. Одоо гадаад дотоодод сурч байгаа оюутнуудаас их мэйл ирдэг. Та “Хулан” шигээ тууж бичихгүй юм уу гэдэг. Ардчиллын дараа нэг хэсэг Монголчууд носталжид автагдаад, түүхжээд л баахан 13 дугаар зуунжсан. Гэтэл хүний амьдрал өнөөдрөөрөө оршиж, хайрлаж, дурлаж, гуниглаж, баярлаж байдаг болохоор орчин үеийн сэдэв нь хүмүүсийн сонирхлыг татсан байх. Үүнээс болж зарим хүмүүс намайг савангийн дуурь шиг юм бичлээ гэж ярьж яваа дуулдаж л байсан. Би ч олон ижилхэн юм үйлдвэрлээд яах юм гэж бодоод өгүүллэг бичиж эхэлсэн. Одоо бодоход буруу юм билээ. Залуус надаас “Хулан”, “Шүрэн бугуйвч” шиг зохиол бичихийг хүсдэг. Эмэгтэй хүн хүүхдийн сэтгэхүйг нарийн мэдэрдэг. Тийм болохоор хүүхдийн зохиолчид ихэвчлэн эмэгтэй хүн байдаг. Олон хүн чиний номыг уншиж миний хүүхэд номонд дуртай болсон гэхийг сонсоод цаашид залуучуудын сэдвээр бичих хэрэгтэй юм байна гэж бодох болсон. -Та жендер судлаач хүн. Феминилист үзэлтэй. Энэ нь таны гэр бүлийн хүний сэтгэлд нийцдэг үү? -Жүжигчин Антонио Бандерис гэртээ хаан шиг байдаг эрэгтэй хүнд дургүй гэж ярьсан байна билээ. Ухаалаг, боловсролтой, дэвшилтэт үзэлтэй эр хүн чинь ямагт тэгш эрхийн төлөө байдаг. Миний нөхөр яг тийм хүн. Надаар их бахархдаг гэдэг. Мэдээж би өглөө бүр цайг нь чанаж аягалж өгнө. Тэгээд ч манай нөхөр дандаа эмэгтэйчүүдтэй амьдардаг болохоор эмэгтэй хүнийг хүндэлснээр жинхэнэ эр хүн, жентельмэн болно гэдгээ мэддэг. Тийм болохоор байнга дэмждэг. Харин ч дундаж сэтгэхүйтэй эмэгтэй хүнтэй ойлголцоход хэцүү байдаг. Тийм дундаж эмэгтэй маш патриархат үзэлтэй, эмэгтэйчүүдийг өөртэйгөө нийлүүлээд дорд үздэг. Бүх эрэгтэй хүнийг шүтдэг. Олон хүн сайнтай, муутай. Эрэгтэй хүн дотор ч тэнэгүүд бий, эмэгтэй хүн дотор ч ухаантнууд бий. Өөрсдийгөө дорд үзэж эрэгтэй хүнийг шүтдэг үзэл тэр эмэгтэйг ч, эрэгтэй хүнийг ч сөнөөж байна. Одоо эрэгтэй хүмүүсийн сул дорой болоод байгаа нь үзэл санааны хоцрогдолтой холбоотой.
-Эмэгтэй хүн ийм юм яриад эхлэхээрээ улс төрд ордог, сонгуульд өөрийгөө сойж байдаг гэсэн хар дагуулдаг. Таны хувьд…
-Би ямар нэг эвсэл намаас хол байсан нь дээр гэж боддог. Гэхдээ Монголд нам төвтэй, улс төр төвтэй амьдрал өрнөж байгаа, улс төр лүү орсон хүн нийгмийн баялгаас шударга бус замаар хүртэж байгааг заримдаа зүгээр хараад суугаад баймааргүй санагдах үе бий л дээ. Нөгөө талаар нийгмийн идэвхтэй болохоор намууд намайг сонирхох байдал харагддаг. Гэхдээ би яг өнөөдөр улс төрөөс хол байя гэж боддог, өнөөдөр улс төрд хөлөө дүрсэн хүн болгоны нэр шаварт унаж байна. Ямар нэгэн харъяалалгүй бие даасан хүн олоход ч хэцүү болж. Тэрийг нь харахаар улс төргүй амьдрал аз жаргалтай байдаг.
-Тэгээд ч Монголын улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо үнэхээр өрөвдмөөр болчихлоо. Аягүй бол дараагийн парламентын сонгуулиар нэг ч эмэгтэй гишүүнгүй Лалын урсгалтай тулгуур үзэлтэй орны хэмжээнд очиж магадгүй болох нь. Гэхдээ энэ цэвэр эмэгтэйчүүдийн буруу биш. Эрчүүдийн хуйвалдаан хэтэрхий цадигаа алдсаны шинж. Манай намууд эмэгтэй хүнийг хүн, улстөрч гэж хүлээж авах хөрс байхгүй. Эмэгтэй хүнийг зүгээр нэг хүүхэн гэж хүлээж авч, шал өөр нүдээр хардаг. Шударга бие даасан, чадварлаг эмэгтэй аль нэг намд тэсэн оршиход үнэхээр хэцүү. Тийм учраас чадварлаг эмэгтэйчүүд улс төр лүү орж чаддаггүй, байгаа хэд нь бүлэглэлүүдийн дунд хуйвалдаанд оролцож чадахгүй хаягддаг. Улс төрд гарч чадсан цөөхөн эмэгтэйчүүдийн гол алдаа гэвэл яг тэр эрчүүдийн тоглоомын дүрмээр нь тоглож чадаагүй. Хоорондоо эв нэгдэлтэй байж чадаагүй. Одоо хүмүүс өөрсдийгөө лалын оронтой зүйрлээд манай эмэгтэйчүүд мундаг гэж хэлдэг. Солонгосын хажууд манай эмэгтэйчүүд эрх чөлөөтэй гэж ярьдаг. Энэ нь зарим талаар эндүүрэл. Лалын шашинт зарим орноос эмэгтэй Ерөнхий сайд олон төрсөн. Монголоос бол төрөх найдвар ч алга. Энэтхэгээс Индра Ганди, Соня Ганди байна, Туркээс Тансу Чиллер гэж байсан. Сая хорлогддог Беназир Бхутто гэж асар хүчтэй эмэгтэй байсан. Тийм эмэгтэй төрөөгүй байж лалын шашинт эмэгтэйчүүдээс илүү гэж өөрсдийгөө дөвийлгөх утгагүй. Монголчууд нэг их эрх чөлөөтэй эмэгтэйчүүд юм шиг мөртлөө нөгөө талаар өөрсдийнхөө эрхийн төлөө зөв дуугарч чаддаггүй айдаг. Нам дотор ороод ч эмэгтэйчүүдийн төлөө дуугарч чаддаггүй. Би харин Арвин гишүүнийг үнэлдэг. Энэ хүн эмэгтэйчүүдийн асуудлаар дуугардаг, эмэгтэйчүүд өнөөдөр ямар их ачаа үүрч байгааг мэдэрдэг. Гэр бүлийн тухай хуулийг өөрчлүүлэх гэж хувийнхаа хөрөнгөөр хуулийн төсөл дээр ажиллах багийг цалинжуулаад явж байсныг нь мэднэ. Тэгэхэд зарим эрэгтэй гишүүн “Арвиан, гэр бүлийн амьдралыг хуулиар зохицуулдаггүй юм” гэж хэлж байсан гэсэн. Одоо төр засгийн шийдвэрийг дан эрэгтэйчүүд гаргаж байгаа нь үнэхээр харамсмаар.. Эрэгтэй хүн асуудалд хэтэрхий эрсдэлтэй ханддаг. Айл гэрийн амьдралыг зөвхөн нөхөрт нь даатгавал ёстой баларна. Айлын амьдралын талыг нь эхнэр нь, талыг нь нөхөр нь авч явж байгаа биз дээ. Гэтэл манайд яг шийдвэр гаргах төвшинд нь цул эрчүүд болохоор баян ядуугийн ялгаа асар их, нийгмийн асуудлуудыг шийдэхдээ зөвхөн мөнгө тараах өөрсдийнхөө аргыг хэрэглэж байна. Тийм болохоор монголд чадварлаг эмэгтэй удирдагч гараасай гэж хүсдэг.
-Миссийн тэмцээний тухайд та ямар санал сэтгэгдэлтэй байдаг вэ. Таныг сайхан харагдах гэж оролддоггүй гэхээр ингэж асуумаар санагдлаа?
-Эмэгтэй хүнийг дандаа гоо сайхан талаас нь харна гэдэг эмэгтэйчүүдийг хооронд нь дайсагнуулах шалтаг болдог. Яагаад сайхан эрэгтэйг шалгаруулахгүй байгаа юм. “Оросын миссүүдийн эмгэнэлт хувь заяа” гээд эрэн сурвалжилсан нэвтрүүлэг Оросын ОРТ сувгаар гарсныг би нэг удаа үзсэн. Ер нь миссийн титэм өмссөний дараа тэгж мандаж яваа мисс гэж бараг сонсогддоггүй. “Таныг титмээ зүүсний дараачийн секундээс л мартаж эхэлдэг” гэж тэр нэвтрүүлгийг хийсэн оросын сэтгүүлч хэлж байсан. Ер нь тэмцээний дараа сайндаа л ганц нэг нь загвар өмсдөг, эсвэл кинонд тоглодог. Миссүүд тэр нийгмийнхээ хог шаарнууд мафийн сүлжээний гарт ордог, нүдэнд нь өртдөг, тэгээд хувь заяа нь эмгэнэлтэйгээр төгсдөг тохиолдол олон байдаг юм байна лээ. Тэгэхээр миссийн тэмцээн рүү нэг их хошуураад хэрэггүй. Бусад улс оронд ч мисс гэж хөл алдахаа больсон. Манайд сүйд болж өдөр болгон шахуу болж байна. Энэ нь сэтгэлгээний хувьд бусад орноос хоцрогдож яваагийн шинж. Өдөр болгон нэг мисс, охид нь энд тэндгүй загварын дамжаанд явдаг. Өнөөдөр Монгол үйлдвэрлэгч орон биш. Тэр олон загвар өмсөгч юугаа өмсөж үзүүлж, хаанаас мөнгө олох гээд байгаа нь ойлгомжгүй. Энэ бол охидын буруу замд орох хамгийн шилдэг жишээ. Зохиодог сонирхдог улс нь зохиож л байг, гэхдээ нийгмийн сэтгэлгээ арай өөр голдрилоор хөгжих ёстой. Дараа нь миссүүд яасан, нэг баянтай суусан, эсвэл нэг айлын гэр бүл үймүүлж, тэрний энэний нууц амраг болж гэнээ гэж сонсогддог. Эмэгтэй хүн өөрийнхөө хүч чадал, оюун ухаан, авъяасаараа биш хэн нэг хүний түрийвчинд багтаж, харшид хоригдоно гэдэг утгагүй. 21-р зууны эмэгтэй хүн чинь 17 дугаар зууны цайзанд хоригддог бүсгүй биш ш дээ. Зарим залуу охидын буруу үзлийг өөрчилмөөр санагддаг юм. Сайхан охид олон байх нь сайхан, гэхдээ тэднийг нүцгэлж уралдуулж, өлөн нүдтэй олигархиудын нүдэнд өртүүлнэ гэдэг аюултай. Германд квантын физикээр нээлт хийсэн Ч.Содбилэг гээд бүсгүйн тухай хэн ч мэдэхгүй мөртөө, өдөр өнждөггүй зохиогддог миссийн тухай ярьж суудгаа болимоор юм. Би охидоо Барбигаар дандаа тоглуулах дургүй. Барбигаар их тогловол тэнэг хүн болно. Барби амьдрал дээр хэзээ ч байдаггүй, биеийн харьцаатай хүүхэлдэй. Багаасаа л түүгээр тоглож өсөхөөр өөрийгөө хүүхэлдэйтэйгээ харьцуулан гутраад эхэлдэг гэж судлаачид үздэг. Тарган памбагар хөөрхөн охидууд би барби шиг биш, муухай юм байна гэж бодно. Тэгээд л өсөхдөө мэс заслын ширээн дээр хэвтэнэ гэсэн үг.
-Та хоёр охинтой мөртлөө бас нэг охин өргөж авсан. Хоёр охинтой мөртлөө яагаад нэг хүү өргөж аваагүй юм бэ? гэсэн асуултанд би өөрт байхгүй туфлиэ худалдаж авах гээгүй юм аа гэж хариулсан байсан? Гэр бүлийнхээ шинэ гишүүний талаар яриач?
-Энэ тухай би яримааргүй байна. Ер нь Монголд ганц хүүхэдтэй боломжийн амьдралтай хүн цөөнгүй байна. Ядуу зүдүү амьдралтай хүүхэд хичнээн олон байна. Хангалуун амьдралтай гэр бүлүүд ганц хүүхэд өргөөд авбал нэг хүүхдийн амьдрал ч сайхан болно доо. Намайг хүүхэд өргөж авахад Анжелина Жолигийн тухай мэдээнүүд их нөлөөлсөн. Тэр алдартай жүжигчин ядуу буурай орнуудаас хар шар бор хүүхдүүд аваад сайхан өсгөж байна. Монголд өчнөөн хүүхэд хэцүү амьдралтай байна гэж бодохоор зүгээр сууж чадаагүй. Манайхан мөнгөтэй болоод ирэхээрээ машинаараа уралдаад, том том хөөрөг, нэртэй брэндүүдээр гайхуулж эхэлдэг. Ямар ч ажил эрхэлдэггүй загвар өмсөгч нэртэй хүүхнүүд гадаад явж туфли даашинз цуглуулдаг гээд л ярихаар энэ баялгийг хаанаас олж авдаг вэ гэж асуумаар байдаг. Авлигын индекс багатай оронд ингэж ярьсан хүн шууд шалгуулна ш дээ. Таны төлсөн татвар хаана байна гэвэл юугаа хэлэх юм. Хаанаас олсон орлогоор энэ бүхнийг авсан бэ гэж асуувал шууд баригдана. Тийм харштай, тийм машинтай гэдэг. Бас манай баячуудын гэргий нар буяны үйлд гараа сунгах хэрэгтэй санагддаг. Нэг л их гадаад явж шоппинг гэдгээ гайхуулах дуртай хүмүүс дуулддаг. Би хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллийн талаар ажилладаг олон ТББ-уудтай холбоотой байдаг. Тэдний спонсорууд нь дан гадаадынхан байдаг нь ичмээр. Манай баячууд урлаг спортын тоглолт, СD эсвэл нууцаар улстөрчдийн сонгуулийн компанийг ивээн тэтгэдэг мөртөө хүмүүнлэгийн үйлсэд гар татуу. Би л лав зарим сониноос Кристиан диорыг иж бүрнээр нь түрхдэг энэ тэр гээд гайхуулж байгаа хүмүүсийг хараад ичдэг. Гэтэл өнөөдөр нэг шуудай нүүрс авч чадахгүй байгаа айл Улаанбаатарт асар олон байна ш дээ. Тэднийг бодохоор миний сэтгэл хачин болдог. Ер нь манай хот сая гаруйхан хүнтэй, монголчууд чинь сайн яривал бүгдээрээ садан төрөл болчихдог. Би л лав тийм юмаар хөөцөлдөхөөс ичдэг. Хоёрт долоон үсэгтэй тэр брэндийн тосных нь үнийн 80 хувь нь реклам сурталчилгаа, тэднийг рекламддаг одын цалинд явдаг юм байна лээ. Би сонсдог номынхоо орлогоор Тунгалаг гэдэг эмэгтэйд гэр авч өгнө гэж амласан. Одоо Тунгалагийгаа яаж гэртэй болгох вэ гэж бодоод л сууж байна.
–Ярилцсанд баярлалаа
Discussion about this post