-Анх ямар киногоор жүжигчин болох гараагаа эхэлж байв даа?
-Анх 1965 онд “Өглөө” киноны “Сэлэм” Тогмидын дүрд тоглодог Цэрэндорж дипломын ажлаа “Цэргийн хүү” киногоор хамгаалах болж, намайг ямар ч шалгалтгүйгээр эмчийн дүрд тоглуулах болсон нь надад сайхан аз завшаан тохиосон. Энэ хүн л намайг кино урлагт хөтөлсөн, тиймдээ ч багшаа гэж хүндэлдэг. Мөн миний анхны уран бүтээлийн аав ээж хоёр маань болох МУГЖ, кино найруулагч Хишигт гуай, ээжид Ховдын театрын жүжигчин СТА Догмид гэж хvн тоглосон. Би энэ хоёр буурлыг аав ээж хоёр минь гэж хайрлаж явдаг. Хорвоогийн жам юм даа, “Цэргийн хүү” кинонд тоглосон хүмүүсийн ихэнх нь хорвоогийн мөнх бусыг vзжээ. Сонирхуулж хэлэхэд 1990 онд Эрүүл мэндийн яамны сайд Нямдаваа эмчийй дүрд тоглосон жүжигчдийг хүлээн авч намайг орчин үеийн эмчийн дүрийг, С.Зоригийн ээж Доржпалам гуайг мэргэжилтэн эмчийн дүрийг, Жамсранжавыг ардын эмчийн дүрийг бүтээсэн гэж бид гуравт өргөмжлөл өгч, арав арван мянган төгрөгөөр шагнаж байсан./инээв/
-Анхны тоглосон кино, залуу насаа эргээд харахад танд сайхан санагдана биз?
-“Цэргийн хүү”-г үзэхээрээ залуу нас гэдэг ямар сайхан юм бэ гэж атаархдаг. Заримдаа толинд хараад чи хөгширч дээ, хvний нас гэдэг богинохон юм байна гэж боддог. Ер нь залуу нас гэдэг ямар сайхан юм бэ. Залуучууд маань дандаа шинэ жилийн үдэшлэгт яаж хувцаслаж гоёдог билээ, дандаа тийм яваасай. Монголчууд ямар соёлтой, ямар гоё охид, залуучуудтай юм бэ гэж гадаадынхан гайхдаг.
-Та тайз, дэлгэцийн хичнээн дүр бvтээсэн бэ, ер нь ихэвчлэн эсрэг талын дүрд тоглодог юм шиг санагддаг?
-Нийт 30 гаруй киноны гол дүрд нь тоглосон байдаг. “Уулзалт” киноноос эхлээд айлын авгайг салгаж, хүүхэд өнчрүүлсэн гээд эсрэг талын дүрүүдэд тоглож эхэлсэн. “Хатанбаатар Магсаржав” киноны үхсэн хүний алтан шүд сугалж аваад аминд орж магад гэж яваа гамин. Гэхдээ нэг талаараа хүнлэг, өрөвдөх сэтгэлтэй, хэдийгээр хятад ч гэсэн хүн, засаг төр хямарвал ямар аюултай вэ гэдгийг харуулах гэсэн. Дараа нь “Мандухай цэцэн хатан”-ы Далай гэдэг хятадын дүр байна. Монголын талд үйлчилсэн учраас намайг цаазаар авдаг хэсгийг Батмөнх дарга үзээд “Хятадын асуудал наашилж байхад хятадыг хятадаар нь цаазаар авахуулж болохгүй” гээд тэр хэсгийг хасуулж, хулгар чихт гэдэг жижиг дүрд тоглосон. Тэгээд л “Би чамд хайртай” киноны Баяраагийн аав Самбуу, “Үлгэр дууссан хойно” киноны зээрийн цус уудаг даргын дүр гээд олныг нэрлэж болно.
–Дандаа л эсрэг дүрд тоглоод байх хэцүү биш үү, найруулагчид шууд оноочихдог байсан юм уу?
-Харин ч би эсрэг дүрд тоглох их дуртай. Эсрэг талын дүр хүний дутагдлыг хэлж өгдөг. “Би чамд хайртай” киноны Баяраагийн аавын дүрийг хар. Нэг их зангиа зүүсэн дарга, гэртээ номын сан дүүрэн номтой, зальжин, хээл хахуулиар баяжсан. Ном харахаараа зөвхөн эрүүгийн хуулийг нь харчихдаг. Сурган хүмүүжүүлэх ухаанд тэгж заасан байдаг гээд л их мэдэгчийн дүр эсгэнэ. Өөдөөс минь хичээлийн эрхлэгч: Сухомленский хэлэхдээ “Хvн бүр математикч байх албагvй, хүн бvр аав, ээж байх ёстой” гэсэн байдаг гэхэд нь Сухомленский гэдэг чинь кино жvжигчин билүү гэж асуудаг. Иймхэн юман дээр юу ч мэдэхгүй тэнэг гэдгээ харуулж байгаа юм. Урлаг гэдэг ийм л хүчтэй.
-Хүмүүс таныг тоглосон киноны тань дүрээр хvлээж авч байсан уу. Хөгжилтэй зvйл зөндөө л таарч байсан байх даа?
-Өөрийг чинь харахаас зэвүү хүрээд байдаг байсан юм. Гэтэл чи кинонд гардгаасаа их өөр сайхан хүн юмаа гэдэг байсан. Дарханд миний ээжийн дүүгийн охин руу утасдаад “Танай ах чинь гамин болчихсон хүн алж байна, чи тэр гамингаа хараач” гэж л дээ. Дүүд энэ үг их хүндээр тусаж над руу залгаад “Жарантав ахаа, гамин ах чинь хүн яргалж байна” гээд нэг хvн доромжлоод…” гэсээр уйлдаг юм аа. Тэр хүний утсыг нь авч залгаад “Хүү минь, яагаад дүүг минь доромжлоод байгаа юм бэ?” гэж асуутал “Уучлаарай, үгүй ээ, таны дүрийг хэлсэн байхгүй юу, киног нь үзээч” гэсэн утгаар хэлсэн гэж байсан. Яг үнэндээ би их зөөлөн хүн шүү дээ. Олсон хэдэн төгрөгөө хүн хүнд цацаад дуусгачихдаг. Урлагийн бид хөдөөгүүр их явдаг байлаа шvv дээ. Би хөгжимдөнө, дуулна, илбэ үзүүлнэ. Хүмүүс намайг сайхан хүлээж авдаг байсан. Манай бригадын багт жvжигчин Туяа, Цэрэнпагма, Дорлигжав, Сосорбарам бид хэд багтдаг байлаа. Нэг тоглолтын vеэр Туяа “Лоолой” дууг дажгүй аялаад байхаар нь тоглолтын тайзан дээр гараад “Жүжигчин Туяа “Лоолой” дуугаа дуулах гэж байна, хүлээн авна уу” гэж зарласан. Туяа “Та яаж байгаа юм бэ, би чадахгүй шүү дээ” гэж үглэсээр гарч дуултал үзэгчид алга ташаад л сүйд болсон. Түүнээс хойш Туяа “Жааяа ахаа, би дуулна шүү” гэдэг болсон.
-Та МУГЖ Туяагийн нууц авьяасыг нээж өгсөн гавьяатай хүн байна шүү дээ?
-Ганцхан Туяагаар зогсохгvй Сосорбарамын ч бас дуулах авьяасыг нь нээж өгсөн. “Дорнын цагаан саран”, “Ундааны дээд архи нь болвол хө” гээд л дуулдаг байлаа. Бүрэнбэхэд төгөлдөр хуур анх зааж өгсөн хүн нь би. “Ямар гоё юм бэ, алив яаж яаж дарна гэнээ” гээд их сонирхоно. Сүүлдээ нот сураад, цаашлаад Хөгжмийн дээд сургуулийг дүүргээд, дараагаар нь ЗХУ-ын хөгжмийн дээд сургууль төгссөн. Одоо дуурийн мундаг сайн удирдаач болсон байна.
-Жүжигчин хүн бүхэнд хайртай дүр гэж байдаг. Харин таны хувьд?
-Би бүх дүрдээ хайртай. Миний төрүүлсэн үр хүүхдүүд минь юм. Яагаад гэвэл Жарантавын оюун ухаан, сэтгэлээр бүтсэн. Хүн хүүхдүүдээ хөлийг нь сайн боож байхгvй яав даа, жаахан майга болчихож гэдэг шиг, энэ дүр дээр тэрийгээ тэгдэг байж уу, энэ нь сайхан болжээ гэж л дүгнэдэг дээ.
–Тэтгэвэртээ гарснаас хойш юу хийж явна даа?
-1995 онд УИХ-ын дарга байсан Р.Гончигдоржийн шийдвэрээр 25 жил ажилласан хүмүүсийг шууд тэтгэвэрт нь гаргасан шүү дээ. Гэхдээ одоо ч намайг театрыг минь залгамжилж яваа найруулагч Баатар, Мөнхдорж, Сувдаа энэ хэд маань ирж ажиллаач гэдэг л дээ. Би буцаж очоод яах юм бэ, өвөөгийн дүр хvлээж, орон тоо бөглөж сууснаас театраа, хойч үеэ бодсон дээр байлгvй дээ. Би Хөдөлмөрийн баатар авах гээд, Ардын жүжигчин болох гээд суугаад байвал намайг 80 хүрэхээр хөөрхий муу өвгөнд үхэхээс нь өмнө ардын жvжигчин өгөхгvй бол болохгvй гээд өгчих байх л даа. Хэрэггүй ээ, би гавьяатын тэмдэг зүүсэн, цаашаа шунаад хэрэггүй. Өвгөн надад хийх ажил их байна аа. Түүнчлэн энд тэндэхийн найр наадам, баяр ёслолын урилга их ирэх юм аа. Шүлгээ уншаад, дуугаа дуулаад, хөгжмөө тоглоод, илбэ үзүүлээд дуурийн алдарт дуучин Долгормаа, Буян-Орших, МУГЖ Даваахүү гээд олон сайхан хүмүүсийн дунд өөртөө уйдах ч зав олголгүй явж байна даа.
-Таны ярианаас “Театр минь” гэдэг үг их унах юм аа…?
-Миний vндсэн мэргэжил театрын жvжигчин. Өнөөдөр өдий зэрэгтэй яваа нь театрын минь л буян. 1967 онд УБДС-ийг төгсөөд Драмын театрт ирж УГЖ Рэнцэнноров, Раднаа гэж хоёр хүний шавь нь болж байлаа. Сонин болгож ярихад Латиф, Дамдин, Цэрэндарьзав, МУГЖ Янжинмаа, Батнасан, Болд, “Энэ хүүхнүүд үү” кинонд тоглодог Мандах бид хэд нэг ангийнхан. Энэ дотроос “Ягаан” Гажидын нөхөр Авирмэд, Шагдаржав, Болд, Мандах, А.Янжинмаа бид хэд театрт, зарим нь Монгол телевизэд ажиллаж байгаад кино драмд орсон юм. Ер нь театрын маань ахмад буурлууд, алтан үеийнхэн биднийг зэмлэхдээ зэмлэж, аргадаж, өөд нь татаж сайн жүжигчин болгохын төлөө зүтгэж явсан даа. Театрын тулгын гурван чулуу гэгддэг Оюун, Ванган, Гэндэн гэж гурван хүн байлаа. Дараагаар нь Цагааны Цэгмид, Ичинхорлоо, Хандсүрэн, Мижиддорж, Бат-Очир, Чимэд-Осор, Гантөмөр, Жамсранжав, Дашдаваа гээд мундаг хүмүүс Монголын урлагийг авч явлаа шүү дээ. Тэр хүмүүс агуу их авьяастай хэрнээ ямар даруухан хүмүүс байсан юм бэ. “Yep” киноны Болд өвгөний дvрд тоглодог Гэндэн багш өөрийгөө их голдог. “Багш нь Монголын кино урлагийн түүхэнд бранк юм хийчихлээ” гэж халаглаж байсан. Тэр нь “Сэрэлт” кино. Кино зохиолыг нь Ванган багш бичиж, Гэндэн багш найруулагчаар нь ажилласан. Гэндэн багш “Би киног монтажилж мэддэггүй юм байна, жүжигчинтэйгээ л ажилласан юм байна. Дахиж би кино найруулахгvй ээ” гэж өөрийгөө голж байсан. “Сэрэлт” кино мундаг кино шүү дээ. Дараа нь би Гэндэн багш шиг бас нэгэн хүнтэй таарсан нь Р.Чойном байлаа.
-Ямар учралаар Чойном гуайтай таарч байв даа?
-Би Чойномтой гурван удаа уулзсан. Анх театрын гадаа ирчихсэн “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөд тоглодог Дашдавааг дуудаад өгөөч гэж надаас гуйсан юм. Маргааш нь Чойном бид хоёр таарч намайг хоолонд урьж, Сүхбаатарын талбайн хажууханд байдаг Алтанбулаг гэдэг хоолны газар руу явлаа. Би мөнгө муутай, дараа болох уу гэтэл, Чойном зүгээрээ надад мөнгө байна гээд гаргаж үзүүлэх зуураа хоёр хүүхнийг санаандгүй мөргөчихгvй юу. Тэгтэл нөгөө хоёр хүүхэн “муу архичин хулигаан” гэж хараадаг юм байна аа. Тэгтэл Чойном хуучин мөнгөнүүдээ үзүүлж, “Та нар энэ олон хүн дамжсан мөнгөтэй адилхан шүү дээ” гэж билээ. Үгийн баялаг гэж гайхамшигтай хүн байсан атлаа бас л өөрийгөө голдог, жирийн л нэг шүлэгч гэдэг байсан. Хамгийн сүүлд хөгжмийн зохиолч Баатар, Чойном хоёр уран бvтээл ярьж суухад нь таарсан. “Зүйл зүйлийн цэцэг хуар нь хө Зүлгээ дагаад ургаа юу даа хө” гээд л… Баатар маань аяыг нь тоглож дуулж суусансан. Би энэ дурсамж яриагаар юуг хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөр залуучууд маань хоёрхон дуу дуулчихаад өөрсдийгөө од гэж эндүүрэх юм аа. Энэ нь сөнөхийн цондон. Гэтэл өөрийгөө голсон тэр мундаг хүмүүс болох /ЗХУ-ын ардын жvжигчин Гручковтой хамт “Yep” кинонд тоглож байсан/ Гэндэн багш Ардын жүжигчин, Р.Чойном Төрийн шагнал хүртлээ шүү дээ.
-Ярилцаж буй сэдвээсээ жаахан хазайгаад таны өвөрмөц нэрийн утга учрын талаар асуумаар байна?
-Ээжээс маань арван хэдэн хүүхэд гарсан ч тогтоогүй юм гэсэн. Би дээрээ нэг эгчтэй байсан, түүнийг маань өөрөөсөө холдуулж хүнд өргүүлсэн боловч бас л өөд болсон. Намайг тогтоох гэж Жарантав гэдэг нэр хайрласан гэдэг.
-Та айлын ганц хүү гээд эрхээрээ хатаагүй, харин ч олон талын авьяастай юм?
-Би нэг их гоё дурсамж ярьж өгье. 10 дугаар ангиа төгссөнийхөө зун Сүхбаатар хотын цахилгаан станц анх байгуулагдахад нь хоёр cap мөрнөөсөө цус гоожтол юм зөөж 1200 төгрөг авсан, их мөнгө байгаа биз. Тэр мөнгөөрөө аавдаа радио, өөртөө унадаг дугуй авсан юм. Удалгvй шинэ дугуйгаа бүр хуучин болсон гармон хөгжмөөр сольчихсон. Муу аав ээж хоёрыгоо ч унтуулахгүй шөнийн нэг, хоёр цаг хүртэл нөгөө хөгжмөө орилуулчихна, ингэлээ гэж намайг зэмлэдэггүй. Би ер нь хүүхэд байхын л урлагт их сонирхолтой байсан. Гэхдээ надад нэг зовлон байдаг байлаа. 10 жилийн сурагч байхдаа охинтой хүртэл танилцаж чаддаггүй байсан шүү дээ. Ямар нэгэн концертонд оролцоход ээж маань халуун савтай цай, хоол бариад хажуугаас холдохгүй. Би бас таалагдсан охиноо хүргэж өгмөөр байдаг, ээжээ та харьж бай гэхээр “Үгүй хамт явна, миний хүүг замд нь хүн амьтан зодчихвол яана” гээд л суучихна. Ганц хүүгээ ингэж л хайрладаг байсан даа.
-Аав, ээж хоёр тань хүүгийнхээ кинонд тоглохыг харж чадсан уу?
-Чадсаан. Миний тоглосон кино бүрийг үзэх дуртай. Аав 1986 онд 102 настайдаа бурхан болсон. 100 настайдаа шуудайтай гурил үүрээд явдаг байсныг одоо манай театрынхан бүгд ярина даа. Миний хоёр буурал хүүгээ хичнээн эсрэг талын мyyxaй дүрд тоглож байсан ч эвий миний хүү гээд л хошуу нь цорвойдог байсан даа. -Ярилцсанд баярлалаа. WWW.TAIZ.MN
Discussion about this post