1980 онд нэрт эрдэмтэн Л.Г.Денисманаар ахлуулсан Зөвлөлт-Монголын биологийн хамтарсан экспедиц Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт буй Чингисийн замыг ухаж дотор нь булсан заг модноос дээж авч кальцийн алдагдлаар насыг нь тогтооход XIII зуунд баригдсан болох нь батлагдсан. Энэ тухай эрдэм шинжилгээний өгүүлэл хүртэл хэвлэгдсэн. Тэр үед заг модыг овоолж завсар зайг нь шороо асган битүүлж, дээгүүр нь зөвхөн говьд л байдаг усанд тунасан зузаан хатсан шаврыг зүсэж хооронд нь зүйж бүтээсэн байсан нь тухайн цаг үеийн “хар зам бүтээх технологи” байжээ.
Харин тал хээр нутагт чулуу өрж шороогоор бүтээж барьсан байдаг. Монголын зүүн бүс Хэнтий, Дорнод аймагт буй үлдэгдэл ормууд нь Хятад, Солонгос улсуудыг холбосон салаа зам юм. Нутгийн иргэдийн дунд “Чингис хаан Солонгос улсаас хатан авах болж нар үзүүлэлгүй авч ир гэсэн тул зам барьж сүйх тэргээр авч ирсэн” гэх домог ярьдаг. Ганц хатан авчрах гэж зам бариулах гэдэг нь өөрөө утгагүй юм.
Дэлхийн II дайн дуусангуут цэргийн зориулалттай, маш нууц зэрэглэлтэй 1:100000, 1:200000, 1:500000 масштабтай БНМАУ-ын газрын зургийг ЗХУ ганцхан жилийн дотор буюу 1947 онд үйлдсэн. Хиймэл дагуулгүй байсан цаг үед үйлдэгдсэн хэрнээ маш нарийвчлалтай. Зурагт “Чингисийн зам”-ыг “Чингисийн далан” гэж бичиж утгын том алдаа гаргасан. Гэвч хамаагүй урт, ийш тийш салаалсан замуудыг хүртэл зурж тэмдэглэсэн байдаг. Харин Монголын газарзүйчид өөрсдөө зураг үйлдэхдээ Чингисийн замыг энд тэндгүй орхигдуулж тавхан газарт “Чингисийн далан” гэж тэмдэглэсэн.
Ийнхүү дэлхийн анхны хурдны замыг “хуучин далан” гэж буруу тэмдэглэсэн нь ЗХУ-аар дамжин дэлхийд тарсан. Чингисийн замыг “хэрэм, далан” гэх нь буруу бөгөөд Эзэнт гүрэн задарч улс хоорондын харилцаа тасарсантай холбоотойгоор Чингисийн замын ач холбогдол алдагдан мартагдсан юм.
Монголын эзэнт гүрний энэхүү өртөө зам нь дэлхийн хамгийн анхны хурдны зам бөгөөд тухайн цаг үедээ аварга том бүтээн байгуулалт байсан. Замын дагуу судалгаа шинжилгээний ажлыг урагшлуулбал газрын хөрсөн дор нуугдаж үлдсэн олон хот, суурингуудыг олох, тэдгээрийг холбосон салаа зам бүхнийг мэдэх, Чингисийн зам хэр урт байсныг мэдэх боломжтой юм.
Үймээн самуун дэгдсэн тухай, их хаанд нэн яаралтай дуулгах өөр чухал мэдээ сэлтийг элч нар өдөрт 200 бээр /360км/, 250 бээр /450км/ газар довтолгож хүргэдэг. Нэн яаралтай элч нь шонхор шувууны дүрс бүхий пайзтай явдаг ба салхинд үс, малгай сэлтийг хийсэхээс сэргийлж толгойгоо алчуураар ороож, гэдэс хэвлийгээ зайлагдаж, бөөр нуруу сэгсрэгдэхээс хамгаалж бүсээр чанга ороож хар хурдаараа давхиж, өртөө бүрээс шинэ морь унаж довтолгодог. Энд дурдсан хурдаар тооцвол өнөөгийн УБ ба Москва хотын хооронд мориор 20 өдөр, харин Бээжин ороход 2 өдөр л зарцуулах аж. Тэгэхээр “Чингисийн өртөө зам” ямар чухал ач холбогдолтой болох нь тодорхой.
Алс холын олон улс орныг эзэгнэн суусан Алтан урагийн ахан дүүс хоорондоо цаг алдалгүй холбоо барих шаардлагаар урт үргэлжилсэн замыг барих нөхцөл бүрдсэн. МНТ-ны 281-д Өгэдэй хаан: “… бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав”. Мөн 279-д “… Элч нарыг одоогийн байдлаар явуулахад удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл үлэмж байна. Зүг зүгийн мянгатаас замчин улаачин гаргаж, суурь суурьт өртөө тавьж, элч нарыг гагцхүү өртөө замаар явах болгоё. Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай, Булхадар хоёр санаж бидэнд дуртгасан боловч Цагадай ах мэдтүгэй! Зөвшөөх эсэхийг Цагадай ах шийдгэтүгэй! гэж илгээсэнд Цагадай ах: “тэр ёсоор хийтүгэй, …Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс Батад /Алтан ордын хаан, Зүчийн хүү/ элч илгээе, Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай” хэмээн илгээсэн ажээ.
МНТ-ны 280-д Өгэдэй хаан: “Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргүүтэн баруун гарын хөвгүүд, ах дүү нар цөм, Отчигин ноён, Жэхү тэргүүтэн зүүн гарын хөвүүд ах дүү нар цөм, гол /төв нутгийн/-ын охид хүргэд, түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, аравны ноёд цөм зөвшөөрчээ” гэж өгүүлдэг. Эдгээрээс үзэхэд, энэ аварга замыг мянгат, зуут, аравтад тодорхой газрыг хариуцуулан тал талаас угтуулан нэгэн зэрэг барьсан нь тодорхой байна.
Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” номонд “Нийслэл Канбалу /Бээжин/ хотоос янз бүрийн муж руу олон зам салбарлан гарч, хаа хүрдэг тухай бичсэн байх тул хэн бүхэнд төөрөх газар үгүй. Элч нар аль ч замаар 25 бээр /45км орчим/ хэртэй яваад өртөөн дээр ирдэг. Өртөө бүрт элч, зарлага нарын хонох гоё сайхан гэр, хэрэгтэй юм бүхэн байдаг. Өртөө бүрд 400 морь бий. Гагцхүү өртөө хоорондын зай янз бүр, гол гол муж орох зам дагуу 22 бээр /39.6км/, 30 бээр /54км/, 35 бээр /63км/, 40 бээр /72 км/ байдаг. Тэр бүх өртөөний морьд нийлээд 2 бум гаруй, хонох гэр 1 түм гаруй бөгөөд элч зарлага, их хаан, ноёд ирэхэд бэлэн байдаг.
Бас өртөө бүрийн хооронд 3 бээр /5.4 км/-ийн зайтай 40 жижиг суурин гацаа байх ба тэнд их хааны явган элч нар суудаг. Явган элч нар хэд хэдэн хонх зүүсэн том өргөн бүс бүсэлдэг. Явган элч нар гүйн хурдалж ирэнгүүт дараагийн хүн нь хонхны дууг урьдчилан алсаас сонсоод бэлтгэл хангасан байдаг. Элчийг ирмэгц түүний авчирсан зүйлийг уламжлан авч үргэлжлүүлэн цааш 3 бээр гүйдэг. Их хаан явган элч нарынхаа хүчээр арван өдөрчийн газар явж ирэх мэдээг нэг хоногийн дотор хүлээн авдаг байсан. Их хаан тэднээс алба татвар авдаггүй, үүргээ сайн гүйцэтгэсэнд өөрийн сангаас агт морь бэлэглэдэг.
“Их хаан өртөө замын дагуу хоёр хоёр алхамын зайд мод тарих зарлиг айлдсан. Модод алсаас харахад сүрлэг харагддаг. Говь цөлийн зам дагуу мод тарьсан нь элч нарт туйлын таатай, тэрчлэн бүх хант улс, муж улсын зам дагуу тийм мод цөм буй” гэжээ. Ийнхүү мод тарьсан нь замын тэмдэглэгээ гэхээс илүү барьсан замыг элс, шороо, цасан шуурганы уршигаар суларч сийрэгжихээс хамгаалж тарьсан болов уу.
Ийнхүү Монголын эзэнт гүрний үед хууль, зарлиг гарангуутаа гуравхан хоногийн дотор хэдэн арван км замыг туулж эзэнт гүрний зах хязгаарт хүрч хэрэгждэг байсан. Хүн төрөлхтний түүхэнд “мянганы бүтээн байгуулалт” гэж нэрлэгдэхээр улс, тивийг холбон хэдэн мянган км үргэлжлэх дэлхийн анхны хурдны зам бол “Чингисийн зам” буюу өртөөний зам юм.
Эх сурвалж: МУ-ын ШУ-ны болон БО-ны салбарын тэргүүний ажилтан Г.Амарсанаагийн эрдэм шинжилгээний өгүүлэл
Discussion about this post