Ногоон автобусныхан өшөө хорсолтой, өнгө мөнгөтэй, хотын шинэ даргатай, троллын арми, бээжин нугасны лайвчидтай, бүр сонсголтой болоод авсан байна. Сонсгол иргэд мэдэх эрхээ эдэлж, нийт олноороо нүд, чихээ нээхэд маш их ашиг тустай. Иргэд Хөгжлийн банкыг хэн яаж тоносон, нүүрс хэрхэн далд эдийн засаг болсныг мэдэх эрхтэй. Гагцхүү улс төрчид үнэний малгай өмсөөд өс авах, өрсөлдөгчөө намнах, өөртөө оноо цуглуулах сонирхлоо ард нь нуувал ус тос ялгарахгүй. Еэвэнгийн тал нь хаана байна гэдэг шиг зүйл нүүрсний сонсголын ард болж өнгөрсөн. Нүүрсний сонсгол бүхлээрээ худал биш, бас бүтнээрээ үнэн биш.
Ногоон автобусныхан нүүрсний сонсголыг хүртэл авсаныг улс төр доторлодог бүү хэл гадарладаг хүнд ч ил байна.
Гараар гагнаж, замаск будаг нялж, хуучин автобус гэдгийг нь улсаараа, хотоороо нүдээр хараад, гараар бариад мэдчихээд байхад цоо шинэ гэж тас гүрийж үзээд үнэнд гүйцэгдсэн тул сэдвийг өөрчилсөн. АН-аар эхлээд, Баясгалантай үргэлжлээд, хамгийн гол нь Д. Амарбаясгалангаар төгсгөх сценари яагаад ногоон автобусан дотор бичигдсэн бэ?
Урт, богино хоёрын салж үзээгүй намтар
Нүүрсний ерөнхий сонсгооч Б.Энхбаяр, ногоон автобусны хэргийн яллагдагч Ж. Сүхбаатар хоёр оюутан байхаасаа эхлээд 27 жил салаагүй амин найзууд. МУИС-ийн хуулийн ангийг төгсөөд, хувийн “Улаанбаатар-Эрдэм” сургуульд 6 жил хамт багшилж, УИХ-ын гишүүн агсан Төмөрийн туслахаар ажилласан. Нэг сургуулийн, нэг үеийн оюутан, нэг хувийн сургуулийн хуулийн багш, нэг гишүүний туслах, нэг намд элсэж, одоо ч парламент гэдэг нэг ангид сууж байгаа. Нурууны урт, богиноос бусдаар намтар түүх нь нэг хүн шиг давхацдаг. Бусдыг найзынх нь найзын найз, тэрний хамтрагчийнх нь түншлэгчийн ээж 6-7 шат дамжуулж үсэргээд хань хамсаатан болгодог технологийнх нь дэргэд бол энэ хоёр нэг хүн.
Прокурор Ж.Сүхбаатарыг яллагдагчаар нэгэнт татчихсан тул УИХ-д бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт тавих нь өнөө маргаашийн асуудал болчихсон.
Ногоон автобусны хэрэгт яллагдагчаар татагдсан 25 хүний дотор хотын худалдан авах ажиллагааны дарга асан Г.Энхтайван, түгжрэлийн төслийн нэгжийн захирал н.Батзориг гэсэн Ж.Сүхбаатарын хоёр шавь, гарын туслах нь байсан залуучууд байна.
Б.Энхбаярын өчигдрийн жиргээг Ж.Сүхбаатар шүүрэн авч түгээхдээ “бохир акц нь миний эсрэг давхар явна” гэж өөрийгөө хавчуулаад, нүүрсний сонсголын ард ногоон автобус нууснаа санаандгүй илчилж орхилоо. Яндан, зуух хоёрыг салгах аргагүй.
Д.Амарбаясгалан гэдэг “бургас”
Түгжрэл Ж.Сүхбаатар, хотын дарга Д.Сумъяабазар улс төрд “амь тавих”-даа дуу нэгтэй зааж, живэхдээ зуурах бургас болгосон хүн нь Д.Амарбаясгалан. Засгийн газрын ХЭГ-ын даргын өрөөнд Ж.Сүхбаатар өөрөө, автобус компанийн захирлууд, түшмэлүүд зэрэг 20, 30 хүн оролцож, нийтийн тээврээ яаж өөрчлөх вэ гэж ярилцсаныг сүүлчийн сүх цавчилт болгож тавьсан. Д.Сумъябазар ч дуу нэгтэй Д.Амарбаясгалан руу зааж, сумаа тавьсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар автобус компанид очиж, нийтийн тээврийнхэнтэй уулзаж ярилцсан.
Д.Амарбаясгалан ямар ч гэлээ тийм олон нүд, чихний өмнө “Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягийг лоббидох усан тэнэг хүн лав биш.
НИТХ дахь ХҮН-ынхан ногоон автобусны талаар шүгэл үлээж байхад УИХ-д суудалтай намуудыг төлөөлж, Д.Амарбаясгалан, Т.Доржханд, Л.Гантөмөр нар Германд явж байхтай давхацсан. Ногоон автобусны шүглийн захиалагч нь Д.Амарбаясгалан, тийм учраас хариу тооцоо хийнэ гэдгээ УИХ дахь бүлэг, нам дотроо олон удаа ярьсан. Хотын шинэ дарга Х.Нямбаатар УИХ-ын чуулганд Т.Доржхандтай хэрэлдэхдээ “Таны дотны найз Д.Амарбаясгалан” гэсэн үг үүнийг батлах бас нэг илрэл. Д.Амарбаясгалан “Баяраа өөрөө л ширээнээс унасан. Өөрсдөө харайж яваад уначихаад намайг хэн дэгээдэв гээд байна. Автобусны хулгай Дарханы улс төрчидтэй холбогддог” гэж хариу барьсан. “Түгжрэл” Сүхээ Дарханых.
Хамаагүй хамаарал буюу найзын найзын найз…
Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар огцорч, Х.Нямбаатар хотын дарга, Б.Энхбаяр сайд болсон. Сонсголоор өөрсдөд нь ашиггүй баримтууд, нэрсийг алгасах, дурьдаад өнгөрөх, адил тэнцүү эрхтэй гишүүдийн микрофоныг хаах зэрэг үйлдэл олон удаа удаа гарсан. Еэвэнгийн тал нь хаана байна? Жишээ нь, Тавантолгойн талбайг хувааж, 100 гаруй тэрбумын өндөр үнэтэй хөрс хуулалт хийлгэсэн “Эрдэнэставантолгой майнинг” компанийн талаарх сэдвийг нүглийн нүдийг гурилаар хуураад өнгөрүүлсэн. Хэлэлцэх асуудлын жагсаалтанд байгаагүй сэдвийг гэнэт оруулж ирж, ганцхан гэрч оролцуулж, нүүр тулсан ярилцлага маягийн юм хийгээд өнгөрснийг хүмүүс анзаараагүй юм. Энэ тухай лавшруулбал, жинхэнэ сонин сонин баримтууд их гарч ирнэ.
Ад болсон “Админерал”
Улсаас нэг ч төгрөг авахгүйгээр, хувийн хөрөнгө оруулалтаар, нэг литр ус ашигладаггүй, хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй “Админерал”-ыг Д.Амарбаясгаланг хуулинд зааснаар хамааруулах баримт байхгүй. МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг Д.Амарбаясгаланг нүүрстэй холбохын тулд гаргаж ирсэн. Ашгийн төлөө бус, нийгэмд үйлчлэх ТББ үүсгэн байгуулалцсаныг нь ашигласан. Урт нэртэй ашиг сонирхлын болон компанийн тухай хуулиар энэ нь ашгийн төлөөх нэгдмэл сонирхол биш. Ашгийн бус сайн дурын байгууллагууд. Эхнийх нь Говь-Алтайд ЕБС төгсөгч 700 гаруй хүний үүсгэн байгуулсан “Төрөлх Алтай” ТББ.
Хоёр дахь нь МАН-ын дэргэдэх “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”. Энэ хүрээлэнгийн Бодлогын зөвлөлд УИХ-ын 15 гишүүн байдгийн нэг нь Б.Энхбаяр өөрөө.
1-рт, Ц.Чулуунзагд нийтийн албан тушаалтан биш. МАН гэдэг ТББ-ын ажилтан. 2-рт, Ц.Чулуунзагд, Д.Амарбаясгалан хоёр ашгийн төлөөх нэгдээгүй, хамтарсан компанигүй учраас хуулинд заасан холбоо хамаарал, нэгдмэл сонирхол тасарсан гэсэн үг.
3-рт, Д.Амарбаясгалангийн эхнэр, Ц.Чулуунзагд хоёрын 12 жилийн өмнө байгуулсан ч татан буугдаад удаж байгаа, вебсайт, хэвлэл мэдээллийн шал өөр чиглэлтэй байсан компанийг нүүрстэй хүчээр наасан. Хуулинд заасан хамааралд орохгүй учраас Д.Амарбаясгалан шүүхэд хандахаа мэдэгдсэн. Нутгийн зөвлөл, спорт холбоод, төгсөгчдийн клубын гишүүдийг хүртэл хамааралтай гэж үзвэл Монголд хань хамсаатангүй хүн нэг ч үлдэхгүй. “Эрдэнэставантолгой”-н хувьцаа эзэмшигч Монгол Улсын бүх иргэд ашгийн төлөө нэгдсэн хамсаатнууд болно.
“Админерал” бол Бортээгийн уурхайд ажиллахаар шалгарсан МТАС гэдэг дөрвөн компанийн нэг. Ц.Чулуунзагдын төрсөн ахын оролцоотой учраас л улс төрийн гогцоо болгон авч гогодоод байгаа хэрэг. Тендер нэртэй болохоос улсаас мөнгө төгрөг аваагүй. Монголд бүртгэлтэй, монгол ажилчидтай, Монголд татвараа төлж байгаа компани нүүрс угаах нь хилийн цаадах Өвөрмонголын Баяннуур дахь 30 хятад үйлдвэрийнхэн маш дургүй байна.
404 их наяд гэдэг попрол
Бортээгийн нүүрсний нийт нөөцийг 404 их наяд гэж үнэлээд, МТАС түншлэл бүрэн бүтнээр нь авчихсан гэж дүгнэчихсэн. Бүрэн борлуулалт гэдэг нь бүх нөөц биш, өрөмдөөд тэслээд, хуулж олборлоод, угааж баяжуулахыг хэлж байгаа юм. Гурван жил ажиллах гэрээтэй компаниуд яаж 2 тэрбум тонн нүүрс гаргаж, угааж, борлуулж чадах вэ? Хүчин чадлынхаа дээд хэмжээ жилийн 5 сая тонноор бодоход 400 гаруй жил, 2424 он хүртэл ажиллах болно. Бүрэн борлуулалт гэдэг нь угааж баяжуулахад үлдсэн хог хаягдлыг нь ч зах зээлийн үнээр зарах үүрэг хүлээсэн гэрээний заалт. Гэвч попролд логик, учир зүй гэдэг юм угаасаа байхгүй. Б.Энхбаяр өөрөө гуравхан хоногийн өмнө С.Ганбаатар гишүүнийг нүүрсний хулгайг 440 их наяд гэж тэг нэмлээ, уянгын халилаар ярилаа гэж ёжлоод байсан хүн. 72 цагийн дараа 404 их наяд гэдэг үлгэрийн тоог өөрөө өмчилж, улс төрийн попын хааны титмийг босоо Ганбаагаас булааж авлаа.
“Админерал”-ын регистрийн дугаарын сүүлийн нэг тоог буруу хийгээд, НДШ төлдөггүй гэж улс даяар шившиглээд уучлал гуйгаагүй. Шинжээч НДЕГ-аас лавлагаа авахдаа нэрийг нь тулгаагүй байж болох уу? Регистрийн дугаар дахин давтагдахгүй.
Нэг тоо зөрөхөд л хэн ч юунд ч ороогдоно. Хөрөнгө оруулагчид нь хоорондоо тооцоо нийлсэн цаасыг 30 сая ам.доллар бэлнээр авсан санхүүгийн баримт гэж Хууль зүйн сайд орон даяар зарласан. Тоног төхөөрөмжөөр, бараа материалаар, дансны мөнгөөр нийт хэдэн долларын хөрөнгө оруулалт ороод байгааг дүгнэж, тооцоо нийлсэн баримт. “Ковидын үед гэрээсээ ч гарч чадахгүй байж, 30 сая доллар яаж тэврээд гүйх юм бэ?” гэж “Админерал” ХХК-ийн дэд захирал хэлэхэд сонсголд оролцогчид нирхийгээд өнгөрсөн.
Найзын найзын найз, найзынх нь найзын ээж буюу Д.Амарбаясгалан
Д.Амарбаясгалангийн эхнэртэй арван жилийн өмнө IT-гийн компани хамтарч байгуулж байсан, татан буугдаад удаж байгаа. Түүн дээр хамтарч байгаад больсон залуу Панасоникийн батерей зарах тусдаа бизнес дээр нэг хүнтэй нийлээд салсныг хөврүүлж татаад, 6 хүн үсэргээд хамааруулчихдаг. Д.Амарбаясгалангийн эхнэртэй вэбсайт нээгээд амжилтанд хүрэлгүй татан буугдсан компани дээр хамтарч байсан залуу цаашаа нэг хүнтэй худалдаан дээр нийлээд больсон, тэр нь тусдаа ямар бизнес хийх нь хуулинд заасан хамаарахгүй. Нийт зургаан хүн байлаа гэж бодъё. Эхний хүн 2 дахь хүнтэй, тэр нь 3 дахь хүнтэй гэх мэтээр дамнаад 5 дахь нь ээжтэйгээ утсаар ярьсан. Тэгэнгүүт эхний хүнийг 5 дахь хүний ээжтэй нэгдмэл сонирхолтой гэж хүчлэн холбоод, хань хамсаатан болгочихож байгаа юм.
Нийтийн албан тушаалтан ч биш, ашгийн бус хоёр ТББ-аас бусдаар Д.Амарбаясгалантай бизнесийн хамааралгүй Ц.Чулуунзагдаас эгчийнх нь хүүхдийн ажиллахаа больсон IT компаниар хөврүүлээд сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбочихсон. Ц.Чулуунзагд ч биш эгчийнх нь хүүхэд Н.Өнөрцэцэгтэй нүүрсний биш IT-гийн компани байгуулж байсан нь хамаарал ч биш, гэмт хэрэг ч биш. Харин Б.Энхбаяраас Боловсролын зээлийн сангаас 32 мянган доллар аваад сураагүй мөртлөө сайдын тушаалаар яаж тэглүүлсэн бэ? гэж асуусан Н.Өнөрцэцэгтэй нааж аваад, тэр эмэгтэйг унасан хойно нь “өшиглөсөн” гэсэн үг.
Төрд ажиллаж байгаагүй, бизнес эрхэлдэг ах, эгч нар өөр компанийн хувьцаа хүнээс авсан, хамтарсан түүхүүд бий. Хэнд ч байдаг түүх. Нөхрийнхөө хувцсан дээрх ганц үснээс хөврүүлж цувьсаар байгаад харддаг хүүхэн шиг, тасарсан утсыг хүчээр скочдож зангидаад, Д.Амарбаясгаланг нүүрстэй наах улс төрийн өс хонзон. Нүүрсний сонсголын ард нуугдсан ногоон автобус.
С.Сарнай
()
Discussion about this post