Та сумогийн анхдагч, алтан хараацай. Тиймээс таны амьдралын чухал хуудас болсон сумод хөл тавьсан түүхээс яриагаа эхлэх үү?
-Би 1973 оны 3 сарын 8-нд, эмэгтэйчүүдийн баярын өдөр Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Бидний үеийн хүүхдүүд, хөвгүүд тэр үед бүгд цагдаа болох гэж хүсдэг байсан. Мөрөөдлөө биелүүлж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст орж, дөнгөж хоёр сар ажилласан. Сумо бөхөд шалгаруулалт явуулахаар болоход анх 170-180 хүүхэд цугласан юм. Хоёр шаттай тэмцээн болж, бүгдийг нь хооронд нь барилдуулсан, нэгэнд нь түрүүлж, нэгэнд нь үзүүрлээд, тухайн үедээ зургаан бөх явсны нэгдүгээрт шалгарч 18 настайдаа Япон явж байсан. Хэл усны бэрхшээлээс гадна, хатуу хүнд спорт учраас гурав маань буцаад Энхбат, Цэвэгням бид гурав үлдсэн. Монголын хамгийн анхны цол авсан бөх болж, анхдагч болсон. Хамгийн олон жил барилдсан үзүүлэлттэй. Өнөөдөр Цэвэгням маань Японы сумогийн дэвжээний захирал боллоо. Бид гурвыг жаахан хүүхэд байхад Ошима захирал гэж Японы сумо бөхийн захирал хөтлөөд явж байсан бол, 25 жилийн дараа Цэвэгням өөрөө захирал болчихоод монгол хүүхдүүдийг хөтлөөд явж байна. Энэ бол бахархал.
-Та сумогийн ертөнцөд “Мэхний их дэлгүүр” гэдэг алдартай. Танд дэвжээний эзэн болох боломж байсан гэдэг?
-Би нөгөө хэдээ бодвол хөдөө морин дэл дээр өссөн. Сүүлд Улаанбаатарт шилжиж ирсэн л дээ. Багадаа тугал хариулж, морь унаж, уяж сойдог, уяач шахуу байсан хүүхэд. Японы нийгэмд олон жил амьдарсан, үзэж харах юмаа үзсэн, сумо бөхийн цол авсан, хамгийн урт удаан хугацаанд дээд зиндаанд барилдсан. Эх орондоо, Монголдоо ирж амьдарна гэсэн бодол анхнаасаа бат суусан. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гээд эргэж нутагтаа ирсэн дээ. Нутгаа гэсэн сэтгэлийн үүднээс монгол эхнэртэй болж, Монголоо зорьж ирсэн. Монголдоо ирэхдээ бэлтгэж боловсрол эзэмшсэн. Японы сумогийн түүхэнд анх удаагаа барилдаж байхдаа дээд сургуульд орж суралцсан бөх болсон гэдэг юм билээ. Бас л нэг түүх юм даа. Дээд сургуульд ороход тухайн үеийн Японы Ерөнхий сайд Обүчи гуай дэмжсэн. Манайхаар бол МУИС шиг сайн сургуульд сурсан.
-Васедагийн их сургуулийг монголчууд мэднэ. Японы Ерөнхий сайд төгссөн, дэлхийд дээгүүрт орох сайн сургууль. Олон сумоч, олон залуу Японд сурч ажиллаж, амьдарч байгаа ч Кёкүшюзан л Японыг сайн мэднэ гэж бүгд хүлээн зөвшөөрдөг нь ямар учиртай юм бэ?
-Мэргэжил эзэмшье, боловсролтой болъё, эх орондоо очихдоо сайн боловсролтой буцахгүй бол намайг хэн ч тоохгүй гэж бодож сурсан. Хоёрдугаарт, Японыг хараад яавал манай орон ингэж хөгжих бол гэж бодож, бага ч гэсэн хувь нэмэр болно гэж хичээсэн. Японыг би утгаар нь таньж мэдсэн, над шиг мэдэрсэн хүн байхгүй. Бүх аймаг, сумаар нь явж үзсэн, бүх нутгийн аялгуугаар ярьдаг болсон. Дээд түвшин, доод түвшний бүх хүмүүстэй найзалсан. Хамгийн том босс, хамгийн баян, хамгийн ядуу, цагдаа, мафи, якуза, тэгээд улстөрчид бүгдтэй нь найзалсан. Сумогийн холбооноос намайг тэндээ үлдэж, Японы иргэн болох юм бол дэвжээний захирал болгож, сардаа 20-30 мянган долларын цалинтай нийгмийн баталгаатай амьдрах сайхан боломж амласан, “Үгүй” гэж хэлж чадсан л даа. “No” гэж зоригтой хэлээд, “Sorry” гэж уучлалт гуйгаад улаан паспортоо өвөртлөөд Монгол руугаа ниссэн.
-Өнгөрсөн 2016 оны сонгуулиар таныг нэр дэвших болов уу гэсэн хүлээлт байсан. Та яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ?
-Зодог тайлж Монголдоо ирээд УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. Монголчууд маш их итгэл надад үзүүлж, Баяр, Алтай, бид гурав хамгийн өндөр санал авч УИХ-ын гишүүн болсон. Намайг сайн дэмжиж өргөөд гаргаж ирсэнд их баярладаг. Улс төр лүү нэг орсон хүн гарч чаддаггүй гэж монголчууд ярьдаг. Намайг энэ сонгуулиар УИХ-ын сонгуульд нэр дэвших үү гэхэд, “Дэвшмээргүй байна” гэж саналаараа татгалзсан. Ер нь “Үгүй” гэж татгалзаж чаддаг.
-Таны алдар Даваагийн Кёкүшюзан Батбаяр. Хосолмол соёл гэдэг шиг өсөж төрсөн нутаг, хоёр дахь эх орон болж, амжилт алдрын замд хөтөлсөн Япон нэрээ оролцуулсан ховор нэртэй болсон байна билээ?
-Эх орондоо ирэхдээ цэл залуу насандаа хүч үзэн барилдаж явсан сумо бөхийн дурсгал, миний амьдралын түүх болсон нэрээ орхиж чадаагүй. Төрүүлж өсгөсөн аав, ээж минь надад Батбаяр гэж сайхан нэр хайрласан. Сумогийн хатуу ширүүн, дэг жаягтай ертөнцөд очиход алгаа тосон угтаж авсан япон аав, ээж минь Кёкүшюзан гэдэг нэр өгсөн. Монголдоо ирээд тэр хоёрыгоо баяртай гээд мартаж болохгүй. Тэр хоёр хүнийг хүндлээд, “Та хоёр миний зүрх сэтгэлд, энэ нэртэй хамт шүү” гээд албан ёсоор Кёкүшюзан Батбаяр нэр авчихсан. Одоо Монголдоо хүснэгтэд бичихэд урт нэртэй хүнд тооцогдох байх. Албан ёсны овог нэр Даваагийн Кёкүшюзан Батбаяр. УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нэр уртдаж, надад зориулж бүх зай хэмжээг нь өөрчилж байлаа.
-Мэхний их дэлгүүр, сумогийн алтан хараацай, дээд зиндаанд хамгийн удаан тогтвортой барилдсан гэсэн дуудах алдартай. Одоо бизнест ч сайнаар дуудуулах болжээ?
-Эх орондоо ирлээ, УИХ-ын гишүүн боллоо. Спортоор оргилд нь хүрсэн, дээд зиндаанд хамгийн удаан барилдсан хүн, зургаан зиндааны хамгийн дээд, аварга арслангууд барилддаг зиндаанд 58 башё барилдсан. Бэртэл аваагүй, нэг ч унаж үзээгүй, нэг тэмцээн ч амарч үзээгүй. Амралтгүй 58 башё барилдана гэдэг том үзүүлэлт. Ирээд Монгол улсын заан Батзоригтой хамтарч ажиллаж, Дорнодын талд 7000, бараг 8000 шахуу үхэр бэлчээж байна. Олон жил маллаж өсгөсөн, Монгол Улсдаа нэлээн дээгүүр орох аж ахуй. Кёкүшюзан сангаараа дамжуулж олон бүтээн байгуулалт хийсэн. Энэ ажлаа сэргээе, хүчтэй оръё гээд уржнангаас барилгын салбарт эргэж орсон. Барилгын салбарт тэргүүлэх хэмжээнд ажиллаж байна. Одоогийн байдлаар гурван хороолол барьж байна. 3000 орчим ажилтан, ажилчид бий, тэдний ард хэдэн гэр бүл, хэдэн хүн байгаа билээ. Барилгын салбарт утгаар нь орж, сайхан хорооллууд босголоо. Манай байранд ороод баярлаж байгаа хүмүүсийг хараад бахархдаг, хүүхдүүд нь гадаа тоглож байхыг хараад кайф авдаг.
-Уул уурхайн салбарт хүч үзэхээр болж байгаа гэж сонссон. Монголчууд уул уурхайн салбарт таатай ханддаггүй. Яагаад ийм шийдвэр гаргав?
-Одоо хэдийгээр УИХ-ын гишүүн биш ч Ардчилсан намд байгаа залуусаа уриалж байгаа. Одоо мөнгөтэй хүмүүсээ олигархууд, муусайн баячууд, оффшорчид гэж дайрахаа больё, өөрсдөө тэр хэмжээнд хүрье, хүчээ нийлүүлье, хамтаръя, бүгдээрээ нэг баг болъё, олигархи гэгдэж байгаа улсуудтай адилхан болъё, атаархаад сууснаас ажиллаж хөдөлмөрлөе, тэд ч тодорхой хэмжээнд хөдөлмөрлөж тийм хэмжээнд хүрсэн гэж уриалж байна. Уул уурхайн салбар луу энэ оны зургаан сараас эхлээд нэлээн хүчтэй оръё гэж бодож байна. Уул уурхайгүйгээр хөгжихийн аргагүй. Кёкүшюзан гэдэг хүн тодорхой хэмжээнд эрсдэл үүрээд, хайгуул хийгээд, татвар төлөөд, эх орондоо хөдөлмөрлөөд явъя гэхээр дийлэхгүй, Японоос хөрөнгө оруулалт татаад монгол залуустайгаа хамтаръя гэж зорьж байгаа.
-Таныг “Би” гэж цээжээ дэлддэггүй, хамтаараа зүтгэдэг, олонтойгоо явдаг нийтэч хүн гэж үнэлдэг?
-Япончууд “ганцаараа чи чоно биш” гэдэг. Олуулаа болж байж амжилтанд хүрнэ. Барилгын салбартаа ч олуулаа зүтгэж амжилтанд хүрч байна. Орсон салбартаа амжилттай явж байгаа нь олны хүч оломгүй далай гэдгийн илрэл.
-Монголд анх интернэт мэдээллийн сайтыг нэвтрүүлж, оруулж ирсэн. Хүмүүс сайн мэддэггүй байх. Тэр тухайгаа дурсвал…?
-Тухайн үед хөгжилтэй оронд түрүүлж очсоны л ач. IT, интернэт хэрэгтэй, технологийн дэвшил Монголд хэрэгтэй гэж бодож, нутагшуулахаар хөөцөлдсөн. Ид барилдаж байсан болохоор цаг зав ч муутай. Тэр үед гайгүй явж байсан олон хүмүүстэй уулзаад “Сайт байгуулъя, мэдээлэл хурдан түгээнэ, заавал сонин хүлээх биш, мэдээ тэр дороо цацагдаад түгээгддэг хурдтай ертөнц байдаг юм аа“ гэхэд “Кёкүшюзан, хөрсөн дээрээ буухгүй байна аа, буруу ойлгож байна. Манайх Монгол, монголчууд сониноо харж л мэдээ уншина” гэсэн. “Интернетээр бие биедээ захиа бичээд, тэр дороо шууд уншина, харилцан бичилцэнэ, хэдхэн секундын дотор мэдээлэл солилцоно” гэхээр “Тэрийг замаас хүмүүс уншина биз дээ” гэж болгоомжилно. Үгүй ээ, ID нууц код гэж бий гэж тайлбарлаж арай гэж ойлгуулдаг. Одоо бидэнд инээдэмтэй сонсогдох ч тухайн үед тийм л яриа болж байсан. Тэгээд 2-3 жил алдсан ч тухайн үед би “Оллоо” гээд такси бааз байгуулсан болохоор таксиныхаа нэрээр Olloo.mn сайт байгуулж, япон монгол хэл дээр гаргаад, дараа нь хүүхдийнхээ нэр дээр сайт байгуулан ажиллаж байсан. Надад эхлүүлэх нь л чухал болохоос, ашиг олох сонирхол байгаагүй. Монголд цахим сайтттай болъё, мэдээлэл шуурхай дамжуулъя гэж бодсон. IT хөгжөөд, дараа нь маш олон сайт бий болж өрсөлдөх чадвар сайжирч байна, түүгээр л би бахархдаг.
-Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн технологи хөгжүүлэгч бизнесменүүд Улаанбаатарт чууллаа. Япон, Орос, Хятад, Монгол, БНСУ зэрэг таван улс нэгдэн “Азийн орнуудын цахим мөнгө, холбоо” байгуулж ерөнхийлөгчөөр нь таныг сонголоо. Энэ тухай сонирхуулж яриач. Нөгөө л сайт анх байгуулна гэхэд ойлгохгүй байсан шиг явдал одоо ч бидэнд учирч л байна?
-Блокчейний тухай ид яригдаж байна, Японы, Монголын сайдууд санал бодлоо хэлж ярьсан. Түүний дагуу Япон, Солонгост хуралдлаа. Блокчейнийг япончууд гаргаж, солонгосчууд дэмжээд, хятадууд үйлдвэрлээд, оросууд дэмжээд явж байгаа. Улаанбаатарт хуралдаад намайг ерөнхийлөгчөөр сонгосон. Энэ блокчейн залуу ертөнц, 17-18-тай хүүхдүүд сэтгээд гаргасан. Японд бол 17-18-тай хүүхдүүд IT чиглэлээр “тасарлаа”. Энд мөр зэрэгцээд явъя гэж бодож, холбоогоо байгуулж, Удирдах зөвлөлийнхөн, оросууд, япончууд ирээд Кёкшү тоуэр дээр хуралдана. Япон хүн ерөнхийлөгч болбол хятадууд дэмжихгүй, хятад хүн тавихаар нөгөө нь жаахан дурамжхан, монгол хүн, намайг санал болгоход эсэргүүцэх хүн гараагүй, хоорондоо ярьж хуралдаж байгаад сонгосон. Дэлхий ертөнцөд байгаа хөөсөрсөн эдийн засаг цахим ертөнцөд байна. Энэ нь яриад байгаа юун Монголын өр, тэр битгий хэл мөнгө хөөсөрсөн мөнгө нисэж яваа. Тэрийг яаж зөвөөр, улс эх оронд эрсдэлгүйгээр, ард иргэдэд ачаалалгүйгээр Монголд оруулж ирж, шингээх вэ, блокчейн гэж яриад байгаа тэр л технологийг яаж оруулж ирэх вэ судалж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путин блокчейнээр шинэ 2-3 хот байгуулна гээд амлачихсан. Монголчууд бид хоцорч болохгүй. Ийм өргөн уудам нутагтай, газрын баялагтай орон, ийм боломж байгаа дээр тоглолт хийгээд хөөсөрсөн мөнгөний 0,1 хувийг ч гэсэн оруулаад ирэхэд эдийн засагт маш их нэмэр болно. Ерөнхийлөгчөөр сонгогдсон учир нь тэр мөнгийг яаж Монголдоо оруулж ирвэл болох вэ гэсэн бодлоос үүдсэн. Япон, оросууд, солонгосууд надад маш их ач холбогдол өгч байгаа. Японд блокчейний талаар хуралдсан, би очсон. Хонконгод давхар хурал болоод би амжихгүй нь гэхэд “Тан руу хувийн онгоц нисгэе, та амжаад хүрэлцэн ирээч” гэж урьсан. Одоо ОХУ-аас урилга ирж байна. Сая Монголбанкнаас яриад “Энэ талаар мэдээлэл өгөөд, манайхтай хамтарч ажиллаач” гэж урьсан. Нэг талаар хүмүүс хэтэрхий буруу ойлгоод мөнгөө алдчихаж магадгүй. Тэрийг л зөв ойлгуулах гэж явна. Өнөөдөр Тоскайн юм уу мөнгө гаргаад, Монголдоо эрсдэл үүрэхгүй, алдагдал гаргахгүй, эрсдэлийг хамгаалж өгч байна. Тиймээс Монголбанк, Засгийн газар хамтарч яаж зөв бодлогоор явах вэ гэдэг одоо чухал. Блокчейн гаргаж байгаа улсыг уриалах эрхгүй, биткойн биш. Гол нь нэгдсэн бодлогоор босгоод яаж мөнгийг Монголдоо оруулж ирэх вэ гэдэг зорилго баримталж байна.
-УИХ-ын гишүүн байхдаа хамгийн олон компанитай гишүүнээр шалгарч байлаа. Таны компаниудын үйл ажиллагаа хэр байна?
-Кёкүшюзан хамтарсан буюу миний 100 хувь хөрөнгө оруулсан 60 орчим компани ажиллаж байна. Компани байгуулаад ажиллахад алдагдалтай ажиллах нэг нь байна. Алдаа гарах ч юм байна, ашиг олох үе ч байна. Тэр бүгдийг зохицуулж явна. Хамгийн баяртай, happy байгаа нь барилгын салбар. Яармаг руу барилгын суурь тавьж эхлүүлж чадсан. Яармагт их хороолол баригдаж байна. Яармагийн газрыг үнэд оруулж, барилга эхлүүлж чадсан. Яармаг руу, дулааны шугам, зам тавьж чадсан. Манайд Богд хан уул тойрсон 33 ам байдаг. Арцатын ам ганц дулааны шугам тавьсан ам болж чадлаа. Яармаг Нисэх хүртэл орон сууц баригдаж байна. Цаашдаа хийх юм зөндөө байгаа. Монгол Улсад хамгийн их барилга барилаа, салбартаа тэргүүлэгч болж, нэг номерт орлоо гэсний дараа дараагийнхаа ажил руу оръё гэж зорьж байна. Кёкүшюзан барилдлаа, барилдаад гайгүй амжилт үзүүллээ, Японы их сургууль сурлаа, эх орондоо ирж УИХ-ын гишүүн боллоо. Одоо бизнесийн салбар луу ороод, баялаг бүтээхээр ажиллаж байна. Цахим ертөнц, блокчейн рүү орохдоо Азийн холбооны ерөнхийлөгч боллоо. Ажлын их хүлээлт байгаа. Монголчууд сайхан дэмжиж байна, япончууд ч мөн адил. Тэгэхээр ажиллахад урамтай байна.
-Таны гэргий МУГЖ Баясгалан олны хүндлэл хүлээсэн сайхан дуучин. Ярилцлагандаа найдвартай ар тал болсон гэр бүлийнхээ тухай дурсахгүй орхиж боломгүй?
-Баясаа маань хамаг ажлын ар талд байж, түшиг болж байна. Бид хоёр хүүхэдтэй. Бүх тооцоо, санхүү, энэ гурван хорооллыг босгох бүх ажлыг Баясаа гардан явж хийнэ, Батзориг заан барилга хариуцсан захирал. Зарим нь “Дуучин Баясаа барилгачин Баясаа болж” гэдэг. Их л завгүй ажиллаж байгааг ханийн хувьд би харж байна. Гэхдээ Баясаа маань заваараа шинэ дуу дуулаад, алтан цомгоо гаргалаа. Саяхан Японоос дуулаач гэсэн урилга ирсэн. Өвөрмонголчууд ирж тоглооч гэж урьж байна. Ганц хоёр тоглолтонд оролцоно, уран бүтээлээ хийж байна. Баясаа маань 100 хувь уран бүтээлдээ цаг зарцуулж чадахгүй, үнэндээ зав муутай байгаа.
-Таныг амралтын өдөр өглөө эрт уулзах цаг гаргана гэхээр гайхлаа. Ингэж байж амжилтанд хүрдэг байхдаа…?
-Бид залуу байна, залуу байгаа дээрээ хөдөлмөрлөе. Би өглөө эрт босдог, өглөөний 6 цагт ажлаа эхэлнэ, орой эрт унтаж амрахыг хичээдэг. Намайг өглөө эрт ажиллаад байхаар манай найз “Чи одоо амраач, хангалттай ажиллалаа” гэнэ, би зүгээр суугаад байж чаддаггүй, хөдөлмөрлөхгүй бол болохгүй. Хөдлөөд үхдэггүй хөшиж үхдэг гэдэг биз дээ. Үүрд амрах цаг хэзээд хүн бүхэнд ирэхээс цааш энэ насандаа хөдөлмөрлөж, их зүйл бүтээе гэж боддог. Намайг “Кореан эйр”-ээр хамгийн их ниссэн хүн гэсэн тооцоо байна лээ. Мэдээж үндэсний агаарын тээвэр МИАТ-аар үйлчлүүлнэ, МИАТ-аар үйлчлүүлэхийг эрхэмлэнэ. “Корэйн эйр” дамжихад, нааш цааш нисэхэд нэг системд байдаг болохоор амар учраас бас үйлчлүүлдэг юм.
-Та залуусыг орон сууцтай болгосон, Монголд анх хаус хороолол барьсан туршлагатай. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль гарснаар салбар бүрд хүрч ажиллаж чаддаг таныг улс төрд хүчтэй ажиллах хүрээ хумигдсан гэж улстөр сонирхогчид үздэг…?
-1999 онд “Кёкүшюзан сан” гэж байгуулаад, буяны ажил хийж байхдаа залуу гэр бүлүүдийг дэмжих гэж маш хямдхан орон сууц барьсан. Нэг сайхан нь манай орон сууц баригдаж дуусаагүй байхад л зарагддаг. Хүмүүс зарах гээд зовоод байдаг, тийм юм байхгүй. Бидэнд итгээд байр захиалах нь сайхан санагддаг. Хоёр жил барилга бариад түр зогсоод, улс төр гэж хэсэг явлаа. Ороогүй салбар байхгүй, хэвлэл мэдээллийн салбар луу ч орсон. Цөөдөхөөргүй телевиз хөл дээр нь босгосон, сонин сайт хийж ч үзсэн. Ямартаа л Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль гарсан, тухайн үедээ өөрийн хийж байгаа бизнесийн салбарын хуулинд оролцохгүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх учраас санал бодлоо хэлж болохгүй, тэр ажлын хэсэгт орохгүй, Байнгын хорооны хуралдаанд орохгүй. Өөрийгөө харлаа, би спортын хүн, спортын тухай дуугарч болохгүй, эхнэр нь урлагийн хүн, урлагийн талаар ярихгүй, Нийгмийн бодлогын байнгын хороонд орж болохгүй, барилгын салбарт ажиллаж байсан, мал хуйтай, ХАА-н салбар луу орохгүй, банк гэхээр ББСБ-тай, бас болохгүй, эсрэгээрээ орох нь цөөхөн болчихоод. Хүмүүс нэг салбар луу хүчтэй ордог, миний хувьд олон салбар луу бага багаар орж, тэндээсээ хамгийн боломжит салбар дээрээ хүч тавья гэсэн зорилготой. Тэгээд сүрхий ашиг олохгүй, алдагдал хүлээгээд сүйд болохгүй, хэдэн хүн ажиллуулж, ажлын байр бий болгож байгаа болохоор нэг өдөр шууд хааж болохгүй. 60-70 компани гэхээр нүсэр сонсогддог ч ашиг олоод “алаад” хаясан юм байхгүй. Бие биенээ бодоод, олон ажилчид нь ажиллаад, цалинтай, дор бүрнээ “happy” ажилладаг.
-Япончууд танд уул бэлэглэсэн. Газар нутаг томгүй улс таныг их хүндэлж дээ?
-Уул гэхээр их том уул биш ээ. “Кёкүшюзан” гэж нэр өгөөд, япончууд хороолол босгоод бүгд зарагдсан. Японы бизнесмэн миний фэн, намайг дэмждэг ах байсан юм, тэр хүн л өгсөн гэх үү дээ. Дараа нь тэр ууланд ганц хоёр хаус бариулаад, ирээдүйд амьдарч, ирж очин байя гэж бодсон. Монголдоо төвхнөөд тэрийгээ зарсан л даа.
-Асуудал гарахаар Японы телевизийнхэн тан руу давхиж ирээд ярилцлага авдаг. Зарим нь таныг чимээгүй байхгүй гэж шүүмжилдэг?
-Уржигдар бас телевизийнхэн ирээд явлаа. Японд Монголын тухай асуудал гарахаар над руу давхиад ирдэг юм. Сайн юм болохоор ирнэ, сайн тайлбарлаж өгнө. Муу юм болох, нэг хүн зодуулсан ч ирнэ, бөхчүүд асуудал гарахаар ирнэ. Нэг хэсэг манай гэрийн гадаа, “Кёкүшю товэрийн” гадаа ирээд манадаг, “Кёкүшюзан сан” дээр ирээд бариад авчихдаг байсан. Анхдагч гэдэг утгаараа, хоёрдугаарт УИХ-ын гишүүн байхдаа Японыг хариуцсан, японыг мэддэг гэдэг утгаараа их ханддаг байсан. Одоо би оффисоо өөрчилж байгаа, олоход хэцүү болсон байх гэж найдаж байна. Ер нь би болж өгвөл хүнд туслахыг боддог. Сэтгүүлчдийн хөдөлмөр хүнд. Гэрийн гадаа манаж хонож, хаа байгаа Японоос нисээд ирчихсэн, надаас яриа авахаар хөөцөлдөж, нүд салгахгүй харж байгаад “бариад” авсан сэтгүүлчидтэй үг солихгүй, амнаас нь алт унах гэж байгаа аятай загнаад, ихэрхээд байж чаддаггүй. Хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргаж яваа хэний ч хөдөлмөрийг хүндэлдэг болохоор асуусан асуултанд хариулдаг. Монголынхоо тухай сайн сайхнаар дурсагдах зүйлд ч зөв мэдээлэл цөөнгүй өгсөн, харин ганц нэг мэдээг онцолж аваад энд ярьж л байдаг юм.
Ч.ӨЛЗИЙДЭЛГЭР
Discussion about this post