ЭЗИС-ийн Эдийн засаг санхүү хариуцсан проректор, эдийн засагч, доктор С.Бямбахорлоотой төрийн өмчит компаниудын үр ашгийн талаар болон цаг үеийн асуудлаар ярилцаа.
-Төрийн өмчит компаниуд үр ашиггүй ажиллаж байгаа талаар таныг судалгаа хийж байгаа гэж сонссон. Яг ямар судалгаа хийж байна, үр дүн нь эхнээсээ яаж гарч байна вэ?
-Манай улс ардчилсан эдийн засаг, зах зээлтэй гэдэг атлаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зарчмаар буюу төрийн өмчит хувьцаат компаниудыг илүү хүчтэй гаргаж ирээд байна. Ер нь хувьцаат компанийн эцсийн зорилго нь ашиг олох, ашгаараа улсын төсвийг бүрдүүлэх гэсэн л үүрэгтэй. Тодорхой хэмжээний стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит газрууд бий. Одоогийн байдлаар тэр дундаа төрийн өмчит уул, уурхайн компаниудын талаар ярихад эдийн засаг талаасаа хангалттай үр дүн үзүүлж чадахгүй байна гэж хэлмээр байна. Ер нь нийт ТӨХК-ийн эргэлтийн хөрөнгө 53 их наяд төгрөг байдаг. Нийт ТӨХК гэхээр ойролцоогоор 94 аж ахуйн нэгж шүү дээ. Эдгээр компаниудын нийт хөрөнгө 53 их наяд гэсэн үг. Үүнээсээ ердөө 300 тэрбум төгрөгийн л ашигтай ажиллаж байна. Нийт хөрөнгөтэй нь харьцуулбал юу вэ гэмээр тоо байгаа биз дээ. Үнэхээр хангалтгүй, маш муу ажиллаж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр 300 тэрбумыг нь хэдхэн уул, уурхайн компани бүрдүүлж байгаа. Тэгэхээр 94 аж ахуйн нэгжээс дөрвөн л энэ хөрөнгийг бүрдүүлчихдэг. Харин үлдсэн 90 орчим ТӨХК нь алдагдалтай буюу ашиггүй ажилладаг гэсэн үг. Үүнээс 40 орчим ТӨХК нь санхүүгийн өндөр эрсдэлтэй буюу дампуурах болзлоо хангачихсан явдаг. Мэргэжлийн санхүүгийн үнэлгээгээр үнэлэхэд 45 хувь нь дампуурах болзлоо хангачихсан үзүүлэлттэй гарч ирдэг. 25 хувь нь цаашдаа санхүүгийн өндөр эрсдэлтэй гэдэг бол үлдсэн 14 орчим хувь нь ашигтай байж болох үзүүлэлт гардаг.
-Нийт ашиг нь 300 тэрбум. Үүнийг нь гарын таван хуруунд тоологдох хэдхэн ТӨХК бүрдүүлчихдэг гэсэн үг үү. Бусад нь яагаад ашиггүй, бүр дампуурах болзлоо хангачихсан атлаа өдий болтол үйл ажиллагаагаа эрхлээд яваад байдаг юм бол?
-Хамгийн түрүүнд тодорхой засаглалын асуудал яригдана. Учир нь ТӨХК гэдэг маань өөрөө Засгийн газрын мэдэлд байдаг. Тэр утгаараа намын болоод улс төрийн томилгоогоор тухайн ТӨХК-ийн удирдлага тодордог. Тиймээс ТӨХК-уудын алдагдалтай ажиллаж байгаагийн нэг шалтгаан бол засаглалын тогтолцоо гажсаных гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл дандаа мэргэжлийн бус болоод намын, улс төрийн томилгоо явагддаг учраас тэр.
-Засаглалын тогтолцоо нь гажсан гэж байна. Энэ чиглэлээр судалгаа хийж байгаа эдийн засагчийн хувьд тодорхой жишээ байна уу?
-Мэдээж бид жишээ, бодит үйл явдал дээрээс үнэлэлт дүгнэлт хийж, судалгаагаа боловсруулж байгаа. Тэр утгаараа Эрдэнэт ТӨҮГ-аар жишээ авъя л даа. Тус ТӨҮГ-ыг 2016 онд анх хувьчлахад буюу 49 хувийг нь авсан газар нь санхүүгээ барьсан байдаг. Улмаар 2017 онд буюу нэг жилийн дараа хөрөнгийн эргэц нь 96 хувь болсон. Хөрөнгийн эргэц гэдэг маань хөрөнгийн нэг хэлбэрээс нөгөөд шилжих хөдөлгөөнийг л хэлээд байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл 2016 онд тус үйлдвэр төрийн мэдэлд байхдаа 103 тэрбум төгрөгийн л ашигтай ажилладаг байсан. Гэтэл хувьд авснаараа нэг жилийн дотор ашгаа гурав дахин нэмсэн байдаг. Дараа жил нь бүр дөрөв дахин, 2019 онд тав дахин буюу 500 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байгаа. Жил ирэх тусам хоёр дахин нэмэгдсэн ашигтайгаар ажиллаж ирсэн гэсэн үг. Гэтэл 2020 онд буцаагаад төрийн мэдэлд авсан. Ингэснээрээ тус үйлдвэрийн хөрөнгийн эргэц 0.4 хувь болтлоо буурсан. Үүнийгээ дагаад жил бүр өсөлттэй байсан ашиг нь бүр буураад 200 гаруй тэрбум төгрөг болсон. Нөгөөтэйгүүр тус үйлдвэр 2019 онд хувьд байхдаа 350 орчим тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардалтай байсан. Гэтэл 2020 онд төрд очоод энэ зардал нь хоёр дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл төрд очоод 771 тэрбум төгрөгийн зардалтай болж өссөн гэсэн үг. Үүнээс бид бүхэн аливаа бизнес, компани хувьд байх эсвэл төрд байх хоёрын ялгааг тодорхой харчихаж болохоор байгаа юм.
-Энэ бүгд төсвийн бүрдүүлэлтэд хамааралтай асуудал байна. Тэр утгаараа төсвийн бүрдэлтийг хангах бүр илүү өсгөх гэж байгаа бол ер нь хувьд байсан нь дээр юм биш үү?
-Яг зөв. Төсөв бүрдүүлэлт талаас нь харвал төрийн менежменттэй байснаас илүү хувийн менежменттэй байсан нь ашигтай байгаа биз. Гэтэл иймэрхүү томоохон аж ахуйн нэгжүүдийг манайхан хувьд байхыг үзэн яддаг. Шууд хэлье, үзэн яддаг. Учир нь нэг хувь этгээд монголчуудын хөрөнгийг өөртөө зарцуулж байна гэж ойлгодог. Харин төрд байснаар бидэнд илүү үр өгөөжтэй гэсэн ерөнхий ойлголттой байна. Гэтэл эдийн засгийн тооцоо, судалгаа, үр дүнгээс энэ нь төрд бус хувьд байсан нь илүү ашигтай байгааг сая хэллээ шүү дээ. Тиймээс манай иргэд төрийн өмчийн ашиг, хувийн өмчид байхад яаж өсдөг, ямар илүү ашигтай байдаг талаар ойлголттой болох шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр хувьд илүү ашигтай байгаа зүйлийг төр заавал авах гээд байдаг хандлага, үйлдлээ цаашид зогсоох ёстой.
-Төрийн өмчит үйлдвэрүүдийн хамгийн их ашигтай байх компани нь таны жишээ авсан Эрдэнэт үйлдвэр биз дээ. Үүний дараа ямар компаниуд жагсаж байна вэ?
-Тэгэлгүй яах вэ. Дараа нь Эрдэнэс таван толгой компани жагсаж байна. ТӨХК-уудын нийт хөрөнгө 53 их наяд гэж хэлсэн шүү дээ. Үүний гучин хувь нь Эрдэнэс таван толгой компанийн хөрөнгө. Өөрөөр хэлбэл тус компани 15 их наядын хөрөнгөтэй байна гэсэн үг шүү дээ.
-Тэгвэл Эрдэнэс таван толгой 15 их наяд төгрөгийн хөрөнгөөсөө хэдэн төгрөгийн ашиг олж, түүнийхээ хэдийг нь улсын төсөвт өгдөг юм бол?
-Энэ жилийн тооцоо судалгааг хараагүй байна. Харин өнгөрсөн 2021 онд тус компанийн нийт хөрөнгө 15 их наяд байсан. Үүнээсээ 110 тэрбум төгрөгийн л ашиг олсон байна лээ. Өөрөөр хэлбэл нийт хөрөнгийнхөө нэг хувьд ч хүрэхгүй ашиг олж байна гэсэн үг. Гэтэл тус хөрөнгөө өөр үйл ажиллагаанд зарцуулж зөв менежмент хийгээд явсан бол үүнээс ч их ашиг олох боломж хангалттай бий шүү дээ. Үгүй ээ, наанадаж бодлогын хүү 13 хувьтай байна. Бодлогын хүү гэдэг маань арилжааны банкууд хөрөнгөө байршуулснаар 13 хувийг нь аваад байж болохоор зүйл шүү дээ. Тэр утгаараа 15 их наядыг төв банкинд байршуулчихсан байхад дор хаяж 1.8 их наядын ашиг олох боломжтой байна. Зүгээр энгийн хар ухаанаар ойлгоход тийм биз дээ. Гэтэл Эрдэнэс таван толгой компани үйл ажиллагаа явуулаад л байдаг, эцэст нь 110 орчим тэрбум төгрөгийн л ашигтай ажиллаад байгааг юу гэж ойлгох вэ. Гэхдээ нэг зүйлийг онцлоод хэлэхгүй бол болохгүй. Саяхан Засгийн газраас тус компанийн менежмент засаглалыг өөрчиллөө. Ингэхэд тодорхой эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн байдаг. Тухайлбал, борлуулалтын орлого нь гурав дахин нэмэгдчихэж байгаа юм. Эхний улиралдаа гэсэн үг. Яагаад орлого нь ингэж нэмэгдсэн бэ гэхээр энэхүү өөрчлөлтийг хийхдээ намын томилгоо гэдгийг болиулсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн удирдлагаар хангасан гэсэн үг. Тэр утгаараа менежмент нь сайжирснаараа бусад үзүүлэлт нь дагаад өсчихөж байгаа юм. Тиймээс хувьд байлгаж ашигтай ажиллуулж чадахгүй юм аа гэхэд ядаж энэ мэт мэргэжлийн багийг томилоод ажиллуулчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл улс төрийн болоод ямар нэгэн намын томилгоогоор бус мэргэжлийн багаар удирдуулах хэрэгтэй гэсэн үг.
-Тэгэхээр эцсийн бүлэгтээ аливаа бизнесийн байгууллагын үйл ажиллагааг ашигтай байлгахын тулд хувийн менежмент чухал гэж хэлэх гээд байна уу?
-Манай зарим иргэд төр өөрийн мэдэлдээ авч байж л зөв болох юм шиг ойлгодог. Төрийн өмчит газрууд яагаад ашиггүй ажиллаад байгаагийн шалтгаан нь тодорхой. Төр авч байна гэдэг нь тухайн хөрөнгийг нийтийн өмч болгочихож байгаа юм. Тэр утгаараа нийтийн өмчит хувь хүн ямар нэгэн байдлаар хайргүй хандана. Энэ үзэгдэл нь бидний энгийн нэг араншин шүү дээ. Гэхдээ бүгд биш. Жишээлбэл зарим хүмүүс нийтийн бие засах газарт орохдоо үнэхээр соёлгүй авир гаргаж байдаг. Гэтэл тэр хүмүүс өөрсдийнхөө ариун цэврийн өрөөнд орохдоо цэвэрлээд л, ядаж усаа татаад гардаг. Ийм хандлагаар буюу нийтийн өмч гэдэг байдлаар надад хамаагүй бусад нь хийг гэсэн сэтгэлгээ дагалдан явдаг. Тэр утгаараа нийтийн өмчөөс л дандаа хулгай гарч байна шүү дээ. Нүүрсний хулгай гэж яриад байгаа. Үнэндээ нүүрс гэдэг маань нийтийн өмч. Тиймээс л хулгай гараад байгаа юм. Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой томоохон хэрэг гарсан. Учир нь Хөгжлийн банк нь төрийн өмч. Хэрэв хувийн өмч байсан бол бид өөрсдөө өөрийнхөө нүүрснээс хулгай хийхгүй. Өөрөө авлигал аваад өөрийнхөө хөрөнгөөс хүнд зээл өгөөд байх вэ дээ. Тэгэхээр хувийн болоод нийтийн өмчийн үйл ажиллагаанд төрөөс тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол болохгүй. Үүгээрээ заавал төрийн өмчийг хувьд гарга гээд байгаа зүйл байхгүй. Нөгөөтэйгүүр ардчилсан эдийн засагтай, ардчилсан үзэл баримтлалтай л орон юм бол хувийн өмчийг бүх талаар нь дэмжих л ёстой юм. Өнөөгийн нийгэмд хувийн өмчийг дэмжиж яваа төрийн үйл ажиллагаа, бодлогын томоохон жишээ юу байна вэ. Юу ч алга. Харин эсрэгээрээ хувьд илүү ашигтай ажиллаад байна, үүнийг төр авах ёстой гээд булаах үйлдлүүд гаарсан цаг үе.
-Төрийн өмчит газруудын үр ашгийг нэмэгдүүлэх, цаашлаад төр нь хувийн секторуудыг дэмжихийн тулд яах ёстой вэ. Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргаад явах ёстой юу, эсвэл эрх зүйн орчныг нь өөрчлөх шаардлагатай юм уу?
-Хамгийн чухал нь Засгийн газрын тодорхой менежментийн бодлого. Менежментийн зөв бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээндээ тодорхой салбаруудыг хувьчилчих. Хоёрдугаарт, ТӨХК стратегийн салбарууддаа тодорхой мэргэжлийн багуудыг бий болгох шаардлагатай. Өнөөдөр ТӨХК-ийн ТУЗ гэхээр хэдхэн л хүн байдаг. Гэтэл тэр хүмүүс нь өөр хэдэн ч компанийн ТУЗ-д явдаг юм, мэдэхгүй. Бараг нэг хүн 5-6 компанийн ТУЗ-д явж байх жишээтэй. Тиймээс Засгийн газрын зүгээс эдгээр хүмүүстээ шаардлага тавих, өөрчлөх, ТУЗ-ийн үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, бодлогын арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай. Нөгөөтэйгүүр хүний хувийн өмчийг хүчээр төр авдаг үйлдлээ зогсоох ёстой. Энэ бол ямар ч ардчилсан улсад байж боломгүй үйлдэл. Гэхдээ манайхан зөв бодлого явуулчих л даа. Хувь гэдэг нь нэг хүн байж болохгүй. Ерөөсөө хувьцаат компани л байх ёстой. Жишээлбэл, Хөтөл компанийн хувьд багадаа 400 хүн хувьцааг нь эзэмшдэг байсан бол төр ингэж шууд авч чадахгүй байсан болов уу. Үүнээс юу харагдаж байна гэхээр компанийн засаглал ямар байх вэ гэдгээ бид одоо ойлгох цаг болсон. Хөгжлийн банкны асуудал гээд сүүлийн үед их шуугиан боллоо. Би энд нэг зүйлийг сайн ойлгодоггүй. Манай төр чинь Төрийн банк гээд банктай. Үүнийхээ хажуугаар Хөгжлийн банк гэж байгуулчихсан. Тэгсэн атлаа мөн арилжааны банкуудтай. Үүнээс одоо юу гэж ойлгох вэ. Хувийн банкуудтайгаа төр нь өрсөлдөх гээд байна гэж ойлгох уу. Угтаа тодорхой шалгуур тавиад санхүүжилтийг нь гаргаж өгөөд арилжааны банкуудаар эдгээр зээлийг явуулчих ёстой байсан. Тэгсэн бол өнөөдөр Хөгжлийн банкны чанаргүй зээл гэдэг асуудал гарч ирэхгүй л байсан байх. Тиймээс төр зарим талдаа бизнесийн салбар руу хэт орохоос татгалзаж байх шаардлагатай юм. Аль болох хувийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, тэдний бизнес хийх орчин нөхцөлийг нь төгс бүрдүүлэх чиглэлд бодлого, зохицуулалтаа гаргаж явбал, эдийн засаг их амархан өснө.
-Нэг зүйл нэмж асуухад гадаад худалдаа эерэг байхад яагаад ам.долларын ханш буухгүй байна вэ. Үүнийг Засгийн газар зориудаар өндөр байлгаад байна уу. Эдийн засагч хүний хувьд энэ асуудлыг ямар өнцгөөр харж байна вэ?
-Тийм сонирхол байгаа. Засгийн газрын орлого валютаар, зарцуулалт нь төгрөгөөр хийгдэж байгаа. Тиймээс валютын ханш өндөр байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хиймэл валютын хэрэгцээ байна. Иргэд ханш өснө гэсэн хүлээлтээр хэрэгцээгүй ам.долларын нөөцлөлт хийж байна. Гуравдугаарт далд эдийн засаг авлигын гол хэрэгсэл нь валют болоод байна. Үүнээс болоод ам.долларын ханш буурахгүй байна гэж ойлгож болно.
Эх сурвалж: Өдрийн сонины 2023.03.28 мягмар гарагийн дугаар
()
Discussion about this post