Он жилийн цуваа 33 жилээр алсарчээ. Радио гэдэг их айлд ороод хоёр дахь жилийнхээ хавар Булган аймагт хаврын тариалалтын сурвалжлага хийхээр явж байлаа. Нэг шөнө хэсэгхэн төөрч явсаар аймгийн төвд ирлээ. Булган аймгийн төв буудалд бууж амарлаа. Нойр жаахан сэрвэлзээд төөрч будилснаа бодоод нутгаа санаж, нутагтаа байсан бол төөрөхгүйдээ гэсэн шиг адар ширтэн хэвтэх зуур “Нутгийн зам нуруутай” гэдэг үг сэтгэлд хургалаа. Эндээс л нутгийн минь зам зурайн харагдаж, танил гүвээ толгод элсэн шуурмагтай зүтгүү зам тодрон зүүд зөнгийн ертөнцөд аялсан юм. Өглөө эртээ сэрчихээд тэмдэглэлийн дэвтэртээ санаагаа тэмдэглэсэн юм л даа. Томилолт дуусаж ирээд ажилдаа орлоо. Томилолтын нэврүүлгээ бэлтгэхээр бичгийн ширээнийхээ ард суулаа. Манайхан өөр өөрийн ширээн дээрх бичгийн машинуудаа тачигнуулах нь сүрхий дуу чимээтэй. Миний зүүн талд Чимээ //Цэндийн Чимиддорж / Баруун талд Шаагаа ах /Дамбын Шагдарсүрэн/ Зүүн урд талд Нямаа /Данзангийн Нямаа\ халз зүүн талд Жанчив ах /Гангийн Жанчив/ бид хэд тэрхэн зуур сууцгааж байсан юм. Одоо бүгдээрээ л гавьяатын зэргэмжид хүрсэн алдартангууд байлаа. Би ч тэдний адил бичгийн машинаа товшлоо. Тэр үед бичгийн хоёрдугаар цаасны нормтой. Нимгэн бор цаасаа бичгийн машиндаа хавчуулж НУТГИЙН ЗАМ гэсэн гарчиг тавилаа. Ингэхийн шалтгаан нь МУБИС хамт нэг ангид суралцсан хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй маань ярьсан юм. Тэр ярихдаа: За Мөнхтөрөө, би нэг хөгжмийн зохиолчтой танилцсан хө. Нэг өрөөнд суудаг. Оюуны өмчийн газарт ажилд орсон. Манай хөгжмийн бүтээлийн шинжээчээр Мижиддоржийн Хатанбаатар гэдэг залуу ирсэн. Бид хоёр танилцаад нэг дуу хийсэн. Бүрнээбаяр гэдэг дуучин дуулсан. Чамд дуу болчихоор шүлэг байна уу гэлээ. Энэ хүсэлтийг томилолтоос ирсэн өдрөө машиндаж байгаа нь энэ л дээ.
Хатанбаатар Сундуй хоёр маань “Хайрын хорвоо” гэдэг дуу хийсэн юм байна л даа. Яагаав та нар мэднэ дээ.
“Буурал ээжээ дээдэлж явахад
Буруу нь эргэх хайрын хорвоо…” шүү дээ.
Ингээд л бичиж дуусаад Булганы буудалд олсон санаагаа шүлэг болгон, бүүр дууны шүлгийн хэлбэрээр бичиж байгаа юм. Бичиж дуусаад төгсгөлд нь
/1993-4-15 Булган хот. / гэж огноолжээ.
Хатанбаатарынхаа барааг ч хараагүй. Сундуйдаа л шүлгээ өглөө. Ингээд л явж байсан. Бараг мартчихсан хойно ажлын утас дуугарч ярьсан нь өнөө хөгжмийн зохиолч М.Хатанбаатар байлаа. Чиний шүлгэнд ая хийсэн л гэж байна. Маргааш нь өглөөгүүр уулзаж сонсох юм боллоо. Тэр үед Хатанбаатарынх бичил хороололд манай ажлын баруухан талд ажээ. Өглөө ажилдаа ирээд хирдээнгүй догдлонгуй сууж байлаа. Шинэ дуугаа сонсоно, шинэ танилтайгаа нүүр тулна гээд…
Удсан ч үгүй Хатнаа маань жижүүр дээр дуудуулж. Би ч гурван давхрын шатаар гялалзтал гүйсээр үүдэнд ирлээ. Нэг давжаахан бор нөхөр зогсож байна. Гар барин танилцаад дээш нэвтрэх бичиг цохуулан орлоо. Дуугаа сонсохоор радиогийн 300-гийн студид орлоо. Тэнд нэг төгөлдөр хуур зоолттой байна. Тэр хөгжмийн ард хөгжмийн зохиолч маань суугаад тоглолоо. Тэгтлээ сайн ойлгосон ч үгүй. Тийм том аялгуу урд өмнө сонсож байсан биш. Ингэж “Нутгийн зам”-аа сонсоод бяцхан тэмдэглэх болж билээ. Архи картанд олдохгүй. Сарын хоёр шил архины нормтой цаг л даа. Радиогийн диспитчер аппарат батарей түгээж цэнэглэх албатай Нанжидмаа гэдэг бүсгүй байх. Түүний ширээнд аппаратны толгой арчиж цэвэрлэх зориулалтай спирт байх. Жаахан спирт өгөөч гэж алга хавсрах шахам гуйж байгаад стаканы гуравны нэг орчим спирттэй болж дээр нь шууд л ус хийн аривжуулаад хоёр стаканд хувааж хийгээд тулгаснаар мялаалга өндөрлөсөн юм. Тэгээд л Хатнаа ч ажилдаа явж, би ч нэвтрүүлгээ хийгээд хоцорсон. Нэг удаа утасдаж байна. Гэндэндарамын Эрдэнэбат гэдэг дуучин дуулсан шүү гээж байна. Удаж төдөлгүй радиогийн бичлэгийн танхимд оркестр ирж дуу бичнэ л гэж байна. Хатнаа ч ярилаа. Ингэж л их симфони радио дээр сүрэглэн ирж Хаянхярваа найруулагч шилэн хоргоны араас жинхэнэ утгаар нь удирдаж дахин дахин дуулулж Эрдэнэбат гэдэг залуу дуучин ч сайхан дуулж байна. Ингэж л төрсөн дуу юм даа. Хожим Хатнаа бид сайн танил болж дараа жил нь Дөргөн нуур, Хулстай гурван даваа гэсэн хоёр ч дуу хийлээ. Тэгээд нэг өдөр Хатнаагийнд очиж цай кофе гээд гал тогооны өрөөнд сууж байтал ширээн дээр нь миний анхлан Сундуйгаар дамжуулж очсон “Нутгийн зам” дууны шүлэг маань нэлээд элэгдсэн байртай байж байна. Аваад хадгалчихлаа. Дурсамж юм даа. Үүнийг цахим ертөнцийн та олондоо сонирхуулъя. Энэ бичвэрээс хөгжил цаг үе түүх аяндаа үнэртнэм.
СЭТГҮҮЛЧ Л.МӨНХТӨР






Discussion about this post