Жолоодлоготой шумбагч аппаратыг ашиглан Өмнөд тэнгисийн баруун хойд хэсгийн ёроолын налууд живсэн усан онгоцны 1-р тоот олдворт археологийн судалгаа хийжээ.
Живсэн хөлөг онгоцны 1-р тоот олдворын ихэнх нь шаазан эдлэл бөгөөд 100 мянга гаруй түүхэн дурсгалт зүйлс бий гэсэн тооцоо гарчээ. Тэнгисийн ёроолын энэ хэсгээс гаргаж авчирсан түүхэн дурсгалт зүйлс нь Мин гүрний Жэн Дэгийн үед (1506-1521 он) хамаарахыг эхний шатанд судалгаагаар тогтоожээ. Харин живсэн онгоцны 2-р тоот олдворуудын зонхилох нь модон материал байсан бөгөөд тухайн үед гадаадаас Хятад улс руу ачаа тээвэрлэн ирж байсан Хятадын эртний хөлөг хэмээн таамаглаж байгаа юм. Энэ олдворыг Мин гүрний Хун Жы-гийн үед (1488-1505 он) хамаарна гэж үзжээ.
Өмнөд тэнгисийн баруун хойд хэсгийн тэнгисийн ёроолын налуу дахь живсэн 1-р, 2-р тоот хөлөг онгоц нэлээд бүрэн бүтэн хадгалагдан үлдсэний дээр олон түүхэн дурсгалт зүйлс илэрчээ. Хамаарах түүхэн үе нь харьцангуй тодорхой, түүх, шинжлэх ухаан, урлагийн чухал ач холбогдолтой аж. Түүнчлэн үүнийг Хятад улсын далайн гүн дэх археологийн томоохон илрүүлэлт төдийгүй дэлхийн хэмжээний археологийн чухал олдвор гэгдэж байна. Энэ чухал илрүүлэлт нь Хятадын эрт дээр үеийн хүмүүс Өмнөд тэнгисийг нээн ашиглаж, Өмнөд тэнгисээр ирж очиж байсан түүхэн бодит байдлыг гэрчилж байгаа бөгөөд Хятад улсын далай тэнгисийн түүх, ваар шаазангийн түүх, гадаад худалдааны түүх, далайн торгоны замын судалгаанд чухал хувь нэмэр үзүүлэх аж.
()
Discussion about this post