Эмч нарын группт “Үнэндээ эмнэлгийн ажилтнуудыг цөхөртөл, цурхиртал, хэллээ дээ Оюун-Эрдэнэ ерөнхий сайд гуай. Шударга, чимээгүйхэн тэмцлийн хугацаанд цаг авч, аргацааж байгаад 10 хоногийн дараа, УИХ хурлын хуралдаан дууссан хойно ам асууж, бас басамжилж, заналхийллээ.
Улс төрийн даалгавар, зохион байгуулалттай ажиллагааг та болон улс төрчид та нар л хийдэг байх, хөөрхий тал талаас цуглаж, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэсэн зорилготой, ядарч туйлдсан эмнэлгийн мэргэжилтнүүдэд ямарч улс төржилт байхгүй шүү дээ.
Онцгой байдлын хуулинд байгаа илүү цаг, бусад нэмэгдлүүдийг нь өгч чадаагүй байж, төрийн тэргүүн нь дураараа энэ 60 мянган хөөрхий иргэдээ гүтгэн доромжилж, ярьж болдог юм байна тиймүү.
Туйлдсан эмнэлгийн мэргэжилтнүүдээ төлөөлж, тэмцэлд хөтөлж байгаа зоримог нөхдийг маань 10 хоног усан бороонд шалба цохиулж, халуун наранд шаруулсаны дараа ийм шийдвэр хэлэх байсан юм уу.
Та л харин өөрөө эрүүл мэндийн салбарыхныг хагалан бутаргаж, тэмцэгч нарыг тэрслэгч болгон зарлаж, нэг нэгнийг нь үзэн ядуулах үйлдэл хийлээ.
Та бүхэн өнөөдөр ялсан гэж бодож байна уу, сайн үйл хийсэн гэж бодож байна уу.
Үгүй ээ, та бүхэн том нүгэл үйлдлээ дээ. Нүгэл нь нүдээрээ гарах цаг ирнээ. Таны эхний амьсгал эмнэлгийн мэргэжилтний хайр дүүрэн алган дээр эхэр татан эхэлсэн шигээ эцсийн амьсгал бас тэдний хайран дээр л байх болно. Цөхөрсөндөө хамгийн хатуу үгийг хэлж байна.
Миний л хувьд эмнэлгийнхэнээ тэмцлийг 10 хоног дэмжсэнийхээ хувьд төр, засгаа хүндлэх сэтгэгдэл маань бүүр цөхрөлд автлаа. Үнэндээ хоолой зангирч, унтах ч хүсэл төрөхгүй болчихлоо.
Эмнэлгийн мэргэжилтнүүдээ: “Та өнөөдөр энэ ажлыг дуусгаагүй бол таны өмнөөс хэн нэгэн хийж дуусгах болно. Ийм мэдэгдлээр шударга тэмцлээ дуусгавал эмнэлэгт ажиллахаа бүгдээрээ больцгоосон нь илүү дээр сонголт байх болно. Хэзээ ч Монголын анагаахад шударга үнэлгээ ирэхгүй. Амьдрал баян эх орондоо амьдаръя гэвэл өөр олон гоё ажил, сонголт байдаг юм байна.” Гэж захих байна.
Энэ цалин нэмэхэд миний хувьд амьдралд ямарч өөрчлөлт орохгүй, яагаад гэвэл цог золбоот залуу насныхаа 27 жилийг Монголын эрүүл мэндийн салбарт зориулаад цөхрөөд шууд өргөдлөө өгөөд гарсан сувилагч хүн. Эргэж энэ мэргэжлээр Монголд ажиллахгүй гэж эргэлт буцалтгүй шийдсэн хүн.
Хүний эрх ардчиллыг бэхжүүлсэн чуулган хуралдаж, гадна талбай дээр хүнийг эх барьдаг, хүнийг сувилдаг, хүнийг эмчилдэг, хүнийг асардаг, хүнийг ядарч өвдсөн үед тээвэрлэж, хүний төлөө эмнэлгийн ая тухыг хариуцсан, хүний амьдралын эрүүл хэвшлийг төлөвшүүлдэг, хүнийг оношилдог, хүнд өгөх эмийг барьдаг бүх мэргэжилтнүүд чуулганаас тарахад нь гадаа нь өрөвдмөөр царайлаад суусан олон өдрүүдийг ард гүйцэтгэх засаглалын тэргүүн нь худлаа талархаж, үнэнээсээ заналхийлсэн үр дүн гарч түүхийн хуудаснаа мөнхөрлөө.
Эхэлсэн бол дуусгахыг уриалж байна. Бие биенээ битгий хардаарай, дэмжээрэй. Төмөр нүүртэй төрийг дийлдэг олон хүн бас байна цаана чинь…” гэсэн үг өнөөдөр их эрэлттэй байна, хамгийн их түгээж байна.
Discussion about this post