УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар (“УИХ-ын эмэгтэй гишүүдээс” гэж бичээд байгаа) Архидан согтуулахтай тэмцэх тухай хуулийн төслийг удахгүй нээлтээ хийх намрын чуулганд өргөн барихаар холбогдох байгууллагуудаас санал авч эхэлжээ. Эхний хэлэлуүүлгийг өнгөрөгч дүрэв гаригт хийсэн юм байна.
Төсөл өргөн барих болсон үндэслэлээ гишүүн М.Оюунчимэг “Эрүүлжүүлэх байраар үйлчлүүлсэн 82 мянган хүний 80,8 хувь нь ажилгүй хүмүүс байна” гэв. Бараг 90 хувь. 70 гаруй мянган ажилгүй иргэн эрүүлжүүлэх байраар зочлоод гарчээ гэсэн үг. Тэр цааш нь “Засгийн газраас иргэдийг ажилтай, завгүй байхад зориулж бодлого гаргах нь чухал байна. Хоёрдугаарт архины зохистой хэрэглээг бий болгох хэрэгтэй” гэжээ. Тэр “зохистой хэрэглээ” гэдэг нь юу болох талаар өмнө мэдээлсэн. Архи худалдаалах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, 5000 хүн тутамд нэг архи худалдаалах цэгтэй болгох…
М.Оюунчимэг гишүүний мэдээлснээр нийслэлд архи худалдаалах зөвшөөрөлтай 6000 мянган цэг байдаг гэнэ. Статистикийн газраас мэдээлснээр нийслэлийн хүн амын тоо сая 466 мянга 100 гэж гарсан байна. Харин УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга сая 200 мянга гэж залав. Статистикийн мэдээ жилийн өмнө гарсан гэж тооцвол лав 300 мянган хүнээ гээчихлээ. Манай удирдагчид тоо баримтад ингэж л ханддаг хүмүүс. Ард нь мэдээж зорилго бий байх л даа.
Сая 500 мянган хүнээр тооцвол 5000 хүний дунд нэг архи худалдаалах зөвшөөрөл гэхээр нийслэлд 300 цэг үлдэх нь ээ. Одоо байгаа 6000 зөвшөөрлийн 5700 нь цуцлагдана гэсэн үг. Найман нэрийн барааны дэлгүүрүүд бүгд байхгүй болно. Сумын төвд ганцхан дэлшүүр үлдэнэ. Тэдгээр нь мэдээж УИХ-ын гишүүний, эсвэл Засаг даргын өөрсдийнх нь дэлгүүр байх болно. Монополь учраас үнээ дураараа тогтооно, өрсөлдөгчгүй учраас борлуулалт нь нэмэгдэнэ.
Нөгөө талд шагийн архи цэцэглэнэ, архины хууль бус наймаа нэмэгдэнэ, түүнийг дагаад чанар муутай архи үйлдвэрлэж эхэлнэ, хүний амь эрсдэнэ. Арав гаруй жилийн өмнөх шигээ хуурамч архи, хууль бус борлуулагчидтай тэмцэх шинэ ажил ундарна даа. Сэтгэлийн хөөрлөөр, судалгаагүй бурах ийм аюултай.
Гэтэл судалгаа тооцоог нь хийх ёстой Х.Нямбаатар сайд (энэ нэг эргүүтсэн төлгийг хуулийн салбарын дарга болгох санаа ямар ухаанд нь ухна үхсэн хүнээс гардаг байна аа) нөгөө санааг нь шүүрч аваад “хуулийн шинэчилсэн найруулга болгохоор” шийдсэн гэнэ. Хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулна гэсэн үг. Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн газар бас нэг дайснаа олчихлоо. Түүнийг ноён “АРХИ” гэдэг.
Нөхдүүд архитай л тэмцэх тухай яриад байгаа болохоос биш, архидалттай нь тэмцэх тухай хэн ч, юу ч ярихгүй байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга өөрөө хэлсэн дээ. Архидан согтуурч байгаа нөхдийн 80 хувь нь ажилгүйчүүд байна аа гэж. Тэгвэл архитай тэмцсэнээр ажлын байр нэмэгдэх үү?
Эсрэгээрээ архины хамааралтай хүмүүсээ эмчилдэг, тусалдаг, ажлын байранд зуучилдаг үйлчилгээг бий болгох ёстой юм биш үү? Тэрэнд нь мөнгөө зарцуул, ТББ-уудаа ажиллуул, хөрөнгө төсвийг нь гаргаж өг. Нийгмийн хог шаар гээд зөнд нь хаядгаа боль. Архи үйлдвэрлэгчид, ажил олгогч нартаа ханд. Үүнийг “нийгмийн хариуцлага” гэдэг болохоос биш шинэ жилээр чихэр тараахыг нийгмийн хариуцлага гэдэггүй. Тэр ажилгүй хүмүүс чинь ажилтай, орлоготой болоод ирэхээрээ аяндаа архинд донтохоо болино.
Харин архины зөв, зохистой хэрэглээ гэдэг бол огт өөр зүйл. Бараг соёл. Хууль баталж, хорьж хязгаарласнаар соёл бий болдоггүй. Тийм учраас манай нөхөд энэ тухай ярихаасаа өмнө ажлын өрөөндөө архины шилтэй селфи хийж постолдгоо эхлээд больчих хэрэгтэй.
Гэх мэтчилэн асуудлыг уг үндсийг нь хардаггүй, аль болох амар хялбар аргаар шийдэх гэж оролддог манай төрийнхний нэг гажиг байна. Үр дүн нь дандаа эсрэгээрээ гардаг.
Гэвч энэ юу ч биш байх л даа. Өмнө хэлсэнчлэн тэд ийм зүйлийг санаандгүй буюу санаа зорилгогүй хийдэггүй. Санаж сэдээд, төлөвлөөд хийдэг. Нэг нь төсөл өргөн бариад, нөгөө нь тэрийг нь ахиулаад, нийгмийн эмзэг асуудал дээр дөрөөлж нийтээр нь талцуулж, хэрэлдүүлж байгаад араар нь өөрсдийнхөө сонирхлыг шургуулаад, ашгаа аваад гараад явчихдаг бүр номтой.
Б.СЭМҮҮН
Discussion about this post