Захчинууд эдүгээ Ховд аймгийн Алтай, Үенч, Мөст, Манхан, Зэрэг суманд тус тус амьдарч байна.
Судлаачдын үзэж буйгаар, захчин нь харьцангуй хожуу буюу XYII зууны эцэс XYIII зууны эхэн үед бүрэлдсэн аж. Анх 1670-аад оны үед Зүүнгарын Галдан бошгот хаан Ойрадын тайж нарын эзэмшил “анги” бүрээс цөөн албат өрхийг татан улсынхаа зүүн өмнөд Эрээн хавиргын газар хил харгалзуулан суулгажээ. Тийнхүү Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахигч харуулын ардыг “Захчин” гэж нэрлэснээр, захчин хэмээх угсаатны бүлэг түүхийн тавцанд гарч ирсэн байна.
Захчин хэмээх нэр нь утгын хувьд тэдний гүйцэтгэж байсан алба үүргийг нь илтгэдэг. Тэд нутгийн зах хязгаарт сууж байсан бөгөөд тэрхүү зах хязгаарыг тэмдэглэсэн “зах” гэдэг үгийн үндсэнд ажил мэргэжлийг заадаг “чин” дагавар залгаж захчин нэр үүссэн байна.
XYIII зууны эхэн үед захчинууд Зүүнгарын хаант улсаас Хиргис, Дундад азийн Хотон, Уйгар угсааны зарим улс, Халхтай савладаг нутгийн дагуу Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их зултас, Бага зултас, Булингар гол, Өрүнгэ, Булган, Чингэл гол, Цагаан тохой зэрэг газраар цувран сууж улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг харгалзан сахиж байв. Тэд улсынхаа хил хязгаарыг хамгаалан сахих үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ жил бүрийн өвөл ан агнаж улсад ангийн махаар алба өргөдөг байв. Бас Зүүнгарын хаант улсын хүрээ хийдэд шавилан суусан лам нарын хүнсэнд зориулж нэг жил өнжөөд мал нийлүүлэхийн сацуу Зүүн гарын хаант улс цэрэг хөдөлгөн дайтах, Төвд зэрэг харь улсад элч төлөөлөгч илгээх үед захчин нараас нэмэгдэл алба татдаг байсан аж.
Захчинууд 1754 онд Манжид эзлэгдэж Халхын засагт хан аймгийн гүн Цэвдэнжавын харъяанд хэсэг зуур захирагдаж явсан байна. Тэднийг Зайлганы газар түр суулгаж байгаад 1756 онд Зэрэг, Шар хулс зэрэг газар нутаглуулжээ. Улмаар 1759 онд тэдэнд нутаг олгож Байтаг, Хавтаг хавьд нутаглуулсан байна. Гэвч удалгүй газрын ойрыг харгалзаж, 1777 оноос Захчиныг Ховдын манж сайдын мэдэлд захиргасан байна.
1777 онд гүн Жамцан нас барсан бөгөөд 1778 онд Захчинаас Мамудын язгуурын албат 30 гаруй өрхийг таслан хондого сум зохион, Жамцаны хүү Мэндэшид захируулж эцгийнх нь гүнгийн зэргийг залгамжлуулжээ. Энэ үеэс захчин нь гүнгийн хошуу, бүгдийн даргын хошуу хэмээх хоёр хошуутай болов.
1801 онд Ховд хот, Өрөмчийн манж сайд нар зөвлөлдөөд Ховд, Гүйчэн хотын хооронд тавьсан, суурь өртөөний албыг гүйцэтгэж байсан халхын ардуудыг татан буулгаж нутагт нь буцаагаад, оронд нь захчинаас 80 өрх цэрэг гарган өртөөний албыг хаалгасан нь манжийн дарангуйллын туршид үргэлжилжээ.
1911 онд Монголчууд манжийн ноёрхлыг түлхэн унагасны эсэргэн жил буюу 1912 онд Монголын засгийн газраас манжийн тогтоосон хуучин засаг захиргааг устгахад захчин хоёр хошуу Дөрвөдийн үнэн зоригт ханы аймагт захирагджээ. Мөн захчины хоёр хошууны ноёдод манжаас олгосон хошуу захирах тамгыг хүчингүй болгож, шинэ тамга олгон бүгдийн даргыг үе залгамжлах хошуу ноён болгож, гүнгийн хэргэм шагнажээ. Тэр үеэс захчины хойт хошууг захчин сэцэн гүнгийн хошуу, урд хошууг захчин бэйлийн хошуу хэмээн нэрийдэх болов.
1925 онд ардын засгийн газрын шийдвэрээр захчины хоёр хошууг нэгтгэн Баатархайрхан уулын хошуу хэмээн нэрлээд, Улаангомд төвлөсөн Чандмань уулын аймагт захируулжээ. Гэвч 1931 онд хуучин Захчин бэйлийн хошуугаар Үенч, Захчин гүнгийн хошуугаар Манхан, Зэрэг, Мөст, Алтай сумдыг байгуулж Ховд аймагт захируулав. Эл зохион байгуулалт өдгөө ч өөрчлөгдөөгүй хэвээр байна.
Discussion about this post