Дэлхий нийтээрээ хүлээдэг хөлбөмбөгийн ДАШТ эхэллээ. Дөрвөн жил тутам болдог энэ тэмцээнийг олимпоос илүү олон хүн сонирхон үздэг. Дэлхийн хамаг шилдэг, хурд хүчтэй эрчүүд ирж оролцдог энэ тэмцээний гол зорилго, ДАШТ-ий Алтан цомыг авах…Дэлхий даяараа Алтан дагина хэмээн энэхүү цомыг өргөмжлөн нэрлэдэг. Дэлхийн хамгийн спортын хамгийн нөлөө бүхий баг, залуус ирж авахаар уралддаг алтан цомыг танилцуулъя. ДАШТ-ий энэхүү “Алтан дагина” 6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын 5 кг алтаар бүтээгдсэн үнэт эд.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий “Алтан дагина” цом Монголд анх удаа бөгөөд цорын ганц удаа 2018 оны 4 дүгээр сарын 23-нд айлчлан ирж байсан. Энэ нь 2006 оноос уламжлал болсон Дэлхийн цомын “Трофи тур” аялалын хүрээнд дэлхийн улс, хотуудаар аялдгийн хүрээнд нэг удаа Монголд ирж байсан юм. Цомд зөвхөн тухайн улсын төрийн тэргүүн хүрэх ёстой бөгөөд Монголоос алтан цомд хүрсэн цорын ганц хүн нь тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга болсон түүхтэй.
Хөлбөмбөгийн анхны ДАШТ Англид бус, Европт ч бус, хаа байсан Өмнөд Америкийн Уругвай улсад 1930 онд болсон түүхтэй. Дэлхийн аварга багт гардуулах Дэлхийн цом буюу “Алтан дагина” нэр баримлыг Францын нийслэл Парис хотын цуутай уран дархан Абель Лефлер хийсэн гэдэг. Эртний Грекийн ялалтын дагина Никег дүрсэлсэн энэ цом “Алтан дагина” нэр авсан юм.
Бэлэн болсон цом “хөгшин тив” Европоос 1930 оны зургадугаар сарын 21-нд Францын Ницца боомтоос Франц, Румын, Бельгийн шигшээ баг болон тухайн үеийн ФИФА-гийн ерөнхийлөгч Жюль Римегийн хамт Уругвайг зорьжээ. Энэ цомыг гардсан анхны баг зохион байгуулагч орон Уругвайн шигшээ болсон билээ.
Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд “Алтан дагина” цомыг тухайн үеийн дэлхийн аварга Италийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Отторино Барасси Ром хотын банкнаас нууцаар гарган гэртээ орныхоо дор гуталны саванд хийж 1945 он хүртэл нацистуудаас нуусан гэдэг.
“Алтан дагина” цом ийнхүү аврагдсан ч 1966 оны гуравдугаар сарын 19-ний 11.00 цагт Английн нийслэл Лондоны Вестминстерийн ордонд олны хүртээл болон тавигдахдаа алдагдсан аж. Бөөн шуугиан дэгдээсэн энэ хулгайг дэлхий даяар “зууны дээрэм” гэж нэрлэсэн билээ. Үүнээс долоо хоногийн дараа “Пиклс” нэртэй нохой Лондоны нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн бутны дороос цаасанд боосон “Алтан дагина” цомыг олсон түүхтэй.
Анхны ДАШТ-ийг зохион байгуулсан Жюль Римегийн нэрэмжит болсон энэ цомыг гурвантаа өргөсөн баг үүрд хадгалах журамтай байсны дагуу Бразил 1970 онд өөрийнх болгожээ. Гэвч 1983 онд Бразилийн хөлбөмбөгийн холбооны төв байранд олны өмнө дэлгэгдэхэд “Алтан дагина” цомыг дахин хулгайлжээ. Сум нэвтрэхгүй шилний модон раамыг эвдлэн хулгайч нар энэ нандин цомыг авсан гэдэг. Дээрэмчдийг барих олон жилийн ажиллагаа үр дүнд хүрээгүй бөгөөд “Алтан дагина” одоо ч олдоогүй.
()
Discussion about this post