Шүүхэд дуудагдаад байгаа МҮОХ-ны бүх гишүүдийн хурал товлогдож ядан байгаа энэ өдрүүдэд тус ТББ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрс тодорхой болжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Х.Баттулга, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Ч.Зоригтбаатар нар нэр дэвшихээр бүртгүүлээд байгаа аж.
МҮОХ-ны энэ удаагийн хуралд оролцохоор өнөөдрийн байдлаар 181 гишүүн бүртгүүлжээ.
Үүний өмнө энэ оны наймдугаар сарын 26-нд МҮОХ-ны бүх гишүүдийн хурал цахимаар болон танхимаар болсон боловч хурлын төгсгөлд тогтоолуудыг батлах үеэр гишүүдийн ирц хүрээгүй байхад хурлаас гарсан тогтоол шийдвэрүүдийг хүчээр тулгаж батлуулсан учраас энэ хурлыг хүчингүйд тооцуулах санал видео бичлэгийн нотлох баримттайгаар шүүхэд очоод байгаа билээ. Мөн тэр хурлаар МҮОХ-ны Хянан шалгах комиссийн тайланг ч, Үндэсний аудитын газрын тайланг ч хэлэлцээгүйгээрээ зөвхөн МҮОХ-ны дүрмийн 15.2 дахь заалтаа зөрчөөд зогсохгүй УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоол, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг болон 9 дүгээр зүйлд заасны дагуу МҮОХ-ны үйл ажилллагаа үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэх, МҮОХ-ны хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажилллагаанд аудит хийсэн хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг үл тоож, хууль биелүүлэхгүй байгаа хэрэг юм.
Аудитын дүгнэлтэд МҮОХ-ноос Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Занданбатад 2021 оны 02 дугаар сарын 22-нд ирүүлсэн тайлбарт нэг ноцтой зүйл бий. Энэ нь МҮОХ “АТГ, ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, СБД-ийн шүүх, Нийслэлийн цагдаагийн газар, АТГ-ын Аудитын газар зэрэг байгууллагууд шалгаад Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 173 дугаар тогтоолын дагуу МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Д.Загдсүрэнд доорх ялыг оноосон билээ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэг, 283, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон тогтоосоноор МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Д.Загдсүрэнг хууль тогтоомж дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас ТББ-ын тухай хууль ёсны эрх, ашиг сонирхолд Онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар түүний албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн юм” хэмээн хар дээр цагаанаар бичиж тодорхойлжээ.
Түүнчлэн МҮОХ-ны зүгээс “…одоогоор биеийн байдал нь маш хүнд, эмнэлгийн хяналтад эмчилгээтэй байгаа нөхцлийг харгалзан үзэж нэгэнт шүүхээр шийтгэгдсэн асуудлаар дахин хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн байдаг. Энэ бол МҮОХ-ны “үзэж байгаагаар” гэдэг үгээр шийдэх асуудал огт биш. МҮОХ-ны энэ бичигт өмнөх ерөнхийлөгч Д.Загдсүрэн агсаныг яллагдагч болсон гэдгийг мэдсээр байж түүнтэй нэр дэвшиж өрсөлдөөд хамгийн олон саналыг авсан Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очирыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр батламжлахгүй шүүхдсээр энэхүү аудитын тайланд дурдсанаар 18.1 сая төгрөгийн хохирол амссан, мөн давхар ОУОХ-г хууран мэхэлснээ хүлээн зөвшөөрсөн байна!
Шүүх талийгаачийг амьд сэрүүн байхад хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн 2000-2013 оны санхүү, архивт л дээрх хууль, хяналтын байгууллагууд шалгаад тогтооход ийм ял оноосон. Гэтэл 1999 оноос хойш 20 гаруй жил удирдсан шүү дээ. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ? Олимпын зүтгэлтэн, тус байгууллагыг20гаруй жил удирдсан тэр эрхэмтэй гар, сэтгэл нийлж ажиллаж байсан тэр багийнхан өнгөрсөн хугацаанд МҮОХ-ны санхүүгийн тайлангаас илэрсэн алдаа дутагдал, тамирчдыг хохироосон гэм зэмээс огт хуваалцахгүй, түүний хашиж байсан албанд өрсөлдөж болж байгаа юм уу?
Энэ асуултыг МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж буй ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ч.Зоригтбаатар нараас онцлон асуух ёстой.
Э.Мөнх-Очирын тухайд дээрх нөхцөл байдлын талаар олон жил ярилаа, сүүлийн дөрвөн жилд өөрийн гараар өөрчлөх гэж зүтгээд эцэст нь ядаж зүй ёсоор хуралдаж, санал хурааж чадахгүй байгаа шударга бус байдлыг нь нотлон шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаад байгаа юм. Хамгийн сүүлд тэрбээр МҮОХ-г сүйрэлд хүргээд байгаа шударга ёсыг эрэлхийлэн “шүгэл үлээж” энэ сарын 8-ны өдөр ОУОХ-нд хандан албан бичиг илгээсэн байна. Өөрөөр хэлбэл, МҮОХ-ны “шившиг” хил давж олон улсад зарлагдах нь тэр!
Тэрбээр ОУОХ-ноос “Olympic Solidarity” хөтөлбөрийн тамирчид, дасгалжуулагчдад олгодог тэтгэлэг дүрэм журамд зааснаар олгогддоггүй байдлын үнэн мөнийг тогтоохын тулд МҮОХ-ноос ОУОХ-нд илгээдэг тайлангууд болон нэр бүхий тамирчид, дасгалжуулагчидтай хийсэн гэрээний хувийг Олимпын гэр бүлийнхэнд ил тод, нээлттэй болгож шаардлагатай бол ОУОХ-ноос МҮОХ-ны шалгалт оруулж өгөхийг хүсчээ. Яагаад Э.Мөнх-Очир үүнийг хийв гэхээр МҮОХ-нд бугшсан шударга бус байдал, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Үндэсний аудитын газар нь Төрийн хуулийн дор шалгаж тогтоогоод зөвлөмжөө өгөөд байхад МҮОХ гишүүддээ ч тайлагнах нь байтугай ярьж сонсгох ч үгүй байгаа учраас ийм алхам хийсэн байх. Нөгөөтэйгүүр түүний удирддаг Биатлоны холбоо, Буудлага спортын холбооноос МҮОХ, ОУОХ-ны “эд эс”-ийн хувьд, Олимпын гэр бүлийн гишүүний хувиар үнэнийг мэдэх эрхтэй. Наад зах нь МҮОХ-ноос тэдний холбооны тамирчидтай гэрээ хийх бүртээ витаминжуулалтын төлбөр оруулсан хэрнээ витаминжуулж байгаагүй энэ байдлыг холбооны Ерөнхийлөгч нь асуудал болгож тавихгүй тамирчид хохирсоор байна. МҮОХ тэтгэлэг авсан тамирчид, дасгалжуулагчидтай гэрээ хийхдээ орчуулж өгөх үүрэгтэй ч түүнийгээ биелүүлдэггүй. Улсад татвар төлдөггүй мөртлөө татварын шимтгэлүүдийг суутгаж хасаад тамирчид, дасгалжуулагчдад олгодог. Тэр ч байтугай гарын үсэг зуруулж бэлнээр олгодог нь санхүүгийн баримт үлдээхгүй гэсэн башир арга уу, ямар ч байсан технологи, цахимжилтын энэ зуунд олон улсаас ичихгүй бас хардахгүй байхын аргагүй ноцтой асуудал яах аргагүй мөн.
Ийнхүү тамирчид, дасгалжуулагчид нэг удаа биш олон жил хохирчихоод байхад эрх ашгийг нь хамгаалахгүй спорт холбооны, тэр тусмаа МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч гэж байх уу? МҮОХ-ын удирдлагууд, зарим гишүүд “олгой хагаравч тогоондоо” гээд олсноо чимээгүйхэн ОУОХ-нд тайлагнаад он удаан жилийг үдэж, МҮОХ-ны үйл ажиллагаанд, Төрийн хууль, ОУОХ-ны Харти, дүрэм журмуудад хяналт тавихыг хүсдэггүй бол Э.Мөнх-Очир тэгж ажиллахыг хүссэнгүй. Тэвчиж, хуйвалдаж чадсангүй. Тэр олимпын цэвэр ариун нэр хүнд, тамирчдын эрх ашиг, спортын салбар дахь ёс зүйн төлөө тууштай зогсож өнөөдрийг хүрэв. ОУОХ түүнд албан ёсны хариулт ирүүлэх нь гарцаагүй. Түүний явуулсан хүсэлтэд овог, нэртэйгээ дурдагдсан 11 хүнтэй МҮОХ-ны хийсэн гэрээ болон ОУОХ-нд явуулж байсан тайлан одоо олон нийтэд ил болно.
Эдүгээ МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Э.Мөнх-Очирын тус байгууллагыг авлига, гэмт хэргээс ангид байлгахын тулд хийж буй зөвхөн нэг алхам нь энэ!
Цаашилбал, Үндэсний аудитын хийсэн шалгалтын хүрээнд Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор Д.Занданбатад хариу тайлбар хүргүүлэх МҮОХ-ны 2021.01.22-ны өдрийн 1/06 дугаар албан бичигт “Уламжлалт анагаах ухаан, оюун санааны хөгжил сан нь 2008 онд Монгол Улсад олимпын анхны аваргуудыг төрүүлэх үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсан нь төр засгаас үнэлэн 2012 оны Лондонгийн олимпын наадамд оролцох тамирчдыг мөн дэмжихэд хамтран ажиллахаар шийдвэрлэж, санхүүжүүлсэн байна. Тус сангийн эрдэмтэн судлаачдын гаргасан нэмэлт бүтээгдэхүүн нь зөвхөн Монгол тамирчдын онцлогийг харгалзан, тамирчин тус бүрийн бие бялдарт зориулсан тусгай жороор бүтээгдсэн шинэ бүтээл юм. Лондон 2012 олимпын наадмаас Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн олон буюу таван тамирчин олимпын медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн нь бидний хамтын ажиллагааны үр дүн харагдаж байна” гэсэн байдаг.Гэтэл тус шалгалтаар МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж, Рио-2016 олимпийн наадамд оролцох баг, тамирчдыг ахлагчаар ажилласан Ж.Хатанбаатар нь тодорхойгүй бүтээгдэхүүнээр тамирчдын хүч тамирыг нэмэгдүүлэх “Шидэт ундаа” гэх шинэ бүтээгдэхүүн хийж, тамирчдад уулгаж байжээ. Монгол Улсын эмийн агентлагт Уламжлалт анагаах ухаан, оюун санааны хөгжлийн сан гэгчийн “Шидэт ундаа” гэх хүч тамир нэмэгдүүлэх нэмэлт бүтээгдэхүүн бүртгэгдээгүй байна. Тэр “шидэт ундаа” нь 2012 оны олимпоор л хэрэглэгдээд сураг тасарсан. Түүнээс хойшхи олимпуудад тамирчдад таарахаа больчихсон уу? Энэ чинь тамирчдын эрүүл мэндээр тоглосон, хохироосон эсэхийг хэн ч тогтоохгүй, мөнгө завших төдий зорилготой бол Засгийн газрын 2012 оны 128 дугаар тогтоолын дагуу ССАЖЯ-наас200сая төгрөг МҮОХ-нд олгогдсон, 100сая төгрөг нь Уламжлалт анагаах ухаан, оюун санааны хөгжил санд шилжсэн,19 сая 800 мянган төгрөг нь тамирчин нөхөн сэргээх сувилал ХХК-ийн дансанд шилжсэн, МҮОХ-ны нягтлан бодогч Л.Жаргалын бэлэн мөнгөний чекээр авсан 80 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байгааг Үндэсний аудитын газар Төрийн хуулийн дагуу хяналт шалгалт хийж тогтоочихлоо. Тогтоох явцад нь “Тамирчин бүрийн биеийн онцлогт тохирсон орц найрлагатай гэх “Шидэт ундаа” гэж нэрлэгдсэн бүтээгдэхүүнийг Жамбалын Хатанбаатарын эзэмшдэг Уламжлалт анагаах ухаан, оюун санааны хөгжил сан хийж тамирчдад хэрэглүүлсэн гэдгийг 2008, 2012 оны олимпын хос медальтан, МҮОХ-ны ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр албан бичгээр нотолжээ. Хачирхалтай нь МҮОХ-ны ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр албан бичигтээ ийнхүү дурдсан бөгөөд аудитын тайлангаас энэ хэсгийг хасч хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй байхыг хүсчээ. Яагаад? “Но”-той биш гэж үү?! МҮОХ-ны хоёр Ерөнхийлөгчийн дэргэд Дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг хаана байв, яагаад чимээгүй байдаг юм бол? Хэрэв одоо тэрбээр МҮОХ-ны Ерөнхийлөгч болчихвол юу хийж чадах вэ?
Нөхцөл байдал ийм байгаа учраас хуралдаж чадахгүй байгаа МҮОХ-ны гишүүд бухимдалтай байна. Тэд засаглалаа, санхүүгээ цэгцэлж МҮОХ-г цэвэр ариун зарчмаар үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Товчхондоо энэ байдлыг бий болгохын төлөө хамгийн тууштай явж байгаа, хамгийн оновчтой хувилбараар бусармаг байдалтай тэмцэж байгаа Монголын Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очирт спортын салбарынхан итгэж байна. ОУОХ-ны хараа хяналтан дор МҮОХ шалгагдаж, тэнд олон жил үүрлэсэн хууль бус бүхнийг уудлан гаргах ажлыг УИХ-ын гишүүнээр, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байсан Э.Мөнх-Очироор “гардан гүйцэтгүүлэх” нь хамгийн оновчтой хувилбар мөн гэж тэд хэлж байна.
У.Оргилмаа /baabar.mn/
Discussion about this post