– Амархан сайн байна уу? 2023 оны өнгө ямар байх талаар таны судалгаа шинжилгээ болон мэдээ мэдээллээс нь сонирхох гэсэн юм.
– Сайн, сайн байна уу. Бололгүй яахав ээ. 2023 он бол нийт хүн төрөлхтний хувьд аж амьдралын хэвийн нөхцөл байдал руугаа шилжин орох гэсэн жил байна. Товчхондоо бол бид эрчимт эмчилгээний тасгаас гарч энгийн тасаг руу шилжих процесс явагдах жил юм. Дэлхий дахиныг хамарсан цар тахал 2020, 2021, 2022 онуудыг бүхэлдэн хамарч улс орнууд мөнгө санхүү болон эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөл байдалд орцгоосон. Дэлхийн нэг номерт тооцогдох Америкийн нэгдсэн улсын төв банк гэхэд л өнгөрсөн жил өөрсдийн инфляцийн эсрэг мөнгөний хатуу бодлого явуулж, бодлогын хүүгээ 0.75% аар 4 дахин нэмлээ. Энэ жил ч нэмсээр доллар улам чангарах төлөвтэй байна. Үүнээс улбаатай Европын холбооны төв банк болон барууны орнуудын төв банкууд бодлогын хүүгээ дагаад нэмчихлээ. Саяхан л гэхэд Японы төв банкнаас мөнгөний бодлого дээрээ маш том өөрчлөлт орууллаа. Гадны зарим хэвлэлүүд 2023 онд дэлхий дахиныг хамарсан том хямрал явагдана ч гэж бичиж байна. Ер нь бол бид энгийн тасаг руу шилжсэн хэдий ч эмнэлэгээс гарах болоогүй байгаа. Энэ жил хэсэгчилсэн хямрал байхаас биш 1975, 1982, 1991, 2009 онуудых шиг дэлхий дахиныг хамарсан сүйрэл бол харагдахгүй байна.
Түүнчлэн ковидын улмаас улс үндэстнүүд арай гэж нэг хөл дээрээ тулаад тогтсон байдалтай байсан бол Орос Украйны дайны балгаар хоёр өвдөг сөхрөөд суусан нөхцөл байдалтай байна. Харамсалтай нь энэ жил дайнтай жил байнаа.
– Монгол Улсын хувьд ямар дүр зураглал харагдаж байна вэ ?
– Миний харж байгаагаар бидний хувьд энэ бүх асуудлыг чадах чинээгээрээ даван туулж байх шиг байна. Төр засаг нь эхийг нь эцээж, тугалыг нь тураачихгүй хамаг зүйлээ л хийж байх шиг байна. Хэдэн чухал өр зээлүүдээ дараад авлаа. Хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг бараг 90% хамааралтай урд хөрш саяхан хилээ нээчихлээ. Одоо хэдэн авилгажсан нөхдүүдийн хөрөнгийг нь хураагаад үлдсэн хэдэн өрөө дарчихвал яг сайхан болчих гээд байх шиг байна. Энэ жил бол долларыг 4000 төгрөг рүү хүргэхгүй байх төв банкны ухаалаг бодлого болон банкны сектор бүхэлдээ яригдах жил байна.
Мөн 2023 оны нэг гол онцлог бол бүх түвшинд авилгатай тэмцэх жил байна. Ер нь бол шудрага ёсны үнэр ч байхаа больсон энэ улсад ирээдүй хойч үе, хөгжил цэцэглэлт, эрх чөлөө, тэгш эрх, сайн сайхны тухай ярих ямар ч боломжгүйг бүх нийтээрээ маш сайн ойлгож авах ёстой юм. Энэ бол бидний нийтлэг хамгийн гол асуудал болсон.
– Шудрага ёс алдагдсан гэж үү ?
– Алдагдаад олон жил болж байна. Бүгд надтай санал нийлэх байх. Зах зээлийн нийгэмд шилжээд 30 гаруй жил боллоо. Улсынх нь гадаад өр таазандаа тулчихсан. Ходоодны хорт хавдраар дэлхийд нэг номерт орчихсон. Аль нэг хөгжингүй улс орон нь визагүй болоход бүгд гарч явахад бэлэн. Хүн амын 80 гаруй хувь нь ямарваа нэгэн зээлтэй. Дундаж давхарга нь аль хэзээний устчихсан. Хэдэн банкерууддаа атгуулчихсан. Хармаа нэг нам дамжсан мафижчихсан хэдэн бүлэглэлтэй. Засаг нь дунджаар 1.5 жилийн настай. Иргэд нь сошиалдаа угаагдаад үнэн, худлыг ялгахаа больчихсон. Бид хоёрын дунд гэж ярихад хамгийн эмгэнэлтэй нь юу гээч. Хэрвээ аль нэг хөгжингүй улсаас визагүй боллоо гэдэг мэдээ сонсох л юм бол төр засаг, ард түмнээрээ тухайн өдөр дээдийн дээдээр баярлах хэмжээнд оччихсон нөхцөл байдалтай л байна даа. Нөгөө Чингисийн Монголчууд чинь ийм хэмжээнд оччихсон шүү. Сайн бодоорой.
– Энэ хэний буруу гэж боддог вэ?
– Энэ бол дараа дараагийн үедээ гай болсон зарим 50-60 аад оны хүмүүсийн буруу шийдвэрүүдтэй шууд холбоотой. Харанхуй, хаалттай, шашингүй нийгэмд өссөн шуналдаа хэт их автсан мафижчихсан сэтгэлгээтэй үеийнхэн гэх юм уу даа. Энэ их өр зээл, энэ ялзарсан нийгэм та бидний болон дараа дараагийн үеийн асуудал болсон. Энэ хүмүүсийн ихэнх нь ирэх 10 жилийн дотор нэг ч төгрөг авс руугаа авч орохгүйгээр явчихсан байх болно. Одоо 70-аад оны болон 80-аад оны үеийнхэндээ итгэхээс өөр аргагүй болсон. Эдгээр нь дэлхий ван гариг идэвхжсэн үед төрсөн үеийнхэн тул шудрага ёсыг арай дээдлэх тал руугаа. Харин 90 оноос хойш төрөгсөд бол тэнгэрийн ван гариг идэвхжилтэй болох цахилгаанжсан үеийнхэн ирж байгаа. Мөн өөрийн тань асуултад нэг зүйлийг хэлэхэд эх орон, түмэн олны хувь заяагаар тоглосон хүмүүс бол монголд төрсөн гадаад хүмүүс шүү. Тэд өөрсдийгөө маш сайн мэддэг тул энэ улс орон болон энэ газар нутаг дээр амьдарч буй уугуул иргэдийн боломж, аз жаргал, эрх ашиг огт сонин биш. Нэмж хэдэн байшин сав л авч байвал болоо.
– Авлигатай тэмцэх жил байх нь сайшаалтай. Ямар ямар гаргалгаанууд байж болох вэ ?
– Би Англид анх 16 настайдаа очиж 12 жил амьдарсан хүн. Суралцсан зүйлс их бий. Английн эзэнт гүрэнд нар жаргадаггүй байсан гэдэг. Англи хүмүүсээс суралцаж болох зүйлс нь тэд эх орондоо их хайртайгаас гадна хамтрах соёлд гарамгай суралцсан хүмүүс. Манайд бол сарын 2 сая төгрөгний цалинтай ажилд дор хаяж 3 тэрбум төгрөг зарцуулж яаж тонох тухай уралддаг. Тэр мөнгө нь хүрэлцэхгүй, эсвэл цагаан сараар хэдэн хөгшиддөө бэлэг сэлт авч өгөхгүй бол дахиж сонгогдох нь бараг боломжгүй болдог. Энийгээ тэгээд ардчилал гэдэг. Ардчилал гэж юу вэ гэхээр танд сонгогдох болон сонгох эрхийг нь өгөхийг хэлдэг. Ардчиллын амин сүнс нь хаана оршиж байдаг вэ гэхээр сонгуулийн процессын хяналт болон саналын хуудсыг хэн, хэрхэн тоолох ба түүнийг хэн хянах дээр оршиж байдаг. Тэгэхээр энэ эрхүүд бүгд тэгш хангагдаж байж ардчилал яригдах боломжтой болдог. Сонгуульд нийт өрсөлдөгчид бэлэг сэлт тараахгүй байх. Зардал нь 20 саяас хэтрэхгүй байх зэргээс ардчилал, шудрага ёс яригдаж эхэлнэ. Ерөнхий боловсролын 10 жилийн сурагчдын сүүлийн хоёр жилд нийгмийн хичээлээр нь улс төрийн онолын хичээл зааснаар ирээдүйд зөв боловсон сонгох мэдлэг чадвартай болно. Тэндээс өөрсдийн мэдрэмжээ дагаж үзэл санааныхаа дагуу зөв сонгож сурна. Тэгэхгүй бол энэ улсын чинь дийлэнх иргэд улс төрийн мэдлэг битгий хэл өөрсдийн саналаа шил архиар солих хэмжээнд байна шүү дээ. Тэр хяналтын хувьд ёстой бүү мэд. Нийтээрээ дэлгэц хэсэг гөлөрч зарим нь баярлаж, зарим нь эморч, эморсон хэсэг нь хэдэн өдөр цуглараад тэгээд зам замаа хөөдөгдөө. Дэлгэцний цаана юу болж байгаа болон тэр мэдээлэл хаанаас ирж байгаа, ямар намын хүмүүс хянадаг болон тэднийг давхар ямар угшилтай хүмүүс хянадаг зэрэг мэдээлэл нь сонгогч миний хувьд зөвхөн л итгэхэд хүргэдэг.
– Ойрын өдрүүдэд зөвлөлдөх санал асуулга явагдаж эцэг хуулийн талаар их яригдах боллоо ?
– Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг олуулаа хэлэлцэж шийдвэл алдах бага гэсэн санаа нь мэдээж зөв. 1992 оны 1-р сарын 13 нд батлагдсан үндсэн хуулийг уншиж байхад ардчилсан, иргэний, хүмүүнлэг нийгмийг байгуулах зэрэг социал демократ үзлийг шингээж өгсөн байдаг. Өргөн газар нутаг дээр цөөхүүлэхнээ амьдардаг тул нэг бодлын зөв байсан байх. Харин хэрэгжилтийн тал дээр маш муу байна. Ардчилсан гэхэд хэцүү, иргэний иргэншсэн гэхэд тал нь хөдөө, зуун жилийн өмнөх гэр хороолол нь одоо ч л байна. Иргэд нь иргэншсэн, хүмүүнлэг, энэрэнгүй болсон гэвэл ёстой худлаа. Энэ хууль бол шилжилтийн үед зориулагдсан хууль юм шиг байдаг. Хэдэн намууд нь томоохон өөрчлөлт болон шинэчлэлтийг нийлээд хийгээсэй гэж боддог. Уг нь бол Английн засаглал маш сайн шүү. Хааны гэр бүл нь түүх, соёл, уламжлал, гол үргэлжлэх ёстой зүйлсээ аваад явдаг. Хоёр танхимын дээд нь хуулийн манаачид, доод нь төлөөлөгчид байдаг. Ер нь бол манай улс хэзээнээс хөгжиж эхлэх вэ гэхээр төлөөлөгчид нь ямар ч шахалтгүйгээр, цэвэр оюун санааны хувьд өөрсдийгөө түр зуур төлөөлөгч болсон гэдгээ ухамсарласан үед л хөгжинө. Би бол сонгогч. Би хэн нэгнийг ажилд түр зуур авсан шиг төлөөлөгчөө байнга хянана гэсэн үг. Итгэл эвдвэл ясаа цайтал үзэж байгаад авч хаяна. Үүнийгээ сонгогчид маш сайн ойлгодог байх ёстой юм. Эсвэл оросын жишгээр яв л даа. Тэгээд санаа амар тэрбум модоо ч тарьж дуусга, нөгөөх нь алсын хараагаа ч бүрэн хэрэгжүүлээд жинхэнэ утгаараа бүгд цэнгэлийн манлайд хүрэх юм байгаа биз. Тэгээд ч өлсөж цангасан, хөлс шүлс нь савирсан дараа дараагийн ээлжнийхэн хүлээж ядан байна. Бодит нөхцөл байдал нь ердөөсөө энэ шүү дээ. Монгол төрийн босгоо улам өндөрсгөж, хууль шүүхээ цэгцэлж, үхэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаач.
– Банк санхүү, улс төр, хууль дүрэм, нийгмийн аж амьдралын тухай ярилцлаа. Одон орон зурхайн талаас туулай жилийн засал болон зүг мөрийг хэрхэн гаргавал сайн байх вэ?
– Монголын нууц товчоонд эртний их хаад, хатад, баатрууд маань мөр гаргаж, засал ном уншуулж, хятадын нэгэн муж болсон түвдийн маани мэгзэм үглэж явсан түүх байдаггүй. Мөнх тэнгэртэнгүүд нар, сар, гаригс ертөнц, од мичид, долоон бурхнаа хүндэтгэн дээдэлж, тэдгээрийн уялдаа холбоог сайтар мэддэг байсан. Бид энэ гариг дээр түрхэн хугацаанд аз жаргалтай амьдрах гэж ирсэн хүмүүс. Аз жаргалтай амьдрах гэдэг нь Дубай шиг ч юм уу, улс шиг улсад иргэн бүрийн харцнаас гэрэл цацарсан амьдрал юм. Уг нь энэ хэдэн төлөөлөгчид нь шийдээд зоригтой хөдөлвөл гадаадуудаар замаа шүүрдүүлэх бол энүүхэнд шүү. Бид дэндүү цөөхүүлээ. Орчлон ертөнц, олон тэрбум галактик, сансар огторгуйн хэмжээ хязгаар бол хэмжээлшгүй оршихуй. Үүнийг маш сайн мэддэг хүний хувьд бурхан угаасаа байх ямар ч боломжгүй. Шашин бол шорон. Хүний эхээс төрөх агшны гаригс эрхэс давтагдашгүй байдаг шиг тэр нь ирээдүйд ч дахиж давтагдах ямар ч боломжгүй. Хүн хоёр амьдардаг ба ганц амьдардаг гэдгээ мэдсэн цагаас хүний хоёр дахь амьдрал эхэлдэг. Аз жаргалтай хүслээрээ амьдар. Харин ухамсраараа, бусдын аз жаргалыг сүйтгэхгүй байхад л болоо шүү дээ.
– Ярилцсанд баярлалаа.
()
Discussion about this post