Дархан аварга А.Сүхбат 2016-2020 онд УИХ-ын гишүүн болж, Ардын намын далбаан дор мандаж явлаа. Энэ үедээ Хөгжлийн банкнаас 20 гаруй тэрбум төгрөг зээлж амжжээ. Харамсалтай нь нутгийн ах Миеэгомбын Энхболд МАН-д хүч нөлөөгөө алдаж, түүнийг тойрон хүрээлэгчдийн байдал эвгүйтэв. Сайд асан Д.Хаянхярваа, А.Сүхбат аварга гээд…Өнгөрсөн долоо хоногт:
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэлэлцсэн байна.
“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдуулан хоёр удаагийн зээлийн гэрээг цуцалжээ.
Үндсэн зээлийн төлбөрт 18.5 тэрбум төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5.5 тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 273 сая төгрөг, нийт 24.3 тэрбум төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 1.5 тэрбум төгрөг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, нийт 25.9 тэрбум төгрөг шаардсан байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 12 дугаар сарын 7-ны өдөр хэргийг хянан хэлэлцжээ. Хөгжлийн банк, “Түгээмэл түмэн хишиг” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг цуцлах үндэслэлтэйг тогтоосон байна.
Тус компаниас нийт 25.9 тэрбум төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, хамтран хариуцагч “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдох зээл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Мөн “Түгээмэл түмэн хишиг” ХХК төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол тус компанийн болон “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байна.
Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны тавдугаар сарын 30-нд хэргийг хянан хэлэлцээд “…зээлдэгчид учирсан хохирлыг тооцон үзэж, тохирсон хөнгөлөлт үзүүлж болно” гэсэн гэрээний заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авчээ.
Хөгжлийн банкнаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн төлбөрийн 25 хувьтай тэнцэх буюу 1.8 тэрбум төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Нийт 24 тэрбум төгрөгийг хариуцагч “Түгээмэл түмэн хишиг” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
()
Discussion about this post