Биологийн шинжлэх ухааны доктор, анагаах ухааны доктор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Баасансүрэн “Саха Якутад зэрлэг цаа судлал, уламжлалт анагаах ухаанаар ажилласан 30 жил” үзэсгэлэнгээ “Чингис хаан” үндэсний музейд нээлээ.
Тэрбээр 1981 оноос эхлэн Шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт 42 жил ажилласан бөгөөд сүүлийн 30 жилд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/ улсад Монгол Улсын ШУА-ийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Анх манай ШУА-ийн ерөнхийлөгч А.Чадраа гуай Б.Баасансүрэнг залуу судлаач байхад нь Якут руу явуулсан юм билээ. Тэр хүн үнэхээр эрдэмтнээ таньж, холыг харж Б.Баасансүрэнг сонгон явуулжээ гэж одоо бодож байна” хэмээн онцлов. Б.Баасансүрэн доктор долоон салбарын Тэргүүний ажилтан. Нийслэлийн 20 дугаар сургуульд багшилж байхдаа арга барилаараа манлайлж, оны шилдэг багш, Боловсролын тэргүүний ажилтан болжээ. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн тус сургуулийн захирал эмэгтэй ”Нэг эрдэмтэн хүн цаа бугыг ингэж судална гэдэг гайхалтай. Монгол 5 хошуу малаа ингэж ингэж нарийн сайхан судалбал…” гэж бахархаж байлаа.
Үнэхээр “Нохой гаслам” 60 гаруй хэмийн хүйтэнд 30 жил амьдарч, цаа бугыг ингэж “дотно гадаргүй” судална гэдэг гайхамшигтай. Хэдийгээр зуны халуун ч энэ үзэсгэлэнг үзвэл цаа буга, хойд туйлын цантам уур амьсгал, Якут Сахагийн амьдралыг мэдрэх боломжтой.
Тус үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Б.Баасансүрэн доктор яагаад Якутын цаа бугыг онцлон судалсан талаараа:
-Энэ амьтны тухай 5 наснаасаа мэддэг болсон. Анх намайг Д.Дамдин аварга Хөвсгөлд аваачиж байлаа. Би Хөвсгөлийн цаа буга хэдэн төрлийн эмийн ургамал иддэг, дотор эрхтэн, бүтэц, анатоми, бэлчээр гээд бүх талаас нь нарийн судалж хойд тундрын цаа бугатай харьцуулсан. Олон орны эрдэмтэдтэй хамтарч Якутын зэрлэг цааг анатоми, морфологи, физиологийн талаас нь гүнзгийрүүлэн судалсан.
-Хоёр өөр газар амьдарч буй цаа бугыг харьцуулахад ямар ялгаа байв?
-Хоёр өөр газрын цааны амьдрах биохимийн орон зайд экологийн орчны химийн найрлага, онцлог шинж чанар, тухайлбал хөрсний шинж чанар агрохимийн найрлага, идэш тэжээлийн ургамлын биохимийн онцлог зэргийг харьцуулан судалсан. Ингэхдээ Якутын цаа бугын булчингийн эдийн уургийн агуулга бусад амьтныхаас үлэмж давуу болохыг тогтоосон юм. Цаа бугын тэжээлийн орчин, амьдрах хэв маяг, экологийн орчин нь энергийн эх булаг болсон гликоген ихээр агуулж буй онцлогийг илрүүлсэн. Цаа бугын мах нь ашигт компонентуудыг ихээр агуулдаг. Энэ ашигт болон эмийн ургамлуудыг бусад амьтнаас илүү хэрэглэдэг болон амьдран буй экологийн орчин, хүйтэнд тэсвэрлэх чадвартай нь холбон үзэж болох юм. Цаа бугын махны илчлэг чанар маш бага буюу 100г∕160ккал, гэтэл түүний хэт давуу тал нь гайхалтай шингээгдэх чадвар, тэжээллэг чанар нь дээд зэрэг байдагт оршдог.
Хойд туйлын Биогеохимийн орон зайн орчинд өсөж үржиж амьдарч байгаа туйлын бүсийн цаа бугын иж бүрэн анатоми, гистологи, физиологи-биохимийн судалгааг анх удаа системтэй явуулснаар аливаа амьтны иж бүрэн судалгааг хийхэд үлгэр жишээ болохуйц өвөрмөц, далайцтай судалгаа хийж томоохон бүтээлүүдээ гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлсэн гэжээ.
Анх Доктор Б.Баасансүрэн хоёр улсын хамтын ажиллагааны гэрээний дагуу хойд туйлын зэрлэг цаа бугын биеийн бүтэц, зарим эрхтэнийг судалж, шинэ эм, эмийн бэлдмэл гаргаж, хүний өвчин эмгэгийг эмчилсэн нь их үр дүнд хүрч буй. Тухайлбал, чөмөг хөрөх өвчний улмаас хүүхэд олж, тээж төрүүлэх чадваргүй болсон хүмүүсийг эмчилж, 170 гаруй хүүхэд төрүүлсэн. Энэ эмчилгээ зөвхөн Монгол, Якутаар зогсохгүй Орос, Австри, Канад, Герман, Япон, Хятад, Солонгос зэрэг дэлхийн олон орны иргэд эмчлүүлж, хүүхдүүд эрүүл энх өсөн бойжиж байна. Энэ амжилтыг нь үнэлж ОХУ-ын Хөдөө Аж Ахуйн Академийн Алс дорнодын доктор, профессор цолыг олгожээ.
Эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа үр дүнгээр 2000 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн анагаах ухаанаар докторын зэрэг олгох эрдмийн зөвлөлийн хурлаар “Цаа бугын эврийг Монгол шар тостой хольж төөнө хийх шинжлэх ухааны үндэслэл, цусан эврийн ургалтыг орооны булчирхайн бүтэц үүрэгтэй холбон судалсан нь” сэдвээр анагаах ухааны боловсролын докторын зэрэг хамгаалжээ. Түүний энэ судалгааны ажлын үр дүнгээр цааны эврэн шар тосон төөнө хүйснээс доош байрлалтай “хий” хүйтний угшилтай өвчнийг эмчлэхэд маш сайн үр дүнтэй болох нь нотлогдсон байна.
Мөн 2003 онд Монгол Улсын ШУА-ийн биологийн салбарын бага чуулганы дэргэдэх биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлөөр “Цаа бугын зарим эрхтэний бүтэц, макро-микро элементийн бүрдэл, тосны хүчлийн найрлагын судалгаа” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэргийг амжилттай хамгаалжээ. Энэхүү ажлаараа цаа бугын орооны булчирхайг дорно дахины анагаах ухааны эмчилгээний аргатай хослуулан хэрэглэж үр дүнг бодитойгоор гаргасан аж.
Олон орны эрдэмтэдтэй хамтарч Якутын зэрлэг цааг анатоми, морфологи, физиологийн талаас нь гүнзгийрүүлэн судалсан тэрбээр эх орондоо гурав дахь удаагаа үзэсгэлэнгээ ийнхүү үзүүлж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр доктор Б.Баасансүрэн “Монголын гурван сая гаруй хүмүүсийн төлөөлөл болон эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан эрдэмтэн болоход ард түмэн минь их туслалцаа үзүүлсэн. Цаа бугын судалгаанд хаях зүйл байхгүй. Цааны бааснаас эхлээд бүх эд эрхтнийг эмчилгээнд хэрэглэдэг. Баасаар нь хүртэл төөнө эмчилгээ хийж, олон ном бүтээл гаргаж хойд үедээ эрдэм шинжилгээний гарын авлага болгон үлдээж байгаадаа баяртай явдаг” хэмээв.
Монгол Улсын гавьяат багш Ж.Баасандамба, “Б.Баасансүрэн сургуулиа төгсөн уламжлалт ухааны эмгүй эмчилгээг түлхүү судалж, Төвөдөд хамаатан садангаараа явж багагүй мэдлэг хуримтлуулсан. Хүний амьдралд зэрлэг цаа буга ямар ач холбогдолтой талаар судлан 57 боть ном гаргажээ. Мөн үүгээрээ ЗХУ-ын шинжлэх ухаанд асар том гавьяа байгуулсан бүтээлүүд гаргаж олон хүнийг эмчилсэн” гэлээ.
Дэлхийд нэрээ гаргаж яваа эрдэмтэн доктор Б.Баасансүрэн 1948 онд төрсөн. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул. Тэрбээр Якутад амьд аахуйдаа хөшөөгөө босгуулсан анхны монгол хүн. Якутчууд Монгол эрдэмтэн Б.Баасансүрэнг хүндэлж хөшөө дурсгалыг нь босгохоор болоход, тэрбээр хөшөө босгох газраа нэг нутаг усны ах зохиолч, яруу найрагч Л.Дашнямаар сонгуулжээ. Энэ нь эрхэм Якутад ямар их нэр хүндтэйг илэрхийлнэ. Мөн 5 наснаасаа эхлэн Гандан хийдийн мэргэн хамба Гомбожаваар А үсэг заалгасан. Хожим Б.Ринчен багшид шавь орж “Эрдэмтэн хүн мөр хооронд хоёр хурууны зайтай балын харандаагаар бичдэг юм шүү. Мартаж санаснаа сүүлд нь нэмж оруулдаг юм” гэж сургаал сонсож явжээ. Энэ агуу эрдэмтэн Б.Баасансүрэн докторыг “Миний хүү хянуур, буурьтай суурьтай хүн гарах юм байна. Ургамал ногоо сайн үндэстэй бол сайн ургадаг” гэж үнэлж байжээ. Залуу насандаа дугуйн спортын тамирчин, буддын шашныг гүнзгий судалсан зэрэг амьдралын баялаг түүх намтартай.
Өрнө дорныг хослуулан анагаах ухаан, шинжлэх ухааныг хослуулан амжилттай ажиллаж яваа Б.Баасансүрэн доктор Түвдийн Лхас хотноо бага сургууль, уламжлалт анагаах ухааны их сургууль төгссөн. Эх орондоо 1982 онд УБИС төгссөн. 1995 онд Саха Якутын Анагаах ухааны академи, Хөдөө аж ахуйн академи төгссөн. Түүнчлэн Москва хотын Су Джок академийг дүүргэж Оросын болон Европын уламжлалт анагаах ухааны чиглэлээр олон улсад эмчлэх эрхийн дипломтой болсон байна.
Шагнал урамшуулал: Биологийн шинжлэх ухааны доктор Б.Баасансүрэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны олон жилийн нөр их ажлыг нь дэлхийн олон оронд өндөрөөр үнэлэгдэж ирсэн байна. 2003 онд ОХУ-ын Уламжлалт анагаах ухааны “Алтан гарт” мастерийн медаль, диплом, ОХУ-ын уламжлалт ангаах ухааны “Ардын оточ эмч”, 2004 онд олон улсын уламжлалт анагаах ухааны сертификат, 2007 онд алс дорнодын Саха Якутын “Гражданская доблест” одон, 2009 онд ОХУ-ын 21-р зууны “Лучший целителем” диплом, медаль, 2010 онд “Международная профессиональная медицинская ассоциация” олон улсын уламжлалт анагаах ухааны эрх сертификат, 2010 онд ОХУ-ын уламжлалт анагаах ухааны “Найдвартай од” 1-р зэргийн одон, 2011 онд ОХУ-ын уламжлалт анагаах ухааны гавъяат зүтгэлтэн, ОХУ-ын “Александр Невский” 1-р зэргийн одон, ”Дэлхийн ард түмэнд зүрх сэтгэлээ зориулсан алтан гарт эрдэмтэн” цом, одон медалиар шагнасан байна. 1999 онд ОХУ-ын Хөдөө аж ахуйн Академийн алс дорнодын доктор, профессор цол, “Орос улсын эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” шагнасан.
Мөн доктор Баасансүрэн 2012 оны 12-р сард Европын бизнесийн нийгэмлэг сократын хорооны 21-р зууны дэлхийн шилдэг эрдэмтэнээр шалгарч Монгол Улсын эрдэмтэн Баасансүрэн гэсэн овог нэрээ 21-р зууны дэлхийн гарамгай эрдэмтдийн бүртгэлд бичүүлсэн юм. Шагнал гардуулах арга хэмжээ Австри улсын Вена хотод болсон бөгөөд Монгол эрдэмтэн Баасансүрэнд дэлхийн шинжлэх ухааны хувь нэмрийн төлөө медалийг Австрийн ерөнхийлөгч гардуулсан байна.
2014 онд Олон улсын хүний эрхийг хамгаалах хорооны “2013 оны хүн” цол тэмдгээр өргөмжлөгдөв. Уг цолыг олон улсын хүний эрхийг хамгаалах хорооны зөвлөлийн шийдвэрээр “он удаан жил хүний эрхийг хамгаалах салбарт гаргасан зүтгэл мөн хүний эрхийн бүх нийтийн тунхаглал болон хүний эрхийн асуудлаарх олон улсын 1948 оны 12-р сарын 10-ны гэрээ, хүний эрх болон үндсэн эрх чөлөөний тухай Европын тунхаглалын үзэл санаа зарчмыг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ноён Б.Баасансүрэнг тодруулав” гэжээ. Олон улсын хүний эрхийн хорооны ерөнхийлөгч Ж.Сальватогийн гарын үсэгтэй үнэмлэх тэмдгийн 21-р зууны 3 дахь хүнээр тодорч байгаа Монгол эрдэмтэн хүн юм. Доктор Баасансүрэнг дэлхийн оны хүнээр тодруулсан гол утга нь 13-р зуунаас уламжлагдаж ирсэн дэлхийн уламжлалт анагаах ухааны арга ухааныг өдий 21-р зуун хүртэл хадгалан уламжилж, түүгээрээ үр хүүхэд төрүүлж чадахгүй өвчтэй хүмүүсийг эмчлэн эдгэрүүлж үр хүүхэдтэй болгосон буянт үйлсийг нь онцолсон гэж тодотгожээ.
Б.Баасансүрэн өөрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгийн талаар Улаанбаатар хотноо Чингис хааны Үндэсний музейд 2023 оны 06 дугаар сарын 7-ноос 10-ний өдрүүдэд “Саха Якутад, Зэрлэг цаа судлал, Уламэлалт анагаах ухаанаар ажилласан” “Хойд туйлын бүсэд 30 жил” үзэсгэлэнгээ гаргаж өргөн олондоо толилуулж байна. Та бүхэн өргөнөөр сонирхон түүний бүтээлтэй танилцаарай.
()
Discussion about this post