Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг дагуу шийдвэр гаргасан байна.
Шүүхийн шийдвэрийн хураангуй:
-Нэхэмжлэгч С /69 настай/ цусны даралт ихсэх өвчнөөр өвдөж, цус харваж биеийн эрүүл мэндийн байдал хүндэрч, бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй буюу байнгын асаргаа шаардлагатай болсон тул өөрийн төрүүлсэн 6 хүүхдээр өөрийгөө асран хамгаалахыг даалгуулахаар шүүхэд хандсан байна.
Охин “Г” би ээжийгээ өмнө нь олон жил харж байсан, хүү “Б” би ээжийгээ Улаанбаатар хотод л харж хандана гэж, хүү “Д”, Га нар бид ээжийгээ Завханд гэрт нь харж асарна гэж, хүү “Т” би ээжийгээ хаана ч байсан харж хандаж чадна гэж тайлбарлаж байна, харин хариуцагч “Ц” ээжийгээ асран хамгаалах талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй.
Хариуцагч нар урьд өмнө нь ээжийгээ асран хамгаалах талаар ээлж, дараалал гаргаж байсан боловч хэн, хэн нь дараалалд заасан асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хоорондоо үл ойлголцон, маргалдаж, ээжийгээ орхиж явсан бөгөөд энэ хугацаанд ээж нь гэртээ харж хандах хүнгүй, эрсдэлтэй нөхцөл байдалд удаа дараа орж байжээ. Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойт эцэг, хойт эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл охин “Г”, хүү “Б”, “Д”, “Га”, “Т”, “Ц” нар нь өөрсдийн төрсөн ээж “С”-г адил тэнцүү асран хамгаалах үүрэгтэй юм. Иймд “Г”, “Б”, “Д”, “Га”, “Т”, “Ц” гэсэн дарааллаар 01 жилд хүүхэд тус бүр 02 сарын хугацаатай ээж “С”-ээ асран хамгаалах харж хандах, тэжээн тэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.
Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ ()
Discussion about this post