HWPL олон улсын байгууллагын зарлан тунхагласан Дэлхийн энх тайвны тунхаглалын 10 жилийн ойд зориулсан энх тайвны алхалт 5-р сарын 28-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол бахархал” уриан дор болж өнгөрлөө.
Жил бүр дэлхийн 100 гаруй хотод дэлхийн энх тайвны тунхаглалын ойг тэмдэглэн энх тайвны алхалт зохион байгуулагддаг уламжлалтай. Монгол улсад зохион байгуулагдсан энэ удаагийн “Монгол бахархал” алхалтыг иргэний нийгмийн байгууллага, их дээд сургууль, ЕБС-ийн багш, оюутан сурагчдын төлөөллүүд, сайн дурын гишүүд зэрэг 10’000 гаруй хүн дэмжиж, хамтран оролцлоо.
Алхалтыг зохион байгуулсан HWPL байгууллагын төлөөлөгч хэлэхдээ энэхүү арга хэмжээгээр дамжуулан монголчууд амар амгалангийн өлгий нутаг болсон Монгол эх орныхоо хүндэт иргэн гэдгээрээ бахархаж, улмаар эрүүл аюулгүй нийгэм, эв нэгдэл, энх тайвны соёлыг цогцлоон байгуулах их үйлсэд гар бие оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр энэхүү алхалтын үзэл санаа нь Монгол Улсын урт хугацааны бодлого болох “Алсын хараа 2050”-тай уялдаж байгаа учраас Монголын ард иргэд ч олноороо нэгдэнэ гэдэгт найдаж байна гэлээ.
“Алсын хараа 2050” бодлогын эрхэм зорилгыг “Монголчуудын уламжлалт төрт ёс, өв соёлоо дээдэлж, үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж, үндэсний бахархлыг сэргээх явдал” гэж тодорхойлсон байдаг. “Монгол бахархал” энх тайвны алхалт нь энэхүү бодлоготой уялдан, Монгол Улсын иргэн гэдгээрээ бахархах сэтгэлийг бадраах, амар тайван сайн сайхан нийгмийг хөгжүүлэхэд Монголын ард түмний оролцоог нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагджээ.
Энх тайвны алхалтын нээлтийн хэсэгт төрийн дуулал, морин хуурын аялгуу, “Монголын шугаман бүжгийн холбоо”-ны 300 хүний бүрэлдэхүүнтэй “Чингис хаан” бүжиг, “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 500 сурагчийн уншсан “Тусгаар тогтнол” шүлэг, КУДС-ийн урлагийн тоглолтууд багтсан бөгөөд 200 гаруй сайн дурын залуус нэгдэн, флашмоб үзүүлбэр үзүүлж, эв найрамдал, эерэг хандлага, Монгол бахархлыг илэрхийлэв. Алхалтын цувааг эмх цэгцтэй явуулахад Монголын явган алхалтын холбоо хамтран ажилласан бөгөөд Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид тэргүүтэй их дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон иргэний нийгмийн байгууллагын бусад оролцогчид 20 гаруй цуваан дор эмх цэгц, ёс суртахуунтай жагсан, нэг тэрбум мод тарих аян, байгаль орчноо хамгаалах, эерэг хандлагыг түгээх, дэлхийн энх тайванд уриалсан лоозонгуудыг барьж алхацгаав.
Энэхүү арга хэмжээнд уригдан ирсэн хүндэт зочдын төлөөллөөс МУ-ын шадар сайд асан, ХЭАХНҮХ-ны тэргүүн Ц.Оюунбаатар, “Монголын явган алхалтын холбоо”-ны сургалт, гишүүдийн хөгжил хариуцсан захирал С.Хандхүү, “Энх тайван найрамдал” байгууллагын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Р.Баярсайхан, БЕГ-ын Насан туршийн боловсролын хэлтсийн дарга Г.Одбаатар нар хүндэтгэлийн үг хэлсэн бөгөөд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ “Маш сайхан утга учиртай арга хэмжээ зохион байгуулж байгаа та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье” хэмээн баярын мэндчилгээ ирүүлжээ.
“Монгол бахархал” энх тайвны алхалтын цувааг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим манлайлан, цугласан олны энх тайван уруу тэмүүлэх хүсэл эрмэлзлийн очийг бадраасан юм.
Алхалтад оролцсон “Монголын залуучуудын эвсэл”-ийн тэргүүн З.Энхбаяр “Залуучуудын оролцоо, нийгэм дэх хувь нэмэр, олон нийтийн эв нэгдлийг дэмжих арга хэмжээ зохион байгуулж буйд талархал илэрхийлье” гэсэн бол оюутан Мөнх-Оргил “Анх удаа эерэг хандлага, амар тайвны төлөө нэгдэж буй алхалтад оролцож байна. Ийм олон хүн нэгдэж байгааг хараад үнэхээр их баярлаж, урам орж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Дэлхийн энх тайвны тунхаглалын ойн баярын арга хэмжээний дараа чөлөөт хөтөлбөр зохион байгуулагдаж, иргэний нийгмийн байгууллагууд болон сайн дурын төлөөллүүд үргэлжлүүлэн оролцов. Арга хэмжээний туршид HWPL байгууллага нь оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс эмчийн өртөөнүүд байрлуулан ажиллуулж, байгаль орчныг хамгаалах зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хаягдсан хог хаягдлыг түүн цэвэрлэж, сайн дурын үйл ажиллагаа явуулж байлаа.
Ташрамд хэлэхэд, уг арга хэмжээг зохион байгуулсан HWPL байгууллага нь дэлхийн энх тайвныг тогтоох зорилготой олон улсын төрийн бус байгууллага бөгөөд НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн зөвлөл (ECOSOC)-д тусгай зөвлөлдөх статустай, НҮБ-ын Глобал харилцаа холбооны газар (UN DGC)-тай албан ёсны хамтын ажиллагаатай байгууллага юм. 2013 оны 5-р сарын 25-нд Дэлхийн энх тайвны тунхаглалыг зарласнаар байгуулагдсан HWPL олон улсын байгууллага нь БНСУ-ын Сөүл хотын Энх тайвны хаалганы өмнө тунхагласан Дэлхийн энх тайвны тунхаглалын гол санааг тэмдэглэх зорилгоор, мөн иргэний нийгмийн удирдсан дэлхий даяарх “Энх тайвны алхалт” хөдөлгөөний утга учрыг дурсаж, дэлхий дахинд тулгарч буй олон бэрхшээлийн дунд иргэний нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор жил бүр ойн баярын арга хэмжээг зохион байгуулдаг.
()
Discussion about this post